Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хэлсэн үг

Ерөнхийлөгчийн үг

“The King’s Speech” хэмээх алдартай киног хүн болгон мэднэ. Кино нь гайхалтайдаа бус, хааны үг түүхэнд үлдсэн юм. Фашизм Европыг нөмөрч, улс үндэстнүүдийн тусгаар тогтнол аюулд орсон 1939 онд Английн хаан Германы эсрэг дайнд нэгдэх Британийн Декларацийг радиогоор уншиж сонсгосон. Ард түмэндээ хандан, хамтдаа энэ аюулыг сөрөн зогсохыг уриалсан билээ. Англичууд Хааны үгийг амьсгаа даран сонсохдоо нэгдэн тэмцэх итгэл, нөмөр түшиг олж авсан гэдэг.

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн  хэлсэн үг нь монголчуудын хувьд түүнээс дутахгүй чухал ач холбогдолтой, түүхийн эгзэгтэй үед цагаа олсон үг байлаа.

 

Гадаад бодлого


Хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь ёслолын эрхэмсэг үгс гэхээсээ илүүтэй олон зууны нугачаанд монголчуудын хадгалж үлдсэн тусгаар тогтнолоо энэ өдрүүдэд дипломат болон улс төр, эдийн засгийн аргаар хэрхэн хамгаалах тухай хар хайрцгийг томъёолсон туйлаас чухал санааг агуулжээ.

 “... Арван есдүгээр зууны сүүлч, хорьдугаар зууны эх  бол олон газар тив дэлхий, улс гүрнүүдийн амьдралд онцгой өөрчлөлт гарснаараа онцлог юм. Тухайн үеийн бүс нутгийн шинжтэй эзэнт гүрнүүд болох Отомманы Турк, Хавсбургийн Австри, Викториягийн Британ, Романовын Орос, Чингийн Хятадын цагийн эрхшээлийг сөрөн зохицох гэсэн бодлого үйл ажиллагаа, оролдлогууд бүтэлгүйтсээр байлаа. Олон олон шинэ хуучин улс үндэстнүүдийн бие даан хөгжиж дэвжих гэсэн хүсэл тэмүүлэл ч үүнд нөлөөтэй байлаа.

Манж Чин гүрний бодлогын өөрчлөлт нь монголчууд болон Монголын бусадтай харилцах харилцаанд үл итгэсэн байдлаар илэрч, Монголын хил хязгаар нутагт мөн Их хүрээнд цэрэг харуул суулгах, монголчуудын уламжлалт аж ахуй, газар нутгийн бие даасан байдлыг хөндсөн эзлэн түрэмгийлэх үйлдэл болон хувирсан юм. Үүнийгээ Манжууд “шинэ засгийн” бодлого хэмээн тодорхойлсон. Чин гүрний бодлогын манж шинжид гарсан чанарын энэ өөрчлөлтийг тухайн үеийн Монголын удирдагчид чадварлаг ашигласан. Тэд Манжийн хаантай итгэмжит холбоотны харилцаагаа зогсоож, улс үндэстнийхээ эрх чөлөөт тусгаар байдлыг сэргээн бэхжүүлэхээр сэтгэл шулуудсан байдаггэжээ.

300 зууны тэртээх дэлхийн байдал, түүний дунд оршсон өвөг дээдсийн маань алтан аргамжаат бодлогыг Ц. Элбэгдорж энэ цаг үед дахин сануулахдаа өдгөө тусгаар тогтнолоо монголчууд цэрэг дайны хөл дор бус, нүдэнд үл харагдах чимээгүй түрэмгийлэл дунд алдах аюул бийг сануулсан юм.

Тэрбээр цааш нь,     Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны энэхүү зуун жилийн ой нь монголчууд шашны тэргүүн Богдоосоо эхлээд харц ард, хан ноёд, түшмэл хутагтаа хүртэл бүгд их үйлсийн төлөө зориглон нэгдэж түүхэн амжилтад хүрсний баяр юм. Монголчууд улс үндэснийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоохын төлөө он, он дамжуулан, ялангуяа 1911 оны туршид улс үндсээрээ гар газар, хөл хөсөр хаяхыг умартан зүтгэсэн байдаг” хэмээн өнөөгийн улс үндэстнийхээ хаана хүрэх ёстой, том зорилго юу болохыг сануулжээ.

