Ерөнхий Сайдын дараагийн үг

2015-01-28 10:50
Тэрбээр арваннэгдүгээр сард, төдөлгүй арванхоёрдугаар сард УИХ-ын индрээс олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Харин өнөөдөр Үндэсний Олон нийтийн телевизийн эфирээр дамжуулан иргэддээ дахин хандана.

Ерөнхий сайд болмогцоо  Ч. Сайханбилэг Монгол Улсын эдийн засгийн өмнө тулгарсан асуудал, шийдлийг макро түвшинд томъёолж, дунд урт хугацааны зорилтоо нэн ойлгомжтой тайлбарласан. Удаад нь арванхоёрдугаар сарын 19-нд Их хурлын индрээс “Орших уу, эс орших уу?” хэмээн асууж билээ. Хөргөгчид байгаа хүнс, хэтэвчтэй хэдээ тоолох шиг илэн далангүй ярьж өгөв. Их ч уран сайхантай ярьж, ер нь л өөрчлөх, гал дундуур гараад ирмээр итгэл дүүрэн харагдаад байлаа. Микро хүрээнд ийм болчихоод байна шүү, орших уу, эс орших уу гэсэн юм. Харин өнөөдөр үдэш Ерөнхий сайд өөдрөг ярьж чадахгүй л болов уу. Шийдлийн Засгийн газрын оруулж ирсэн 2015 оны төсвийн тодотголыг, түүнд шингээсэн реформын шинжтэй бүх арга хэмжээг УИХ-ын гишүүд унагажээ.

Тэр юу хийхийг хүссэн юм бэ?

Төсвийн орлогыг нэг их наяд гаруй төгрөгөөр багасган бодитой тооцож, зарлагыг мөн хэмжээнд танасан төсөв оруулж ирсэн.  6 их наяд 254 тэрбум төгрөгийн орлого дотроо л найрлая гэсэн юм. Харин гишүүд зарлагыг нь 7 их наяд давуулан өсгөж өгөөд, “орших, эс орших нь танай танхимын асуудал” гэв. Одоо “оршихын” тулд Засгийн газар нэг их наядын орлогыг хаанаас ч юм босгох ёстой.

Гишүүд ямар шинэчлэлийг эсэргүүцсэн бэ?

1.    Халамжийг хэрэгтэй хүмүүст нь чиглүүлдэг энгийн практикаас татгалзав. Хүүхдийн мөнгийг тэр, энэ хоёрт адилхан өг гэсэн юм. Магадгүй тэрний хүүхэд 20.000 төгрөгөө сонирхоо ч үгүй явж байдаг. Харин энэний жаалд 20.000 биш, уг нь бүр 40.000 болгоод өгвөл тун чиг хэрэгтэй байж мэднэ. Хүүхдийн мөнгийг зогсоох нь байна шүү хэмээн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийнхэн тэмцэв. Зөв реформыг буруугаар тайлбарлан, зурагтаар тэд чанга чанга ярьцгаалаа. Ядарсан гэр бүлд илүү туслах боломжийг орилоо бүсгүйчүүд ингээд зогсоов.

2.    Голч дүн нь 3-аас доош ордог оюутанд 70.000 төгрөг өгөхгүй гэж Ерөнхий сайд төсвийн тодотголдоо тооцлоо. Чшш, Ерөнхийлөгчийн анх санаачилсан юм хумыг унагавал аюултай шүү гэсэн юм болов уу, оюутан сурсан сураагүй хамаагүй май май гээд татвар төлөгчдийн мөнгийг тэрбумаар нь тараахаар шийдэцгээлээ.

3.    Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг татан буулгана гээгүй, харин үйл ажиллагааг нь оновчтой болгон өөрчлөн зохион байгуулъя гэв. Тэр дор нь эрдэмтэд орох оронгүй, оочих аягагүй боллоо хэмээгээд Үйлдвэрчний эвлэлийнхэн үлгэр жишээ жагсаал хар хүйтэнд зохион байгуулаад өгөв. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төв болох 39 байгууллагын үйл ажиллагааг 19 болгон үр дүнтэй зохион байгуулах гэсэн Засгийн төлөвлөгөөг бараг дээрэм тонуул маягийн юм болгон цоллоод эхэлсэн. Их сургуулийн харъяалалд ердөө 6 хүрээлэн төвийг шилжүүлэх, 4 байгууллагыг төсвийн санхүүжилтээс хасах төлөвлөгөө байсан. Магадгүй, эрдэм шинжилгээний байгууллагуудын оновчтой бүтэц, арай үр дүнтэй, шинэлэг хандлага бий болгох анхны оролдлого энэ Засгаас гарсан болов уу.

