Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Экспортын 83.2%-ийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байна 

Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.28 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4%-иар өссөн байна. Экспорт хувьд өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2%-иар өсчээ.

Нийт экспортын 83.2%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт эрдсийн экспортын 98.6%-ийг бүрдүүлжээ.

Нүүрсний экспортын тухайд оны эхний дөрвөн сард 11.4 сая тонн нүүрс экспортолж, 961 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал биет хэмжээгээр 1.23 орчим сая тонноор өссөн байна. Нийт нүүрсний 97.7%-ийг БНХАУ руу нийлүүлжээ. 

Зэсийн баяжмал 489.1 мянган тонн экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30.5 мянган тонноор нэмэгдэж, хилийн дундаж үнэ 1368.6 ам.доллараас 1434  ам.доллар болж өссөн байна. 

Боловсруулаагүй нефтийн экспорт 2105.9 мянган баррель буюу өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 104.3 мянган баррелаар буурсан байна. 
Төмрийн хүдэр  2842.1 мянган тонн экспортолж, 2018 оны мөн үеэс  806.4 мянган тонноор өсчээ. 

Цайрын баяжмал 54.1 мянган тонн экспортолсон бөгөөд өнгөрсөн оны мөн үед 54.9 мянган тоннын гүйцэтгэлтэй байжээ.  

Жонш 151.8 мянган тонн экспортолж, 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 37.9 мянган тонноор өссөн байна. Жоншны нийт экспортын 64.4%-ийг Хятад, 34.9%-ийг Орос, үлдсэн нь Өмнөд Солонгос руу гарсан байна.

Молибденийн баяжмалын экспорт 1864.1 тоннд хүрсэн өмнөх оны мөн үеийнхээс буурсан үзүүлэлттэй байна. Уг баяжмалын 81.4%-ийг Хятад руу гаргажээ.

Алтны хувьд 4.66 тонн алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.23 тонноор их байна. 

Эх сурвалж: Гаалийн Ерөнхий газар