Үндсэн хуулийн цэц роялти-ийг хүчингүй болгосон уу?

2019-10-31

Үндсэн хуулийн цэц ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авах боломжгүй болгосон шийдвэрийг өчигдөр(10.30) гаргасан тухай Сангийн сайд онцоллоо. АМНАТ буюу роялти нь ард түмний өмч болох дахин сэргээгдэшгүй нөөц баялгийг ашигласанд төлж буй төлбөр юм. Хэрэв энэхүү төлбөрийг үнэхээр авахгүй болж байгаа тохиолдолд Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн “ухралт” хийж буй явдал болно.

Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн мэдээлэлд “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж эцэслэн (10.30) шийдвэрлэсэн”-ээ мэдэгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж  Цэцийн Их суудлын хуралдаанаас үзсэн байна.

Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгов гэж мэдээлэлд дурджээ.

Харин Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти-ийг хүчингүй болгосон” хэмээн байр сууриа хүчтэй илэрхийлэв. АМНАТ хэлбэрээр төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг одоогийн 2020 оны төсвийн төсөлд 1.3 их наяд төгрөгөөр тусгасан. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11%-тай тэнцэх мөнгөн дүн юм. Сангийн сайд “Товчхондоо, Ашигт малтмал ард түмний өмч биш компаниудын өмч болж байна. Арай ч дээ” хэмээн өөрийн twitter хуудаснаа жиргэлээ. Түүний мэдэгдснээр, Монголын байгалийн баялгийн сангууд болох Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг нь ямар ч орлогын эх үүсвэргүй болох аюул нүүрлээд буй аж.

Үндсэн хуулийн цэцийн хүчингүй болгосон 47 дугаар зүйлийн заалтууд нь Ашигт малтмалын тухай хуулийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (роялти)-ийн тухай болон өсөн нэмэгдэх роялтийн тухай зүйлийг хамарч байгаа юм.

 

Ашигт малтмалын тухай хууль

 

47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.

/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47.2.Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:

47.2.1.экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;

47.2.2.дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;

47.2.3.дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.

47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:

47.3.1.дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;

/Энэ заалтад 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.

/Энэ заалтад 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47.3.3.Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2,5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.

/Энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн бөгөөд энэ заалтыг 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө/

47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:

Б.Төгс

 

 

 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.127.167)
    Женкогийн тавиулууд багахан давраарай
    2019 оны 10 сарын 31 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 56 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 18 цаг 15 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.