Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Монголд төмрийн нойтон баяжмалын анхны жишиг үйлдвэр байгуулагдлаа

Сурвалжилсан Б.Төгсбилэгт

Анхдагчдын өлгий нутаг Булган аймагт нэгэн шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2012 оноос эхэлсэн нь Хонконгийн Focus группын хөрөнгө оруулалттай “Фокус метал майнинг” компанийн төмрийн нойтон баяжмалын үйлдвэр байлаа. Үйлдвэрийг нээх ёслолын ажиллагаа есдүгээр сарын 6-нд болсон юм. Тус аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Худагбайшинт уурхайгаа түшиглэн “Фокус метал майнинг” төмрийн нойтон баяжуулах үйлдвэрээ ажиллуулах юм. Энэхүү үйлдвэр нь Монголдоо төмрийн нойтон баяжмалын олон улсын жишигт хүрсэн анхны томоохон үйлдвэр болж байна.

Уг үйлдвэрийг Монголын “Хийт констракшн”, Хятадын “Туншин” компани болон бусад арваад туслан гүйцэтгэгч байгууллага цогцлоожээ. Үйлдвэрийн эхний шугам ашиглалтад орсноор жилд 300 мянган тонн 66%-ийн агуулгатай төмрийн баяжмал үйлдвэрлэн Хятад руу экспортлох боломжтой болж буй юм. Тодруулбал, жилдээ 600 мянган тонн төмрийн хүдрийг Худагбайшинт уурхайгаас олборлон, үйлдвэрт боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох юм.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхантай үйлдвэрийн нээлтийн үеэр ярилцсан юм.



Та нээлтийн үеэр энэхүү үйлдвэр олон улсын жишигт нийцсэнийг онцолсон. Энэ талаар тодруулж ярихгүй юу?
Бид баяжуулах үйлдвэрээ БНХАУ-ын тэргүүлэх компаниудын төхөөрөмжөөр тоноглосон. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний тоног төхөөрөмж суурилуулсан үйлдвэр гэж үзэж болно. Ер нь уул уурхайн үйлдвэрлэлээс нэлээд хортой бодис гардаг. Харин манай үйлдвэрийн технологи хортой бодисын ялгарлыг бараг 00 түвшинд аваачсан. Мөн бид усны хэрэглээгээ 80-90% хүртэл дахин ашиглана. Ийм хэмжээнд усаа боловсруулах нь Монголд харьцангуй ховор байдаг.

Үйлдвэрийг хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалтаар байгуулав? Энэ удаад үйлдвэрийн эхний шугамыг ашиглалтад өглөө. Хоёр дахь үе шатыг хэдийгээр нээх вэ?
Өнөөдрийн байдлаар нарийн тооцоо гараагүй ч ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйлдвэрийг байгуулсан.
Хоёрдугаар шатанд хүчин чадал хоёр дахин нэмэгдэж 600 мянган тонн болно. Дараагийн үе шат ирэх онд ашиглалтад орох болов уу гэж найдаж байна. Энэхүү ажлын маань хөрөнгө оруулалт шийдэгдсэн. Хоёр дахь үе шат барилгын хувьд гүйцсэн. Гол нь бид технологи, тоног төхөөрөмжөө худалдаж авч суурилуулаад ашиглалтад оруулах ажил үлдээд байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед манай уурхай болон үйлдвэрийн ажилчдын баг нийтдээ 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй болно. Өнөөдөр үйлдвэрт маань 80 гаруй хүн ажиллаж байна. Яг одоо манай уурхай, үйлдвэрт нийтдээ 140 хүн ажиллаж буйн зэрэгцээ тээврийн бригад 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.

Нойтон баяжмалын борлуулалтын үнэ болон улсад төлөх татварын хэмжээний талаар ярихгүй юу?
Бээжингийн шууд худалдааны үнээр бол одоо 66%-ийн агуулгатай баяжмал нэг тонн нь 120-140 ам.доллартай байна. Хуурай баяжмал бол нэг тонн нь 70 доллар шүү дээ. Тэгэхээр үйлдвэрийн бүтээгдэхүүний ашиг нэмэгдэж, тэр хэрээр улс, орон нутагт үлдэх татвар өснө. Үүнд ус, эрчим хүчний татвар, хүн амын орлогын албан татвар гэх мэт олон татварууд дагалдаад өсөх юм.

Худагбайшинт уурхайг хэдэн жил ашиглана гэж тооцоолж байна вэ?
Өнөөдрийн байдлаар манай уурхайн батлагдсан нөөц 7.1 сая тонн. Одоогийн байдлаар хайгуулын ажил хийж байна. Манай хайгуулын талбай 4000 гаруй га газрыг хамардаг. Энэ оны эцсийн байдлаар бид нөөцөө 30-35 сая тонноор нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна. Цаашдаа ч нөөц ихсэх таамаг бий. Жилдээ нэг сая тонныг олборлоод байхад 60 жил ашиглах юм.

