Уул уурхайн салбарын Оны шилдгүүдийг нэрлэв

2015-01-24 11:19
“Дандаа шүүмжлүүлэх амаргүй. Харин энэ шалгаруулалт дээр манай ололтыг олж тэмдэглэсэнд таатай байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь онцлов.


Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт энэ жил 5 дахиа болов. Энэхүү шалгаруулалт мэргэжлийн Шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн, онооны нийлбэрээр шилдгийг тодруулдаг.

Дээр дурдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд үйл ажиллагаагаа явуулж буй 3 жил дөрвөн сарын хугацаанд хийсэн ажил олонтой ч, хэл ам ихтэй ажилласаар ирсэн. Харин 2014 оны эцэст 4.3 сая тонн нүүрс экспортолж, зардлаа 20 хувиар бууруулж чаджээ. Цагаан хадны гаалийн хэсгийг дамжилгүй, уурхайн гүний гаалиас шууд экспортод бүтээгдэхүүнээ ачсанаар тээврийн зардал хэмнэсэн амжилтаар энэхүү шалгаруулалтын нэг номинаци болох “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”-д хамгийн өндөр оноо авчээ. Ажлын байрыг тогтвортой хадгалсан, хэмнэлтийн горимд шилжсэн, Цанхи хотхоныг ашиглалтад оруулсан, Зүүн Цанхийн гэрээт олборлогч компанитай зардал бууруулах талаар тохиролцож чадсан зэрэг амжилт нь Mining Journal Awards-ийн шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

Хэдийгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тогтвортой үйл ажиллагааг төрийн буруу бодлогоор тасалдуулсаар ирсэн боловч зах зээл дээр үнэ 40 хүртэл хувиар унасан хүнд жилд хамгийн их экспорт хийж, хэмнэлтийн менежмент хэрэгжүүлснийг нь салбарын мэргэжлийн Шүүгчид бодитой өгүүлсэн юм.

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинаци нь хямрал эхэлсэн 2013 оноос Mining Journal Awards-т шинээр нэмэгдсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас гадна өөр нэг компани ижил оноогоор уг номинацид тэргүүн байрын шагнал авчээ. “Саусгоби сэндс” ХХК-г мөн л шүүмжилсэн, хардсан хандлага давамгайлж ирсэн. Тэгвэл тус компани нүүрсний зах зээлд үнэ унасан өнгөрсөн жил хэмнэлтийн горимд шилжин ажиллаж, ажлын байрыг тогтвортой хадгалжээ. Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлд 24 см цементбетон хучилттай, 43 км автозамыг ашиглалтад оруулж, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэн, хөрөнгийн зах дээр санхүүжилт босгож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийг 98.4 хувьтай дүгнүүлсэн амжилтаараа “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид шагнал хүртсэн юм.

Эдүгээ хэвлэлүүдээр цацагдаж байгаа асуудал нь 2007-2011 оны татвар төлөлттэй холбоотой маргаан ба мөн хугацаанд тус компани нийт олсон орлогынхоо 22 хувийг татварт төлсөн атал дахин их хэмжээний татвар торгууль ногдуулж буй нь үндэслэлгүй хэмээн үзсээр иржээ. Харин Mining Journal Awards-т өрсөлдсөн 2014 оны ажлын үзүүлэлтийн тухайд Саусгоби Сэндс ХХК нь олборлолтын шууд мөнгөн зардлыг 10.30 ам. доллар болтол бууруулсан хэмнэлтийн амжилтаа тайлагнав. Уг зардал 2012 онд 25.10 ам. доллар байжээ.

Уул уурхайн салбарын үйл ажиллагааг сайн, муугаар нь мэргэжлийн түвшинд бодитой үзүүлэлт дээр ялган дүгнэдэг ийм хандлага асар их үгүйлэгдсээр байгааг, нийгмийн ерөнхий уур амьсгал дор бүгдийг нэгтгэн харлуулдаг нь  салбарын хамт олны зүтгэлийг үнэгүйдүүлж байгааг энд үг хэлсэн олон Компанийн захирал онцолж байлаа.

2014 оны дүнгээр манай улсын экспортын нийт орлогод ашигт малтмалын бүтээгдэхүүний эзлэх хувь 2013 оноосоо нэмэгдэж, 89 хувийг бүрдүүлж байна. Хямралт хэмээн нэрлээд байгаа 2014 онд алт үйлдвэрлэгчид 13 тонн алт Монголбанкинд тушаасан, цаашид нэмэгдэх хандлагатай байгааг салбарынхан мөн онцлов.


