Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Уул уурхай

Бэрхийн далд уурхайн музейн ажил эхлэв

Уул уурхайн салбарын 100 жилийн ойгоор буюу 2022 онд Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгааг салбарын яам мэдээллээ. Уг ажилд зориулж улсын төсвөөс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцад 2020-2021 онд нийт 5.0 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2020 онд 3.2 тэрбум төгрөг батлагджээ.

Уг батлагдсан төсвийн хүрээнд Төрийн худалдан авах ажиллагааны газраас Далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил, өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх худалдан авах ажиллагааг зохион байгуулсан аж. Эдгээр ажлуудаас эхний ээлжинд өргөх машины барилга угсралт, засварын ажил болон түүнийг суурилуулах, тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд шалгарсан “Хос болор” ХХК, “Монэнергео” ХХК-тай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 2020 оны зургадугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгууллаа.

Үлдэж буй худалдан авах ажиллагаа /далд уурхайн малталт нэвтрэлт, музейн гадна шугам сүлжээ, сургалт судалгааны төвийн барилгын засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил/-ны нээлттэй тендер сонгон шалгаруулалт 2020 оны зургадугаар сарын 21-ний өдөр дуусч, шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам гэрээ байгуулах юм.

Сонгон шалгаруулалтад шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг УУХҮЯ-ны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хүнд үйлдвэрийн хэлтсийн дарга, Төслийн удирдах хорооны дэд дарга С.Сүхбат хүлээн авч уулзаж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зураг төсөл болон гэрээнд заасан хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж ажиллахыг чиглэл болголоо. Гэрээ ёсоор 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр дуусгавар болж улсын комисст хүлээлгэн өгөх ажээ.

 

Эх сурвалж: УУХҮЯ