“Фокус метал майнинг” компанийн инженер С.Нямдаваагаас үйлдвэрийн шат дамжлагын талаар тодруулсан юм.

Манай нойтон баяжуулах үйлдвэрт хүдрийг анхдагч хацарт бутлуураар оруулаад, тэндээсээ конвейерээр дамжуулан цааш конусан бутлуурт оруулна. Ингээд хүдрийг конвейерээр цааш дамжуулж шигшүүрт аваачин 15 мм хүртэлх нарийн ширхэгтэй нь шигшигдээд түүнээс том ширхэгтэй нь эргээд конусан бутлуураар бутлагдаж дахиж шигшигдэнэ. Ингээд шигшигдсэн нарийн ширхэгтэй хүдэр нь 2000 тонны багтаамжтай нунтаг хүдрийн агуулахад хуримтлагдана. Нунтаг хүдрийн агуулахад хуримтлагдсан хүдэр маань нойтон баяжуулах үйлдвэрийн тээрэм рүү орно. Нунтаг хүдрийн агуулах нь энэхүү том үйлдвэрийн зогсолтгүй ажиллагааг хангахын тулд байнга дүүрэн байх ёстой. Тээрмээр орсон бүтээгдэхүүн тээрмийн амсар дээрх соронзон сепаратораар орно. Ингээд гарсан бүтээгдэхүүнийг хуваарилагч бүхий өндөр давтамжтай шигшүүрээр дамжуулан, 0.074 мм-ийн хэмжээтэй болсон баяжмал нь шууд сепаратораар орно. Түүнээс том ширхэгтэй нь хяналтын тээрмээр ороод дахиж шигшигдэнэ.
Энэхүү нойтон баяжуулах үйлдвэрт үндсэндээ хоёр тээрэм, хуваарилагч, өндөр давтамжтай шигшүүр, мөн шүүлтүүр гэсэн таван дамжлага байх агаад дамжлага бүрт сепаратор бий. Эцсийн бүтээгдэхүүн гарч ирэх хүртэл эдгээр дамжлагаар агуулга багатай хүдэр болон шороог ялган, улмаар 4-7%-ийн чийглэгтэй, 66%-ийн агуулгатай баяжмалыг гаргаж авах юм. Үйлдвэрт ашиглах усыг 15 км-ийн цаанаас Туул голоос татаад 2000 мянган куб метрийн багтаамжтай хоёр саванд хуримтлуулан ашиглана.

Үйлдвэрийн нээлтэд Focus групп болон “Фокус метал майнинг” компанийн захирал, ажилтнуудаас гадна Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн Дэд сайд Б.Цогтгэрэл, УИХ-ын БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, ХЗБХ-ны дарга Б.Ганбат, Уул уурхайн сайдын Ахлах зөвлөх Ч.Түмэнбаяр, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүй, Булган аймаг болон Бүрэгхангай сумын Засаг дарга, бусад төлөөлөгч, Хятадын Элчин сайдын яамны төлөөлөл, Хятадын банкны Монгол дахь салбарын захирал, үйлдвэрийн бүтээн байгуулалтад оролцсон компаниудын төлөөлөл, орон нутгийн иргэд гээд нийтдээ 150 гаруй хүн оролцлоо.





“Фокус Метал Майнинг” компани нь 2008 онд хайгуулын ажил хийж, 2009 онд Худагбайшинт уурхайн олборлолтыг эхлүүлжээ. Тус компани хуурай баяжуулах үйлдвэртэй байсан юм. Одоо нойтон баяжуулах үйлдвэрээ нээж буй нь тус компанийн дараагийн шатны зорилт болох шууд ангижруулсан төмрийн үйлдвэр (pellet) байгуулахад нэг алхам ойртсон дэвшил болсныг тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан хэлж байсан юм.

“Фокус метал майнинг” компани одоогийн байдлаар баяжмалаа машинаар Улаанбаатар руу зөөгөөд, улмаар Хятад руу төмөр замаар тээвэрлэж байгаа юм. Цаашдаа илүү ойр газраас буюу Орхонтуул зөрлөг дээр төмрийн баяжмалаа аваачин, тэндээсээ цааш нь төмөр замаар тээвэрлэн экспортлохоор судалгаа хийж байна. Үүний тулд багагүй хэмжээний хөрөнгө оруулалтаар гүүр, өртөө болон бусад дэд бүтэц байгуулах шаардлагатай ажээ.

Нойтон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 5 жилийн хугацаанд 1.9  сая тонн нойтон, 69 мянган тонн хуурай баяжмал борлуулж, 228.2 сая ам.долларын орлоготой ажиллана гэсэн тооцоо гаргажээ. Баяжмал бүтээгдэхүүнийг тус компани өөрийн хөрөнгө оруулагчийн Хандан хот дахь нэг сая тонны хүчин чадалтай гангийн үйлдвэрт нийлүүлэх юм.




  • Солонгот Балдан .Л. (27.123.214.122)
    Монголчууд бид сайхан амьдарах цаг ионэ Баяртай байна
    2015 оны 03 сарын 13 | Хариулах