4.    Одоо одонтой эхчүүдийг уурлуулъя даа. Алдарт эхийн одонт эрхэм хүнийг хүндлэхгүй хэн байхав, гол нь хамгийн бага хүүхэд тань нэгэнт нас биед хүрсэн бол яах гэж одонгийн мөнгө үргэлжлүүлэн олгох ёстой билээ? Өсөн торних хугацаанд нь улс харж хамгаалалгүй яах вэ, 18 нас хүрэхэд нь мөнгийг зогсооё оо гэж Засаг хэлээд загнуулав.  Араас нь манай Гишүүдийн сүртэй тайлбар зурагтаар их цацагдсан.

5.    Малын хөлийн татварыг орон нутаг өөрөө шийдээд тогтоог. Сайн дурын татвар шүү, заавал авах албагүй ч байж болно хэмээн Ч. Сайханбилэг айж айж арайхийж хэлэв. Араас нь мэдээж эсэргүүцэл.

6.    Хөрөнгийн татвар авъя, жишээ нь гурван орон сууцтай хүн гурав дахиа бизнесийн зорилгоор ашиглаж байж таарна, эхний хоёроос нь татвар авахгүй...  гээд эхэлтэл мөн л Гишүүдээс шүүмжлэл гарлаа.

7.    Зарим төсвийн байгууллагыг нэгтгэе. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын хүрээлэн гурвын ялгааг хэлж өгөх хүн байна уу гэлээ. Мөн Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөрийн судалгааны институт, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв гурав ч чиг үүрэг ойролцоо,  гурвуулаа бүр нэг байшинд үйл ажиллагаа явуулдаг, нэгтгэе гэв. Ийм ихэр байгууллагуудыг нэгтгэснээр 504 сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Хариуд нь, Засгийн газар өөрөө  17 Дэд Сайдаа “cancel”-двал мөн л хагас тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ шүү дээ хэмээн Гишүүд овоо зарчмын шүүмжлэл хэлж байна. Нам намаас цуглуулсан 17 Дэд Сайд нь Ч. Сайханбилэгийн хувьд  Засгийн газраа унагачихалгүй авч үлдэх улс төрийн баталгаа нь гэдгийг Гишүүд уг нь сайн мэдэж байгаа. Гэхдээ яахав, Ерөнхий сайдуудыг унагаана шүү, огцруулна даа гэж айлгах нь манай Гишүүдийн ганц зугаацдаг тоглоом хойно.

8.    2015 оны төсөв хүнд байх нь, цалин нэмэхгүй өнжье гэтэл Үйлдвэрчний эвлэлийнхэн тэр дор нь жагсаад, юу юу гэсэн бэ хэмээн Ерөнхий сайдаас том дуугаар асуулаа. Цалин нэмэгдүүлэх эх үүсвэр 210 тэрбум төгрөгийг төсөвт суулгахаас аргагүй болов. Нөгөө л төсвийн байгууллагынханд шүү дээ. Буулт хийсээр яваад Ерөнхий сайд сүүлдээ бурантагтай тэмээ шиг  харагдах болжээ. Ганцхан сарын өмнө л “орших уу, эс орших уу” хэмээн гал цогтой ярьж байсан сан.

9.    Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 12-36 сарын цалинтайгаа тэнцэх тэтгэмж авдаг тухай татвар төлөгч Та дуулсан уу? Хувийн байгууллагад ингэж нэг дор баяждаг тэтгэврийн насныхан байдаг билүү? Төрийн албан хаагчид хэмээх хамгийн түрүүнд халамж, тусламж, хөнгөлөлт хүртсэн хүмүүсийн армийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр өөгшүүлсээр байх ёстой юм бэ? Ч. Сайханбилэг энэ мөнгийг ядаад 12 сар олгож жигдэлье, 36 сарын мөнгө ч арай дэндэнээ гэж хэлээд Гишүүдэд аанай л загнууллаа.

10.    Засгийн газрын 16 Тусгай сан байдаг гэх. Найм нь бүр үйл ажиллагаа явуулаагүй юм байна. Өдий хүртэл нэр ус нь төсөвт байгууллагын жагсаалтаас хасагдаагүй явж байдаг...

