Гран при”

2013-01-23 13:23

Mining Journal Awards 2012-ын шилдгүүд

Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.

“За, нөгөө “Энержи ресурс” чинь арайхийж энд бичээтэй байна”


Анхны Ерөнхийлөгч Шилдгийн шилдэг хэн болохыг ингэж зарлав. Mining Journal Awards-ийн хүндтэй шагнал эзнээ олсон бололтой. Алга ташилт нижигнэж байна.  
Уулын инженер, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатад Шилдгийн шилдгийг зарлаж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьсан юм.  Очирбат гуай нөгөө л егөө аястай ч нухацтай яриагаараа ёслолд ирсэн зочдын анхаарлыг тайзнаа уяж чадав.

“Би хоёр гурван зүйл хэлмээр байна. Зарим нь хариуцлагатай, зарим нь хариуцлагагүй. Хариуцлагатай нь гэвэл Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарын хөгжлийн талаар хамгийн дэлгэрэнгүй, үнэн бодит мэдээлэл өгч байгаа бараг цорын ганц сэтгүүл нь Майнинг журнаал. Би Майнинг журнаалын даруухан хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсэх гэсэн юм. Хоёрдугаарт, энэ Майнинг журнаалыг цаашид улам өргөжүүлэх, хэвлэх тоо, хэмжээг нь нэмэгдүүлэх ажил хиймээр байна. Үүнд Монголын эрдэс баялгийн салбарын тэргүүлэх байранд яваа энд цугласан компаниудын дэмжлэг хэрэгтэй юм.

Жилд нэг удаа Mining Journal Awards-ыг спонсорлоод өнгөрөх биш, ерөөсөө энэ журнаалыг өргөжүүлэхийн тулд цугаараа бололцоотой бүх анхаарлаа тавимаар байна. Энэ бол миний хоёр дахь хариуцлагатай хүсэлт. Монголд уул уурхай мэддэггүй хүн байхгүй болжээ. Түүний нэг төлөөлөгч, хэр их мэддэгээ шалгуулсан хүний төлөөлөл бол УИХ-ын гишүүн, уурхайчин С.Ганбаатар. Уул уурхайг хүмүүс ингэж мэдээд байхад, түүний эсрэг ганц Майнинг журнаал хэчнээн үнэн зөв мэдээлэл түгээгээд яаж ч чадахгүй. Тийм болохоор Майнинг журнаалыг аль болох олон болгоё гэсэн хүсэлт байна. Гурав дахь нь уул уурхай, эрдэс баялгийн томчууд маань энэ сэтгүүлд өөрсдөө маш идэвхтэй бичих хэрэгтэй байна. Тэгвэл энэ их эерэг сөрөг мэдээллийг тэнцвэржүүлэхэд нэлээд хэрэг болмоор юм шиг.

Майнинг журнаалыг хүний өөрийн, гадаад дотоодын нэлээд өргөн хүрээнд уншдаг болсон сураг байна. Ялангуяа гадна тийш Монголын эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхийн тулд монголчууд юү хийгээд байна вэ гэсэн мэдээлэл байхгүй учраас өрөөсгөл ойлголттой байдаг. Монголчууд одоо л уул уурхайн бараа харж байгаа юм шиг гадныхан ойлгодог. Гэтэл Монголын инженерүүд, Монголын менежерүүд уул уурхайн маш нарийн цогцолборуудыг өөрсдөө бүтээж байгаа. Ухаахудагийн талаар энд олон удаа дурдагдлаа. Түүнийг үзээгүй нь очиж үзэх хэрэгтэй. Сая Ухаахудагийг шилдэг уурхайн шалгаруулалтад хамгийн өндөр оноо авлаа гэх шиг болсон чинь алга болчих юм, яачихсан бэ. Өөрсдөдөө байгаа өнгөтэй өөдтэйгээ хүний өөрийнгүй маш сайн сурталчлах хэрэгтэй байна. Үүнд би Майнинг журнаалынханд дахин талархал илэрхийлж, баяр хүргэе.”

Гран прийн эзнийг тодруулахын өмнөх түүний оршил үг бидэнд том урам өгсөн билээ.



Шилдэг уурхай тодроогүйн учир... 

