Газрын тосны үйлдвэрийн технологийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг эцэслэнэ

2018-10-02

Г.Идэрхангай

Газрын тосны үйлдвэрийн төслийн явц урагштай байна. Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах ажил эрчимтэй өрнөж буйг холбогдох албаныхан мэдээллээ. Өмнө нь хэдэнтээ шав тавьсан ч ажил хэрэг болж чадаагүй уг үйлдвэрийг Энэтхэгийн 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр барихаар тохиролцсон тул Монголын тал газар шороо, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. Зургаадугаар сарын 22-ны өдрийн шав тавих ёслолоос хойш ямар ажлууд хийгдээд байгааг “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийнхнээс тодрууллаа. Есдүгээр сарын сүүлээр Энэтхэгийн талаас төлөө­лөг­чид ирж уулзалт хийхээс наана тодорхой зүйл хэлэх боломжгүй байна гэсэн ч газар шорооны ажилтай холбоотой зарим  мэдээллийг өгсөн юм.  

Дорноговь аймгийн Сайншандаас Алтанширээ сум хүртэлх 20 орчим км зайд 150 га гаруй талбайд одоогоор авто зам, төмөр замын далан, цахилгаан дамжуулах шугамын ажил зэрэгцэн явж буй бөгөөд Батлан хамгаалах яамны 220 ажилтан, 50 гаруй машин, механизмын хүчээр засмал замын ажлыг шуурхай гүйцэтгэж байна. Аймгийн төвөөс сум хүртэлх 18 км автозамын ажлын 11.5 км газарт хөрс хуулалтын ажлыг хийгээд байгаа аж. Автозамын барилгын ажлын дуусах хугацаа аравдугаар сарын 1-ний өдөр. 

Харин төмөр замын хувьд 27 км байхаар тооцоолжээ. Тодруулбал, үйлдвэр нь Сайншанд өртөөтэй 18.813 км урт, 1520 мм-ийн өргөн царигийн салбар төмөр замаар холбогдоно. Төмөр замын дагууд 3 шилжүүлэгтэй, 14 цэгт ус болон тээврийн хэрэгсэл, ан амьтан гарах зориулалтын дөрвөлжин хоолой бүхий байгууламжтай байх аж. Зам тээвэр хөгжлийн төв, “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгтэй хамтран төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа юм. Төмөр замын хөрс хуулалтын ажил 90 орчим хувьтай явж байгаа бөгөөд аравдугаар сарын 30-ны дотор дуусгах ажээ. Одоогоор  далангийн хоёр, гурав, дөрөвдүгээр үеийн нягтруулалт хийгдэж, тэгшилгээндээ ороод байна.  

Түүнчлэн аймгийн төвийн өргөтгөсөн цахилгаан станцаас үйлдвэр баригдах талбай руу 110 кВт-ын шугам татаж, цахилгаанаар хангаж эхэлжээ. Эрчим хүчний энэ шугамыг үйлдвэрийг барих үед ашиглах бөгөөд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа өөрийн цахилгаан хүчдлээр давхар хангахаар тооцоолж байна. Өөрийн цахилгаан хүчдэл гэдэг нь  үйлдвэрийн дэргэд баригдах 66 МВт-ын хүчин чадалтай Цахилгаан станц юм. Эрчим хүчний шугам болон дэд станцыг барьж байгуулах ажил мөн  аравдугаар сарын 1 гэхэд дуусах төлөвлөгөөтэй байна. 

Газрын тос боловсруулах үйлдвэр нь найдвартай хамгаалалттай байхын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, эко орчныг бүрдүүлсэн байх  ёстой. Энэ ч утгаар үйлдвэрийн талбай тэгшлэх, хашаажуулах, эко орчныг бүрдүүлэх ажил   өрнөж байна. 
3.5 метрийн өндөртэй төмөр бетон хашаа, усжуулалтын систем бүхий ойн ногоон зурвас, хяналтын камер, байгууламж бүхий харуулын цамхгийн 8 цэг байгуулах ажлууд эрчимтэй хийгдэж байгаа ажээ.   
    
