Хямрал гүнзгийрч, ёроолдоо унасан 2014 он

2018-08-20 12:15



Сэтгүүлийн хуудаснаа 2014 он хэрхэн бичигдэж үлдэж вэ? Дөрвөн жилийн өмнөх хуудсыг сөхье. Тэртээх өдрүүдэд эргэн зочилно уу.    


Э.Оджаргал

“Уул уурхайн компаниудын хувьд 2014 он хамгийн хүнд жил болж байна. Учир нь томоохон төслүүд гадаадын банкуудаас ам.долларын голдуу зээл авсан. Долларын ханшийн чангаралт зээлийг эргэн төлөхөд компаниудыг туйлаас хүнд байдалд оруулж байгаа. Үүний хамт бүтээгдэхүүний экспорт хумигдсан нь давхар цохилт болж байна” гэсэн өгүүлбэр MMJ сэтгүүлийн хуудаснаа бичигдэн үлджээ. “Оюутолгой” компани 300 ажилтнаа халж, “Петро Матад” 20 ажилтнаа цомхотгож, “Саусгоби Сэндс” 200 гаруй ажилтнаа цалинтай амраасан, улсын гадаадын хөрөнгө оруулалт 70%-иар буурч, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт бүтэн жилийн турш зогссон гээд дөрвөн жилийн  өмнө эх орны эдийн засгийн байдал, эрдэс баялгийн салбарын дүр зураг амаргүй байжээ. Дэлхийн түүхий эдийн зах зээл уналтад орж, уул уурхайг түшиглэсэн Монголын эдийн засаг дагаад уруудсан нь 2014 онд үргэлжлэн улам гүнзгийрсэн юм.



Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон уул уурхайн салбарыг дэмжсэн шийдвэрүүд  

Хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулсан Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарыг дэмжсэн хэд хэдэн шийдвэрийг оны эхний хагаст гаргасан юм. Юуны түрүүнд хоёр сонгууль дамнан яригдсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аас батлав. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиг баримжаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тогтвортой байлгах үндсэн зорилтыг энэхүү бичиг баримтаар тодорхойлсон юм. Эрдэс баялгийн салбар бодлогогүй, хууль эрх зүйн орчин тогтворгүй, ойлгомжгүй байна гэсэн шүүмжлэл бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, судлаачдаас байнга гардаг. Гэнэтийн ашгийн 68%-ийн татвар, “Урт нэртэй хууль”, Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль зэрэг нь энэхүү шүүмжлэлийн гол бай болсоор ирсэн билээ.  Ийм байдлыг цэгцэлж, улмаар давтахгүй байх, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгахын тулд  урт хугацаанд хэрэгжүүлэх салбарын үндсэн чиг баримжааг дээрх бодлогоор тодорхойлохыг хичээсэн юм.

Бодлогын баримт бичигт Бодлогын зөвлөл, Эрдэс баялгийн бирж, Геологийн алба зэрэг салбарын бодлого зохицуулалттай холбоотой чухал шинэчлэл, олон улсын жишигт хүрэх эхлэлийн зорилтууд туссан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийг шинэчлэн зохион байгуулахдаа  тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэхийн тулд эрх, үүргийг нь мэргэжлийн холбоод, мэргэшсэн шинжээчдэд шилжүүлэхээр болов. Түүнчлэн, орон нутагтай харилцах харилцааны асуудал ч Бодлогод тодорхой сууж өгсөн.

Бодлогын баримт бичгийг батлахтай зэрэгцэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, бүтэн дөрвөн жилийн турш зогсоод байсан хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг дахин сэргээсэн юм. Нийт нутаг дэвсгэрийн 20%-д төрөөс тогтоосон, төрөөс зөвшөөрсөн талбайд сонгон шалгаруулалт, өргөдлийн гэсэн 2 журмаар тусгай зөвшөөрлийг олгохоор тогтсон юм. Үүний зэрэгцээ алтны роялти 10% байсныг 2.5% болгосон нь улсын гадаадын валютын нөөц 46%-иар буураад байсан тэр үед алтны далд үйлдвэрлэлийг ил болгох ач холбогдолтой цагаа олсон шийдвэр байв. Жилийн эцсийн дүнгээр 12.7 тонн алтыг Монголбанк худалдан авсан нь өмнөх оны худалдан авалтаас хоёр дахин өссөн хэмжээ байлаа.