Очирбат гуайн хааччихав аа гээд байгаа Шилдэг уурхайн шагналд шүүгчид энэ жил эзэн оноогоогүй юм. Учрыг Н.Алгаа шүүгчийн тайлбараар хүргэе. “Шүүгчдийн зөвлөл энэ жил шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох бяцхан ажил хийлээ. Зэрэгцүүлж харьцуулах боломж үгүй бол шалгаруулахад хэцүү. Тиймээс шүүгч бүхэн тодорхой номинацид шалгуур үзүүлэлт гаргаж, түүнийхээ дагуу оноо өгсөн. Шалгуур үзүүлэлтийн дагуу шүүж үзээд энэ жил шилдэг уурхай тодруулсангүй. Номинацид хоёр л уурхай нэр дэвшсэн. Уул нь хамгийн нэр дэвших бололцоотой номинаци байгаа юм. Өмнөх онтой харьцуулсан үзүүлэлтийн улмаас аж ахуйн нэгжүүдийн нэр дэвших боломж хаагдсан байж мэднэ. Оролцох сонирхол байлаа ч уул уурхайн салбарт учирсан бэрхшээлээс үүдэн энэ номинацид нэр дэвшсэнгүй гэж ойлгож байгаа. Нүүрс болон төмрийн хүдрийн олборлолт явуулж байгаа компаниуд сул зогссон тул өнгөрсөн жилийн үзүүлэлтээс өсөөгүй тохиолдолд бусад номинаци руу шилжсэн хандлага ажиглагдаж байв. Тиймээс шүүгчид зөвлөлдөөд энэ жил шилдэг уурхайг шалгаруулсангүй.”

Гэхдээ Монголын уул уурхайнхан бэрхшээлийн өмнө сөхрөлгүй итгэл дүүрэн хөдөлмөрлөжээ. Үүнийг илтгэж, бүтэн жилийн нөр ажлаа цэгнүүлэхээр зориглосон нэр дэвшигчид цөөн ч атугай байсан нь баярлууштай.

47 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа Монголын хамгийн анхны нүүрсний уурхай “Шарын гол” шилдэг уурхайд нэр дэвшсэн юм. Сүүлийн жилүүдийн эрчимтэй менежментийн үр дүнд эрс өөрчлөлт хийж буй энэ компани салбарынхны анхааралд зүй ёсоор ороод байгаа. Тэдний зарласан мэдээллүүд ямагт содон, бас онцгой байдаг. Бүс нутгийнхаа эрчим хүч, дулааны хэрэглээг хангадаг Шарын голын уурхай 374 сая тонн эрдэс баялгийг ЖОРК стандартаар тодорхойлж, нөөцөө 4 дахин өсгөсөн амжилттай. 2012 оны эхний 9 сарын байдлаар 201,6 мян.тонн нүүрс олборлож, 228,0 мян.тонн нүүрс борлуулж, нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөөгөө 110 хувиар давуулан биелүүлсэн үзүүлэлтээр энэ удаад нэр дэвшлээ. Шарын гол хуучин ажиллаж байсан уурхай дээрээ биш харин овоолгод авчихсан байсан нөөц рүүгээ орж буйг ихээхэн өвөрмөц технологи хэмээн өндрөөр үнэлэх шүүгчид байв. Түүнчлэн улирч буй онд нэг ч үйлдвэрлэлийн осолгүй ажилласан нь шүүгчдээс хангалттай оноо цуглуулах шалтгаан болсон.  

Харин нөгөө нэр дэвшигч нь “Энержи Ресурс” компани. Ухаахудаг коксжих нүүрсний уурхайгаа нэр дэвшүүлжээ. Ухаахудаг нүүрс олборлолтоо жилээс жилд нэмэгдүүлж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар 6,7 сая тонн нүүрс олборлож, улсын төсөвт 133 тэрбум төгрөг төвлөрүүлж, орон нутгийн хөгжилд 39 тэрбум төгрөг зарцуулсан үзүүлэлтээрээ нэр дэвшлээ. “Энержи Ресурс”-ын хувьд олборлож, экспортолсон бүтээгдэхүүн, гаргасан уулын цулын хэмжээ,  хаягдал бохирдол, үр ашгийн байдал, улсын төсөвт оруулж байгаа орлого хэрхэн нэмэгдэж буй болоод орон нутгийн хөгжилд үзүүлсэн дэмжлэгээрээ шүүгчдээс өндөр оноо авсан.  

Шүүгчдийн онооны нийлбэрээр “Энержи Ресурс” ХХК 207, “Шарын гол” ХК 184 оноо цуглуулжээ. Mining Journal Awards-ын шалгаруулалт олон талт төлөөлөл бүхий шүүгчдийн шүүлтүүрээр ордгийг уншигч Та андахгүй. Салбарын мэргэжилтнүүдийн үнэлгээг өндөрт өргөх гэсэн зохион байгуулагчдын хүсэл нэр хүндтэй шүүгчдийн багийг бүрдүүлснээр биеллээ олсон юм. Салбартаа нэр хүнд бүхий хараат бус экспертүүдийн шүүлт хийн мэтгэлцэх сэтгүүлч бидэнд ч томоохон сургалт, асар их мэдээлэл цуглуулах боломж  олгодгийг нуух юун.

