“Орхон говь” төсөл хэрэгжих эсэх нь хоёр жилийн дараа тодорхой болно

2017-09-21 11:04


Э.Жаргал

Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон. Ингэхдээ шинэ үйлдвэрээс гадна Оюутолгойн баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станц зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүдийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслүүдийг судлан боломжтойг нь сонгохоор шийдвэрлэсэн юм.

Тэр даруйд “Орхон говь” төслийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам дээр, Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан байгуулсан. Говийн бүс нутаг руу ус татах талаар арваад жилийн турш  яригдаад чимээгүй болсон “Орхон говь” төсөл дахин сэргэсэн нь энэ. Өнгөрсөн хугацаанд чамгүй судалгаа хийж, мэргэжилтнүүдийн дунд яригдаж, Засгийн газрын түвшинд хэлэлцсэн ч олон нийтийн эсэргүүцэл, хөрөнгө санхүүжилтийн гачаалаар төсөл зогсоод байсан юм. 

Гадаргын усаа ашиглах цөөнгүй хувилбаруудын нэг нь “Орхон говь” төсөл юм.  Хуурайшилт ихтэй, хур тунадас бага унадаг Монгол орны хувьд хаврын шар усны үер, зуны хур борооны үерийн усыг хуримтлуулан хангай, говийн бүс нутгууд руу түгээх нь төслийн гол зорилт. Орхон гол газар зүйн байршлын хувьд уул уурхайн үйлдвэрлэл төвлөрсөн бүс болох Оюутолгой, Тавантолгойн төсөл хэрэгжиж буй өмнийн говь   руу хүрэх хамгийн боломжтой хувилбар нь.

Орхон голын урсгалыг хааж, сэтлээд усыг нь говь руу дамжуулах гэж байгаа мэт ойлголт иргэдийн дунд бий. Дэлхийн цаг уурын дулаарал, цөлжилтийн улмаас ширгэх аюул нүүрлээд байгаа цөөхөн хэдэн голынхоо “амийг таслах нь” гэж эсэргүүцэх нь бас буруу биш. Гэтэл мөн чанартаа усны нөөц багатай, эсвэл гол ус тасрах буюу ширгэх тохиолдолд авдаг арга хэмжээнүүдийн нэг нь голын урсацад тохируулга хийж усыг нэмэгдүүлэх арга юм. Ийм туршлага олон улсад түгээмэл бий. Маш энгийнээр тайлбарлахад, тухайн гол дээр хиймэл нуур байгуулан хур бороо ихтэй, үертэй үед голын урсац нэмэгдэхэд нь илүүдэл усыг хуримтлуулж, түүнийгээ тохируулан нээж урсгахыг хэлж байгаа хэрэг.  

“Орхон говь” төслийн өнгөрсөн хугацаанд хийгдсэн судалгааны үр дүнд Орхон голын урсац хамгийн их буюу 41.6 мянган л/сек гэж тогтоогдсон Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь хэсэгт хиймэл нуур байгуулах боломжтой гэж гарчээ. Хиймэл нуур нь 730 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай юм. Үүнээс 580 сая шоо метр нь ашиглах боломжтой эзлэхүүн байх аж. Эндээс 80 сая шоо метр ус буюу 2500 л/сек усыг хэрэгцээт бүс нутгууд руу дамжуулна. Дамжуулах усны 40%-ийг уул уурхайн үйлдвэрлэл, үлдсэн 60%-ийг  хот суурин, хүн ам, газар тариалан, малын бэлчээр зэрэгт зориулахаар  тооцоолжээ. 

Урьдчилсан дүнгээр, “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхэд 550-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. 2013 оноос MINIS буюу Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн /УУДБХОДТ/ хүрээнд “Орхон говь” төслийн Техник-эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээ /БОННҮ/ боловсруулах ажил хийгдэж байна. Энэ ажлын гүйцэтгэлд 3.2 сая ам.долларын төсөв шаардлагатай гэж УУДБХОДТ төлөвлөжээ. УУДБХОДТ-ыг Монголын дэд бүтцийн төслүүдийг гадаадын хөрөнгө оруулалт татахад бэлтгэл ажлыг нь хангадаг гэж ойлгож болно.

