“МакКинсей”-ийн ТЭЗҮ хулхи ТЭЗҮ

2013-12-04 10:49
Төмөр замын инженерүүдийн холбооны Тэргүүн Л.Пүрэвбаатартай ярилцлаа. Тэрбээр “МакКинсей” компанийн хийсэн “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ-ийг хуурамч гэж үзэж байгаа юм.

“МакКинсей”-тэй байгуулсан гэрээ ер нь ямар учиртай гэрээ байсан юм бэ?

2011 оны гуравдугаар сарын нэгний  өдөр МТЗ ТӨХК-ийн ТУЗ-ийн  хурлаар Зөвлөх үйлчилгээний тухай 23 тоот тогтоол гаргасан. Уг тогтоолд Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын суурь бүтэц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх багаар “McKensei&Company” компанийг сонгосугай гэсэн байгаа. Үүний дагуу дөрөвдүгээр сарын долооноос наймдугаар сарын 22 хүртэл дөрвөн сарын хугацаанд энэ ТЭЗҮ-ийг хийсэн.

2011 оны есдүгээр сарын 21-нд “МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяагийн 30 тоот тушаалаар “МакКинсей” компаниар ахлуулсан зөвлөх багийн боловсруулсан шинэ төмөр замын төслийн ТЭЗҮ-ийг хүлээн авах Ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж,  ТЭЗҮ-ийг хүлээн авсан. Гэтэл Барилгын тухай хуулийг үзэхээр ТЭЗҮ гэж юу байдаг, түүнд хийдэг магадлал гэж юу байдаг талаар тодорхой заачихсан. ТЭЗҮ-д заавал магадлал хийж байж хүлээн авах ёстой байдаг юм байна. Тэгээд магадлалыг нь хийе гэхээр нууцын зэрэглэлд оруулчихаад магадлал хийлгээгүй.  “МакКинсей”-н ТЭЗҮ надад англи, монгол хэл дээрээ байгаа. Түүнийг надад нууцын зэрэглэлтэй гээд өгсөн. Нууцын зэрэглэлтэй гэчихсэн болохоор гаргаж ч болдоггүй, гаргахгүй байж ч болдоггүй. Ямар ч байсан мэргэжлийн хүрээнд унших хэрэгтэй гэж үзсэн.

Зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ хийх хоёрын хооронд ялгаа бий юу? Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь ТЭЗҮ хийдэг юм уу?

Зөвлөх үйлчилгээний үндсэн бүтээгдэхүүн нь ТЭЗҮ байдаг. Дотроо техникийн, хуулийн, санхүүгийн зөвлөх гээд гурван зөвлөх ажиллуулаад техникийн даалгавруудыг боловсруулж, тендер зарлах гээд бүх үйлчилгээг үзүүлж болдог. Зөвлөх үйлчилгээний гэрээний дагуу ТЭЗҮ хийх нь эрхзүйн хувьд боломжтой.

Гэхдээ төмөр замд урьдчилсан ТЭЗҮ гэж юуны түрүүнд гаргадаг. Энэ чиглэлд төмөр зам барих нь үндэслэлтэй юу гэдгийг тогтоодог. Урьдчилсан ТЭЗҮ-ийн хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэдэг. Үүний дараа нарийвчилсан ТЭЗҮ хийдэг. Үүнд трасс тогтоох болон инженер геологийн ажил, геодезийн ажил хийгддэг. Трасс тогтоох гэдэг нь яг ямар маршрутаар төмөр зам барих вэ, хаана уул сэтэлж, хаана далан гүүр барих вэ гэдгийг тогтоодог. Трасс тогтоолтыг сайн хийвэл газар шорооны ажил хөнгөрч, 100 сая доллараар тоологдох мөнгийг хэмнэж болдог. Үүний дараа төмөр замын аяс гэдгийг гаргадаг гээд бүх нарийн ширийн ажлууд, үнэ өртөг бүх зүйл нь нарийвчилсан ТЭЗҮ-ээр гарч ирдэг. Мөн зураг төслөө хийж дуусгадаг.  Нэг ёсондоо төсөл бэлэн болно гэсэн үг.

