Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Компанийн мэдээлэл

 “ЗаМайн Сервисиз”ХХК  харилцагчдадаа талархалаа илэрхийлэв

“Зогсолтгүй хүч-Шантаршгүй зүтгэл” (Unstoppable Effort. Extreme support) уриатайгаар  үйл ажиллагаа явуулдаг “ЗаМайн Сервисиз” ХХК нь 2010 оноос хойш “Customer Appreciation Day” /Харилцагчдын хүндэтгэлийн өдөр/-ийг хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг тус компанийн зүгээс  есдүгээр сарын 13-нд “Скай ресорт” цогцолборт зохион байгуулсан юм. Хүндэтгэлийн өдөрлөгт “ЗаМайн Сервисиз” ХХК-ийн хөрөнгө оруулагч компаниуд, харилцагч байгууллагууд, банк санхүүгийн салбарын  370 орчим төлөөлөл болон “Хитачи констракшн машинери”, “Марубени” корпорацийн уул уурхайн хэлтсийн менежерүүд уригдан иржээ.   

“Манай компани байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж буй бүх харилцагч болон түнш компаниудтайгаа цаашдын хамтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, бататгах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг” хэмээн тус компанийн удирдлагууд онцолж байв. Өдөрлөгийн үеэр “ЗаМайн Сервисиз” компани “Шилдэг түншлэгч”, “Шилдэг харилцагч” нараа  тодруулан өргөмжилсөн юм. 

“ЗаМайн Сервисиз” компани үүсэн байгуулагдсанаасаа хойшхи есөн жилийн хугацаанд уул уурхайн салбарт 60 гаруй экскаватор, хүнд даацын 40 орчим автосамосвалыг нийлүүлжээ. “Хитачи” загварын экскаваторууд Монголын уул уурхайд ихэвчлэн хөрс хуулалтанд ажилладаг хэмээн тус компанийн ажилтнууд хэлж байсан юм.  Зөвхөн техник нийлүүлээд зогсохгүй борлуулалтын дараах засвар үйлчилгээнд компанийн зүгээс ихээхэн анхаарч ажилладагт сэтгэл хангалуун байдгаа өдөрлөгийн зочид илэрхийлж байлаа.  

“ЗаМайн Сервисиз” ХХК нь “Марубени” корпораци болон “Таванбогд” группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны гуравдугаар сараас “Хитачи” констракшн машинери” корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж эхэлжээ. “Хитачи” брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ хэдийнэ танигдсан. Эдүгээ дэлхийн экскаваторын  зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чаджээ.