Төслийг санхүүжүүлэхээр болсон Дэлхийн банкны журмын дагуу ТЭЗҮ, БОННҮ-г боловсруулахын өмнө тухайн бүс нутгийн хэрэглэгчдэд усны хэрэгцээ байгаа эсэх, байгаль экологид сөрөг нөлөөтэй эсэх зэрэг судалгаа хийх шаардлага тавигджээ. Уг нь анхлан төслийн БОННҮ-г ТЭЗҮ-тэй нь зэрэг хийх төлөвлөгөөтэй байв. Гэтэл хилийн усны асуудал хөндөгдсөнөөр эхлээд Орос дахь Бүс нутгийн байгаль орчны үнэлгээг хийж, экологийн хор хохиролтой эсэх судалгааг тусгасан БОННҮ-ний дараагаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар болсон байна.  

Орхон гол нь Сэлэнгэ мөрөнд цутгаж, цаашлаад ОХУ-ын Байгаль нуурт хүрдэг. ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Байгаль нуур нь Орос орны цэнгэг усны  80%, дэлхийн 20%-ийг агуулдаг. Энэ утгаараа олон улсын дүрэм журам, хилийн усны асуудал үүссэн хэрэг. Орхон гол дээр хиймэл нуур байгуулж, голын урсацад тохируулга хийх нь Байгаль нуурын экосистемд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхийн тулд оросуудтай яриа хэлэлцээрийн түвшинд хүрсэн учир шалтгаан энэ юм.




Сэлэнгэ мөрөн Монголын хил даваад урсан гарахдаа дунджаар 339 шоо м/секунд байдаг. Нэг гэж тоолоход 339 тонн ус урсаад өнгөрнө гэсэн үг. “Орхон говь” төслийг хэрэгжүүлж хиймэл нуур үүсгэлээ гэхэд хилээр гарч байгаа усны 0.7%-ийг л  авах  юм гэж Усны үндэсний төвийн Гүйцэтгэх захирал, “Престиж” группын усны инженер  М.Далайцэрэн тайлбарлаж байна.

Зүгээр л гадагш урсаад гарч байгаа энэ их усны ердөө 1%-д “Орхон говь” төсөл нөлөөлнө гэсэн үг.    
Төслийн ТЭЗҮ, БОННҮ-ний урьдчилсан ажлын даалгавар буюу судалгааны ажлыг боловсруулахаар “Престиж” групп ажиллаж байгаа юм. Судалгааны хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард Байгаль нуурын орчмын бүс нутаг болох ОХУ-ын Буриад улсын Наушка, Улаан-Үд хот, Тарвагатай дүүргийн төв, Баргузин дүүргийн Усть-Баргузин суурин, Прибайкальск дүүргийн Горячинск, Турунтаево суурин, Кабанск дүүргийн төв, Джинск дүүрэг, Селенгинск дүүргийн Гусиноозерск хот, Северобайкальск дүүргийн Северо-Байкальск хот, Нижне-Ангарск гэсэн 11 байршил, Эрхүү хотод 4 байршилд  ард иргэд, усны мэргэжлийн байгууллагуудын санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. 

Монголын талд өнгөрсөн 6-7 дугаар сард Төв аймгийн Эрдэнэсант, Дэлгэрхаан сумд, Дундговь аймгийн Эрдэнэдалай, Хулд, Луус, Гурвансайхан, Дэлгэрхангай сумд, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот,  Цогтцэций, Цогт-Овоо, Ханбогд, Даланзадгад сумд, Булган аймгийн Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон, Хангал сум, Хялганат тосгон, Сэлэнгэ мөрөн, Сангалтай, Цүүц,  Ингэттолгой багууд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Хушаат, Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Баруунбүрэн сумд зэрэг 5 аймгийн 25 сумд, Эрдэнэт болон Улаанбаатар хотыг хамруулан нийт 19 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг явагдсан юм. Эдгээр суурин газруудаар “Орхон говь” төслийн ус дамжуулах шугам хоолой дамжин өнгөрөх зураглалтай.

Өнөөдөр Булган аймгийн Дашинчилэн суманд 1 литр ус 5 төгрөгийн үнэтэй. Социализмын үед гаргасан ганц худаг ундны усны цор ганц эх үүсвэр нь. Өдөрт 2 цистерн буюу 10 тонн усаар энэ сум хэрэгцээгээ хангадаг. Усны хэрэглээний нөөц байхгүйн улмаас тус сумын сургуулийн хүүхдүүд өдөрт 2 удаа хооллодог байсан бол одоо 1 удаа болгожээ. Хангайн бүсэд ордог Төв аймгийн Эрдэнэсант сум гэхэд 2 км-ын газраас хэрэглээний усаа авч байна. Эдгээр сум, орон нутгийн иргэд “Орхон говь” төсөл хэрэгжихийг хоног тоолон хүлээж сууна.