Зураг төсөл нь сайн, хаягдал бохирдлоо түвшиндээ барьдаг, төлөвлөгөө нь зорилтоороо явдаг, тогтвортой өсдөг, эдийн засаг нь үр ашигтай, бүтээмж өндөр байх нь уурхай бүхний өмнөө тавьдаг зорилт. Энэ л зорилт Шилдэг уурхайн шилдгийг илтгэх шалгуур болдог. Дэлхийн эрдсийн зах дээр үнэ ханш унасны улмаас уурхай бүхэнд урдаа тавьсан зорилтдоо хүрэх амаргүй байсан байж таарна. Гэхдээ даван туулаад бүгдээрээ бүтэн жилийн хөдөлмөрөө үнэлж цэгнэж байна. Шилдэг уурхайн үндсэн шалгуур болох олборлолт тогтвортой өсөх гэсэн үзүүлэлт арванхоёр онд арай чангадав уу гэж харсан шүүгчид хоёрхон компанийг уралдуулахаасаа илүү, гарааны тэгш нөхцөлд бүх уурхай жигд уралдаасай гэсэн хүслээр энэ жилийн шалгаруулалтаа хойш тавьсан нь хүндэтгэж үзэх шалтгаан билээ.  

Арванхоёр онд хийж бүтээснээ эргээд нэг хараарай

Гран при шагнал шүүлтийн явцад гарч ирсэн юм. Зохион байгуулагчид анхнаасаа энэ шагналыг төлөвлөөгүй. Анхны Awards 2010 онд зохион байгуулагдахад мэргэжлийн номинаци бүрт нэр дэвшиж, тухай бүртээ өндөр оноо авсан компаниуд гарч ирсэн нь шүүгчдийн анхаарлыг татсан юм. Эдгээр компанийг “Эрдэнэт үйлдвэр”, “Энержи ресурс”, “Оюутолгой” өнгөлж байв. Тиймээс хоёрдахь Awards зохион байгуулагдахын өмнө шүүгчид нухацтай зөвлөлдөхөд хүрсэн билээ. Шүүгчдийн шийдвэрээр шинэ шагнал бий болсон нь Гран при.

Номинаци бүрт жигд өндөр оноо авсан компани энэ шагналын эзэн болох учиртай. Уул уурхайн ажил иж бүрнээр явбал “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Эко уурхай”, “Шилдэг технологи” гэсэн номинаци бүрт тэргүүлэх  ёстой. Энэ нь ямарч өөгүй ажиллаж буйн илэрхийлэл болно гэж шүүгчид үзжээ. Гэхдээ гран при жил бүр шалгарах албагүй. Тухайн жилдээ номинаци бүрт маргашгүй өндөр үзүүлэлттэй компани гарч ирсэн тохиолдолд Гранпри очих ёстой гэж шүүгчид зөвлөлдсөн юм.

Анхны Гран при “Энержи ресурс”-ынх байв. 2011 онд Монголын уул уурхайн салбарт шилдгийн шилдэг гэж дуудагдах ололт амжилтуудын эзэн болсны хувьд энэ шагналыг ч бас эзэгнэсэн. Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, автозам, усан хангамж гээд дэд бүтцийн олон чухал төслийг хэрэгжүүлэн, ашиглалтад өгсөн амжилт арван нэгэн оных байсан юм.

Арванхоёр онд Гран при хошой болж очив. Энэ жилийн шалгаруулалтад “Энержи ресурс” компани дөрвөн номинацид хүчтэй өрсөлдөж, тус бүрт нь өндөр оноо авсан билээ. “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Эко уурхай”, “Шилдэг технологи” гэсэн дөрвөн номинацид авсан онооны нийлбэр 608 болж тэргүүлжээ. Энэ тоо уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат бүрт жигд, өгөөжтэй ажиллаж буйн илэрхийлэл байлаа. “Энержи Ресурс”-ын ажилсаг хамт олны бүтэн жилийн хөдөлмөрийг Шүүгчдийн зөвлөл тунгаагаад Гран при шагналыг тэднийх гэж үзжээ. “Энержи ресурс” жил дараалан аваад гэж бодохоосоо өмнө энэ хамт олны арванхоёр онд хийж бүтээснийг анзаарч сайн хараарай. Шүүгчид ч энэ л онд хийж бүтээсэнд нь оноо өгсөн. Тэдний үнэлсэн үнэлгээ, өгсөн оноо энэ шагналыг “Энержи ресурс”-т авчирсан билээ.    

Уулын инженер нэрэндээ илүү дуртай, анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас “Энержи ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл Гран при шагнал болох Чулуужсан модоор урласан өвөрмөц цомыг магнайдаа адислан авсан юм.

