Чингис бондын санхүүжилт Засгийн дансанд оров

2012-12-08 14:30
-Уул уурхайн хариуцлагатай компаниуд тодорлоо-

Эрдсийн зах зээлд үнэ ханш унасан сорилтын жилийг уул уурхайн салбарынхан үдэж байна. Дараалсан сонгуулиудын буухиа одоо ч үргэлжилж, их улстөржилтийн үр дагавар эдийн засагт хүндээр туссаар байгаа билээ.

Хөрөнгө оруулалт эрс хумигдсан хэдий ч Монголын уул уурхайн салбарынхан эрсдэлийг давахаар уйгагүй хөдөлмөрлөсөн юм. Тус салбараас улсын төсөвт оруулсан татварын хэмжээ жил тутам өсч байна. Хямрал ба улстөржилтийн давалгаан дунд эрсдэлийг сөрөн бүтэн жил хөдөлмөрлөсөн уул уурхайн ажилсаг гэр бүлийнхэн өчигдөр Оны шилдгүүдээ шалгарууллаа.

Нийслэлийн хойморт, Blue Sky цамхагийн Очир Эрдэнийн эрхэмсэг танхимд энэхүү Ёслол болов. Ёслолын арга  хэмжээнд Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй том, жижиг бүхий л компанийн удирдлага, төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Монгол улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уламжлал ёсоор Mining Journal Awards арга хэмжээнд оролцлоо.

Ёслолын эхний шагналыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга. Ч. Сайханбилэг гардуулсан бөгөөд тэрбээр дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, ажил хэрэгч хүмүүс цугласан энэхүү танхимд чухал мэдээ давхар дуулгасан билээ. Монгол улсын Засгийн газрын бонд олон улсын зах зээлд эзэн Чингисийн нэрээр гараад удаагүй байсан бол өчигдөр Засгийн газрын дансанд тэрхүү 1.5 тэрбум долларын бондын санхүүжилт орж ирснийг цугласан олонд  Ч. Сайханбилэг дарга анх дуулгалаа.

“Энэ бол бүх монголчуудад хариуцлага үүрүүлсэн, басхүү хөгжлийн төлөө цуцалтгүй ажиллах эрч нэмсэн үйл явдал” хэмээн тэрбээр тодотгоод Монголын уул уурхайн салбарынхны зүтгэл чармайлт эдийн засагт маш чухал болохыг онцлон тэмдэглэлээ. Ялангуяа Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, хариуцлагагүй компаниудаас нь ялган харуулж, өндөр стандарт хэмжүүр тавьж өгнө гэдэг утгаараа энэхүү шалгаруулалт чухал хэмээн өгүүлсэн юм.

2012 оны “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид олон компани тайлан материалаа ирүүлэн өрсөлдсөнөөс “Эрдэнэт үйлдвэр” ХХК нийлбэр дүнгээрээ хамгийн өндөр оноо авчээ. Мэргэжлийн шүүгчдийн гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор дүгнэснээс гадна олон нийтийн санал асуулга шалгаруулалтад тодорхой хувийн үзүүлэлт болж орсон байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн шинээр томилогдсон удирдлагууд шагналаа гардан авсан бөгөөд олон улсын жишгээр Нийгмийн хариуцлагын 7 үзүүлэлтийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн амжилтыг нь ийнхүү үнэлж байгаад талархлаа илэрхийллээ.

Оны хүн Оджаргал

Харин Монголын уул уурхайн салбарын “Оны хүн”-ыг зөвхөн олон нийтийн саналаар тодруулжээ. Арваннэгдүгээр сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 03-ны 18.00 цаг хүртэл олон нийтийн хамгийн их хандалттай сайтуудаар уг асуулгыг зарлан явуулсан байна. Оны хүн шагналд нийт 22 хүний нэр дэвшжээ. Уул уурхайн салбарын нэртэй судлаачид, салбарын сайд, уул уурхайн салбарын эрх зүйн шинэтгэлийн ажилд хүчин зүтгэж яваа хууль тогтоогчид, иргэний нийгмийн төлөөлөгчид, уул уурхайн шилдэг менежмент хийж яваа захирлуудын нэр энд багтжээ.

