Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Байр суурь

Ерөнхий сайдын айлчлал ба нүүрсний бодлого

Н.Ариунтуяа

•    Баяннуур аймаг Ганцмодны боомтыг бие даан хариуцах эрхтэй болно.
•    Ганцмод-Гашуун­- сухайтын боомтын нүүрсний нийлүү­лэл-
тийг нэмэгдүүлнэ.  

•    “Эрдэнэс Тавантолгой” компани 10 сая тонн нүүрсээ Баяннуурт угаалгана.

•    Тавантолгойн ашиглалтыг сайжруулах асуудлаар ойрын хугацаанд улс төрийн шийдвэр гаргуулахаар УИХ-д өргөн барина.

•    Нүүрс тээврийн жолооч нарт зориулсан амралтын цогцолбор байгуулна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад, дотоод дахь томилолтын үр дүнгээс эрдсийн экспортын голлох боомтын гацаа ба Тавантолгой ордын цогц ашиглалтын талаар тодорхой болсон зүйлсийн агуулга товчдоо ийм. Ерөнхий сайд танхимынхаа долоон сайдын хамт БНХАУ-д айлчилсан билээ. Буцахдаа Өвөрмонголын Баяннуур аймгийнхантай уулзаж, Монгол улсын Гашуунсухайтын боомт, Тавантолгойн ордод ажиллаад ирсэн. Ерөнхий сайдын айлчлал нүүрсний бизнесийнхэнд багагүй хүлээлт үүсгээд байлаа. Нүүрсний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, Гашуунсухайт-Ганцмодны боомтын нэвтрэлтийн саатал, удтал хүлээгдсэн Тавантолгой  ордыг цогцоор ашиглах шийдэл, түүнийг дагасан төмөр зам болон дэд бүтцийн асуудлууд гээд.



Түүхий нүүрсний стратеги

Айлчлалаас эхний зарим нэг үр дүн харагдаж байгаа ч одоохондоо хэр тогтвортой хадгалагдахыг хэлэхэд бэрх. Юутай ч Гашуунсухайт-Ганцмодны боомтын нэвтрэлт санасанд биш ч гэлээ нэмэгдлээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр гурван гарцаар өдөрт дунджаар 1000 орчим машин нэвтэрч байна. Нөгөө талаар Монголын стратегийн чанартай гол боомтыг Баяннуур аймаг бие даан хариуцах эрхтэй болж байгааг Ерөнхий сайдыг айлчлах үеэр дуулгав. Алдарт “хоёр” толгойн экспорт хийгддэг боомт тун ойрын хугацаанд Баяннуурт хамаарах нь байна. Манайхаар бол сумын харьяаллаас гарч, аймгийн захиргааны мэдэлд очих нь. Ганцмодны боомт Урадын дунд хошууны Халиут балгаст хамаардаг байсан юм. Одоо Баяннуур аймгийн захиргаанд очсоноор эзэмшигч нь ялигүй томров. 

Өвөрмонголын хил залгаа аймгууд, заримдаа манайхаар бол аль нэг сумын захиргаа нь компаниудтайгаа нийлээд Үнэ тогтоох хороо байгуулан ямар ч үндэслэлгүй үнэ санал болгох тохиолдол цөөнгүй гарч байв. Үүнийг уул уурхайн салбарынхан боомтууд орон нутгийн шинж чанартай байгаатай холбон тайлбарладаг. Олон улсын боомтын статустай болчихвол гэнэтийн иймэрхүү саад бэрхшээл учрах нөхцөл хязгаарлагдах тул Гашуунсухайт-Ганцмодны боомтын зэрэглэлийг ахиулах асуудлыг Монголын уул уурхайн салбарынхан өмнөд хөрш рүүгээ эрдсийн бүтээгдэхүүн экспортолсон цагаас эхлэн тавьсан юм.

Төр засгийн удирдлагууд ч өмнөд хөршид айлчлахдаа олон улсын боомт болгох асуудлыг ёс мэт сөхсөөр ирсэн. Яриа хэлцлийн хэмжээнд тохирч байсан зүйл ч бий.

