Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Эдийн засаг

ДНБ оны эхний есөн сард 7.3%-иар буурав

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3%-иар буурсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.  

ДНБ-ийн 7.3%-ийн бууралтад (2010 оны зэрэгцүүлэх үнээр)  уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 тэрбум төгрөг (20.7%-иар)-өөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 тэрбум төгрөг (7.0%-иар)-өөр тус тус буурсан нь голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын бууралтад нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт буурсан нь салбарын өсөлт хумигдах гол шалтгаан болжээ.

Тодруулбал энэ оны эхний есөн сард ДНБ 7.3%-иар буурсны -4.3 пункт нь уул уурхай, олборлох салбарт, -0.6 пункт нь аж үйлдвэр, барилгын салбарт, -2.9 пункт нь үйлчилгээний салбарт, -1.1 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт тус тус ногдож байна. Харин энэ дунд хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг оны эхний есөн сард 2.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.3%-иар өссөн нь ДНБ-д 1.6 пунктээр эерэгээр нөлөөлжээ.

ДНБ-ийн өсөлт/бууралт (%-иар)

/2010 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс/

Эх сурвалж: ҮСХ

Харин улирлын нөлөөллийг арилган тооцвол ДНБ-ийн хэмжээ (2010 оны зэрэгцүүлэх үнээр) оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 4.4%-иар өссөн дүнтэй байна.

 

Б.Төгс