Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг цуцлахгүй, зөвхөн түдгэлзүүлнэ

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.




Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг дээр хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсгийн гишүүн, хуульч Н.Тайваны “Тусгай зөвшөөрөл, Ажил гүйцэтгэх зөвшөөрөл” сэдвээр тавьсан илтгэлийг хүргэж байна. 


Тусгай зөвшөөрлийг 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар өргөдөл эхэлж гаргасан этгээдэд олгож байсан бол энэ хуулийн төслөөр хуулиар тавьсан нөхцөл шаардлагыг хамгийн сайн хангасан хуулийн этгээдэд олгохоор заасан. Тусгай зөвшөөрөл олгоход хангагдсан байх үндсэн шалгуур нөхцөлийг 22 дугаар зүйлд дэлгэрэнгүй заасан байгаа. Тусгай зөвшөөрлийг зөвхөн хуулийн этгээд эзэмших хэрэгтэй. Тухайн хуулийн этгээдийн хууль тогтоомжийг дагаж мөрдөж ирсэн байдал, удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдах эрх бүхий албан тушаалтнууд геологи уул уурхайн үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан эсэх, тэдгээрийн туршлага, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан байдал чухал ач холбогдолтой шалгуур нөхцөл болох юм. Тухайн хуулийн этгээдийн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үе шатанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн боломж чадавхийн баталгаа, мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй эсэх нь тусгай зөвшөөрөл олгоход хангагдсан байвал зохих үндсэн шалгуур нөхцөл болж байгаа юм. Тухайн хуулийн этгээдийн эрэл хайгуул, олборлолт, боловсруулалтын үе шатанд гүйцэтгэх ажлын төлөвлөгөө, санхүүгийн боломж чадавхийн баталгаа, мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй эсэх нь тусгай зөвшөөрөл олгоход хангагдсан байвал зохих үндсэн шалгуур нөхцөл болж байгаа юм.

Эрлийн тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно. Хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоос гадна эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн бол, олборолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн бол өргөдлөөр шийдвэрлэж болно. Мөн төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт зарлахгүйгээр хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрлийг олгож болохоор төсөлд заасан байгаа.

Тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус хөрөнгийн эрхэд ашиг сонирхол үүсэхэд хэрхэх талаар шинээр зохицуулалт орсон. Тусгай зөвшөөрөл нь эзэмшигч этгээддээ эрх үүргээ хэрэгжүүлэх баталгаа болохоос гадна үр шим хүртэх зорилгоор гэрээ хэлцэл байгуулах үед ашиг сонирхол үүсгэж болно гэж үзсэн. Тухайлбал хөрөнгө оруулах, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ хэлэлцээр байгуулах замаар тусгай зөвшөөрлийн дагуу үүссэн эдийн бус ашиг сонирхлын хувь хэмжээг талууд харилцан тогтоож болох юм.

Тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулахдаа нэгдүгээрт, төрийн захиргааны төв байгууллагаас жил бүр зөвхөн эрлийн үйл ажиллагаа явуулах талбайг зарлахаар тогтоож байгаа. Талбайг сонгохдоо нэгдүгээрт, орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал авахаас гадна төрийн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлж, тэдгээрийн саналыг авахаар заасан. Мөн аж ахуйн нэгж байгууллагаас санал авахаар тусгасан байгаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулахаас татгалзвал дөрвөн жилийн хугацаанд тухайн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүй байхаар зохицуулсан.

Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны явц нь талбайн товыг нийтэд зарлан, өргөдлийг хүлээн авч бүртгэхээс эхэлнэ. Өргөдөл гаргах журамд заасан нөхцөл шаардлага хангаагүй бол хүлээн авахаас татгалзана. Урьдчилан зарласан шалгуур үзүүлэлтээр баримт бичгийг үнэлнэ. Хамгийн өндөр оноо авсан ялагчийг зарлана. Ялагчид тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргана. Хэрэв амжилтгүй оролцсон бол яагаад сонгогдоогүйг тодорхой тайлбарласан мэдэгдэл хүргүүлнэ.

Өргөдлөөр тусгай зөвшөөрөл олгох журмын хувьд эрлийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлолтын, аливаа хуулийн этгээд боловсруулалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргана. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэнэ. Бүртгэлийн огноог тэмдэглээд энэ тухай тодорхойлтыг өргөдөл гаргагчид өгнө. Өргөдөл хүлээн авахаас татгалзаж болно. Энэ тухай арав хоногийн дотор тухай хүнд хариу өгнө. Үндсэн шалгуур нөхцөлийг хангасан бол тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн шийдвэр гаргах бөгөөд хэрэв тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж үзвэл энэ тухай өргөдөл гаргагч  тухайн хуулийн этгээдэд мэдэгдэнэ. Энэ тохиолдолд өргөдөл гаргагч этгээд болзол, шалгуур хангасан өөр нэг этгээдэд тусгай зөвшөөрөл олгуулахаар нэр дэвшүүлэх эрхтэй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол улсад байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол улсын татвар төлөгч этгээд байхаар заасан байгаа.