2014 онд Хятадын тэргүүн Си Жинпинийг Монгол улсад айлчлахад голлох боомтуудыг олон улсынх болгох, төмөр замыг нь холбох, Хятадын нэр бүхий далайн боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох боломж нээх, тарифийн хөнгөлөлт авах гээд гоё гоё юм ярьж, ерөнхий нөхцөлүүд дээр тохирсон юм. Гэвч үргэлжлүүлээд бодит ажил хийгдээгүй.
Эрдсийн гол боомтоо олон улсын зэрэглэлтэй болгохыг хүсдэг манай  улсын хувьд боомтыг захирах эрх мэдэл сумаас аймагт шилжиж байгаа нь алхам урагшилж буй хэрэг. Харин эрх мэдлийг гартаа авах Баяннуур аймаг нь Монголын угаасан нүүрсний экспортод аль болох саад тотгор учруулж, түүхий нүүрс хямдаар авч угаахыг зорьдгоороо алдартай.

Түүнийгээ ил далд хэлж, үнэ өсгөсөн компаниудыг шахдаг нь нууц биш. Хамгийн анх 2012 оны эхээр Баяннуур аймгийн захиргаа Монголын нүүрсэнд, тэр дундаа угаасан нүүрсэнд өндөр хураамж ногдуулахаа мэдэгдэж байв. Өнгөрөгч онд нь Монгол улс түүхэндээ анх удаа нүүрсээ түүхийгээр биш угааж боловсруулан экспортлоод байлаа. Тодорхой хэлбэл, 2011 оны зургадугаар сард “Энержи ресурс” компани нүүрс угаах үйлдвэрийнхээ эхний модулийг ашиглалтад оруулж, 1.1 сая тонн угаасан нүүрс экспортолсон түүхтэй. Нэмүү өртөг шингэсэн монгол нүүрс ингэж анхныхаа бэрхшээлтэй тулсан.

Ерөнхий сайдыг айлчлахад Баяннуурын­хан   бодлогоо улам лавшруулан Ганцмод-Гашуунсухайтаар экспортолсон нүүрснээс багадаа 10 саяыг угаалгах хүсэлтээ илэрхийлсэн. Баяннуурт угаалгах нүүрсээ ахиу өгвөл Ганцмодны боомтын нүүрс татан авалтыг 30 сая тонн, түүнээс ч нэмэгдүүлэх боломжтой гэжээ. Өнгөрсөн жил энэ боомтоор манай улс 17 сая тонн нүүрс экспортолсны 4.4 сая  нь “Энержи Ресурс”-ын угаасан нүүрс юм. Үлдсэнийх нь тэн хагас буюу 7 сая тонныг Баяннуурт угаасан гэх мэдээллийг өөрсдөө өгсөн байна. Цор ганц худалдан авагчаа царайчлахдаа Ерөнхий сайд маань үг дуугүй толгой дохьсон бололтой. Эх орондоо эргэж ирмэгцээ “Эрдэнэс Тавантолгой”-д 10 сая тонн нүүрсээ Баяннуурт нийлүүл гээд үүрэгдчихэв. Тавдугаар сард Баяннуурын удирдлагууд Улаанбаатарт ирж дээрх шийдлийг баталгаажуулах гэнэ.

Үр дүнд нь “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсийг дотооддоо угааж, нэмүү өртөг шингээн зарах бидний мөрөөдөл улам цаашилж байна. Баяннуурт угаалгана гэдэг нь манай нүүрс үнэтэй байхгүй гэсэн санаа. Улмаар нүүрсээ угааж, нэмүү өртөг шингээдэг үндэсний компанид нэмэлт дарамт ирнэ гэсэн үг.      



Зөвхөн Баяннуурт нүүрс угаах 26  үйлдвэр бий гэх мэдээллийг Ерөнхий сайдыг айлчлах үеэр дуулгажээ. Эдгээрийн дийлэнх нь Таван­толгойн орд моодонд орох цагаас эхлэн нүүрсийг нь угааж баяжуулахаар хил даган бороо­ны дараах мөөг шиг байгуулагдсан үйлд­вэ­рүүд юм. Монголын компаниуд нүүрсээ өөрсдөө угаагаад, ган үйлдвэрлэгчид рүү өөрсдөө хүрч чадвал Монголын түүхий нүүр­сийг дагаж боссон эдгээр үйлдвэр  ажилгүй, орлогогүй болох тул Баяннуурынхан үйлдвэр­лэгчдээ ингэж хамгаалдаг. Өнгөрсөн хугацаанд тэдэнтэй өрсөлдөж чадах үндэсний компани “Энержи Ресурс”-ээс өөр  гараагүй. Харин сүүлийн үед ЭТТ нүүрсээ угаах, энэ чиглэлд “Энер­жи Ресурс”-тэй хамтарч ажиллах, өөрсдөө ч   жижигхэн баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ энэ тэр ярих болсон нь мэдээж Баяннуурынханд таалагдахгүй. 