Цаашид хийгдэх ажил гэвэл хоёр улсад хийгдсэн хэлэлцүүлгийн үр дүн, тэр дундаа Оросын талаас ирүүлсэн саналуудыг шүүж үзэн ажлын даалгаварт тусгаснаар төслийн цаашдын хэрэгжилтийг ярих юм байна. УУДБХОДТ-ийн зохицуулагч Б.Ариунчимэг “Оросын талд явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд, Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний судалгааны ажлыг 2 хэсэгт хуваахаар Монгол улсын Засгийн газрын түвшинд шийдвэрлэж байгаа. Эхний хэсэг болох Бүс нутгийн байгаль орчны үнэлгээний урьдчилсан бэлтгэл ажлын даалгаврыг боловсруулах шатандаа явж байна. Бүс нутгийн байгаль орчны үнэлгээ хийж дуусахад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардлагатай. Энэхүү үнэлгээний үр дүнгээс хамаарч Сэлэнгэ мөрний сав газарт хэрэгжүүлэхэд зохилтой төслүүдээс Монгол улсын Засгийн газар сонголтоо хийнэ. Эдгээр нь Шүрэнгийн УЦС, “Орхон говь” төсөл юм. Тэр үед “Орхон говь” төслийг хэрэгжүүлэхээр шийдэх юм бол уг төслийн ТЭЗҮ, БОННҮ үргэлжлэн хийгдэнэ” гэлээ.  
Тэгэхээр “Орхон говь” төсөл хэрэгжих эсэх нь наанадаж ирэх хоёр жилийн дараа тодорхой болох нь. Цаад утгаараа оросуудаас ч ихээхэн хамаарна.

Эх орны эдийн засгийг өндийлгөх уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөхийн тулд усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх асуудал зайлшгүй шаардлага болон тулгамдаж байна. Уул уурхайн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг дагаад хүн амын суурьшил гээд говийн бүс нутагт усны хэрэгцээ цаашид улам нэмэгдэнэ. Газрын гүний усыг их хэмжээгээр ашигласнаар Монгол орны байгалийн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад   хүрч болзошгүй цаг хугацаа улам ойртсоор байна. Говийн газрын гүний ус 15-45 мянган жил тэжээгддэг гэсэн тооцоо бий.

Дэлхийд зиндаатай Оюутолгой, Тавантолгой зэрэг Монголын уул уурхайн томоохон төслүүд өмнийн говийн бүс нутагт хэрэгжиж байна. Цаашлаад  Цагаансуваргын төсөл, Газрын тосны үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт мөн л энд өрнөнө. Ганцхан Оюутолгойн үйлдвэрээр жишээ авахад бүрэн хүчин чадлаараа ажиллахад усны хэрэглээ нь 1260 л/сек гэж ТЭЗҮ-дээ тусгасан байдаг. Өнөөдөр энэ үйлдвэр газрын гүний усаар усны хэрэглээгээ хангаж байгаа бөгөөд усны эх үүсвэр болох Гүний усны хоолой нь 870 л/сек ундаргатай. Гэтэл Оюутолгойн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа билээ.

Сэтгэгдэл (1)

  • Даш (202.131.243.50)
    Орос орон усаар дутахгүй шүү.Худлаа мөнгө идээд суугаад байх юм даа.Загас жараахай хайралсан хүн болж жүжиглэж байх хэрэгүй.Бусад улс орнууд нэг гол дээр олон усан цахилгаан станц барьж болж байна шүү.
    2021 оны 01 сарын 04 | Хариулах
  • иргэн (103.26.195.173)
    Оросууд юу гэж зөвшөөрөх вэ дээ арай дээгүүр нь хааж Онги говь төслөө хэрэгжүүл ээ
    2018 оны 12 сарын 06 | Хариулах
  • З.Батмандах (202.21.117.2)
    Маш сайхан санаа байна Хэрэгжүүлэх тал дээр засаг төрөөс анхаарах хэрэгтэй
    2018 оны 02 сарын 07 | Хариулах
  • Говийн иргэн (49.0.167.2)
    Хэрэгжүүлэхгүй бол говийнхон амьдрах аргагүй боллоо шүү дээ
    2017 оны 09 сарын 26 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 23 минутын өмнө
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • 16 цаг 13 минутын өмнө
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
  • 16 цаг 14 минутын өмнө
    Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
  • 17 цаг 1 минутын өмнө
    Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
  • Уржигдар 15 цаг 31 минутад
    Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.