“МакКинсей”-н   ТЭЗҮ-ийн гол асуудал нь энэ том ТЭЗҮ-ийг ийм хурдан буюу 4 сарын дотор амжуулсанд байгаа юм. Дээр нь ямар ч баталгаагүй. “Орос-Монголын хамтарсан “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компанийн захиалгаар 2009 онд “Бостон Консалтинг”-ийн хийсэн ТЭЗҮ-ийг хуулсан шиг байгаа юм. Тийм бол хуулан бичлэг гэхэд хэтэрхий үнэтэй байна гэдэг яриа хүртэл гарсан шүү дээ. Энэ хоёр компанийн чиглэл, төмөр замын ажил нь яг адилхан. Нэг ажлыг хоёр компани хийсэн болж таараад байна. “Бостон Консалтинг”-ийн үйлчилгээний хөлсийг Оросын төмөр зам компани төлсөн юм уу, эсвэл “Дэд бүтцийн хөгжил” компани өрөнд ороод дууссан уу гэдгийг мэдэхгүй. Зөвлөх үйлчилгээ бол одоо ч гэсэн зөвлөх үйлчилгээгээр явж л байх ёстой байх. Төсөл нь дөнгөж эхэлж байна шүү дээ.

“МакКинсей” гэдэг компани яг албан ёсоор манай төмөр замын ТЭЗҮ-ийг хийсэн гэсэн юм уу?

OECD /Organization Economic Cooperation of Development/ гээд хөгжингүй 24 орны хоорондын гэрээ хэлцэл байдаг. “МакКинсей” гэх мэт улс орон дамжин том том төсөл хэрэгжүүлдэг компаниуд энэ гэрээний дагуу бие биенийгээ хулхидахгүй, аливаа жижиг буурай орныг хууран мэхэлж төсөл авахгүй, авлига өгөхгүй гэж тохиролцсон байдаг. Энэ шугамаар бол “МакКинсей” ийм халтуурны ТЭЗҮ хийхгүй. Гэтэл бид энэ ТЭЗҮ-г  “МакКинсей” гээд дэлхийн том компани хийсэн гэж ойлгоод байдаг. Үүнийг бид шалгаж тодруулна.

“МакКинсей”-н үйл ажиллагааны тайланд Монголд ийм ТЭЗҮ хийсэн гэсэн мэдээлэл байхгүй байна лээ. Олон нийтийн компани болохоор мэдээлэл нь нээлттэй байдаг. Интернэтээр сайт руу нь орж мэдээллүүдийг нь үзсэн. “МакКинсей” хэрвээ албан ёсоор хийгээгүй бол энэ компанид ажиллаж байсан, эсвэл ажиллаж байгаа хүмүүс хувийн шугамаар хийсэн байж болзошгүй. Ажил хийсэн компьютерийг нь харахаар “МакКинсей”-н компьютер биш, хувь хүмүүсийн компьютер байгаа юм. Хэрвээ “МакКинсей” албан ёсоор хийвэл ажилчид нь албан ёсны компьютер дээр зураг төсөл, ажлаа хийдэг юм.

Ингэхээр л “МакКинсей”-н хийсэн гээд байгаа ТЭЗҮ хулхи гэж харагдаад байгаа юм. Ямар ч албан ёсны зүйл байхгүй. Доторх агуулгыг нь харахаар “Бостон Консалтинг”-ийн хийсэн ажлыг хуулсан юм шиг. Зүүн тийшээ төмөр зам тавих нь зөв юм байна, хоёр, гурав дахь зах зээл рүү гарах чиглэл мөн юм байна гэх мэтээр. “МакКинсей” гэрээндээ өөрсдийн ишлэл татсан тоо баримт, тооцоонууддаа баталгаа өгч байна гэж бичсэн байна лээ. Манай инженерүүд энэ тооцоонуудыг тулгаж, судалж байна. Төмөр замаар тээх ачааг уурхайн олборлолтоор тодорхойлсон байгаа юм. Уурхай хэдийг ч олборлож болно. Гол нь худалдан авагч нь хэдийг авах вэ гэдгээр тодорхойлдог. Худалдан авагчийн авах ачааг л төмөр замаар тээвэрлэнэ шүү дээ. Худалдан авагчгүй байхад ачаа тээвэрлэж эзэнгүй газар асгахгүй биз дээ.

“МакКинсей”-н ТЭЗҮ-ийг дэлхийн ямар ч том банк хүлээн зөвшөөрч, төсөлд нь санхүүжилт хийх боломжтой гэж үздэг. Энэ ТЭЗҮ-ийг манай инженерүүд бүгд уншиж байна. Юу нь хулхи юм бэ гэдгийг бид хэлэх ёстой. Эдийн засгийн үндэслэл нь хулхи юм уу, төмөр зам барих чиглэл нь юм уу, зохион байгуулалт нь буруу юм уу гээд бүгдийг уншиж судалж үзээд дүгнэлтээ ҮАБЗ-д өгөх бодолтой байна.