2018 онд ЭТТ 10 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Ерөнхий сайдын даалгаврыг биелүүлэхийн тулд бүгдийг Баяннуурт өгч таарах нь. Багадаа 10 сая тонн нүүрсний нэмүү өртгийг Хятадын талд алдах нь дүүрсэн хэрэг.

Өнөөг хүртэл ингээд яваад ирсэн юм гэх байх. Гол нь сайн чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь хямдаар зарсаар байх нөхцөлийг Ерөнхий сайд   улам баталгаажуулчихав. ЭТТ-н хувьд газрын гадаргад ойр хамгийн чанартай нүүрсний давхарга, эдийн засгийн үр өгөөжтэй хэсгийг угаах үйлдвэргүйн улмаас сорчлох жишгээр 7 жил ашиглаж байна. Ийм арга ядсан технологиор олборлолтоо явуулсаар байвал улстөрчдийн 200-300 жил ашиглана гэж цээжээ дэлддэг Тавантолгойн баялаг 10-20 жил ч хүрэлгүй нөөц нь дуусах эрсдэлтэйг уул уурхайн мэргэжилтнүүд сануулсаар өдгөө өөрсдөө ч залхаж байх шиг байна.

Алсран буй төмөр замын тээвэрлэлт

Ерөнхий сайд өнөөгийн Хятад орны төрийн хамгийн эрх мэдэл бүхий гурван өндөр дээд албан тушаалтантай уулзаж, айлчлалын талаар ярьж бичиж буйгаар “хоёр орны харилцааг илааршуулаад” эргээд ирлээ. Гэхдээ энэ “илааршилтаар” хоёр улсын харилцаанд хүлээгддэг эдийн засагт үр нөлөө үзүүлэх том төслүүдийн талаар тодорхой санал сонстсонгүй.  
Хятадын удирдлагууд энэ удаад Монголын Тавантолгой  орд, нүүрсний экспорт зэрэг “жижиг сажиг” асуудлаас залхаж, хиллэдэг аймгийн орон нутгийн захиргаанд даатгахыг чухалчлав бололтой. Жилийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат айлчлахдаа Тавантолгойн ашиглалтын талаар ам нээгээд Си Жинпинээс “Монголчууд та нар 10 жил Тавантолгойгоо ашиглана гэж ярилаа. Юу хийх шийдэлдээ эхлээд хүр. Тэгээд хэрхэн хамтарч ажиллах саналаа тодорхой тавь. Тодорхой асуудал дээр бид хамтарч ажиллахад бэлэн. Тиймээс дээвэр дороо учраа ололц” гэсэн утга бүхий үгсээр амаа таглуулаад буцаад ирсэн юм.

Айлчлалын протокол мэдээллээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх урд хөршид Тавантолгойн ашиглалтын талаар ганц үг ганхийгээгүй бололтой юм. Харин Монголдоо буцаж ирээд Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудтай уулзахдаа “Тавантолгой дээр улс төрийн шийдэл гаргаж, УИХ-аар хэлэлцүүлнэ” гэх алдарт эшлэлээ давтан хэлжээ. Нэмээд төмөр зам, авто зам, цахилгаан станцын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцэх тухай дуулгасан байна.    

“Улс төрийн шийдэл” гэх үгс чухам юуг илэрхийлж буй нь ойлгомжгүй ч танхимынх нь зарим Сайд нарын хэлж ярьж байгаагаас үзвэл Тавантолгойн орд, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтыг экспортлогч компаниудад, тэр тусмаа ЭТТ-д даатгах санаа Засгийн газарт байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн шийдэл нь төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой”-г бие даалган, дэд бүтцийнх нь хөгжлийн хувь заяаг хариуцуулах болж хувирч магадгүй юм.

Ерөнхий сайд Тавантолгойн олборлогчидтой уулзах үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Төмөр замын 1.5 тэрбум долларын санхүүжилтийг энэ Засгийн газар гаргаж чадахгүй. Тиймээс нүүрс олборлогч компаниуд нэгдэж, мөнгө босгох асуудлаа санаачлах хэрэгтэй. Энэ тал дээр “Эрдэнэс Монгол” компани санаачилгатай ажиллах ёстой. IPO хийж хөрөнгө оруулалт татах, төмөр замаа барих тодорхой саналуудаа гаргаад яваарай” гэжээ. Ерөнхий сайдаа танхимынх нь бараг тэн хагас нь дагаж явахад ингэж хэлсэн болохоор түүний хэлснийг Засгийн газрын бодлого гэж ойлгож хүлээн авах үндэстэй. БНХАУ-аас авах хөнгөлөлттэй зээлээс 400 сая ам.долларыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажилд зарцуулах тухай Засгийн газрын тогтоолыг Ерөнхий сайдыг Хятадад айлчлахаас өмнөхөн хүчингүй болгосны учиг энд тайлагдаж байх шиг.  

