Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

Ц.Элбэгдорж: Стратегийн ордод төр хувь эзэмших ёстой гэж яригсдын тоо цөөрч байгаа шүү

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.




Иргэний танхимд болсон Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хөтлөн явуулав. Энэ үеэр түүний хэлсэн үгийг товчлон хүргэе.

Ашигт малтмалын хуулийг шинэчлэх асуудлыг олон жил ярилаа. Яг энэ сэдвээр би хоёр дахь удаагаа Та бүхэнтэй уулзаж байна. 2011 оны дөрөвдүгээр сарын 26-нд Ашигт малтмалын тухай хуулийн Ажлын хэсэг байгуулагдаж, өргөн хэлэлцүүлэг болж байсан.  2010 оны дөрөвдүгээр сарын 27-нд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаас ашигт малтмалын хайгуулын лиценз олгох ажлыг зогсоох шийдвэр гарсан. Үүнээс хойш хоёр жилийн хугацаанд хуулийн төсөл дээр ажилласан.

Гэвч “Ашигт малтмалын тухай хуулийн төслийг ард түмэн таалсангүй” гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гарах боллоо. Энэ бол талууд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүйн илрэл. Нэгдсэн ойлголтод хүрэхэд хэцүү байх.   Бидний баримтлах гол зарчим бол Монгол улсын төрийн хувьд эрдэмтэн мэргэд, судлаачидтайгаа болж өгвөл тодорхой, үндсэн асуудал дээр ойролцоо ойлголтод  хүрэх явдал. Төрийн хувьд талуудын байр сууриудын “алтан дундаж”-ийг олж хуулийн төсөлдөө тусгах хэрэгтэй. Гэтэл энэ ойлголцолдоо бүрэн хүрэхгүй байна. 

Ажлын хэсгийнхэнд хийсэн ажил их бий. Цаасан дээр буусан нь наад захын жишээ. Түүнийгээ олон нийтэд танилцуулсан.  Хуулийн төсөлд өгсөн талуудын санаа оноо, өмнө нь хэлэлцүүлсэн материалуудтай би танилцаж байгаа.   

Гурван гол асуудалд анхаарлаа хандуулмаар байгаа. Эхнийх нь Ашигт малтмалын геологи хайгуул. Ашигт малтмалыг олборлох асуудал хайгуулаас эхэлдэг. Үүнд эрэх, хайх, олох судлах, шинжлэх гэсэн бүхэл бүтэн хэсэг ордог.  Эхлэлээ зөв хармаар байна. Дараа нь бэлтгэл. Дүн шинжилгээ хийж ашиглахад бэлтгэх. Суурь судалгаа, цаашдын зорилтыг боловсруулах хэрэгтэй.  Гуравдугаарт, орд ашиглалт. Өнөөдөр бид уул уурхай руугаа хамаг анхаарлаа хандуулж байгаа. Энэ нь сүүлийн дамжлага байх ёстой.

Ашигт малтмалыг эрэх, хайх, нөөц тогтоох ажил төрд байхаа болиод хөрөнгө мөнгөнөөс үүдэлтэйгээр, хувийн хэвшилд лиценз олгох төдий болсон. “Эрж хайгаад юм олбол хайгуулын лицензээ шууд ашиглалтын болгоод яв” гэсэн үндсэн чиглэлээр явж ирсэн. Гэтэл алдаа гарахаар араас нь “төр, ард түмэн” гэж хашгираад бүтэхгүй. Төр геологийн чиглэлийн бодлогогүй болсон. Хаана ямар баялаг байна. Аль газар нутагт юугаа хайх юм гэдгээ урьдчилж бодохоо больсон. Бас нэг ажлыг хийлгүй ирсэн байна. Тэр нь Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого. 

Энэ бол сонгуулийн сэдэв биш

Өмнөх Засгийн газрын үед энэ бодлогыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцье гэж байтал шинэ Засгийн газар “маш түүхий бодлого болжээ” гээд буцаачихсан.  Одоо энэ асуудал Уул уурхайн яаман дээр яригдаж байгаа байх.  Үүнийгээ л эхлээд тогтож ярья. Уул уурхайн салбарын ахмадууд, эрдэмтэн мэргэдийн хэлж байгаа зүйлтэй би санал нэг байгаа.