Эрэл, хайгуул, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь улсын хилээс бусад газарт аливаа хуулийн этгээдэд чөлөөтэй, улсын хилийн бүсэд үндэсний компаниас гадна  тухайн компанийн дүрмийн сангийн 75 хувиас дээш хувийг Монгол улсын иргэн эзэмшиж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай компани байхаар заасан. Олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн орд газарт, улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн орд газарт, улсын хилийн бүсэд гэсэн байдлаар ялгахаар тогтсон. Ингэхдээ энэ гурван тохиолдолд үндэсний компаниудад олгохоос гадна тухайн компанийн дүрмийн санд Монгол улсын иргэний эзэмшиж байгаа хувь хэмжээг 34, 51, 75 гэсэн хувь хэмжээгээр ялгамжтай байдлаар гадаадын хөрөнгө оруулалттай компани байх юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлагад компанийн төлөөлөх үүрэг хариуцлагын этгээдийг тодорхойлсон. Төлөөлөн удирдах зөвлөл, түүнтэй адилтгах байгууллагын гишүүд, мөн гүйцэтгэх удирдлага нь тухайн хуулийн этгээдийг төлөөлөн үүрэг хариуцлага хүлээх этгээд байна. Тусгай зөвшөөрлийн үүргүүдийг дэлгэрэнгүй тодорхойлсон бөгөөд үүнээс аливаа үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх, ашигт малтмалыг бүрэн олборлох боловсруулах, дотоодын аж ахуйн нэгжүүдээр ажил гүйцэтгүүлэх, заавал даатгуулах, хариуцлагын даатгал хийлгүүлсэн байх. Мөн хувьцаа гаргах тухай шийдвэрийг мэдэгдэх, ажиллагсдын хөдөлмөрийн нөхцөл, ахуй хангамжийг бүрдүүлэх гэсэн үндсэн үүргийг тодорхой зааж өгсөн.

Ажил гүйцэтгэх зөвшөөрөл гэсэн шинэ зохицуулалт орж ирж байгаа. Үүнд эрлийн ажил хийх, нөхөн сэргээлтийн бусад үйл ажиллагааг төрийн захиргааны байгууллагаас олгосон ажил гүйцэтгэх зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд л олгоно. Олгогдсон талбай дээр хайгуул, олборлолт, боловсруулалтын ажил эхлэх зөвшөөрөл гэж ойлговол зохино. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг олгохдоо хайгуулын зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага, олборлолт, боловсруулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас олгохоор заасан. Ажил гүйцэтгэх зөвшөөрөл нь  тусгай зөвшөөрөл эзэмшигч нэгдүгээрт, ажлын төлөвлөгөө ТЭЗҮ-г батлуулсан, нөхөн сэргээлтийн ажлын зардлын барьцааг байршуулсан, хамтран ажиллах орон нутаг хөгжүүлэх гэрээг байгуулсан, байгаль орчны болон хортой нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн, даатгуулсан, үйлдвэр уурхайгаа барьж ашиглалтад оруулсан байна. Энэ нөхцөлүүдийг хангасан бол ажил гүйцэтгэх зөвшөөрөл авах эрхтэй.

Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай заалт оруулж ирж байгаа. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг цуцлахгүй, зөвхөн түдгэлзүүлнэ. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх нөхцөл нэгдүгээрт, тухайн хуулийн этгээд төлөвлөгөөт тайлан, бусад бичиг баримтыг хугацаанд нь ирүүлээгүй, шаардлага хангагдаагүй, ажиллавал зохих журмын дагуу ажиллаагүй, хоёрдугаарт төлбөр төлөх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол ажил гүйцэтгэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай санал, шаардлагыг эрх бүхий байгууллагаас /орон нутгийн болоод мэргэжлийн хяналт, байгаль орчны байгууллагууд/ ирүүлсэн тохиолдолд тодорхой үйл ажиллагааг хориглож, хэсэгчлэн түдгэлзүүлэх юм.

Зөрчил арилгах хугацааг заавал тогтоож өгнө. Энэ тогтоосон хугацааг зургаан сарын хугацаатайгаар нэг удаа сунгаж болно. Ажил гүйцэтгэх зөвшөөрлийг сэргээх тухайд тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн зөрчлийг арилгасан гэж үзэж байгаа бол сэргээх тухай хүсэлтээ гаргана. Сэргээлгэх хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 хоног хүсэлтээ хянан хэлэлцэж, зөрчил арилсан гэж үзвэл ажил гүйцэтгэх зөвшөөрлийг сэргээх тухай шийдвэр гаргана.

Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай асуудал яригдаж байгаа нь энэ хуулийн нэг онцлог. Хуучин хуулиар тусгай зөвшөөрлийг шууд цуцлах шийдвэр гаргаж маш их маргаан үүсгэдэг байсан. Хуулийн төсөлд зааснаар, тусгай зөвшөөрлийг шууд цуцлахгүй. Эхлээд ажил гүйцэтгэх үүргийг түдгэлзүүлнэ. Түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгаагүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар зааж өгсөн.

Бусад үндэслэлүүдийг хуулийн 36 дугаар зүйлд дэлгэрэнгүй заасан. Үүнд, тусгай зөвшөөрөл эзэмшигч байх хуульд заасан шаардлагыг хангахгүй болсон, хуульд заасан хугацааны дотор хайгуул олборлолтын ажлаа эхлээгүй, ажил гүйцэтгэхэд зарцуулсан хөрөнгө нь эрэл хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд хүрээгүй, төлвөл зохих төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, тухайн үйл ажиллагааны улмаас орчин тойронд аюултай нөхцөл байдал үүссэн болохыг холбогдох байгууллага тогтоосон зэрэг нөхцөл байдалд тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуулийн төсөлд заасан байгаа.          

  • bat (119.40.99.37)
    энийг дагаад дарга нарын лоббыавилгахээл хахуули улам ихсэхгүй гэжүү мөн монголд үйл ажилагаа явуулж буй 50 гаруй дотоодийн өрөмийн компаны түүний 1000 гаруй ажилагсад яах вэ миний бодлоор энэ бол зүгээр 12 том өрөмийн компаний гаргасан лобби л байна
    2013 оны 02 сарын 15 | Хариулах