ITZONE:  Видео аналитик өгөгдлийн тусламжтайгаар үр ашигтай, аюулгүй ажиллагааг нэвтрүүлэх боломжтой

2019-05-22 12:07

Магадгүй та гадуур алхаж явахдаа энд тэндгүй харагдах хяналтын камерыг хардаг байх. Энэхүү камерын технологи нь харагдаж байгаагаасаа хавьгүй ихийг хийх чадвартай болсныг видео аналитик гэх ойлголтоор баяжин шинэ тутам үсрэнгүй хөгжиж буй системээс олж мэдэж болно. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, одоо Монгол улсад үүнийг хэрэглэж, үр ашгийг нь хүртэх цаг үе дээрээ ирээд байна. Тэгвэл яагаад энэ технологийг ашиглах ёстой, тэр нь тухайн байгууллагын бизнест ямар ашигтай талаар “ITZONE” компанийн Системийн интеграцчилалын газрын дарга Б.Энхтайвантай ярилцаж, видео аналитик өгөгдлийн ач холбогдлын талаар тодруулснаа хүргэе. 

Видео аналитик гэж юу болох талаар уншигчдад танилцуулж ярилцлагаа эхлүүлэх үү? 
Тэгэлгүй яахав. Видео аналитик гэхээр бодит байдал, бодит амьдрал дээрээс өгөгдөл мэдээллийг цуглуулж буй хэрэг юм. Бид бүхний сайн мэдэх мэдээллийн технологи (IT)  нь хүмүүсийн хэрэглээн дээр тулгуурлаж, интернэт дэх өгөгдлийг цуглуулдаг бол энэ нь харин илүү амьдралд суурилсан, хүмүүсийн урсгал болон хөдөлгөөн, нүүрний хувирал, хийж буй  үйлдэл дээрээс нь ажиглалт хийн өгөгдөл мэдээлэл цуглуулдаг гэж хэлж болно. Камер дээр бичигдсэн дүрс мэдээллийг өөрөө боловсруулан танд ашигтай, “нэмүү өртөг шингэсэн” мэдээллийг гаргаж өгнө гэсэн үг. Та мэдээллээ хүлээн авч тэндээс өөрт ашигтай шийдвэрээ гаргах болно. Чухамдаа энэхүү систем нь аюулгүй байдал, үр өгөөж талдаа томоохон салбаруудад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм.

Дэлхий дахинд энэхүү технологийг нийгмийн аюулгүй байдал, үйлчилгээний салбаруудын үр ашгийг нэмэгдүүлэх, уул уурхай, тусгай обьектийн аюулгүй байдлыг сайжруулахад өргөнөөр ашигладаг.  

Үүнээс дэлгүүр дээр жишээ авч үзье. Одоо цаг үед цахим дэлгүүрийн үйлчилгээтэй харьцуулахад уламжлалт дэлгүүрүүд өрсөлдөх чадвараар дутмаг байх болсон. Тэгвэл уламжлалт дэлгүүрүүд хэрхэн өрсөлдөөнд тэсч үлдэх вэ? Тэд юугаараа сул талтай байна вэ? Цахим дэлгүүрийн хувьд тэд худалдан авагч юуг илүү сонирхож буй, ямар бараа илүү борлуулагдаж байгаа талаар маш сайн мэдээлэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл тэд цахим дэлгүүрээр хэсэж байгаа хүн бүрийг ажиглах боломжтой. Харин уламжлалт дэлгүүрийн хувьд хэрэглэгчийн тухай мэдээлэл цуглуулж, түүнийг боловсруулахад цаг алдах тал бий. Онлайн дэлгүүртэй өрсөлдөхийн тулд тухайн дэлгүүрт хэчнээн хүн орж ирэв, хэчнээн нь худалдан авалт хийв яг аль хэсэгт хүн илүү цуглаж байна вэ?, хаагуур илүү их худалдан авалттай байна вэ, гээд олон мэдээллийг цуглуулж хэрэглэгчийн зан төлөвийг судлах шаардлагатай. Энэ бүхнийг видео аналитик системийн тусламжтайгаар төвөггүй хийж болно. Цаашлаад тодорхой маркетингийн төлөвлөгөө гарган түүнийхээ үр дүнг хэмжих боломжийг олгоно. Видео аналитик өгөгдлийн системтэй байснаар та илүү сайн төлөвлөгөө гаргаж чадна гэсэн үг юм. Өөрийн хүссэн мэдээллээ дүрсэн дээр тулгуурласан аналитик програм хангамж болон ухаалаг камерын системийн тусламжтайгаар өдөр тутам цаг алдалгүй мэдэх боломжтой. 