Манай мэргэжилтнүүд Австрали, Чилээс туршлага их судалдаг. Харин одоо дотоодынхоо уул уурхайтай нарийн танилцмаар байна. Алдаатай зүйлсийг илрүүлж  Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд  алдсан зүйлсээ харан, сургамжийн жагсаалт эхлээд гаргамаар байна.   Шүүмжлэлд өртдөг,  хэл амтай байгаа  асуудлаа  ярилцаж байж  л  ашигт малтмалын салбар дахь төрийн бодлогоо тодорхойлно. Тэгэхээр дүн шинжилгээ нь дутуу байгаа юм. Тиймээс хуулийн төслийг үргэлжлүүлэн судал гээд байгаа юм.  Энэ нөхөр Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж,  Ашигт малтмалын хууль яриад байна гэж  намайг хардах хүмүүс бий байх.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл бол сонгуулийн сэдэв биш. Үүнийг сонгууль гэж харах хүн байна. Ашигт малтмал бол Монголын ард түмний хувь заяатай холбоотой асуудал. Буруу шийдэгдвэл дахиад тав, арван жил Монголын ард түмний хэрүүл болно.  Тиймээс энэ хавар хуулийг өргөн барихгүй.  Шинэ хууль гартал өмнөх  хуулиа мөрдөөд явна.

Уул уурхайн салбарт мөнгөний асуудал байдаг. Мөнгө зарцуулбал бодлого гарч ирдэг. Хувийн хэвшлийнхэн мөнгөө зарсан учраас төрд бодлогоо тулгадаг. Гадныхан мөнгөө зараад хайгуулаа хийчихсэн болохоор бас бодлогоо тулгадаг. Нөгөө талд нь төр, ард түмний эрх ашиг хөсөрддөг. Үүнийг төлөөлсөн мөнгө зарагдаж, бодлого яваагүй учраас ажил явахгүй байгаа юм.  Бид уул уурхай гээд үндсэн асуудлын гуравны нэгийг л ярьдаг. Гуравны хоёрыг нь орхигдуулчихсан. Нийгмийн ямар систем байх нь хамаагүй.  Аль ч улсад геологийн асуудал байж л байдаг. Хууль  батлагдсаны дараа Яамны нэрэн дээр геологи гэдэг үг орох байх.

Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогоо эхэлж гаргаад  уул уурхайгаа зүг чигтэй болгоё. Дараа нь Ашигт малтмалын тухай хууль гэж нэрлэх юм уу, ерөнхий хууль гаргая.  Монгол улсын нэр хүндийг унагаад байгаа нэг зүйл бол хууль эрх зүйн орчин  тогтворгүй, хуульд хэдэн гишүүн дураараа өөрчлөлт оруулдаг гэсэн ойлголт. Тиймээс эхлээд бодлого, дараа нь ерөнхий хууль.  Үүний дараа геологийн юм уу, стратегийн ашигт малтмалтай холбоотой асуудлуудаа тус тусад нь хуулиар зохицуулаад явъя.  Улмаар ашиглахад бэлтгэх асуудлаа уул уурхай руугаа чиглэсэн байдлаар зохицуулъя. Мөн тусгай зөвшөөрлийн асуудлаа ч анхаарах хэрэгтэй. Энэ хуулийнхаа хажуугаар татвар, түрээс, нөөц ашиглалт зэргийг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Нэгэнт хэвшүүлээд явж байгаа хуулиудаа энэ хооронд эвдмээргүй байгаа юм. Ингэж томоор нь харахгүй бол болохгүй болжээ. Газрын хэвлийн дор юу байгаагаа мэдэхгүй, мөнгө ч байхгүй төр сууж байж таарахгүй. Геологийн ажлыг төр хийж болно.

Бүгдийг нь ашиглах гэж юундаа яарна вэ

“Газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байна. Төрөөр дамжиж эргэлтэд орно” гэсэн санаа Үндсэн хуульд бий. Тиймээс Монгол улс өөрийн нэгдсэн бодлоготой болъё.