“Уул уурхайн салбарын Оны хүн” номинацид нийт 3362 санал ирснээс 18 хувь буюу 553 саналыг Mongolian Mining Corporation-ийн ТУЗ-ийн дарга, М Си Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж. Оджаргалд олон нийт өгсөн байна. Түүний удирдсан хамт олон Мандалговиос Тавантолгой, Оюутолгойг чиглэсэн өндөр хүчдэлийн 220 кВ шугам татах аварга бүтээн байгуулалт хийж байгаа болон Өмнөговь аймгийн Цогтцэций суманд  Монголын инженерүүдийн хүчээр босгосон бүтээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэсэн амжилтыг нь олон нийт ийн үнэлжээ. 220 кВ-ын шугамыг Монгол инженерүүд анх удаа бие даан хийж байна. 400 километр үргэлжлэх уг шугам нь өмнийн говийн бүхий л бүтээн байгуулалтыг илч гэрлээр хангах гол зам юм. Группийн хэмжээгээр сүүлийн гурван жилд улсын төсөвт 642 тэрбум төгрөгийн татвар шимтгэл төлжээ.

“Уул уурхайн салбарын Оны хүн” шагналыг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны дарга Г. Баярсайхан гардуулахдаа Хариуцлагатай компаниудтай болж, тэд улс орны тогтвортой хөгжилд гол хүч нь болж яваад талархаж буйгаа онцлов.

Байгаль орчны яамны шинжээчдийн дүгнэлт

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам энэ жилийн Mining Journal Awards шалгаруулалтад өндөр ач холбогдол өгчээ. “Оны эко уурхай” номинацид нэр дэвшсэн маш олон уул уурхайн компани байсан. Тэд дор бүрнээ нөхөн сэргээлтийн ажлууд хийж, хаалтын төлөвлөгөө гарган, байгаль хамгаалах төлөвлөгөө, хөрөнгө гаргаж идэвхтэй ажиллажээ. Эдгээрээс байгаль хамгааллын ажлаа олон улсын стандартын дагуу чанартай хийж байгаа компанийг шалгаруулахын тулд Шүүгчдийн зөвлөл нь Байгаль орчны яамны болон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг анхааралтай судалсан юм.

Өрсөлдсөн компаниудаас хамгийн өндөр оноог олон шалгуур үзүүлэлт дээр “Бороо гоулд” компани авчээ. Мөн “Шижир алт”, “Монголын алт”, “Монполимет”, “Оюутолгой”, “Алтан Дорнод Монгол” компаниуд өндөр үнэлгээ авч, ирэх жилийн шалгаруулалтад “Оны эко уурхай” –д хүчтэй өрсөлдөх магадлалтайг Шүүгчид онцолсон юм.  Ирэх жилийн шалгаруулалтын дүгнэлтийг компаниудын нөхөн сэргээлтийн ажлын GPS-ийн зураглалыг гаргах зэргээр илүү техникжсэн байдлаар хийх боломжтой гэж Байгаль орчны яамны шинжээчид үзэж байна.

Эх орноо гэсэн жирийн залуу...


Энэ үгийг Voice хамтлагийн ахлагч Баттулга хэлсэн юм. Тэрбээр Mining Journal Awards-т ая дуугаа өргөж байгаадаа бэлгэшээгээд, “Энэ үдэш Монгол орныхоо төлөө зүрх нь цохилсон янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс цугласан халуун дулаан уур амьсгал ноёлж байна. Манай хамтлагийн урын санд эх орны сэдэвтэй дуу зонхилдог, нэг ёсондоо үндэсний үзэлтэй. Би эх оронч жирийн нэг залуу, Монголоо гэж зүрх нь цохилсон над шиг жирийн залуучуудын итгэл үнэмшил нийлээд бид эх орноо хөгжүүлж чадна” гэсэн юм.

Монголын уул уурхайн салбар улам бүр мэргэжлийн болж, хариуцлагатай ажиллахыг эрмэлздэг, шилдэг техник технологи нэвтрүүлэхийг чармайдаг болсныг гэрчилсэн “Оны шилдэг технологи” номинацийн шалгаруулалт дараа нь явагдлаа. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний ганц компани “Эрдмин” энэхүү шалгаруулалтад хийсэн бүтээгдэхүүнийхээ дээжийг илгээжээ. Зах зээлд гаргаад ердөө долоо хонож байгаа бүтээгдэхүүнээ компанийн хамт олон танилцуулав. Хэдийгээр уул уурхайн олон сайн технологи Монголд нэвтэрч, энэ номинацид хүчтэй өрсөлдсөн боловч онооны нийлбэрээр “Эрдмин” шилдэг болсон юм. Дотоодын зах зээлээ үндэсний компани нь эцсийн бүтээгдэхүүнээр хангаж эхэлсэн тухай сайхан үгс Очир Эрдэнийн танхимд бахархалтай сонсогдож байлаа.