Энэтхэгийн 1 тэрбум ам.доллар үйлдвэр байгуулахад зарцуулагдах бол Монголын талаас шугам хоолой, дэд бүтцийн ажилд хөрөнгө мөнгө гаргахаар тохиролцоод байгаа юм. Энэ дагуу Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 250 орчим тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэгдсэн. Дорнын говьд ийнхүү шороо тоос бужигнасан их бүтээн байгуулалт  эрчимтэй явж байгаа ч үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ хараахан эцэслэгдээгүй байна. 

Уул уурхай хүнд, үйлдвэрийн яамны Метал бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр The Mongolian Mining Journal-д долдугаар сард өгсөн ярилцлагадаа нарийвчилсан ТЭЗҮ-д Италийн “Кинетик Технологи” компани хяналт, шүүмж хийх тухай дурдаж байсан билээ. Уг шүүмжийг УУХҮЯ саяхан хүлээж авсан бөгөөд Энэтхэгийн тал руу мөн хүргүүлээд байгаа юм. Шүүмжийн дагуу Энэтхэгийн талаас үйлдвэрийн технологитой холбоотой зарим шийдлүүдэд ялимгүй засвар хийсэн байна. Тиймээс есдүгээр сардаа багтан нарийвчилсан ТЭЗҮ-ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Хүнд үйлдвэрийн өргөтгөсөн салбар хуралдаанаар хэлэлцэхээр хүлээгдэж байна. Энэтхэгийн тал үйлдвэрийн ТЭЗҮ дээр нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр тавьсныг бага зэрэг буулгах шаардлага үүссэнийг УУХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс хэлж байна. 

Үйлдвэрийн технологийн хувьд Энэтхэгээс бус Итали, Герман, Америкийн аль нэгийг сонгох хувилбарууд дэвшүүлж байгаа бөгөөд эцсийн шийд гараагүй байна. “Технологийн сонголт дээр ингэж их анхаарч байгаагийн учир нь үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүнүүдтэй шууд холбоотой. Монгол Улсын эрэлт хэрэгцээ, онцлогт тохирсон тэдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж  байж  л үйлдвэр үр ашгаа гаргана. АИ92,  AИ95 бензинээс гадна ихэвчлэн дизель түлш үйлдвэрлэх технологийн процессыг чухалчилж байгаа” хэмээн УУХҮЯ-ны Метал  бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр хэллээ. 

Нарийвчилсан ТЭЗҮ-ийг баталсны дараа Газрын тосны үйлдвэрийн төслийн менежментийн зөвлөх компанийг сонгох ажил хийгдэх ба энэ компани төслийн бүтээн байгуулалтаас ашиглалт хүртэлх үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах юм. Нэгэнт Энэтхэг улсаас зээл авч үйлдвэр барихаар тохиролцсон тул төслийн менежментийн компанийг тус улсаас сонгох байх гэж албаны хүмүүс хэлж байгаа. Гэхдээ Энэтхэгийн “Эксим” банкнаас тавьдаг өндөр шаардлагууд төслийн менежментийн зөвлөхийг сонгох гол шалгуур байх юм. Сонгох эрх Монголын талд байгаа ч тус улсын “Эксим” банкнаас short list танилцуулах бөгөөд  тэрхүү санал болгосон компаниудаас тендерийн зарчмаар сонгох эрх Монголын талд үлдэж байгаа юм. Төслийн менежментийн компанийг ирэх аравдугаар сард багтаан сонгосны дараа үйлдвэрийн зураг төслийн ажил хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ дээр тулгуурлан үйлдвэрийн барилга, байгууламжийн зураг төслийн ажлыг хэр хугацаанд хийхээс үйлдвэрийн бүтээн байгуулалтын хугацаа шалтгаалж байна.   

Нарийвчилсан ТЭЗҮ-д тусгаснаар Дорнодын газрын тосны XIX, XXI дүгээр талбайгаас 650  км түүхий газрын тос дамжуулах шугам хоолойг Газрын тосны үйлдвэртэй холбож байгуулна. Одоогоор шугам хоолойг аль улсын, ямар компани барьж байгуулах нь тодорхойгүй ч Монголын цаг агаар, байгаль орчны нөхцөл байдлыг харгалзан Орос, Хятадын технологиос сонголт хийх юм байна. Шугам хоолойн төсөвт өртөг ойролцоогоор 300 гаруй сая ам.доллар гэж яригдаж байна. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.