Монгол улсад өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хайгуулын лиценз 2253, ашиглалтын лиценз 1255 байгаа. Үүнээс Шүүхээр шийдвэрлэж, хууль бусаар олгосон  гэж үзсэн зуугаад  лиценз өнөөх олгогдсон лицензүүд дотор орж байгаа  гэж  Ашигт малтмалын газрын дарга сая хэллээ.  Ийм хэмжээний ашиглагдах уурхай одоо Монголд байна гэж ойлгож байгаа. Хангалттай юм биш үү.  Үүнээс 300-400 нь Өмнөговийн нутаг дэвсгэрт байна. 400 лицензийг  арван  хувиар бодвол дахиад  40 уурхай ажиллуулах нь. Бүгдийг нь ашиглах гэж юунд яараад байгаа юм.  Энд нэг асуудал босч ирдэг. Барилгын үнэ өсч байна. Тиймээс элс хайрга, түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусад нь авч үзэх хэрэгтэй юм биш үү гэсэн яриа гардаг.  Хэрэв энэ асуудлыг шийдвэл завсараар нь баахан юм “гоожих вий” гэж би болгоомжлоод л байгаа. Цөмийн энерги, уран, газрын тос, байгалийн хий, ховор элементээ яах вэ гэдгээ бодох учиртай. Гадна, дотноос хамтарч Монголын нэрийг унагахаа зогсоо гэж хэлье. Монгрлын төр бүх юмаа хураагаад авчихсан зүйл байхгүй шүү. 2253 хайгуулын лиценз явж л байг. Дээр нь хуучин хуулийн орчинд ашиглалтын лиценз байж л байна.

Хаана, юу байгаагаа мэдэхгүй болохоор төр төсөөлөлгүй болчихож. Төсөөлөлгүй байгаа учраас төрийн бодлого алдагдаад байгаа юм. Үнэхээр төрөөс мөнгө зараад геологи, хайгуулаа хийсэн бол түүнийгээ хэдийд, яаж ашиглэх вэ гэсэн бодлого явж байх ёстой.  

Дээр үед Геологийн институт гэж байсан. Одоо энэ институт татан буугдаад хаашаа  орчихсон юм.  Уг нь Геологийн институт нь уурхайн дэргэд ямар хот, дэд бүтэц, дагалдах үйлдвэр байхыг судлаад шийддэг байсан. Ийм судалгаа, шинжилгээний байгууллагагүй учраас  Оюутолгойг дагасан хот босохгүй байгаа юм.  Үүнийгээ урьдчилж судлаад Гэрээндээ бүх зүйлийг нь суулгаж өгөх ёстой бодлого маань алдагдчихсан.  Үнэхээр үндэсний аюулгүй байдлын болон улс хоорондын харилцаа талаас нь авч үзвэл бид зарим нэг улстай олборлолт, хөрөнгө оруулалтаа шийдье. Хэрэв зарим орны хөрөнгө оруулалт хэтэрчихсэн бол  ингэж шийдье, өндөр технологитой хэрнээ хөрөнгө оруулалт нь орж ирэхгүй байгаа асуудлыг тэгж зохицуулъя  гэхээр барьцтай бодлого алга байна шүү дээ.

Зарим аймагт арав хүрэхгүй лиценз байхад заримд нь тоо хэтэрчихсэн байгаа. Завхан аймагт гэхэд  нэг ч уурхай яригддаггүй байсан бол одоо хоёр гурван уурхайн асуудал босч ирсэн байна.  Хөвсгөлд хайгуулыг 27 лиценз байгаа гэж би сонссон. Гэтэл тэнд төрөөс зам харгуй, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл  гээд ямар дэмжлэг үзүүлж болох вэ.

Энэ бол төвлөрсөн төлөвлөгөө, социализмаа дурсч байгаа хэрэг биш, энэ бол бодлого. Аль салбарыг дэмжвэл тухайн аймагт хэрэгтэй вэ гэдгийг авч үзье. Бүгдээрээ уул уурхай руу хошуурчих биш. Бид байгалийн баялгийн бодлогоо тавиад туучихсан. Мал аж ахуйгаа хувьчилчихсан. Гэхдээ үүнийг эргүүлж нийгэмчлэх, төрийн болгох тухай ярьж байгаа юм биш. Ийм асуудал огт байхгүй. Гэвч газар дор байгаа нөөц боломжоо төр мэдэж байхгүй бол бодлого боловсруулж болохгүй байна.

Геологи гэдэг дотроо хайгуулаа төлөвлөдөг, хээрийн ажлаа зохион байгуулдаг, ордыг ашиглах Техник, эдийн засгийн үндэслэлийг зохиоход хүртэл  төрийн байр суурь ямар байх вэ,  зүгээр нэг гадны авчирсан зүйл дээр тулгуурлаад байх юм уу. Социализмын үед хийсэн хайгуулын ажил чанаргүй, гадны зах зээлийн өндөр үнэлгээ хүлээн зөвшөөрдөггүй, бид дахиж  мөнгө төлж хайгуул хийдэг гэсэн яриа гардаг.   