Уул уурхайн томоохон компаниуд бүгд хаягдал усаа эргүүлэн ашиглах технологид орж, зарим нь бүр усгүй технологи нэвтрүүлж байгааг Шүүгчид сайшаасан юм. Үндэсний өрөмдлөгийн “Элгэн” зэрэг олон аж ахуйн нэгж гадаадын ижил төрлийн компанитай өрсөлдөж, амжилттай ажиллаж байгааг шалгаруулалтын танилцуулгад дурджээ.

Bloomberg, Үндэсний олон нийтийн телевиз...

Mining Journal Awards 2012 арга хэмжээг Үндэсний олон нийтийн телевиз, Bloomberg, UBS, NTV,  25 дугаар суваг зэрэг олон телевиз сурвалжлан  дамжууллаа. Уул уурхайн салбарын эрсдэлтэй, хүнд хүчир хөдөлмөрийг үнэлж, хариуцлагатайг нь “халтуураас” ялгаж  харуулахад энэхүү арга хэмжээ хувь нэмрээ оруулдаг. Түүнчлэн төр засгийн төлөөлөл шалгаруулалтын арга хэмжээнд оролцохдоо энэ жил хэн ямар бүтээн байгуулалт хийж, ямар шинэ технологи нэвтрүүлснийг нүдээр харж, бодитой ойлголттой болоход ч түлхэц өгдөг.

Оны шилдэг хайгуулын компаниар Сентерра гоулд Монгол,  Уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгчээр Вагнер Ази Тоног төхөөрөмж шалгарсан бол “Уул уурхайн салбарыг дэмжигч” шилдэг байгууллагаар Гложекс компани тодорчээ.  “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртсэндээ маш их сэтгэл хөдөлж байна. Бидний хичээн зохион байгуулдаг Coal Mongolia, Metals Mongolia арга хэмжээ Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд чухал гүүр болдгийг ийнхүү үнэлжээ”  хэмээн тус компанийн Захирал Л. Наранбаатар ярив.

Уул уурхайн шилдэг технологи нэвтрүүлж, байгаль хамгааллын ажилд хөрөнгө оруулалт хийн, Нүүрс боловсруулах анхны үйлдвэрийн хоёрдугаар модулийг 2012 онд ашиглалтад оруулсан, Цогтцэций суманд орон сууцны, хороолол, цэцэрлэг, сургууль байгуулсан, нийт ажиллагсдынхаа 30 хувийг орон нутгийн иргэдийг дадлагажуулан ажиллуулж буй  зэрэг олон үзүүлэлтээр “Энержи ресурс” компани нийт 603 оноо авч, Оны уул уурхайн шилдгийн шилдэг бюу Гран При шагналын эзэн болов. Монголын баяжуулсан нүүрс өмнөд хөршид төдийгүй, Япон, Герман, Польшийн зах зээлд хүрэх туршилтын экспортыг тус компани амжилттай хийжээ. Монголчууд Австрали улсын хүчтэй өрсөлдөгч хэдийнэ болж,   дэлхийн баяжуулсан нүүрсний зах зээлд тэргүүлэх оролцогч болж эхэлснийг энд цугласан олон хүн тэмдэглэж байлаа.

Эдийн засгийн эрсдэлтэй жилийг Монголын уул уурхайн салбарынхан ийнхүү нэр төртэй даван туулж байна. Уул уурхайн хариуцлагатай ажиллагааг дэмждэг, бизнесийг хамгаалдаг, тогтвортой бодлогоор дэмждэг төрийн мэргэн бодлого хэрэгжих болтугай гэсэн ерөөлөөр Mining Journal Awards өндөрлөв. Энэ оны хамгийн жавартай үдэш, Монголын уул уурхайн салбарынхны хамгийн халуун дулаан орой энэ байлаа.


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 8 минутын өмнө
    Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 16 цаг 00 минутад
    Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
  • Уржигдар 13 цаг 40 минутад
    “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
  • 2021-05-14 14:15
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 2021-05-14 13:15
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.