The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт

2016-01-25 11:34


Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа. Уг хуулийг Салбарын Үндсэн хууль гэж тодотгоё. Уул уурхайн салбарын харилцааг тодорхойлдог Бодлогын томоохон баримт бичигт эрхзүйн ямар өөрчлөлт орох нь онцгой сэдэв юм.

Монголын эдийн засгийг тулж буй уул уурхайн салбарт төрийн тогтвортой бодлого ус агаар мэт үгүйлэгддэг. “Их хэмжээний хөрөнгө оруулалт, бизнесийн эрсдэлийг хамгаалах төрийн мэргэн бодлогыг давхар агуулж явахгүй бол цаашдаа уул уурхайн салбарт Засгийн газар, нинжа хоёр л хүрз бариад үлдэж мэднэ” гэж The Mongolian Mining Journal 2012 онд бичиж байв. Хууль гаргаад, цаг хугацаа ч өнгөрч амжаагүй байхад дахин яаран өөрчилдөг зүй тогтол сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт ноёлсон ба энэ нь салбарыг, хөрөнгө оруулагчидтай нь залхаан туйлдуулсаар ирлээ. Тиймээс ч Уул уурхайн яам, Аж үйлдвэрийн яам, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын боловсруулж буй, боловсруулсан эдгээр хувилбар нэмэлт, өөрчлөлт хийгээд бүтэн 2 жилийг ч ардаа үлдээж амжаагүй салбарын хуульд ямар салхи сэвэлзүүлэх, ямархуу төрийн бодлого болж дэмжигдэхийг анхаарлаас гадна үлдээх учиргүй юм. 
 
Бөмбөрцгийн хамгийн амжилттай яваа төрийн өмчит компанийн загвар “Эрдэнэс Монгол” компанийн үе үеийн захирлуудын сэтгэлийг хөвсөлзүүлэн татсаар ирэв. Цаг хугацааны хувьд богинохон түүхтэй энэ компанийн удирдлагуудын алба хашсан мөчлөг бүр ч богинохон нь ёс мэт. Сүүлийн дөрвөн ч захирлынх нь мөрөөдлийн үзүүр хүрсэн “Темасек загвар”-т хууль, эрхзүйн орчноо өөрчлөхгүйгээр хүрч чадахгүй нь аль эрт л тодорхой байв. Өнгөрсөн 12 дугаар сард Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит холдинг компанийн тухай хуулийн төсөл орсон ч “гологдож” буцсан юм. “Гологдсон төсөл” нэрээ өөрчлөн, зүсээ нууж, “Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” нэртэйгээр УИХ-д өргөн баригдав. Цэвэр “Эрдэнэс Монгол”-д зориулсан уг хуулийн төслийн талаар MMJ-ийн сэтгүүлч С.Болд-Эрдэнийн нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.

Хэдий зах зээлийн үнэ нь багагүй хэмжээгээр унаад буй ч зэс Монголын эдийн засгийн хамгийн том тулгуур билээ. Энэхүү тулгуур бүр “бүл нэмэх” төлөвтэй тул “зэс олуулаа болон эргэн ирж байна” хэмээн MMJ сэтгүүлч Б.Төгсбилэгт бичжээ. Зэсийг олуулаа болгох тэрхүү боломжийн нэг нь рени юм. Зэсийн хүдэр буюу тухайн ордын хүдрийн шинж чанараас хамаарч дайвар бүтээгдэхүүн болгон ялгаж авч болох дагалдах элементүүдийн нэг Ренийг онцлохын учир нь рени үйлдвэрлэх технологийн судалгаа, үйлдвэрлэлийн эхлэл суурь Монголд тавигджээ. ШУТИС-ийн эрдэмтэд Монгол улс дэлхийд рени үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн тоонд багтах боломжтой тухай нэлээд өөдрөг таамаг дэвшүүлсэн байна. Тонноор бус килограмаар үнэ цэн нь хэмжигддэг энэхүү технологийн стратегийн метал манай эдийн засагт чамгүй боломжийг даллан дуудах ирээдүйтэй.

Зэсийн салбарын бүл нэмэх боломжоос улбаалан MMJ энэ дугаартаа зэсийн кластерийн хөгжлийн асуудлыг хөндлөө. Дэлхийн зэсийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвт үндэслэн хэд хэдэн зэс бүтээгдэхүүнийг манай улс үйлдвэрлэх боломжтойг судлаач Д.Энхбат ярилцлагадаа өгүүлжээ.  
 