11.    Улсын үйлдвэрийн зарим газрыг аж ахуйн тооцоонд оруулъя гэв. Нэрсийг нь харсан чинь нээрээ юугаа хийж төсвөөс татаас аваад явдаг байна аа гэмээр газрууд ч үзэгдэнэ. Буянт-Ухаа биеийн тамир спортын ордон, Удирдлагын академи зэрэг байгууллага зах зээлийн эрэлтээрээ ажиллавал болохгүй зүйлгүй биз гэв.

Ч. Сайханбилэгийн танхим хэмнэлтийн ийм төсвийг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан. Чуулганы танхимаас уг төсөл зардлын төсөв болон задраад гарч ирлээ. Одоо нэг их наядын орлогын цоорхойг Засгийн газар бөглөх ёстой. Ийм хэмжээний алдагдалтай төсөвт  олон улсын байгууллагууд хөнгөлөлттэй зээл, санхүүжилтийн хөтөлбөр санал болгохгүй. Энэ завхарсан төсөв бол манай хууль тогтоох байгууллагын нүүр царай юм. Орлогоо нэмэх тал дээр Гишүүд  толгойгоо жаахан ажиллуулах гэж оролдсон ба бодож олсон арга нь бензин, дизелийн онцгой албан татварыг нэмэгдүүлэх замаар 200 тэрбум гаруй төгрөг биднээс хураана гэнэ. Суурь үнэд нөлөөлдөг шатахууны татварыг нэмэх нь хэрэглэгч, татвар төлөгчдөөс шууд мөнгө нэхэж байгаагаас ялгаагүй.

Өдийд Засгийн газар Хямралын эсрэг үйл ажиллагааны хөтөлбөрөө хэлэлцүүлээд сууж байх ёстой атал төсвийн цоорхой бөглөх их наядын эрэлд гарах, эсвэл дахин тодотгол оруулах мэтийн ажилтай болоод байна.  Мартсанаас, ОХУ Хямралын эсрэг төлөвлөгөө хэмээх 62 зүйлтэй баримт бичгээ батлаад, 1 триллион рублийн санхүүжилтийг банкууддаа хийхэд бэлэн болжээ. Оросын Баялгийн сангаас уг хөрөнгийг гаргах ба жижиг, дунд бизнесийн татварыг муж орон нутгийн засаг захиргаа өөрсдөө уян хатан тогтоох механизм мөн санал болгоод байна. Хэдийгээр инфляц өндөр байгаа боловч Засгийн газрынхаа оруулсан 2015 оны төсөвт өөрчлөлт оруулалгүй, тэтгэврийн, цалингийн индексийг дахин өсгөхгүй гэж мэдэгдлээ. Долларын зээлтэй компаниуд хүнд байдалд орсныг харгалзан 29 рублийн ханшаар тооцон валютын зээлийн бүтцийг өөрчлөх арга хэмжээ хэрэгжүүлэх аж. Өнөөдөр нэг доллар 69 рубльтэй тэнцэж байгаатай харьцуулбал дээрх арга хэмжээ нь компаниуддаа  ихээхэн дэмжлэг болно. Баялгийн сандаа 4.3 триллион рубльтэй Орос улс луувангаа иднэ үү, лаагаа гэнэ үү яахав.

Харин нөөц үүц юу ч үгүй Засгийн газраа шахаанд оруулдаг Монголын Парламентад бодлогын хомсдол нүүрлэчихээд байна. Энэ нь эдийн засгийн хямралаас ч хүнд үр дагавартай. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ч. Сайханбилэг “Байдал ийм түвшиндээ хүрвэл та бидний талцаж суух байтугай Монгол улсын хувь заяаг гадна дотны ямар ч хүн хүч удирдаж, гадаа гудамжинд ямар зохиомжтой үйл явдал өрнөж болохыг хэн ч таашгүй” гэж хэлсэн нь санагдана.


Л.Болормаа
  • Mulan (202.131.225.197)
    Bolormaa arai l zindaa oor yumaa De Facto Bolormaa Baabar gurvaas oor jintei yum bichdeg setguulch alga boljee Setguulzuin Hyamr*****
    2015 оны 01 сарын 28 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 26 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 21 цаг 40 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 21 цаг 57 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 23 цаг 50 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.