Видео аналитик гэдэг маань ажиглалт дээр тулгуурлахаас гадна нэмэлт програм хангамжийн тусламжтайгаар аливаа өгөгдөл мэдээллийг цуглуулж боловсруулж, танд үр ашигтай мэдээллийг хүргэнэ гэсэн үг. 

Уул уурхайн салбарын хувьд видео аналитик систем нь илүү чухал үүрэгтэй байх болов уу гэж санагдаж байна. Та энэ талаар танилцуулахгүй юу?
Дэлгүүрийн тухайд бид үр ашгийн талаар илүү их ярьдаг. Тэгвэл уул уурхайн хувьд хамгийн чухал асуудал нь аюулгүй ажиллагаанд төвлөрдөг. Харьцангуй эрсдэл өндөртэй уул уурхайн салбарт үйлдвэрлэлийг жигд тогтвортой, аюулгүй эрхлэхэд ихээхэн том талбайг хянах шаардлагатай болдог.Тэр том талбайг ажиглаж буй системийн бүрдэлд хэдэн зуугаар тоологдох камерууд суурилуулсан байдаг. Мөн ажиглалт хийх төвийг ажиллуулдаг. Гэхдээ энэ олон камер дээр болж байгаа үйл явдлыг хүмүүс бүгд нарийн ажиглах боломжгүй ба ихэнх тохиолдолд болсон үйл явдлыг ухрааж үзэхэд ашиглаж байна.

Бидний хувьд аливаа үйл явдлыг цаг алдалгүй мэдэж, шуурхай арга хэмжээ авах боломжийг олгохыг зорьж байгаа юм. Уурхайд (эсвэл барилгын талбайд) ажилчид маргалдах юмуу зодолдвол яах вэ? Эсвэл хүн тусламж хүсэн орилж байвал яах вэ? Танай хашааг хэн нэгэн давах үйлдэл хийж байвал яах вэ? Энэ бүгдийг манай санал болгож буй систем нь зөвхөн дүрс төдийгүй дуу чимээг таньж мэдэх үйлдлээрээ шууд илрүүлдэг. Хүн тухайн уурхайн талбайд эсвэл барилгын талбайд хэвтсэн байдалтай байна уу эсвэл босоо байна уу гэдгийг ч энэ системийн тусламжтайгаар мэдэх боломжтой болсон. Аюулгүй ажиллагааны энэ бүх хяналтыг видео аналитик системийн тусламжтай хийснээр цаг алдалгүй хариу арга хэмжээ авах боломжтой болно. Цаашлаад хиймэл оюун ухаан дээр тулгуурласан технологиуд хөгжиж байгаа бөгөөд үүнийг ашиглан abnormal detection хийдэг болсон. Танай уурхайн талбайн ажиглалтын камер нь өдөр тутам хэвийн үйл ажиллагааг хянахын зэрэгцээ хэвийн бус үйлдлийг өөрөө тодорхойлдог гэсэн үг юм. Тухайлбал уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй ажиллагааны стандартад хяналт тавьж тухайн хүн хамгаалалтын малгай өмссөн эсэхийг мэдэх боломжтой болсон. 