ТТ-ГС төмөр замд шаардлага­тай санхүүжилтийг 2016 онд 1.3 тэрбум гэж байв. Ж.Бат-Эрдэнэ сайдын хэлснээр дүн нь одоо 1.5 тэрбум ам.доллар болж. Ийм хэмжээний мөнгийг Тавантолгойн экспортлогч компаниуд, тэр тусмаа ЭТТ мөнгө босгож олох хэрэгтэй болж байна. Сайд дарга нарын хэлж буйгаар ганц төмөр зам ч биш хос зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гээд иж бүрнээр ашиглах төлөвлөгөөг Засгийн газар боловсруулж байгаа аж. Бүгдийнх нь санхүүжилтэд ЭТТ оролцох бололтой юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Захирал Г.Ганхуягийн хэлснээс энд эш татъя. “Төмөр замыг яаралтай барьж, өртгийг гурав дахин бууруулах үүрэг манай компанид байна. Гэвч бид төмөр замын бүтээн байгуулалт хийдэг компани биш учраас энэ төслийг компанийн өөрийн хөрөнгө оруулалтаар дэмжиж хамтарч оролцох боломж­той гэдгээ Ерөнхий сайдад хэлсэн.

Дээрээс нь бусад дэд бүтэц, параллель зам, Ханги-Мандалын зам, цаашилбал усан хангамж, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэрийн төслүүдэд оролцоно гэдгээ илэрхийлсэн”.

“Эрдэнэс Тавантолгой” өрийн дөнгөнөөс мултарч, зовхи нь өөдөө байгаа. IPO хийх, төслийн санхүүжилт босгох, магадгүй гадаад зах зээл дээр бонд гаргах гээд мөнгө босгох боломжууд нээгдэж байгаа нь үнэн. Гэхдээ санхүүгийн хувьд огтхон ч бэхжээгүй байгааг санах хэрэгтэй юм. Буруу хөдөлбөл өөрийгөө битгий хэл бусдыгаа ч татаад унагачих өндөр эрсдэлтэй. Саяхан л дампуурлын ирмэг дээр байсан энэ компани нүүрсний зах зээл сайжирсны ачаар жаахан мөнгөтэй болох сургаар түүнийгээ ямар ч тооцоо судалгаагүй тал тал тийш цацахаар сагаж буй “шинэ баяны” дүр төрхийг харуулах гээд байх шиг. 

Хятадын нүүрсний эрэлт хэрэгцээ, худалдан авалт ганц манайхаас хамаарахгүй. Нэг л өдөр Монголоос авахгүй гэх, нэг л өдөр квот тогтоочих магадлал маш өндөр. Хэзээ ч бидний хүссэн хэмжээгээр нүүрс авахгүйг ердөө саяхан тулгарсан боомтын гацаа хангалттай ойлгуулсан. Уншигч та доорх хүснэгтээс Хятадын коксжих нүүрсний жилийн импорт 60-70 сая тонноос хэтэрдэггүйг харж байна.

Хэдий Ерөнхий сайдын айлчлалын үеэр Баяннуур аймгийнхан Гашуунсухайт-Ганцмодны боомтоор 30 сая тонн нүүрс авах боломжтой гэж хэлсэн ч зах зээлийнх нь нөхцөлтэй холбож харах хэрэгтэй юм. Хятад нь нүүрсний импортын худалдааны цогц бодлоготой улс. Түүнчлэн байгальд ээлтэй “ногоон бодлого” барьж, нүүрсний хэрэглээг бууруулахыг эрмэлзэж байгаа тул ирэх жилүүдэд импорт нь өсөхөөсөө буурах магадлал өндөр.

Дээрээс нь аль болох олон нийлүүлэгчээс авч байж үнийг хямд байлгах стратеги барьдгийн хувьд дан ганц Монголоос импортлох хэмжээг огцом нэмэгдүүлэхгүй нь тодорхой. Монголын коксжих нүүрсний нийт экспортын хэмжээг 30 гаруй сая тонноос дээш нэмэгдэх бололцоогүй гэж мэргэжлийн зарим хүмүүс үздэг нь нэлээд бодитой тооцоолол байж мэднэ.

