Х.Баттулга: Алт олборлолтод төр хяналтаа тогтоох шаардлага үүслээ

2017-10-02 14:26

-Алтны тусгай зөвшөөрлийг хориглох хууль өргөн барина-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Намрын чуулганы нээлтэд оролцож үг хэллээ. Түүний үгээс уул уурхайн салбарын талаар хэлсэн үгийг нь онцлон нийтэлж байна.

...Шинээр байгуулагдах Засгийн газар уул уурхайн өрөөсгөл хамаарал түүнийг дагасан эрсдлийг бууруулж, эдийн засгаа олон тулгууртай болгох, хөдөө аж ахуй, газар тариалангийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдэг итгэл найдвар бага боловч төрж байна. Энэ чиглэлээрх бүхий л хүчин чармайлтыг улсаараа, ард түмнээрээ дэмжихээс өөр арга байхгүй цаг үе ирснийг бүгд ухамсарлаж байгаа нь сайшаалтай.

Монголын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байгааг дээр дооргүй ярьдаг. Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсчээ. Ашигт малтмалын хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъё. Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио !

Цаашид алт олборлолт, алтны уурхайд төр онцгой бодлого хэрэгжүүлэх, хяналтаа тогтоох ч шаардлага үүсч байна. Учир нь, алт бол онцгой метал. Төгрөгийн худалдан авах чадварыг тодорхойлогч учраас Монгол төр өөрийн мөнгөн тэмдэгтийн чадварыг өндөр байлгахын төлөө алтанд онцгой анхаарахаас аргагүй юм. Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушааж байх хатуу болзлыг тулгахгүй бол Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр л байх болно. Би ийм хуулийн өөрчлөлтийг удахгүй УИХ-д өргөн барина. Энэ бол дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг л бодлого. Манай хоёр хөрш ч алтан дээр төрийн онцгой эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Энэ бол хэн нэгний эрх ашиг бус нийт монголчуудын, Монголын санхүүгийн амин асуудал учраас элдэв эсэргүүцэл, мэдэмхийрлийг үл тоон Монголын төр алтаа бүрэн мэддэг, хянадаг болох нэн тэргүүний шаардлагатай.

Алтыг бүрэн хэмжээгээр мэдэлдээ авсны дараачаар бидэнд санхүүгийн үлэмж чадавхи үүсэх нь дамжиггүй. Ирэх жилийн төсвөөс эхлэн гадаадын валютын зээлээр зөвхөн экспортын буюу валютын орлого олох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг л санхүүжүүлж байх зарчмыг нэвтрүүлэх хэрэгтэй байна. Дэд бүтэц болон нийгмийн байгууламжууд зэрэг валютын урсгал татахгүй хөрөнгө оруулалтыг валютын зээлээр хийхийг бүрэн хориглох хэрэгтэй. Үүнийг тусгайлсан хууль гаргаж зохицуулах шаардлага үүсч байна.

Багш, эмч  нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шатттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттөй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.

“Байгалийн баялаг ард түмний мэдэлд” гэдэг Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэлгүй явсан алдаагаа УИХ, Засгийн газар яаралтай залруулж, баялгийнхаа менежментийг иргэддээ ээлтэй болгон өөрчлөх замаар ард иргэдээ өрийн дарамтаас ангижруулах ёстой. Байгалийн баялгийн ноогдол ашгаар өртэй нь өрөө дарж, өргүй нь нэмэлт орлого болгох ёстой. Улс нь баялагтай байгаад иргэд нь өртэй байх аваас баялгийг ашиглах утга учир юунд байх юм бэ? Үндсэн хуулийн 6.1, 6.2-т харшилсан хуулиудыг үтэр түргэн залруулахад УИХ, шинээр байгуулагдах Засгийн газрыг хамтран ажиллана гэдэгт найдаж байгаа.

Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн хүн өөрийн эзэмшилд байх тамхины үйлдвэрийг татвараас чөлөөлснөөр ирэх 3 жилд 60 тэрбум төгрөгийг татвараас бултуулахаар хуулийн заалт оруулан батлуулсан байгаа ганцхан жишээ гэхэд хэчнээн багшийн цалингийн нэмэгдлийг шийдэх мөнгө вэ?

Би энд Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйл – Тамхины талаар төрөөс баримтлах бодлогыг ноцтой зөрчсөн баримтыг дурдаж байна. Хуулийн “4.1.6 тамхи үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд урамшуулал, татварын хөнгөлөлт болон бусад давуу тал олгохгүй байх; 4.1.7 тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тамхи үйлдвэрлэгчтэй өмчийн хэлбэр харгалзахгүй адил тэгш хандах;” гэж заасныг өнгөрсөн Засгийн газар шууд зөрчиж өөрийн танхимын гишүүний импортолж байгаа тамхинд 5 хувийн татвар ногдуулах, бусад импортлогчдод 30 хувийн татвар ногдуулах журам баталсан байгаа юм. Энэ бол шударга ёс биш! Энэ бол илэрхий ашиг сонирхлын зөрчил. Үүнийг яаралтай засч, ижил нөхцөлөөр татвар ногдуулах ёстой. Эндээс олсон мөнгөө багш эмч нарын цалин, нийгмийн сайн сайханд зарцуулах ёстой.

Одоо байгуулагдах Засгийн газар энэ мэтийн ашиг сонирхлын зөрчлөөс ангид бүрдэх нь нийгмийн шаардлага юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн Засгийн газарт сайд, төрийн бусад байгууллагуудад ажилд ордгийг хориглох хэрэгтэй. Өнөөдөр уул уурхайгаас цутгасан их мөнгө л улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт шударга ёсыг алдагдуулан, хэм хэмжээг эвдэж байгаа нь нууц биш болжээ. Хамгийн том авлигын сүлжээ өнөөдөр уул уурхайгаар дамжин орж ирж байна.

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 22 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 13 цаг 9 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.