Хэрэглээ зөвхөн үүгээр хязгаар­­лагдахгүй. Видео анали­ти­­кийг тухайн компани өөрийн хэрэгцээнд тохируулан ашиглах боломжтой. Тухайн уурхайд орохыг хориглосон хүн эсвэл  VIP зочин, эсвэл ээлжнээсээ буучихсан байх ёстой ажилчин уурхайд явж байгаа эсэх зэргээр таны хүссэн хэрэглээнд нийцүүлэн дүрэм зохиож, анхааруулга өгдөг байдлаар системийг програмчилж болно. 
Өөр нэг хэрэглээ нь нүүрсний ил уурхай дээр гал гарах магад­лал өндөртэй байдаг. Энд видео аналитик системийн тусламжтайгаар гал гарч болзошгүй буюу утаа гарч буй хэсгийг олж илрүүлдэг камер эсвэл дулаан мэдрэгч камер ашиглах боломжтой. 

Мэдээж энэ нь галын дохиоллын системийг орлох боломжгүй, гагцхүү дэмжиж ажиллах болно гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Байгууллагын өмч хөрөнгө, барилгын цонх хагарсан эсвэл буун дуу гарах, гүний уурхайн нуралт зэргийг дуу чимээгээр нь таньдаг болтлоо энэ систем нь хөгжөөд байна.

Энэ чиглэлийн технологийн түүхэн хөгжлийн талаар сонирхуулна уу?
1996 оноос камерын систем нь аналоги системээс дижитал технологи руу шилжсэнээр өнөөгийн хөгжлийн эхлэл тавигдсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл видео дүрс ашиглан дата цуглуулах боломж бүрдсэн гэсэн үг. Эхэндээ видео аналитик нь хөдөлгөөн илэрч буй эсэхэд голлон чиглэж хөгжиж байсан. Хоёр дахь хөгжлийн шат нь тухайн биет эсвэл хүн хаашаа чиглэж буйг мэддэг болсон. Ингээд хөдөлгөөн, чиглэлийн талаар дата цуглуулах боломжтой байдлаар нэгэн үе хөгжиж ирсэн энэ технологи царай таних системийг эрчимтэй хөгжүүлж эхэлснээр гурав дахь хөгжлийн давалгаа эхэлсэн гэж хэлж болно. Царай таних систем (facial analytics) нь олон жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд бүр ч хурдацтайгаар хөгжиж байна. 

Энэ бүхнийг камер, програм хангамжийн тусламжтайгаар цогцлоож байгаа бөгөөд энэ технологи нь тасралтгүй хөгжиж байгааг хэлэх нь зүйтэй. 

Камерын системийн хувьд дэлхий даяар нэг жилд 90 сая ширхэг камер борлуулагдаж буй гэсэн судалгаа бий. Дэлхий дээр байгаа камерууд нь өдөрт 337 мянган терабайт мэдээллийг бичиж авдаг гэсэн тооцоо мөн байдаг. Энэ бүх мэдээллийг зөвхөн боловсруулсны дүнд үр ашигтайгаар ашиглах боломж бүрдэх юм.

Бидний санал болгож буй камер нь технологиороо дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн AXIS Communication буюу Шведийн брэнд юм. Чанарын хувьд Монголын эрс тэс уур амьсгалтай цаг агаарт маш сайн зохицож ажиллаж чадна. Мөн бид нээлттэй платформ дээр суурилсан Milestone systems програм хангамжийн системийг үйлчлүүлэгчиддээ санал болгож буй юм. Энэ нь Дани улсад төвтэй компанийн хөгжүүлдэг систем юм. Нээлттэй платформ гэдэг нь ямар ч төрлийн аналитик програм хангамж болон олон үйлдвэрлэгч нарын камертай нэгдэж ажиллаж болдгоороо ихээхэн давуу тал олгож буйг энд тэмдэглэе. 