Тэрээр, “Манай хамт олон Монголын уул уурхайн сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд анхнаас нь оролцож ирсэн. Одоо гурав дахь жилдээ оролцоод явж байна. “Энержи Ресурс” компанийн 2500 гаруй ажилтан, инженер, менежерүүдээс бүрдсэн хамт олны бүтэн жилийн хөдөлмөрийг шүүгчдийн бүрэлдэхүүн, олон нийтийн зүгээс өндрөөр үнэлж, шагнал гардуулж байгаад хамт олныхоо зүгээс талархлаа илэрхийлье. 2012 он бол Монголын төдийгүй олон улсын уул уурхайн салбарын хувьд бэрхшээл тулгарсан жил байлаа. Гэхдээ ирэх жилүүдэд илүү амжилттай ажиллаж, улс эх орныхоо хөгжилд том хувь нэмэр оруулна гэж итгэж явдаг. Үүний төлөө манай хамт олон дараа дараагийн жилүүдэд улам эрчтэй ажиллах болно гэдгээ амлая” гэв.

Mining Journal Awards 2012-т үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай нэр хүндтэй томоохон компани, группуудтэй шинэ залуу компаниуд ч эн тэгш өрсөлдсөн. Давхардсан тоогоор 35 компанийн дотроос шилдгийн шилдгээр өргөмжлөгдсөн “Энержи ресурс”-ын бүтэн жил хийж бүтээсэн бүхнийг нэгбүрчлэн энд тоочихыг хүссэнгүй. Харин бусдаас онцгойрсон хоёр жишээг Уншигч Танаа толилуулъя.

“Энержи Ресурс” энэ оны эхний 10 сарын байдлаар 39 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжилд зарцуулаад байна. Энэ мөнгө Цэций орон сууцны хорооллын хоёрдугаар ээлжийн 165 айлын орон сууц, “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборт зориулагджээ. “Мөрөөдөл” сургууль цэцэрлэгийн цогцолбор нь 644 хүүхдийн нэг ээлжийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байраас бүрддэг. Говьд боссон оюуны энэ өргөө Өмнөговь аймаг болон компанийн хамтын хөрөнгө оруулалтаар бий болжээ. 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 56 хувийг “Энержи Ресурс” ХХК санхүүжүүлсэн байна.

Нийслэл хотод ч ховорхонд тооцогдох орчин үеийн дэвшилтэт цогцолбор хөдөө, орон нутгийн боловсролын чанарыг ахиулахад асар том ахиц авчирч буй. Гадаад, дотоод орчны тохижилт, тоноглол, техник төхөөрөмжийн хувьд хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хүмүүжих бүх нөхцөлийг хангасан энэхүү цогцолборт компанийн зүгээс Кембрижийн сургалтын хөтөлбөр, Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтын стандартыг иж бүрэн хангасан сургалтын шинэлэг менежментийг нэвтрүүлж, зардлыг бүрэн хариуцан ажиллаж байгаагаараа онцлог. Шинэ цогцолборын нээлтийг 2012 оны ахванхоёрдугаар сард багтаан хийхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Цэций орон сууцны хорооллын хувьд шинээр 4 байр ашиглалтад орсноор 165 өрх бүрэн тавилгатай, орчин үеийн тохилог орон сууцаар хангагдаад байна.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хамгийн шилдэг менежерүүд “Энержи”-д ажиллаж байгаа гэсэн шүүгчийн үг хэтийдсэн үнэлгээ биш бололтой. 1.000.000 цаг ажиллахад гарсан хөдөлмөрийн чадвараа түр алдалтын давтамжийг авч үзвэл (Lost Time Injury per Frequency - LTIFR) 2011 оны эхэнд 1.000.000 цаг ажиллахад 2.5 хүн гэмтэж байсан бол оны эцэст энэхүү үзүүлэлт 1.67 болж буурсан байсан юм.  Тухайн үедээ “Энержи Ресурс” компанийн үйл ажиллагааны түвшинд LTIFR үзүүлэлтийг 2.00-оос хэтрүүлэхгүй гэсэн зорилт дэвшүүлснээ давуулан биелүүлээд байна. Тус компанийн одоогийн үзүүлэлтийг уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэгч Австралийн Queensland мужийн дундаж үзүүлэлттэй (2.7 per 1.000.000 man-hours) харьцуулбал олон улсын дунджаас бага гарч байгаа юм.

Ухаахудагийн уурхайгаас дэлхийн жишгийг харах, мэдрэх хүсэл монголчуудад бий. Бас түүгээр бахархаж бардамнан омогших омогшлыг ч бас тээж яваа. Түүнтэй өрсөлдөн илүүрхэх хүсэл зориг ч бас бусад уурхайдад байгаа гэдэгт итгэнэ.  

Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 0 минутын өмнө
    Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 16 цаг 00 минутад
    Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
  • Уржигдар 13 цаг 40 минутад
    “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
  • 2021-05-14 14:15
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 2021-05-14 13:15
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.