Хамгийн гол нь өнөөдөр өрөмдөөд гаргаад ирсэн дээж биш, зөвхөн цаас үлдээд, архивгүй болчихоод байна. Хаана, ямар газар, хэдэн метр өрөмдөхөд аль үе дээр нь ямар эрдэс баялаг байна вэ гэдгийг номын сан шиг хадгалах хэрэгтэй. Маргаан гарвал түүнээсээ дээж аваад судал. Иймгүй байж бусдад ашиглуулчихаад бухимдаад бие биеэ буруутгаад суугаад байх хэрэггүй. Нөөцийн сангаа бүрдүүлж, судалгааны байгууллага, бодлогоо бий болгоё. Хөрөнгө оруулалтын гэрээ, цаашлаад  лицензийг буруу тараасан, төр өмчөө өгөөд явуулчихлаа гэдэг бол худлаа.

Нэгдсэн ойлголттой болъё

Стратегийн орд гэдэг бол бусад ордоосоо арай чухал, төр анхаарал тавьж, бодлогоор явах ёстой  орд гэсэн үг биз дээ. Өнөөдөр стратегийн орд дээр төр  төдөн хувьтай  байх ёстой гэж ярьдаг хүмүүсийн тоо багасаад л  байгаа.  Стратегийн ордын  татвар хамаагүй өндөр байх ёстой. Нийгмийн дэд бүтэц нь байх ёстой. Уурхайгаа бариулаад төр буцааж авна, түүнд оруулсан хөрөнгийг барьсан компанид нь буцааж олгоно ч гэдэг юм уу. Тухайн орд хаана байвал Монголын стратегийн аюулгүй байдал болох вэ, ямар үед үгүй вэ гэдгийг тогтоох ёстой. Бүр тухайн нэг уурхайд зориулсан дүрэм журам хүртэл гадаад улс орнуудад байдаг.

Орон нутгийн оролцоо, орон нутгийн эрх мэдлийн тухай нэлээд ярьдаг.  Орон нутаг гэхээр замбараагүй, тэнд байгаа дарга даамал гээд хэсэг хүн шаардаад сууж байдаг тухай   бид ерөөсөө  яриагүй. Лиценз, байгаль орчин, уурхайн хаалтын гэрээ гээд зохицуулах асуудал маш их байгаа. Өмнө нь бүгд төрийн өмчийн ордууд байсан болохоор  хаагдахаараа төр дээр ачаа нь ирдэг байсан. Тэгвэл өнөөдрийн өнцгөөс харахад  ихэнх нь хувийн хэвшилд очсон ордуудыг буруу хаагаад, байгаль орчинд хохирол учруулсан бол эцсийн дүндээ Монголын ард түмний нуруун дээр л бууна.

Манайхны нэг дутагдалтай зүйл бол Эрсдэлийн сан юм уу, уурхайн хаалттай холбоотой асуудлуудыг тусад нь хуулиар зохицуулах ёстой байтал ганц хоёрхон заалтаар, тунхаглал маягаар оруулаад л орхидог. Тэгэхээр уул уурхайн үйл ажиллагааны мөчлөг бүхэн дээр ямар харилцаа байхыгаа зохицуулах явдал дутагдаад байгаа юм. Тухайн уурхай дээр зориулсан 400-600 зүйлтэй дүрэм журам хүртэл хэрэгжиж байдаг. Уурхай дээр хэн очих ёстой юм, хэн хяналт тавих,  санхүү нь ямар байх ёстой юм, энэ бүх дүрэм журам байдаггүй.  Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг зүйлээр бүхний нүүрийг хаадаг байдал бий болчихсон. 

Хувь хишиг, хувьцаа гэсэн олон асуудал бий болж байна. Цаашаа Баялгийн сангийн тухай яригдаж эхэллээ. Үнэхээр бид баялгаас орж ирж байгаа мөнгөө яаж зарцуулах ёстой вэ. Төр гэдэг нэрээр идээд дуусах уу, тав арван хувь, бүр Норвеги шиг 96 хувийг нь тусад нь үлдээж, ирээдүйдээ зориулаад, дөрвөн хувиас илүүгүй нь төсөвт орно гэж хийх юм уу. Шууд 100 хувиас дөрвөн хувь болж чадахгүй ч жил жилээр тэр рүү дөхөх талаар ярьж болно.  Ингэж уул уурхайгаа бүтэн зургаар харахгүй бол бодлого сайн гарахгүй ээ.