Mining Journal Awards-ийн хамгийн олон оролцогчтой номинаци нь “Эко уурхай”. Өмнөх жилүүдэд уг номинцид 30 хүртэл компани өрсөлдөж байсан удаатай. Энэ удаа Монполимет групп хамгийн өндөр оноо авч, оны шилдэг “Эко уурхай” боллоо.
Тус компани 2014 онд 74.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 37.3 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж, их хэмжээний мод бут суулган, орон нутгийн иргэдийг  энэ ажилдаа хамруулж, ажлын байраар хангасан байна. Уул уурхайн компани болгон байгалийг эвдэн сүйтгэдэггүйг ялган салгаж, сайныг нь урамшуулж, саарыг нь шахаж шаардаж явах ёстойг Шүүгчдийн Зөвлөлийн эрдэмтэд тэмдэглэлээ. “Эко уурхай” номинацийг дүгнэх шалгуур 9 үзүүлэлтийг Байгаль орчны яамны мэргэжилтнүүд гаргасан ба хамгийн хатуу шалгууртай номинаци гэдгийг уул уурхайнхан өгүүлж байлаа.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар зэрэг төрийн захиргааны байгууллагын захиргаадалт, үзэмж дор явагддагүй, харин мэргэжлийн Шүүгчдийн үнэлгээний зарчмаар, хараат бус дүгнэгддэг тул Mining Journal Awards-ийн нэр хүнд салбартаа өндөр байсаар иржээ.



Оны шилдэг технологи” номинацид “Бэрэн метал” ХХК төмрийн хүдрийг гүн боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн гаргаж эхэлсэн сайхан амжилтаараа, “Фокус метал майнинг” компани 2014 онд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсан төмрийн нойтон баяжуулах үйлдвэрээрээ хүчтэй өрсөлдөв. Шүүгчдийн үнэлгээгээр “Фокус Метал майнинг”  оны технологийн компани болжээ.


Харин “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид Оюутолгой ХХК 2014 онд Баяжуулах үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, 27.5 сая тонн хүдэр боловсруулсан үзүүлэлтээрээ, аюулгүй ажиллагааны дэлхийн түвшний стандартыг Монголд нутагшуулж буй хөдөлмөрөөрөө тэргүүлэв. “Байнга шүүмжлүүлсээр иржээ. Гэхдээ манай хамт олны хийж бүтээснийг бодитой харж ийнхүү үнэлж буйд гүнээ талархаж байна” хэмээн Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г. Батсүх тэмдэглэлээ.


Уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал “Оны шилдэг уурхай”-н шагналыг  “Алтан Дорнод Монгол” ХХК 2014 оны төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлэн, борлуулалтын орлогоо өмнөх оноос 60 хувиар нэмэгдүүлсэн, 15 сая куб метр уулын цул хөндөж, 1548 кг алт олборлон, улс орон нутгийн төсөвт 3.7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн зэрэг амжилтаар шалгарчээ.  
Хямралын жил гээд гар хумин суугаагүй ажилласаар, төсөвт орлого оруулсаар ирснийг уул уурхайн салбарын том, жижиг олон компанийн үйл ажиллагааны үзүүлэлт ийнхүү харуулав. Mining Journal Awards 2014 Ёслолын хүндтэй зочдын нэг академич П. Очирбатын өгүүлснээр “Уурхайчид маш сайн ажиллаж, харин төрийн буруу бодлого энэ салбарыг тасралтгүй бужигнуулсаар” иржээ.

MINING JOURNAL AWARDS-2014


  • Зочин (203.194.117.175)
    Shuult ni shudraga haraat bus mergejliin shuugchidd shuusen sain arga hemjee boljee
    2015 оны 01 сарын 25 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Уржигдар 16 цаг 26 минутад
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.
  • Уржигдар 11 цаг 49 минутад
    “Эрдэс баялгийн бирж ”  гэсэн нэршлийг “Уул уурхайн бүтээгдэхүүний  бирж”   нэрлэх  нь илүү оновчтой. Олон улсад Лондоны металын бирж, Лондоны алт,мөнгөний бирж, Шанхайн металын бирж, Беларусын барааны бирж, Тянжины уул уурхайн бүтээгдэхүүний  бирж зэрэг олон улсын, бүс нутгийн  болон орон нутгийн чанартай. Дэлхий дахинд 200 гаруй бирж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр бирж нь биет бүтээгдэхүүн болон ирээдүйд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд тодорхой байршлаар нийлүүлэн арилжаалдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээгдэхүүний  бирж байгуулах боломж, хууль эрх зүйн орчны судалгааг 2013 онд Монголын Экспортлогчдын холбоо хийсэн.
  • 2021-06-17 12:27
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 2021-06-17 11:40
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • 2021-06-16 14:20
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.