Тавантолгойг хөдөлгөх ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа

2018-06-21

Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилтыг тусгасан билээ.

Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих зэрэг төслийг бодлогоор дэмжихээр заасан.

“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, уг ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ.

Мөн тогтоолын нэгдүгээр хэсэгт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаарх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байдаг.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор жил бүрийн улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгасаар ирсэн боловч гүйцэтгэл нь хангалтгүй байна. Тодруулбал тус ордыг түшиглэн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын төслүүдийг ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй болж байгаагаас гадна тус ордыг ашигласнаар нийгэм, эдийн засагт үүсэх үр өгөөжийг тооцоолсон хэмжээнд хүргэж чадахгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах зорилтын хэрэгжилтийг хангаж чадахгүй байна.

Иймд “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан батлуулж, дээр дурдсан Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шуурхай хангах нь зүйтэй байна гэж УИХ-ын тогтоолын төсөлд дурджээ.


“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд:

1.Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;

2.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

3.Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;

4.Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгагджээ.

Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэх юм.

Төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна.

Эх сурвалж: УИХ-ын ХМОНХХэлтэс


 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.