Энэ гэрээнд зөвлөх үйлчилгээг дөрвөн компани үзүүлнэ гэсэн байна. Шууд “МакКинсей”-г буруутгах нь өрөөсгөл юм биш үү?

BNP Paribas, “Лайберти Партнерс” гээд компаниуд бий. Магадгүй “МакКинсей” албан ёсоор хийгээгүй бол нэр усыг нь ашигласан байж болно. “Лайберти Партнерс” гээд түүх, туршлагагүй монгол компани бий. Өөрсдөө хийхэд хэн ч итгэхгүй болохоор “МакКинсей”-тай хамтрах нэрээр нэрийг нь ашигласан байж ч болох юм.

“МакКинсей энд Консалтинг” компанийн Шанхай, Бээжингийн салбарын захирал Бруно Рой гээд гарын үсэг нь байна шүү дээ? Энэ хүнтэй холбогдож үзсэн үү?

“МакКинсей” рүү ИЗНН болон манай холбооноос бичиг явуулсан. ИЗНН-аас танай хийсэн ТЭЗҮ-гээр манай говьд шороо ухаад овоолоод хаячихлаа. Энэ зөв үү, та нар хариуцлагыг хүлээх үү гэсэн бичиг явуулсан. Манай холбооноос танай хийсэн ТЭЗҮ-ийг үзэж танилцъя, дүгнэлт магадлал хиймээр байна гэсэн албан бичгийг DHL-ээр явуулсан. Хариу ирэхгүй байна. Бид наад Бруно Рой гэдэг хүнийг Английн ЭСЯ-нд хандаж тодруулъя гэж бодож байгаа. Ер нь “МакКинсей”-н ТЭЗҮ биднийг буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байгаа. Төрийн бодлого гарсны дараа ТЭЗҮ-ийг хийсэн. Төрийн бодлого 2010 онд гараад ТЭЗҮ 2011 онд хийгдсэн. Уг шугамандаа ТЭЗҮ хийгдэж байж төмөр зам барих чиглэл гарч, түүний дагуу Төрийн бодлогод тусгах ёстой байсан юм биш үү?  Урд, хойноо орчихсон юм биш үү?
Төрийн бодлогыг ямар үндэслэлээр гаргасан юм бэ гэдэг нь бүр сонин болчихож байгаа юм. Х.Баттулга зүүн тийшээ төмөр зам тавина гэж шийдээд л ийм төрийн бодлого гаргачихсан юм уу ч гэмээр. Яахав “Бостон Консалтинг”-ийн хийсэн судалгааг л ярьж зүүн тийшээ барих ёстой гэж гаргаж ирсэн юм шиг байна лээ. Яг тэр ТЭЗҮ-ийг ашиглая гэхээр мөнгийг нь төлөөгүй болохоор ашиглах боломжгүй. Тэгээд л тэнд зүүн тийшээ баривал ийм ийм байдаг гээд харснаа л ярьсан юм шиг байгаа юм.
Одоо энэ ТЭЗҮ гээд байгаа баримт дээр “МакКинсей”-н тамга тэмдэг байхгүй. Салбарын захирал гээд гарын үсэг зурсан Бруно Рой гэдэг хүний гарын үсгийн баталгаа ч байхгүй байгаа юм. Энэ хүн миний гарын үсэг мөн гэдгээ батлах ёстой.
Гэтэл “BNP Paribas Limited”-ийн Хятад дахь салбарын төслийн санхүүжилтийн захирал Вей Жен Ип, “Пилссбури Винтроп Шав Питман” ЛЛП-ийн партнер Аяаз Шайх хоёр гарын үсэг зураагүй. Гарын үсэг зураагүй мөртлөө энэ дөрвөн компани баг болон ажилласан гэчихсэн байгаа. Зураагүй байна гэдэг чинь хүчин төгөлдөр биш гэсэн үг биз дээ.

2012 оны хавар Чойбалсангийн ойролцоо их бүтээн байгуулалт эхэллээ гээд хөрс хуулалтын ажил ямар баримт бичгийн дагуу явсан болж таарч байна вэ?

