Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Хэлсэн үг

Ерөнхий сайд С. Баярын хэлсэн үг

2009 оны аравдугаар сарын 06-ны өдөр Монгол улсын Засгийн газар Оюутолгой ордын хөрөнгө оруулалтын гэрээг Хөрөнгө оруулагчтай үзэглэсэн. Энэхүү ёслол дээр Ерөнхий сайд С. Баярын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Оюутолгой төсөл нь урт хугацаанд хэрэгжих учир өгөөжийг нь ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм Өчигдөр 16 цаг 54 минут Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Их Хурлын эрхэм дарга аа, Монгол Улсын Их хурал, Засгийн газрын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын нийт ард иргэд ээ, эрхэм хөрөнгө оруулагчид аа, эрхэмсэг хатагтай ноёд оо.

Өнөөдөр Монголчууд бидний олон мянган жилийн туршид мөрдөж ирсэн цаг тооллоор шороон үхэр жилийн намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Монголчууд бидний хувьд олон жилийн туршид хүсэн хүлээж байсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюутолгойн алт, зэсийн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах түүхэн цаг мөч тохиолоо. Монгол орон ашигт малтмалын арвин их нөөц баялагтай гэдгийг бид олон жилийн турш ярьсаар ирсэн боловч өнөөдрийн байдлаар илрээд байгаа ашигт малтмалын нөөцтэй харьцуулвал эдийн засгийн эргэлтэнд оруулж үр ашгийг нь хүртэж байгаа ашигт малтмалын томоохон орд газар чамламаар цөөн байгаа билээ.

Газрын хөрсөн дорх баялаг бол эцэг, өвгөдийн маань үеэс хойч үеийн бидэндээ өвлөж үлдээсэн арвин их баялаг юм. Бидэнд зөвхөн газрын баялаг бус түүнээс ч илүү үнэ цэнэтэй буурал түүхийн маань бахархалт түүх, зуун зууны хур шингэсэн оюуны асар их баялаг, монгол хүний золбоо хийморь цогцолж байгаа гэдгийг бид мартах учиргүй бөгөөд байгалийн баялаг маань Монгол Улсынхаа хөгжлийн хурдасгуур болоход эдгээр хүч нөөцөө бүрэн ашиглах ёстой билээ.
Оюутолгойн орд газрын хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах үйл явц сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд үргэлжилж, өнгөрсөн жилүүдэд хоёр удаагийн УИХ, гурван удаагийн засгийн газрыг дамжин хэлэлцэгдэж, хэлэлцэх хэрээр улам бүр чамбайрч сайжирсаар өнөөдрийг хүрч байна.

УИХ-аас хөрөнгө оруулагчтай гэрээний төслийг хэлэлцэн тохирох талаар Засгийн газарт 2008 оны арванхоёрдугаар сарын 40-р тогтоолоор өгсөн үүрэг удирдамж, мөн түүнчлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор удаа дараа гэрээний төслийг хэлэлцээд өгсөн удирдамж, УИХ-ын гишүүдийн гаргасан санал зөвлөмж нь гэрээг байгуулах үйл явцыг эрчимжүүлж, Монголын талаас тавих шаардлага, шалгуурыг тодорхой болгож өгснөөс гадна хэлэлцээр хийж байгаа засгийн газрын ажлын хэсэгт найдвартай ар тал, өмөг түшиг болж ирснийг онцлон тэмдэглэж байна.

Эрхэм гишүүд та бүхний гэрээний төслийн талаар гаргасан санал зөвлөгөөнд Засгийн газар онцгой анхаарал тавьж гэрээний зүйл заалтуудад тусгаж ашигласан гэдгийг хэлэхэд таатай байна.
УИХ-аас бидэнд итгэн даатгасан үүргийн дагуу манай хамтарсан засгийн газар Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд хэрэг болгон өнөөдрөөс ийнхүү эхлүүлж байна.  Улс үндэстний хөгжил дэвшилд шинэ ундарга нэмэн ирж байгаа Оюутолгойн эрин зууны бүтээн байгуулалтыг өлгийдөлцөх түүхэн үүрэг, хувь заяа бидэнд ноогдсонд бид өнөөдөр зүй ёсоор бахархаж байна. Гэрээний төслийг эцэслэх явцад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр удаа дараа нухацтай хэлэлцэж гэрээг боловсруулах ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

Гэрээний төслийг боловсруулах хэлэлцэх явцад УИХ, Засгийн газрын байгууллагуудаас гадна манай ард иргэд, ТББ-ууд, эрдэмтэн мэргэд, судлаачид  үнэ цэнэтэй олон сайхан санал боловсруул ирж байсан нь гэрээний төслийг илүү оновчтой болгоход хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэе.