Дээр нь газрын доорх баялгийг нийтийн  өмч гэж ярьдаг.  Хэн ашигт малтмалын асуудлаар нэхэмжлэл гаргаж явах вэ. Уул уурхайн прокурор, шүүхтэй болъё гэсэн асуудал гардаг.  Ашигт малтмалын тухай хуулиа ярьж хэлэлцэж байхдаа Бичил уурхайтай холбоотой  асуудлыг Бичил уурхайн хуулиар зохицуулья  гэдгийг маш тодорхой тусгаж өгөх хэрэгтэй байгаа. Манайд хариуцлагын асуудал огт байхгүй. Төрөөс хайгуул хийнэ гэдэг. Нөөц буруу тогтоогдвол яах вэ. 200 тэрбумын нөөцтэй баялгийг 120 тэрбумын нөөцтэй гээд тогтоочихсон бол хэдэн жилийн ял ногдуулах ёстой юм.

Гэрээ хэлэлцээрийг Сайд хийх үү

Ханган нийлүүлэлт дээр орон нутаг давуу эрхтэй байна гэдгийг зааж өгөх хэрэгтэй. Ашигт малтмалын үнэлгээ маргаантай. Нөөц ашигласны татварыг ч хэдэн янзаар тайлбарладаг. Одоо үүн дээр нэгдсэн ойлголттой болъё. Цөмийн энергийн, Газрын тосны, байгалийн хийтэй холбоотой хуулиуд тус тусдаа хэрэгжээд байгаа. Байгалийн хийн асуудал тусдаа хуулиар явах ёстой юу, үгүй юу.  Газрын ховор элементийн асуудал бас байна. Европ болон бусад өндөр хөгжилтэй орнууд манайхтай газрын ховор элементийн салбарт хамтарч ажиллах санал тавьдаг. Гэтэл үүнийгээ бид тавиад туучихсан.  Буруу гарын нөхөд  гадны дотныхонтой нийлээд лицензийг гартаа оруулчихсан байхад төрийн бодлого яаж гарах юм бэ. Үүнд л бодлого хэрэгтэй байна.

Иргэний хуулийг огт хөндөлгүй өдий хүрлээ. Маргаан гарвал яах вэ. Гэрээ хэлэлцээрийг Сайд хийх үү, эсвэл хувийн мэргэжлийн компани хийх үү гэх мэт бодлогоо цэгцэлж авъя. Хэл ам дагуулсан уурхай, эсвэл ашигт малтмалын төрлөөр төрөлжүүлж асуудлыг авч үзье.  Ажлын хэсгээ шинээр байгуулъя. Одоогийн Ажлын хэсэг тарахгүй, түүнийг өргөтгөнө. Дахин ярьж маргаантай асуудлаа цэгцэлье. Шинэ хуулийг хавар өргөн барихгүй.   

Өмчийн эрх зүйн тухай хууль Монголд байхгүй. Төрийн, нийтийн, хувийн гээд бүх өмчийг үүнд хамааруулах хэрэгтэй. Зах зээлийн нийгэмд хамгийн хэрэгтэй энэ хууль одоо болтол гараагүй. Үүн дээр Засгийн газар сууж байх ёстой шүү дээ.

Гадаадын хөрөнгө оруулагчдад хэлэхэд шинэ хууль гартал одоо мөрдөж байгаа Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ажиллана шүү. Бид аль нэг тийш савласан хууль гаргахгүйн төлөө ажиллана. Төмөр зам, цахилгаан станц зэрэг ажлыг зэрэгцүүлээд явуулна.

“Бушуу туулай борвиндоо баастай“ гэдэг шиг бид сандарч,  түүхий хууль гаргачихаад түүнийхээ хойноос тав арван жилийн хугацаа алдсанаас эхлээд бодлогоо гаргаж, маргаантай асуудлуудаа цэгцэлье.

Сайн төсөл оруулж чадвал сайн бүтээгдэхүүн авч чадна. Хуулийн төслийг хаанаас өргөн барих вэ гэдгээ ярилцана. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэх явцад өөрчлөлт орж, түүнд хориг тавих гэхээр өөрөө өргөн барьчихаад хориг тавих гэлээ гэсэн асуудал гардаг. Ямар ч гэсэн өнөөдөртөө Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барина гэдэг бодлого хэвээрээ. Дараа нь УИХ, Засгийн газартай ярьж байгаад шийдэж болно. УИХ хэлэлцээд болохгүй зүйл гарвал Ерөнхийлөгч зогсоодог эрх нь байх хэрэгтэй. Ханыг нь Ерөнхийлөгчийн институт барьж байгаа. Онц ач холбогдолтой хуулийн төсөлд Ерөнхийлөгч оролцох хэрэгтэй.