Монголын програм зохиогчид хүсвэл Milestone дээр ажиллах боломжтой байдлаар өөрсдөө аналитик програм хөгжүүлж болно. Ингэсэн үед таны програмыг зөвхөн Монголдоо төдийгүй дэлхий нийтэд худалдах боломж үүснэ.
ITZONE-ийн хувьд эдгээр хоёр компани нь дэлхийд энэ чиглэлээр тэргүүлэх технологи үйлдвэрлэгч учир сонгон авч үйлчилгээг нь Монголынхоо хэрэглэгчдэд санал болгож байгаа юм. Аюулгүйн ажиллагааны системийн салбарт шилдэг тавин байгууллагыг эрэмбэлэн гаргадаг ASMAG сэтгүүлийн Security 50 жагсаалт дунд эдгээр хоёр байгууллага нь эхний 10-т багтдаг бөгөөд борлуулалтын өсөлтөөрөө бусад компанийгаа хошуучилж байгаа нь бүтээгдэхүүнийх нь чанарыг илтгэж байгаа хэрэг. 

Хүмүүс уламжлалт хандлагад илүү дуртай байх тал байдаг. Технологид итгэх итгэл монголчуудын дунд төдийлөн их биш байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл уламжлалт камерын системийг илүүд үзэж байж болох юм. Энэ тал дээр таны бодол?
Хүмүүсийн сонирхдог түгээмэл асуулт байна. Үнэхээр бидний энэхүү санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь уламжлалт камер буюу хүн тасралтгүй ажиглаж байдаг хувилбараас юугаараа ялгаатай юм бэ гэж асуух нь зүйн хэрэг. Жирийн камерын хувьд нэг хүн тухайн дүрсийг дэлгэцний ард суугаад анхааралтай гэгч нь ажиглаж байдаг. Муугүй л хувилбар гэж та бодож болно. Гэхдээ 200 ширхэг камертай дэлгэцийг хүн нэгэн зэрэг харж чадах уу? Бас тэндээс ашигтай мэдээлэл цуглуулж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. 

Дэлгэцийн ард хяналт хийж буй хүн видео аналитик системээс өгч буй дохиог цаг алдалгүй авч ажиллах нь өөрөө уламжлалт системээс хамаагүй илүү давуу тал авчирна. Жишээ нь улсын дугаар таньдаг камер байж болно. Үүгээр тухайн байгууллага үүдээр нь хэдэн цагт ямар дугаартай машинууд ирсэн байна вэ гэдгийг харж мэдэж болно. Уламжлалт камерын хувьд та энэ бүхнийг багагүй цаг хугацаа зарцуулан байж шүүж үзэх шаардлагатай болно шүү дээ. Энэ болгонд цаг хугацаа алдах, тухайн ажиллагаа нь илүү нарийн төвөгтэй байдалтай болдог. Царай таних аналитик програмаар ямар хүн орж гарч вэ гэх мэт үйл ажиллагааг мэдэгдэхүйц хялбарчлах болно. Тэгэхээр энэ системийн хувьд ажлыг зөвхөн хялбарчлаад зогсохгүй хамгийн гол нь аливаа асуудлыг болсон хойно нь биш урьдчилан харж асуудлыг шийдэх боломж өгдгөөрөө давуу талтай гэж хэлж болно.

Нөгөө талаар уламжлалт камерын системийн хувьд камер дээрээ өөр дээр нь програм суулгах боломжгүй байдаг бол AXIS-ийн камерт өөрт нь програм суулгах боломжтой байдгаараа давуу талтай. 