Оюутолгойн далд уурхайн гацаа ба Н.Алтанхуягийн захидал

Эхний хагас жилийн мэдээллээр “Оюутолгой” компани нийт ажилчдынхаа 5%-ийг цомхтгоод байв. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг “Рио Тинто” групп зогсоосноо мэдэгдсэнээс хойш даруй найман сарыг үдээд байсан үе. Нөхцөл байдлыг шийдвэрлэхээр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолшид захидал илгээсэн нь томоохон шуугиан тарьсан юм. Тэрхүү захидал бүрэн эхээрээ MMJ сэтгүүлийн 2014 оны №004 (066) дугаарт нийтлэгджээ. Ерөнхий сайд захидалдаа “Өнгөрсөн 2013 онд Оюутолгойн үйлдвэрлэлийг эхлүүлсэн нь гайхалтай ололт, чухал үйл явдал болсон хэдий ч далд уурхайн бүтээн байгуулалтыг аль болох түргэн хугацаанд үргэлжлүүлэх нь манай Засгийн газар, Монголын ард түмний хувьд нэн чухал юм. Иймд бид хамгийн чухал төслийнхөө дараагийн шатанд хэрэгцээтэй санхүүжилтийг бүрэн дүүрэн дэмжих болно. ...Далд уурхайн ТЭЗҮ-ийг 2014 оны 2 дугаар улиралд боловсруулж дуусгах хэдий ч 3 дугаар сарын 31-нд зээлдүүлэгчдийн баталгааны хугацаа дуусахаас өмнө төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх бүрэн эрхтэйгээр бид Улаанбаатар эсвэл Лондонд уулзалт хийж, далд уурхайн санхүүжилтийг нэн даруй шийдвэрлэхэд бэлэн байна...” гэсэн юм. Нэг ёсондоо Монголын Засгийн газар ийн буулт хийсэн ч талууд тодорхой шийдэлд хүрч чадалгүй, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зогсолт бүтэн жилийн турш үргэлжилсээр 2015 онтой золгосон. u

“Оюутолгой” төсөл тойрсон байр сууриуд:

Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс:

“Оюутолгой” төсөлд үүсээд байгаа асуудал ямар нэг байдлаар шийдэгдэж таарна. Харин үүнээс бид ямар сургамж авах нь чухал. Ийм төслийг улс төрөөс хол байлгах хэрэгтэй гэж боддог. “Оюутолгой” төсөл хэдий том ч Монгол улсын эдийн засаг үүнээс хамаарч үхэх, сэхэхээ шийддэг байж болохгүй. “Оюутолгой”-гүй байлаа ч Улсын мөнгөний бодлого, төсвийн бодлого, татварын бодлого явдгаараа явах ёстой.


MIBG компанийн Гүйцэтгэх захирал А.Билгүүн

”Монгол Улсын Засгийн газар болон иргэдэд юун түрүүнд тогтвортой орлогын эх үүсвэр чухал. Энэ орлого нь зөвхөн ганц том төслөөс бүрддэг байх нь ямар их эрсдэл дагуулдгийг бид өнөөдөр харж байна. Тусгаар улсын эдийн засаг ганц төслөөс хамаарч буйг өөрчлөх ёстой.



 “Ковер Монголиа” компанийн Гүйцэтгэх захирал Д.Мөнхдөл:

Ард түмнээс сонгогдсон мөртлөө ард түмэнд юу хэрэгтэй вэ гэдэг өнцгөөс биш яавал сонгогчдод таалагдаж, дахин сонгогдох вэ гэдэг популист өнцгөөс бизнесийн төсөлд хандаж байгаа нь “Оюутолгой” төслийг гацаахад хүргэлээ. Эндээс хамгийн ихээр хохирч байгаа нь гэрээ хэлэлцээртэй шууд хамааралгүй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, түүний цаана жирийн иргэдийн идэх хоол, ажлын байраар популизмын төлөөсийг төлж байна.







Си Жинпин, Путины айлчлалууд

MMJ сэтгүүлийн наймдугаар сарын дугаарт “Засгийн газрын гадаад өрийн дарамт 2017 оноос илт мэдрэгдэнэ. Хөгжлийн банк 580 сая ам.долларын бондын төлбөрөө төлнө. Тухайн оныг Хөгжлийн банк мэнд давлаа гэхэд Чингис бондын 500 сая ам.долларын эхний төлбөр гараад ирнэ. Төдөлгүй 2022 онд Чингис бондын үлдэгдэл 1 тэрбум ам.долларыг төлөх хугацаа айлчлан ирнэ ээ” хэмээн жилийн өмнөх бидний туулсныг угтан харж бичжээ. Арвандөрвөн оны хүндхэн өдрүүдэд хөрш хоёр орны төрийн тэргүүнүүд ээлж дараалан Монгол Улсад айлчилсан юм.
Өрийн түгшүүр дунд Засгийн газар Хятадын даргын айлчлалыг хүлээж байлаа. Си Жинпины айлчлалаар Хятадын Хөгжлийн банкнаас 162 сая ам.долларын зээл олгох болсноос гадна 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн Ерөнхий хэлэлцээрийг хийв. Мөн Тянжин, Далиан, Жинзоу, Чинхуандо болон Далайн боомтоор Монголын уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох боломж нээхээ Хятадын тал мэдэгдсэн. Тухайн үед MMJ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж  “Тэр боомтуудаар гаргах бүтээгдэхүүн Монгол Улсад байхгүй. Түүхий нүүрс лав явахгүй. Багахан хэмжээтэй жонш гаргаж болно. Нүүрс, төмрийн хүдэр тээврийн зардлаа даахгүй. Ойрын хэдэн жил Монгол Улс Хятадын 6 боомтын 2-ыг нь л ашиглах байх” гэж өгүүлж байж. Гэхдээ энэ чиглэлд ямар ч ахиц дэвшилгүй дөрвөн жилийг үдэж 2018 онтой золгоод байгаа билээ.  



