Төмрийн хүдрийн борлуулалтын гэрээний үнээс тооцож роялти ногдуулна

2015-03-26
Төмрийн хүдрийн салбарынхны удаан хүлээлгэсэн шийдвэр буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “жишиг үнэ” бус гэрээний үнээр тооцож авдаг болох тогтолцоонд шилжихээр боллоо. Төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд буурсаар нэг тонн нь ердөө 50 гаруй ам.доллар болоод буй энэ үед уг шийдвэр нь цагаа олсон алхам болж байна. Одоогийн байдлаар Монголын нэг тонн 55-58%-ийн агуулгатай төмрийн хүдрийн хилийн үнэ 40 ам.долларт ч хүрэхгүй байгаа юм.

Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны ээлжит хуралдаанаар Засгийн газрын 2007 оны “Биржийн нэр зарлах тухай” 88 дугаар тогтоол, 2014 оны “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 220 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлж батлууллаа. Ингэснээр төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгжийн мэдүүлсэн борлуулалтын гэрээний үнийн дүнд үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ ногдуулах боломж бүрдэж байна. 

Өмнө нь төмрийн хүдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Австралийн төмрийн хүдэр үйлдвэрлэгчдээс Хятадын ган үйлдвэрлэгчдэд нийлүүлж байгаа Dampeir Hedland боомтын /www.umetal.com/ цахим хуудсанд нийтэлсэн FOB үнэд үндэслэн  “жишиг үнэ” гаргаж тооцдог байсан. 

Тогтоолын хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан төмрийн хүдэр, баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах, борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ыг боловсруулж үүсэх харилцааг зохицуулахаар тусгасан болно. Ингэснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс улсын төсөвт оруулах орлого багасахаар харагдаж байгаа хэдий ч борлуулалтын гэрээний үнэд шилжсэнээр татварын бааз суурь өргөсч, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг төсөвт оруулах бусад татвар, төлбөр хэлбэрээр орох орлогын хэмжээ нэмэгдэнэ. Мөн төмрийн хүдрийн уурхай болон түүнийг дагасан үйлчилгээний салбарт олон тооны ажлын байр хадгалагдаж үлдэхээс гадна төмөр замын тээврийн тасралтгүй ажиллагаа хангагдах юм.
Хэрвээ төмрийн хүдэр экспортлогч аж ахуйн нэгж нь борлуулалтын орлогыг буруу мэдээлсэн тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Сангийн яамнаас зарладаг “Жишиг үнэ”-ээр тооцож ногдуулахаар тогтоолд  заасан болно гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