Камер дээр нь програм суулгахын давуу тал нь юу байх вэ?
Видео аналитик программ нь камераас ирсэн урсгалыг төв сервер рүү дамжуулан дүрс боловсруулах зарчимд суурилж ажилладаг. 
Мэдээлэл дамжуулах үед төв сервер рүү ихээхэн хэмжээний мэдээлэл зөөвөрлөхөд өндөр зурвас (bandwidth) болон өндөр хүчин чадал бүхий сервер шаардлагатай. Тэгвэл AXIS-ийн камер нь дүрсийг өөр дээрээ боловсруулалт хийн зөвхөн хэрэгтэй датаг цаг алдахгүй, мөн үр ашигтайгаар дамжуулна. Ингэснээр төв дээр боловсруулалт хийх шаардлагатай өндөр хүчин чадалтай серверүүд хэрэггүй болж байгаа юм.
Жишээ нь хотын замын хөдөлгөөний хяналтын камерт бичигдсэн машинуудын мэдээллийг төв сервер рүү бүгдийг нь дамжуулах уу эсвэл тухайн яг хэрэгтэй (машины улсын дугаар эсвэл хурдны үзүүлэлт) мэдээллийг илгээх үү гэдэг сонголтоос хоёр дахь нь мэдээж цаг хугацаа, дэд бүтцийн оновчтой ашиглалтыг бий болгоно. 

Нөгөө талдаа та байгууллагадаа хэдэн арван эсвэл хэдэн зуун камер суурилууллаа гэж бодоход зөвхөн нэгд нь машины дугаар таних програм, нөгөөд нь царай таних програм суулгаж болно. Энэ бүхэн нь камерт өөрт нь програм суулгахын давуу талын нэг хэсэг нь юм. 

Манай улсад энэ төрлийн технологийн ашиглалт аль түвшинд байгаа вэ?
Энэхүү камерын системийг томоохон уул уурхайн компани, банк санхүү, гаалийн салбар, шатахуун түгээх станц зэрэг олон салбар өргөнөөр ашигладаг. 

Гэхдээ Монголын хувьд видео аналитикт хангалттай ашиглаж байна уу гэвэл үгүй гэж хэлнэ. Харин энэ төрлийн технологийг идэвхитэй ашиглах цаг үеийн эхэн дээр ирээд байна гэж хэлбэл зохино. 

ITZONE компанийн хувьд бид системийн найдвартай байдлыг чухалчилдаг бөгөөд бидний санал болгож буй систем нь дэлхийн тэргүүлэх технологийг хөгжүүлэгч AXIS, Milestone компанийн бүтээгдэхүүн гэдгийг энд дахин онцолъё. 

Энэ систем улам бүр хөгжиж, тэр хэрээрээ хүмүүст, салбар салбарт үр өгөөжөө өгсөөр байна. 
Хятадад оюутнуудын ирцийг хянаад зогсохгүй, чухам хэдэн хувь нь хичээлд идэвхтэй оролцож буйг шалгадаг систем туршиж эхэлж байна. Австралийн гааль дээр царай таних систем нэвтрүүлээд байгаа бол Тайваньд мөнгөний автомат машин дээр ашиглаад эхэлсэн. 
Энэхүү систем нь аюулгүй ажиллагаа, үр ашигтай ажиллагаа, хялбар ажиллагааг танд, таны бизнест бий болгох амжилтын хурдасгуур юм. 

Ярилцсанд баярлалаа! 


 

Сэтгэгдэл (1)

  • angela gonzalez (41.85.161.137)
    Бүх зүйл сайн байна Ноён Iwaniuk dariusz намайг Ноён Iwaniuk dariusz хийсэн гэж хэлэхэд баяртай байна. Би түүнд 6000 € зээлийг асууж, тантай ярих үед таныг худал хэлэхгүй гэж би гэрчлэв. 6000 еврог миний дансанд оруулсныг олж мэдсэн юм. Энэ бол миний урьд өмнө алдсан баяр баясгаланг олох боломжийг надад олгосон энэхүү гайхамшигтай ноён надад гэрчилсэн энэхүү баяр баясгалан юм. Тиймээс хэрэгцээтэй байгаа хүмүүст цаашид ямар ч харагдахгүй, түүнтэй холбоо бариарай мэйл: iwaniukdariusz1234@gmail.com WIISAPP 0022 960 495 638
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 4 цаг 6 минутын өмнө
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • Өчигдөр 18 цаг 55 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • Өчигдөр 12 цаг 21 минутад
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
  • Өчигдөр 12 цаг 06 минутад
    Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
  • Уржигдар 17 цаг 58 минутад
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.