Си даргын айлчлалаар шинэ төмөр замын бүтээн байгуулалт дээр Хятад улс хамтрах сонирхлоо илэрхийлсэн. Тэгэхдээ Монголын нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан өнгөрүүлэх транзит тээврийн үнэд дор хаяж 40%-ийн хөнгөлөлт үзүүлэхээр талууд тохирсон. Айлчлалын үеэр ураны асуудал ч хөндөгдөж, Гурванбулаг ордыг олборлох тусгай зөвшөөрлийг хятадууд сонирхсон юм.
Харин ноён Путины айлчлалын үр дүнгээс монголчууд нэг л шийдвэрийг хүлээсэн. Орос орны удирдагч Монгол оронд цөөн цаг саатах үеэр талууд 15 баримт бичгийг үзэглэсэн ч  монголчуудын хүлээсэн төмөр замын транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын талаар чихэнд чимэгтэй мэдээ дуулгалгүй буцсан билээ. Монголын тал өнөөдрийг хүртэл оросуудын үзүүлэх төмөр замын транзит тээврийн хөнгөлөлтийг хүлээсээр сууна.   

Төмөр зам ба 268 дугаар тогтоол

Зургаа дахь жилтэйгээ золгоод байсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалт Чингис бондын хөрөнгөөр арайхийн хөдөлж, газар шорооны ажил эхэлсэн юм. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газар уг төмөр замаас илүүтэй Цагаанхаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нарийн царигтай 14-15 км төмөр замыг 2014 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөөд байв. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төгсгөл буюу хил дамнасан хэсэгхэн замыг компаниуд өөрийн хөрөнгө, банкны зээлээр түрүүлээд барина гэсэн үг. Үүнийг ажил хэрэг болгох “Гашуунсухайт төмөр зам” компанийг  байгуулах ёслол дөрөвдүгээр сарын 7-нд болов. Хятадын төрийн өмчит “Шенхуа” групптэй хамтарсан, Монголын талаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой”, “Энержи Ресурс” компаниуд нэгдсэн нэгж юм.

Энэ зуур Засгийн газраас 268 дугаар тогтоолыг батлав. “Тавантолгой ордын талаар авах зарим арга хэмжээний талаарх” уг тогтоолд эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, мэргэшсэн удирдлагын багийг бүрдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх тухай 5 чиглэлийг заажээ. Мөн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг  2014 оны арваннэгдүгээр сард багтаж үргэлжлүүлэн явуулахыг ажил хэрэг болгохоор тусгасан. Гэвч тогтоолыг ажил хэрэг болгох Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар огцорч, он дуусахаас сарын өмнө шинэ Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг тодорсон билээ. 268 дугаар тогтоолд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам байгуулах төслийн зардлыг хөрөнгө оруулагч гаргана. Тэгэхдээ 30 жилийн дараа төрд 51%-ийг буцаан олгох нөхцөлийг заагаад байсан юм. Дөрвөн жилийн дараа буюу өнгөрсөн зургадугаар сард “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын шинэ тогтоолын төсөл дахин мэндлээд байна.

Монгол улс CRIRSCO-д элсэв



Эх орны эрдэс баялгийн салбарт 2014 оны аравдугаар сард чухал нэгэн үйл явдал тэмдэглэгдсэн нь Монгол Улс CRIRSCO-ийн найм дахь гишүүн орноор элссэн явдал. CRIRSCO-ийн гишүүн болсноор геологийн нөөц ба хайгуулын үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар тайлагнадаг, үндэсний мэргэшсэн ба зөвлөх инженерүүд  тайлан, шүүмжээ олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, улмаар оюуны хөдөлмөрөө үнэлүүлэх, Монгол оронд ашигт малтмалын орд эзэмшдэг компаниуд олон улсын хөрөнгийн зах зээлд гарах таатай орчин бүрдэх зэрэг ач холбогдолтой юм. Монгол улсын хувьд 2010 оноос гишүүнээр элсэх бэлтгэл ажлыг эхлүүлээд ийн 2014 онд элсэж байжээ.




 



Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 3 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 21 цаг 17 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 21 цаг 34 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 23 цаг 27 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.