                        

Эдийн засгийн эрх чөлөө гэж юу вэ

 

 

100 жилийн өмнө монголчууд ядуу байгаагаа манжуудаас хайж байсан. Одоо хэнээс хайхыгаа манай иргэд сайн мэдэж байгаа...” хэмээн тэрбээр дугаар хорооны Дондогийн өмнөөс хэлсэн ба 100 жилийн өмнө малчин ард Манжаас болж ядуурсан бол өнөөгийн иргэн төрдөө дургүйцэж байгааг шууд сануулсан юм. Эдийн засгийн 2011 оны өсөлт 20 хувьтай гарсныг өдгөө дарга болгон давтдаг. Харин иргэн Дондогийн хувьд энэ нь “доромжлол” мэт сонсогдож байгаа нь үнэн юм.

Иргэний хөдөлгөөн, жагсаал цуглаан хэмээн туйлширдаггүй, амьдралаа аваад явах гэж цаг наргүй чармайдаг, нийгмийн хамгийн ажилсаг хэсгийн өмнөөс  Ц.Элбэгдорж үг хэлж чадсаныг энэхүү илтгэлийн хамгийн чухал хэсэг хэмээн үзэж байна. “Амьдралаа бие даагаад аваад явчих гэж байдгаараа чармайж байгаа монгол хүн газар сайгүй байна. Гэтэл нэг талаас төрийн хүнд суртал, нөгөө талаас төртэй хавсарсан бизнесийн дарамтад хөөрхий тэр хүн хавчуулагджээ. Уг нь тэр хавчуулагдсан орон зай бол Монголын дундаж юм. Ажил хэрэгч монгол хүмүүс, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, хамгийн өндөр үнийг төлж байна. Хамгийн үнэтэй бизнес тэдэнд ногдож байна. Дээр нь төв суурин газраас алс хол ажиллаж амьдардаг хүмүүс бүр нэмж хэлмэгдэж байна. Тэдэнд зээл олдвол хугацаа нь богино, хүү нь өндөр. Бизнес олдвол ашиг нь бага, дарамт нь их.  Үүнийг өөрчлөхгүйгээр монгол хүний амьдрал сайжрахгүй, Монголд нийтлэг сайн сайхан ирэхгүйгэжээ.

Монголын төр дотоодын бизнес эрхлэгчдэдээ итгэдэггүй, тэднийг дэмждэггүй. Монголоос бизнесийн зээл олно гэдэг тэнэглэл байдаг бөгөөд банкны зээлийн хүүг дэлхийн түвшинд ядахдаа дөхүүлнэ хэмээн жил болгон эрх баригчид хоосон амласаар ирсэн юм. Монголбанк энэ оны турш бодлогын хүүгээ гурван удаа өсгөсөн. Түүнийг дагаад зээлийн хүү гурвантаа нэмэгдэв. 2012 онд Төв банкны бодлогын хүү дахин өснө. Инфляцийг барих ганц хэрэгсэл нь бодлогын хүү болсон ба тэрхүү инфляц, зээлийн хүү хоёрт бизнесийнхэн дараалан цохиулдаг. Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчтай Тогтвортой байдлын гэрээ байгуулдаг. Харин дотоодын хөрөнгө оруулагч, ажил олгогч, татвар төлөгч ийм Гэрээний тухай ам нээвэл өөдөөс нь татвар, мэргэжлийн хяналтын шалгалт танайд оруулна шүү хэмээн сүрдүүлж ч магадгүй. Монголд бизнесээ амжилттай эрхлэхийн тулд төрийн түшээдийг аргадах ганц зам байгааг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хэллээ. Ийм ялзралыг цэвэрлэнэ хэмээн тэрбээр ойлгомжтой илэрхийлсэн юм. Дотоодын бизнесүүдийг хөл дээр нь зогсоож, нийгмийн хүчирхэг дундаж давхарга бий болгохгүйгээр Монгол орон үндэс суурьгүй ганхсаар байхыг бодлогын хэмжээнд авч үзэх найдлага энэхүү үгнээс төрсөн юм.

