MMC-ийн орлого оны эхний хагаст 57%-иар буурчээ

2016-08-29 16:08

Өмнөговь аймгийн Ухаахудагийн коксжих нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation (MMC) өнгөрсөн баасан гаригт оны эхний хагас жилийн тайлангаа гаргалаа. Уг тайланд дурдсанаар, тус компанийн үйл ажиллагааны орлого энэ оны эхний хагаст 31 сая ам.доллар байсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 57%-иар буурсан дүн юм.  

Тус компанийн үйл ажиллагааны алдагдал оны эхний хагасын байдлаар 61.7 сая ам.доллартай тэнцсэн нь өмнөх оны мөн үед уг үзүүлэлт 79 сая ам.доллар байсантай харьцуулахад буурсан дүн болж байна. Ийнхүү тус компанийн үйл ажиллагаа алдагдалтай гарахад зах зээлд нүүрсний үнэ доошилсон явдал болон борлуулалтын нүүрсний биет хэмжээ буурсан зэрэг нь голлон нөлөөлжээ. Компани тайлант хугацаанд нийтдээ 600 мянган тонн сайн чанарын коксжих нүүрс борлуулжээ. Энэ нь 2015 оны эхний хагас жилийн борлуулалтын дүнгээс 20%-иар бууралттай дүн боловч өмнөх оны сүүл хагасынхаас 32.8%-иар өссөн дүн болж байна.

Дээр дурдсанчлан MMC-ийн борлуулалтын нүүрсний биет хэмжээ буурсан ч оны эхний хагаст тус компанийн нүүрсний олборлолт 915 мянган тоннд хүрсэн нь өмнөх оны хоёрдугаар хагасынхаас 67%-иар өссөн байна. Гэхдээ өмнөх оны эхний хагас жилийнхтэй харьцуулахад олборлолтын хэмжээ 58%-иар танагджээ. Үүний зэрэгцээ нүүрс угаах үйлдвэрт энэ оны эхний хагаст нийтдээ 1 сая тонн нүүрс боловсруулж 506 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, 251 мянган тонн боловсруулсан эрчим хүчний нүүрс үйлдвэрлэжээ.

Тус компанийн хувьд нүүрсний зах зээлийн хүнд нөхцөлд борлуулалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж буйн зэрэгцээ их хэмжээгээр хуримтлагдаад буй өр төлбөрийн бүтцийг дахин шинэчлэх замаар төлбөрийн дарамтыг багасгахыг зорьж байна. Ирэх сарын 1-ний өдөр Кэймэний арлуудын Дээд шүүхээс өрийн бүтцийг дахин шинэчлэх асуудлаар тодорхой шийдвэр гарах төлөвтэй байгаа юм.

Хэдийгээр энэ оны эхний хагасын сүүл хэсэгт коксжих нүүрсний зах зээлд тодорхой сэргэлт ажиглагдаж эхэлсэн ч MMC тайландаа уг түр хугацааны үнийн өсөлт нь тус компанийн санхүүгийн үзүүлэлтэд төдийлөн сайнаар нөлөөлөөгүй гэж тэмдэглэжээ.


Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 20 цаг 15 минутын өмнө
    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны (2021.06.23) ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал гадаад, дотоод орчны төлөв, эдгээрийн ирээдүйн хандлага, эрсдэлийг харгалзан үзэж дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд, бодлогын хүүг 6%-д хэвээр хадгалах, мөн төв банкны репо санхүүжилтийн гуравдугаар улиралд олгох хэмжээг 250 хүртэлх тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Гэхдээ КОВИД-19 цар тахлын дотоод тархалттай холбоотойгоор эдийн засгийн салбаруудын өсөлт харилцан ялгаатай, цаашдын төлөв жигд бус байгаагийн дээр тодорхой бус байдал буурахгүй байна.
  • 20 цаг 59 минутын өмнө
    Гаалийн хяналтын бүс Цагаан хаданд тэг зогсолт хийж, ирэх долдугаар сарын эхэн хүртэл Гашуунсухайт боомтоор нүүрс нэвтрүүлэхгүй болсныг "Баянзам тээвэрчдийн холбоо" мэдээллээ. УОК-ын орлогч дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ахалсан Ажлын хэсэг Цагаан хаданд ажиллаж “Баянзам тээвэрчдийн холбоо", тээвэрчдийн төлөөлөлтэй хамтарсан уулзалт хийж дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, нөхцөл байдалтай Ажлын хэсэг танилцсанаар Цагаан хаданд байгаа тээвэрчдийг нэгдсэн журмаар буцаахаар болжээ. Үүний зэрэгцээ тухайн бүсэд тэг зогсолт хийж байна.
  • 2021-06-21 12:04
    “Том орлого, том зардал” гэж товчхоноор “Эрдэнэс Тавантолгой” компанийг тодорхойлж болно. Бүр тодруулбал орлогоос нь давсан хөрөнгө оруулалтын үүрэг хариуцлага тус компанид оноогджээ. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хамгийн том нүүрс олборлогч, экспортлогч болон урагшлан хөгжиж байгаагийн хувьд мэдээж орлогын үзүүлэлт асар том байдаг. Энэ нь ч улсын төсөв, хөрөнгө оруулалт талаасаа сайхан зүйл. Гэхдээ бүх зүйл үргэлж сайхан байгаагүйг салбарынхан мартаагүй. Хятадын “Чалко” компанид тавьсан их өрийг барагдуулах ажил 2016 оны нүүрсний ханшийн өсөлтийн ачаар нэлээд урагшлах болж, 2017 оны эхний улиралд нийтдээ зургаан жилийн турш төлөлт нь сунжирсан их өрийг бүрэн барагдуулж чадсан юм.
  • 2021-06-21 10:24
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгох зорилгоор УУХҮЯ-наас  “Эрдэс баялаг-цахим шилжилт”  цахим хэлэлцүүлгийг (06.18) анх удаа зохион байгууллаа. “Байгалийн баялгаас Оюуны баялагт” уриатай тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ ирүүлсэн юм. Тэрээр мэндчилгээндээ, Монгол Улс дижитал шилжилтийн бодлогоо тодорхойлон эхний ээлжид төрийн үйлчилгээний E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг байгуулсан бөгөөд төрийн 50 орчим байгууллагын 500 гаруй үйлчилгээг олон нийтэд үзүүлж байна. Цаашид төрийн ажил, үйлчилгээг бүрэн цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэн мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Цахим үндэстэн” цогц ажлыг эхлүүлээд байна хэмээн онцлон дурдав. 
  • 2021-06-18 16:26
    Дэлхийн зэсийн импортын зах зээлийн тал хувийг дангаараа бүрдүүлдэг Хятад улс стратегийн нөөцөөсөө зарим түүхий эдийг дотоодын үйлдвэрлэгчдэд нийлүүлэхээр болсон тухай зарлаж (2021.06.16) байна. Энэ нь зах зээл дэх нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг бууруулах зорилготой. Үүнд зэс, цайр, хөнгөн цагаан багтана. 2010 оноос хойш Хятадын Засгийн газрын хийж буй анхны алхам гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрч, нэг тонн нь 9427 ам.долларт хүрлээ. Тодруулбал зургадугаар сар гарсаар зэсийн ханш Лондоны металын бирж дээр 7.7%-иар буурчээ.