Энэ гэрээг байгуулснаар Монголын ард түмэн, төр засаг хэдий хэмжээний үр ашиг хүртэх вэ гэсэн асуудал олон нийтийн анхаарлын төвд байх нь зүй ёсны асуудал юм.
Хөрөнгө оруулагчидтай хийсэн олон удаагийн яриа хэлэлцээний үр дүнд бид Оюутолгойн төслөөс Монголын талд ногдох өгөөжийг нэрлэсэн үнэ цэнээр 53 хувьд хүргэхээр тохиролцоонд хүрч чадлаа. Үүнээс гадна манай нийт иргэд ард иргэдэд ногдох үр ашгийн талаар зарим цөөн жишээг дурьдвал:

Оюутолгойн гэрээний бэлтгэл ажлын үе шатанд 4000-5000 хүн ажиллаж шууд болон шууд бус байдлаар 10 мянган ажлын байр шинээр бий болно. Төслийн ашиглалтын шатанд 2500-3500 хүн ажиллах бөгөөд эдгээрийн 90 хувь нь Монголчууд байх юм. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээр манай улсын экспортын хэмжээ 2-2,5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, гадаад валютын улсын нөөц арвижна.
Жилд дунджаар 580гаруй сая ам.долларын татварын орлого улсын төсөвт орж, төслийн үргэлжлэх хугацаанд нийт татварын орлого 29 гаруй тэрбум ам. Долларт хүрч төсвийн орлогын найдвартай эх үүсвэр бий болно.

Уурхайг дагалдан говийн бүсэд автозам, төмөр зам, эрчим хүч гэх мэт улс орны нийт эдийн засагт ач холбогдол бүхий дэд бүтэц байгууламжууд баригдаж, говийн бүсийн эрчимтэй хөгжлийн эхлэл тавигдана.
Уурхайн цаашдын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай үйлчилгээ бизнес шинээр бий болж, манай олон арван аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа ашиг орлогод нэн сайнаар нөлөөлөх юм.

Гэвч гэрээнд гарын үсэг зурснаар газар дор байгаа эрдэс баялаг өөрөө газрын хөрсөн дээр гарч ирэхгүй ээ. Цаашид Оюутолгойн орд газрын олборлолтын өмнөх бэлтгэл ажлыг хангах, уурхайг байгуулах, олборлолтыг явуулж эхлэхэд цаг хугацаа, хөрөнгө хүч шаардагдах болно.
Энэ бүх үйл ажиллагаанд манай иргэд өөрсдөө гар бие оролцох, ажлын байртай, цалинтай болох өргөн боломж, үүрэг хариуцлага ирж байна.

Оюутолгойн төслийн олборлолтын ажил эхэлмэгц буюу 2014 он гэхэд ашигт малтмалын экспортын орлогын хэмжээ 2008 оны түвшнээс 2 дахин нэмэгдэж гурван тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байна. Оюутолгойн энэ төсөл нь дор хаяж 50 жилийн дотор хэрэгжих урт хугацааны төсөл учир өгөөжийг нь зөвхөн өнөөгийн бидний үе хүртэх биш ирээдүй хойч үе ч хүртсээр байх юм.

Өнөөдөр байгуулж байгаа энэхүү гэрээ нь байгалийн баялгийн ашиглалтыг төгөлдөршүүлэх ажлын гарааны торгон зурвас болж байна. Гэрээ байгуулахад орж ирэх урьдчилгаа төлбөрийг юуны өмнө хүн амынхаа бүртгэлийг боловсронгуй болгох зорилго чиглэлээр ашиглах нь зүйтэй юм. Энэ нь байгалийн баялгаасаа олох ашгаа эх орноо хишиг, эрдэнийн хувь хэлбэрээр хүртээхдээ чухамдаа тэгш шудрага байх зарчим гол үндэс суурь болно гэж үзэж байна.

Саяхан зэсийн баяжмалаас цэвэр зэс ялгах цогцолборыг ойрын хугацаанд багтаан байгуулахаар манай засгийн газар шийдвэрлэснийг билэгт сайн энэ өдөр Монгол түмэндээ сонордуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ийнхүү монгол улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох зорилтоо ханган биелүүлэх болно. Түүнчлэн төмөрлөгийн болон газрын тосны эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг улс орны хөгжил дэвшилтэй холбоотой олон асуудал тус хөтөлбөрт багтсаныг энэ дашрамд дуулгая.

Монгол улсад ойрын жилүүдэд хэрэгжих уул уурхайн олон томоохон төслүүдийн эхлэл болж байгаа Оюутолгойн төслийн үйл ажиллагаанд амжилт хүсч, Монгол улсын сан хөмрөг цаашид улам арвижин баяжиж, ард иргэдийн маань аж амьдрал улам бүр өөдлөн дээшлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
Монгол Улс маань үүрд мандан бадрах болтугай.