Хөрс хуулалт бол ажлын зураг проект хийгдсэний дараа хийгдэх ёстой ажил. Нэг ёсондоо нарийвчилсан ТЭЗҮ хийгдсэний дараа гэсэн үг. Дорнод аймагт 50 км газар хөрс хуулалтын ажлыг “Транском”,  Баасандорж захиралтай “Шинэ Халхын төмөр зам”, “Дорнын төмөр зам” гэдэг компаниудыг ямар ч тендергүйгээр хийлгэсэн. Зүгээр л арын хаалганы компаниудыг мөнгө ч өгөхгүйгээр хүчээр хийлгэчихсэн. Трасс тогтоох, инженер геологи, Байгаль орчны үнэлгээ зэргийг үндэсний 35 компаниар бас үнэ төлбөргүй хийлгэсэн. Үндэсний компани хийж байхад тэр тендерээр яадаг юм гэсэн байдлаар. Барилгын хуульд тусгай зөвшөөрөлгүй компаниуд барилгын ажил эрхлэх боломжгүй байдаг. Ингээд л барилга угсралтын ажлыг будлиантуулчихсан. Одоо тэр сүр болж хийсэн хөрс хуулалтын ажил нь өнгөрсөн л дөө. Буцаад шороо нь хийсээд, булагдаа биз.

Төмөр замын зам, барилгын ажлыг БХБЯ хариуцах ёстой гэж Та хэлсэн?

Зам барилгын ажил бол маш том инженерийн байгууламж болохоор Барилгын тухай хуулиар БХБЯ-ны харьяанд явагдах ёстой. Зам барилгын ажил дуусаад тээвэр хийхэд бэлэн болсны дараа ЗТЯ-ны харьяанд очих ёстой юм. Бас нэг асуудал байгаа нь энэ төмөр замыг захиалагч нь хэн бэ гэдэг асуудал. ЗТЯ захиалагч нь уу гэвэл тийм биш. Энэ төмөр замыг хэн илүү сонирхож, санхүүжүүлэх хүсэлтэй байна гэвэл уул уурхайн компаниуд. Ингэхлээр захиалагч нь УУЯ болж таарна. Ийм хүчин чадалтай, нэг тонн нүүрсийг тээвэрлэх зардлыг ийм болгох хэрэгтэй байна. Үгүй бол зах зээлээс шахагдаж байна гэх мэт байдлаар УУЯ захиалах ёстой юм шиг байгаа юм. Ингээд ЗТЯ төслөө эхлүүлээд зам барилгын ажлыг нь БХБЯ-аар хийлгүүлээд тээвэр явахад бэлэн болсны дараа ЗТЯ үндсэн ажлыг нь хийх болно.

Тийм ч учраас Х.Баттулга анх Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам гэдгийг толгойлсон хэрэг. Энэ төслийг бүхэлд нь атгахын тулд. Одоо Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам тусдаа байгаа үед БХБЯ барилгын ажлыг удирдах ёстой юм. Барилгын ажил ЗТЯ-ны ажил биш. Хууль зөрчөөд буруу яваад байна. Засгийн газрын хуулиар барилга байгууламжийн үйл ажиллагаа БХБЯ-ны эрхлэх асуудалд багтдаг. ЗТБХБЯ байх үеийн ажил нь бодлогын хувьд хоёр салчихаар ЗТЯ дээрээ хүчээр авчихаж байгаа юм. Дээр нь Төрийн өмчийн хороог Ерөнхий сайдын мэдлээс ҮХААЯ буюу Х.Баттулга өөрийнхөө яамд авчихсан. МТЗ ТӨХК нь ТӨХ-ны мэдэлд байдаг. Мань хүний сонирхол өндөр байгаа болохоор энэ ажлыг өөр дээрээ татчихаад байгаа юм.

Ер нь МТЗ гэдэг ТӨХК энэ төслийг хэрэгжүүлнэ гэдэг буруу юм шиг байна. Эхлээд төслийн нэгж байх ёстой юм байна. “Тавантолгойн цахилгаан станц” гэдэг төслийн нэгж байна. М.Энхсайхан удирдаж байна. “Эгийн голын цахилгаан станц” гээд төслийн нэгжийг Д.Одхүү удирдахаар боллоо. Төслийн нэгж байж төслийг хэрэгжүүлдэг. Аль нэг яамд харьяалагдахгүй болохоор тухайн ажлын явцын онцлогоос хамаараад аль ч яамтай хамтарч ажиллаж болдог юм байна. Төсөл хэрэгжиж дууссаны дараа МТЗ эзэмших бол хүлээлгээд л өгчих ёстой юм байна.

С.Болд-Эрдэнэ

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 6 минутын өмнө
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • 16 цаг 57 минутын өмнө
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
  • 16 цаг 58 минутын өмнө
    Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
  • 17 цаг 44 минутын өмнө
    Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
  • Уржигдар 15 цаг 31 минутад
    Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.