Тиймээс Тавантолгойд энэ бүх нөхцөл байдлыг тооцон харж, нүүрсний дэд бүтцээ маш зөв шийдэх хэрэгтэй санагдана. Өмнөд хөршдөө 30 сая, цаашлаад 40 сая тонныг нийлүүлэх боломжтой юм бол гаргах бүтээгдэхүүнээ чанартай, үнэд хүрдэг байлгая. Тонн нь 60 ам.доллар биш, 130 ам.доллар хүрдэг бүтээгдэхүүн гаргая. Хамгийн бага мөнгөөр дэд бүтцээ яаралтай шийдээд, хамгийн хямд тээвэрлэлтээр хүндээ болоод байгальдаа халгүйгээр цэвэрхэн тээвэрлэе.

Түүний тулд тал тал тийш савчилгүй төмөр замаа нэн яаралтай барих нь ухаалаг алхам болно. Одоо яригдан буй зүйлс, нөхцөл байдлаас ингэж харагдахгүй байгаа ч Ерөнхий сайдын Тавантолгой гэж дуугарахаараа л хэлдэг “улс төрийн шийдэл” нь нэгдсэн байдлаар харсан, хамгийн үр ашигтай хувилбарыг дэвшүүлсэн байгаасай гэж найдъя. 

Төмөр замын санхүүжилтэд шаардлагатай 1,5 тэрбум ам.доллар бага мөнгө биш. Гэтэл дээрээс нь хос зам, Ханги-Мандалын зам, усан хангамж, цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр гээд яригдан буй төслүүдийг бүгдийг хэрэгжүүлнэ гэвэл тэрбум тэрбум доллар шаардагдана. Үүнийгээ дараа нь үр ашгаараа нөхөх асуудал гарна. Төмөр зам барих юм бол хос замын шаардлага заавал байна уу. Нэмж авто зам барина гэдэг нь нүүрсний зам дээр залуу нас, эрүүл мэндээ зольж байгаа жолооч нарын тоо дахиад хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг.

ЭТТ том чадавхтай болчихсон тохиолдолд төмөр замын санхүүжилтээ гарга гэх нь болохгүй зүйл биш. Гэхдээ алаагүй баавгайн арьсыг хуваахын үлгэрээр энд ч төмөр зам, тэнд ч хос зам, ахиад бас Ханги-Мандалын зам гэж ЭТТ  ийш тийш үсчсээр байгаад бүтээсэн ч юмгүй, баахан дутуу ажил, цаасан дээрх макетаас өөр юмгүй үлдэх вий гэж эмээхээр харагдана. Тэгвэл жинхэнэ утгаараа өөрөө өөрийгөө дэгээдэж унагасан ажил болж мэднэ. Мөнгө босгоно гэж яриад л мөнгөтэй болчихгүй. “Эрдэнэс Тавантолгой”-н Захи­рал Г.Ганхуяг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газрын 136 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой”-н 20%-ийг хувьцаа болгож олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах үүрэг өгөгдсөн. 2019 оны нэгдүгээр сар гэхэд олон улсын зах зээлд гаргах ажлын бэлтгэлийг хангах ёстой. Бэлтгэл ажил 37%-тай явж байна” гэсэн байна.

Гэвч одоогийн менежмент, бүтэц, төрийн хэт их оролцоотой байдлаар Хонконгийн листэд гарна гэж зүтгэх нь тийм ч амар  биелэх зорилт биш. Цаг хугацаа ч шаардлагатай. Нөгөө талаар нүүрс дандаа үнэтэй байна гэж үгүй. Хэдий нүүрсний зах зээлийн өсөлттэй байдал харьцангуй тогтвортой үргэлжлэх төлөвийг судалгааны байгууллагууд дэвшүүлж байгаа ч үргэлж өнөөдрийнх шиг байхгүй. Маргааш нүүрсний үнэ уналаа гэхэд “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” 3 компани сул зогсоно. Тэрбум тэрбумаар доллар босгочихлоо гэж бодоход тийм үед авсан зээлээ яаж төлөх вэ. Өнөө улс төрийн шийдэлдээ бодолцох л ёстой асуудал. 

Эцэст нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гадаад, дотоод дахь айлчлалын үр дүнгээс “нүүрс” гэсэн хэсгийг хөөрөл багатай хар­вал Тавантолгойд нүүрсээ түүхийгээр нь маши­наар гэлдрүүлсээр л байх, төмөр замаар тээ­вэр­лэх, нэмүү өртөг шингээх бод­лого улам л цаашилж алсран холдсоор байх шиг.