Олон он дамжин яригдсан Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр юутай ч цаасан дээр хөтөлбөр болж буужээ. Мөрөөдлийн цэнхэр жагсаалт мэт санагдах уг хөтөлбөрийн зах зухаас дурдвал, ган үйлдвэрлэх хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт 2020 онд барьж байгуулах; ферротитан үйлдвэрлэх хайлшийн үйлдвэрийг барьж, 2020 онд ашиглалтанд оруулах; металлургийн коксын үйлдвэрийг Дархан хотод цементийн үйлдвэртэй хоршуулан барьж байгуулах, нүүрсэн электродын үйлдвэр байгуулах, бентонит үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2019 онд ашиглалтад оруулах гэх мэтээр хөвөрнө. Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох MMJ сурвалжлагч Г.Идэрхангайтай ярилцахдаа “2016 онд суурь аж үйлдвэрийн төслүүдийг хөдөлгөнө” гэсэн хариултаар Хөтөлбөрийн зорилтод итгэл төгс буйгаа илэрхийлсэн байна.    
 
Мөн Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар 2016 оны төлөвлөлт, зорилтдоо ямар өөрчлөлт, хандлага нэвтрүүлэх гэж буйг MMJ-ээс уншаарай. “Хөрш БНХАУ эрчим хүчний асуудлаа дулааны эх үүсвэрээр шийдэж байгаа бөгөөд атомын ба сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр рүү орохыг эрмэлзэж байна. Харин Монгол улсын хувьд нүүрсний бүх төрлийн нөөцтэй, цахилгаан үйлдвэрлэж, экспортлох сонирхолтой орон. Хятадын зүүн хойд ба хойд нутагт дулааны цахилгаан станцууд нь нүүрсээр гачигдах, Монголын төмөр замын дагуух бүсэд байгаа уурхайнууд бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн ашиг сонирхлууд нэгдэж буй нь тээврийн байгууллага үүрэг хүлээх ёстойг харуулж байна. УБТЗ нь бизнесийн байгууллага юм бол шууд нүүрсний худалдаа, тээвэрлэлт эрхлэх хэрэгтэй. Ийм үйл ажиллагааг явуулах туршлага дутвал олон улсын нүүрсний трэйдерүүдтэй хамтарч ажиллах шаардлагатай. Замын-Үүд дэх дулааны станцыг түшиглэн, нүүрсний экспортын талбай яаралтай байгуулж, бүх төрлийн нүүрс, түүний блендинг худалдааны марктай болгож экспортлох, шууд нарийн царигийн хөдлөх бүрэлдэхүүнд ачих тухай ярих цаг иржээ” гэж MMJ-ийн уншигчидтай бодлого, зорилтоо хуваалцав. 

Түүнчлэн хил залгаа хөрш гурван улс Монгол, Орос, Хятад хамтран Ази, Европ тивийг холбосон Эдийн засгийн коридор байгуулах амбицтай төлөвлөгөөгөө дэлхий дахинд тунхагласан. Зам тээврийн коридорууд болоод түүнийг дагасан бүс нутгуудаа хөгжүүлэх үндсэн зорилгын дор нэгдсэн том хамтралд Монгол улсын газар нутгийн байршил давуу тал болж буй. Эдийн засгийн коридорыг оны эхний хагаст батлах боломжтой гэсэн хариултыг Зам тээврийн сайд М.Зоригт ММJ-д өгчээ.

Өнгөрсөн 2 жил Орос, Хятадын хооронд хийгдсэн томоохон хэлэлцээрүүд ирээдүйн урт удаан, бат бөх нөхөрлөлийг зөгнөж байв. Гэвч харагдаж байгаа шигээ бүх зүйл тийм ч өөдрөг биш байгааг сэтгүүлч Э.Оджаргалын анализаас уншаарай. Хоёр улсын эдийн засгийн эргэлт 2014 онтой харьцуулахад 3 дахин буурч, “Шинэ торгоны зам” Оросын газар нутгийг тойрон хэрэгжиж эхлэв. Бээжин, Москвагийн хооронд зурагдсан ихэнх төслүүд “цаасан” дээр хэвээр байгааг тоймдоо дурджээ.
Монголын уул уурхайн компаниуд хямрал бэрхшээлийн өмнө хэрхэн хөдөлмөрлөж буй, энэ салбарт дотоод, гадаадад өрнөж буй үйл явдлын олон талт мэдээллийг агуулсан нэгдүгээр сарын дугаараа The Mongolian Mining Journal Уншигч танаа өргөн барилаа.  

Н.Ариунтуяа

   




Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 5 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 13 цаг 52 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.