Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Бодлого

У.Хүрэлсүх: Импортлогч улсаас экспортлогч улс болно

УИХ-ын чуулганы (2020.07.02) нэгдсэн хуралдаанд Монгол Улсын 31 дэх удаагийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, шинэ Засгийн газрын ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа 2050” буюу Монгол Улсын ирэх 30 жилийн эхний 4 жилийн зорилт, төлөвлөлт байх болно гэдгийг онцоллоо. Дараагийн 4 жилд хэрэгжүүлэх 4 зорилтын нэн тэргүүнд “Импортлогч улсаас экспортлогч улс болох”-од хийж хэрэгжүүлэх уул уурхайн төслүүд, боловсруулах үйлдвэр, дэд бүтэц, эрчим хүчний чиглэлийн ажлуудын талаар танилцуулсан юм.  

Ерөнхий сайд “Монгол Улсын эдийн засаг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болох арга зам бол экспортыг нэмэгдүүлэх явдал юм. Ирэх дөрвөн жилд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусгана. Уул уурхайн томоохон төслүүдийг дэд бүтцээр холбож, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахын зэрэгцээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эдийн засгаа бодитой тэлэх явдал чухал байна. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар ам.долларын урсгалыг дотооддоо шингээж, дэлхийн зах зээл дэх нефтийн үнэ ханшны давлагаанд автахгүй байх, улсын шатахууны хэрэгцээг хангаж, эдийн засгийн өсөлтийг хангах боломж нөхцөлийг бүрдүүлнэ. Үүний зэрэгцээ, улсын орны эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Энэ зорилтын хүрээнд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих бөгөөд эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн ОХУ-БНХАУ-Монгол Улсыг холбосон байгалийн хий хоолойг барих ажил эхэллээ. Бүс нутгийн томоохон энэхүү бүтээн байгуулалтын ажил нь манай улсын эдийн засагт ач холбогдолтой төсөл байхын зэрэгцээ мөнхийн хоёр хөрштэйгөө эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааны интеграцад орж байна. Үндэсний аж үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, уул уурхай, хүнс хөдөө аж ахуй, органик хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэл, мэдээлэл технологи, тээвэр ложистик зэргийг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, төр-хувийн хэвшлийн идэвхтэй түншлэлийг бэхжүүлэх болно. Худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг илүү таатай болгоход чиглэсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах хэрэгтэй байна. Эдгээр ажлыг авч хэрэгжүүлсний үр дүнд олон ажлын байрыг шинээр бий болгож ажилгүйдэл ядуурал зохих түвшинд буурна” гэв.

Мөн Засгийн газрын тэргүүн нь банкны санхүүгийн салбарын шинэчлэлийг хөндсөн юм. Тухайлбал, банк санхүүгийн системийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, банкны эздийн монополийг задалж, зээлийн хүүг сарын 1%-д хүргэх шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Зээлийн хүү буурч, хүртэмж нэмэгдэх нь ард иргэдээ зээлийн дарамтаас ангижруулж, хийж бүтээе гэсэн гэсэн иргэдээ дэмжих төрийн бодлого гэдгийг дурдлаа.  

Тэмдэглэсэн Э.Од