            

 Иргэний эрх чөлөө гэж юу вэ

 

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн Хонгорзул охин энэ асуултад хамгийн ойлгомжтой хариулж чадна. Түүний ээж Болормааг долдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон хэргээр шоронд хийсэн юм. Хоёрдугаар ангийн Хонгорзул дүүтэйгээ гэртээ хоцорч байгааг тэгэхэд хэн ч тоогоогүй. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр жагсагчдын дундуур гүйж, хуванцар сав цуглуулж явсан хүүг цагдаа зодож хөөхөд нь Хонгорзулын ээж өмөөрөөд, цагдаатай хэрэлджээ. Хожим тэр бичлэгийн дагуу Болормааг баривчлан, шүүх хурал нь ч гэрлийн хурдаар болж ял өгч билээ. Тэр өдрүүдэд Монголын шүүх яаж туйлширч, дөвчигнөж байсныг өнөөдөр мартагнуулахыг хүсэгчид бий. Харин өдгөө тавдугаар ангид дэвшин сурч буй Хонгорзул лав мартахгүй. Ээжийгээ суллагдсаны дараа хөөрч баярлаад, “Та манай ээжтэй ярь даа” хэмээн тасралтгүй мессеж бичиж байсан Хонгорзул охин эрх чөлөөний тухай хамгийн тод ойлголттой яваа.

Долдугаар сарын 1-нд төрийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэний амьд явах эрх, наад захын бусад эрх зөрчигдсөний төлөө төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж уучлалт гуйсан юм. Цагаан байшингийн эрх чөлөөг цагдаагаар хамгаалуулдаг бус, харин иргэний эрхийг төр хангаж ажиллах ёстойг ийнхүү байр байранд нь тавьж ойлгуулсан чухал үйл явдал юм, энэ нь. 

 

Хариуцлага хаана байна

            

Телевизээр хэдэн өдрийн турш улстөрчид гарав. Шинэ жил өнгөртөл өнөө хэд үргэлжлүүлэн зурагтаар гарах юм. Өөр үйл явдал байхгүй учир Монголын бүх телевиз “Хөх сувд”, “Алтан шанага”, “Улаан сарнай” гэх мэт нэртэй ёслолын ажиллагааг сурвалжилж таарна. Энэ нь Монголын нийгэмд хэн хамгийн чухал байгааг илэрхийлсэн толь юм. Нийгмийн эл гажуудлыг Ерөнхийлөгч дараах ишлэлээрээ хэлээд өгөв. Манай улсын хууль тогтоомжоор Монголын төр, албан тушаалтанууд нь эрх, эрх мэдлийн цуглуулга, иргэн хувийн хэвшил нь үүрэг хариуцлагын цуглуулга болж хувирчээ. Өдөр тутмын нэгэн сонинд гарсан нийтлэлээс иш татъя. Хуулиар Ерөнхийлөгчид 41 эрх 2 үүрэг, УИХ-ын удирдлага гишүүдэд 281 эрх 14 үүрэг, Ерөнхий сайдад 67 эрх, Засгийн газрын гишүүн, агентлагийн дарга нарт 1721 эрх 264 үүрэг ногджээ.

Дунджаар төрийн нэг эрх мэдэлтэн 7 эрх эдэлж, 1 үүрэг хүлээж байхад, иргэнийг 1 эрх дагаж 7 үүрэг дарж байна. Эрхийн биелэлт хүнд суртлыг гааруулдаг, үүргийн биелэлт хариуцлагыг нэхдэг. Монголын төрийн нэр хүнд муу байгаагийн,  ажил нь явахгүй байгаагийн нууц энд байгаа юм биш үү!...Манайд дарга үүрэг хүлээгээгүй учраас хариуцлага үүсэхгүй байна. Хариуцлага байхгүй учраас үйлчилгээ байхгүй байна. Манай улс иргэнээсээ илүү, бүр их эрхтэй төртэй” гэжээ.  

            

 Хар хайрцаг энд байна


Уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг гарах тухай лав сүүлийн гурван жилийн турш ярьсан юм. Бодлого тодорхойгүй учир нэгдсэн баримжаагүй явсаар өдийг хүрсэн. Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс уул уурхайн салбарт баримтлах монгол төрийн нэгдсэн бодлогын том  зураг нь харагдлаа. Намрын чуулган болон ирэх хаврын чуулганы үеэр эдгээр асуудал хууль тогтоомж, баримт бичгийн хүрээнд   боловсрогдон хэлэлцэгдэх нь ээ гэсэн итгэл төрөв. Ялангуяа УИХ-ын сонгууль дөхсөн үед уул уурхайн салбарт төрөөс баримтлах нэгдсэн чанд бодлого гарч гэмээнэ гишүүн болох гэсэн болгон дураар амлаж, дундуур нь элдэв эрх ашиг шургах нүх сүвгүй болох юм.  Түүнчлэн Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг түр хориглосон хуулийн заалтыг дахин сунгах нь ээ гэсэн ойлголт төрж байна.  

 Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг отон хүлээгчид олон байгаа. Хийх ёстой ажлууд ч бий. Гадна, дотны хүмүүсийн гарт, цүнхэнд байгаа ашигт малтмалын зөвшөөрөл нэг бүрийг ажил хариуцсан хүмүүс шалгаж байгаа. Тодорхой дүгнэлт гарах учиртай. Мөн буцаагдсан нэг ч зөвшөөрөл эргэж олгогдоогүй байх ёстой. Дээр нь би саяхан Монгол улсын хилийн бүсэд 200 км хүртэл газар нутагт ашиглагдаж байгаа ашигт малтмал, мөн олгогдсон зөвшөөрлийг нарийвчлан шалгах чиглэл өгсөн.  Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын шинэ хууль гартал олгохгүй сунгах хуулийг УИХ-аас хурдан батлах хэрэгтэй.

Ашигт малтмал, тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд шийдэгдэж дуусах яагаа ч үгүй байгаа. Ашигт малтмалын багц хууль боловсрогдож байгаа. Бие даасан хуулиуд гарна. Бас олон хуульд өөрчлөлт орно. Нийтээрээ нээлттэй хэлэлцэж эрх зүйн зохицуулалтаа энэ салбарт  чамбай хийх хэрэгтэй. Шинэ хуулиар баялгаа тусгай зөвшөөрөл нэртэй хуудас цаасаар арилждагаа зогсооно. Тусгай зөвшөөрлийг түрүүлж ирсэнд нь олгодог замбараагүй явдлыг хална. Нээлттэй уралдаант шалгаруулалтаар олгодог болно. Энэ зарчмыг ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт гэсэн шат бүхэнд мөрдөнө.

Ашигт малтмалаар Монголд бизнес хийе гэвэл нарийвчилсан төлөвлөгөө, гэрээ хийдэг болно. Тэр нь иргэдийн эрх, орлогын хуваарилалт, байгаль орчны асуудал, уурхайн хаалт хүртэл бүх зохицуулалтыг хамаарна. Ашигт малтмалтай холбоотой хамгийн эхний бөгөөд үндсэн зөвшөөрөл олгох эрх тухайн орон нутагт, иргэдийн эрхэнд хадгалагдана. Баялагтаа эзэн байх монголчуудын эрхийг баталгаажуулна.

Төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдвэл монголын талын болон Монголын аж ахуйн нэгжийн оролцоог 51 хувиас дээш байхыг шаардана. Гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгөө гаргаад хайгуул хийсэн ч бай монголын талын оролцоо 34 хувь, түүнээс дээш байхаар хуулийн төсөл боловсрогдож байгаа. Өмнө нь 51, 34 гэсэн тоонууд монголчуудын хувьд дээд хязгаар байсан бол одоо доод хязгаар нь болно. Монголын талын эдлэх эрхийн эхлэх хувь болно. Энэ хувь өмнө нь зөвхөн стратегийн 15 орд дээр яригддаг байсан бол шинэ хуулиар бүх орд дээр хэрэглэгдэнэ. Эзэн нь баялгаа мэдье, бас баялгаа ашиглаж хөгжиж дэвжье гэж байгаа юм.

Би Ашигт малтмалын хуулийн төсөлд хууль санаачлагчийн хувьд баримталж байгаа зарим зарчмуудыг нээлттэй хэллээ. Сонирхож байгаа хүмүүс мэдэж аваг. Баялагтаа эзэн байх иргэнийхээ эрхийг хангах, түүнийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санал хэлэлцүүлгүүд үргэлжлэх ёстой. Монголын ойрын ирээдүйн хөгжил дэвшил ашигт малтмалаас хамаарах юм бол бид энэ асуудалд онцгой анхаарах ёстой” гэжээ.

Хүндэтгэлийн чуулганы индрээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг олон нийт анхааран сонссон юм. Дээр ишилсэн хэсгүүдэд хамгийн чухал хэмээн үзсэн дөрвөн санааг онцоллоо. Эдгээрээс гадна Ц. Элбэгдорж нийслэлийн амьдрал, иргэн Дондогийн сонирхож буй орон сууцны тухай гэхчлэн олон сэдвийг хөндсөн.  Тусгаар тогтнолын 100 жилийг тэмдэглэхийн утга учир нь тэрхүү эрх чөлөөгөө бататган хамгаалах, зуу зуун жилийн сургамжаа төрийн хар хайрцагтаа нягтлан барих явдал билээ. Элбэгдоржийн үг түүхэнд үлдэнэ.        

 

 

 Л. Болормаа