Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Фрийгүүд: Дорноговьд 12,4 тонн алтны нөөц илрүүлэв

БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Freegood Inc компани Дорноговь аймагт орших Өндөрнаран зэс, алтны төслийнхөө хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна. Тус компани өчигдөр уг төслийнхөө ордыг 12.4 тонн алтны ашигтай нөөцтэй болохыг Монголын Засгийн газраар баталгаажуулсан тухай мэдээллээ. Уг нөөцийг нийт 11 мянган тууш метр өрөмдлөг хийсний дүнд тогтоосныг компанийн Гүйцэтгэх захирал Сүк Мин О хэлжээ. Гэхдээ уг төсөл нь нийтдээ 4 алтны орд болон зэсийн порфирын ордуудыг хамарч буй бөгөөд энэхүү тогтоосон нөөц эдгээр ордын Redstripe west Zone гэж тус компанийн нэрлэсэн ордод илэрчээ. Сүк Мин “Өндөрнаран” төслийн орд Оюутолгойн зэс, алтны орд шиг томоохон орд байж мэднэ гэсэн найдвар тээн ажиллаж буйгаа өгүүлжээ.

Freegood компанийн тооцоолж буйгаар цаашид үлдсэн гурван ордод хийх нэмэлт хайгуулын ажлаар алтны нөөцийг 30 тонн хүртэл өсгөх боломжтой тухай онцоллоо.

Мөн сүүлийн үед алтны үнэ өссөний сацуу түлшний үнэ буурч, төгрөгийн ханш суларснаас хөдөлмөрийн хөлсний зардал багассан зэрэг нь Монголын алтны салбарт чухал эргэлт болно гэж Сүк Мин О үзлээ.

Freegood олборлолт явуулахын өмнө санхүү, техникийн дэмжлэг үзүүлэх талд дэлхийн компаниудтай стратегийн түншлэл байгуулахаар ярилцаж байгаа ажээ. Улмаар тус компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийхээр төлөвлөж байна.

Тус компани 2007 онд хүдэр олборлолтын чиглэлээр байгуулагдсан бөгөөд Монгол дахь үйл ажиллагаагаа “Фрийгүүд эрин” гэх салбар компаниар дамжуулан явуулж буй юм.

Фрийгүүд эрин нь нийтдээ 32151 га талбай бүхий 5635Х лицензийг 2009 онд “Айвенхоу майнз Монголия инк” компаниас шилжүүлэн авч үйл ажиллагаа эрхэлж байна.

 


Б.Төгс