ОУТОТЕК-ийн технологийн “ЖОР”

2019-12-30 15:40

 

Зэс баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах, зэсийн гидрометалургийн технологиор нь “Оутотек”-ийг монголчууд түлхүү мэддэг. Финландад төвтэй “Оутотек” компани нь Монголын зэс, алт болон нүүрсний салбарт өөрийн технологийн дэвшлийг хэдийнэ нэвтрүүлээд буй юм. 
“Эрдэс боловсруулалт болон металургийн салбар дахь “Оутотек”-ийн дэвшилтэт технологиуд” сэдэвт  семинарыг Монгол дахь салбар компани болох “Оутотек Монголиа” ХХК   6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 

Энэ удаад тус компанийн алт боловсруулах технологийн давуу талууд, ололтын талаар болон хаягдлын аж ахуй, усны менежментийн бизнесийн интеграцийн талаар (2019.12.04) танилцуулав. Гүйцэтгэх захирал Вадим Халфин,  BIOX технологийн Ахлах менежер Иан Ван Нэйкэрк, Евразийн бүсийн Үйлчилгээ, борлуулалт хариуцсан захирал Күн Аберкром, Евразийн Бүсийн Хаягдал өтгөрүүлэх бүтээгдэхүүн хариуцсан Ахлах Менежер Елена Нечаева, Евразийн бүсийн Хаягдлын аж ахуй, ус хариуцсан захирал Артуро Гутиэрэз дэл Олмо, Бүс Хариуцсан Худалдааны Менежер Д.Цолмонтуяа нар танилцуулга хийж оролцогчидтой дугуй ширээний ярилцлага хийж тулгамдаж буй асуултад хариуллаа. 

“Оутотек” компани нь эрдэс боловсруулалт, металурги, усны менежмент, эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэх шийдлүүдийг санал болгодог. Дэлхийн 80 оронд борлуулалт хийдэг бөгөөд үүний 36 улсад судалгаа, шинжилгээ болон үйлчилгээний төвд 4200 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн оны хэмжээнд 1.14 тэрбум еврогийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
Монголд гагцхүү зэс төдийгүй алтны үндсэн ордын олборлолт нэмэгдэх хандлагатай байгаа өнөө үед тус компанийн технологийн шийдэл нь асар их хэрэгцээтэй юм.  Тус компани нь алт боловсруулалтын чиглэлээр  Outotec BIOX, Outotec POX, Outotec CIL & CIP технологиуд, Outotec ASTER, SkimAir- Flash флотацийн технологи, Courier 6G алтны шууд хэмжилт зэрэг технологиудаа дэлгэрэнгүй танилцуулж, санал болгож байна.   Эдгээр технологийг ашиглан алтны төслүүдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх боломжтой талаар “Оутотек” компанийн BIOX-ийн Ахлах менежер, Иан Ван Нэйкэрк танилцууллаа. 

BIOX технологийн тухайд алтны метал авалтыг нэмэгдүүлж ашиглалтын зардлыг бууруулдгаараа ихээхэн ач холбогдолтой. Боловсруулалтад ашигладаг бактерийг өсгөх, хадгалахад маш хялбар болгож өгсөн. Гучин жилийн өмнөөс зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд Монгол  Улстай ойролцоо газар зүйн байрлалтай, цаг агаар төстэй Казахстан  улсад амжилттай ажиллаж байна. 

Одоогийн байдлаар уг технологийг ашиглан 24 сая унц алт олборлоод байгаа юм. Далайн түвшнээс 3000 метрийн өндөрт хүртэлх орчинд ашиглах боломжтой. Хоногт 20-2000 тоннын хүдэр боловсруулах хүчин чадалтай байдлаар үйлдвэрийг тохируулах боломжтой. Цельсийн хасах дөч, нэмэх 45 хэмд ажиллуулна. Дэлхийн зургаан улсад (Австрали, Өмнөд Африк, Узбекистан г.м) 13 үйлдвэр байгуулж ажиллаж байна. Үйлдвэрийг 4-40%-ийн агуулгатай баяжмалаар тэжээж болно. ASTER процессийг ашиглан хаягдлыг хоргүйжүүлэн, цианидыг 0.1% хүртэл цэвэршүүлдэг. ASTER нь уусган баяжуулалтаас гарсан хаягдлыг боловсруулах байгальд ээлтэй технологи юм. Чухамдаа энэ нь цианит болон тиоцианы хүчлийг задлах биологийн процесс болно.

POX буюу даралтаар уусган баяжуулах технологи бүхий төслийн хамгийн тод жишээ бол ОХУ-ын хоёр дахь том алт үйлдвэрлэгч “Петропавловский” компанийн Покровскийн алт боловсруулах үйлдвэрийн байгууламж юм. Энэ оны эхээр үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Эдгээрээс гадна Турк улсад Чингиз Мазидаг төсөл (2018 оны 4-р улиралд ашиглалтад орсон), Саудын Арабын Мааден Гоулд Мансура Массара төсөл нь уг технологид түшиглэсэн. 

Skim Air хурдан флотацийн технологи нь чөлөөт алтыг богино хугацаанд бага зардалаар авах боломжтой тул шороон ордын алтны хүдэрт тохиромжтой. 1982 онд танилцуулж байсан. Одоогийн байдлаар дэлхий дахин 200 орчмыг суурилуулаад буй.
Алтны шууд хэмжилт буюу Courier 6G технологи нь 5-12 минут тутамд зутанг шинжилнэ. Тодруулбал алтны хүдрийн бүтцийг нарийн шинжилснээр  процессын явц дахь алтаа алдах эрсдэлийг бууруулж төдий чинээгээр метал авалтыг өндөр байлгах боломжтой гэсэн үг.  Уг семинарын бас нэгэн чухал сэдэв нь хаягдлын аж ахуй, усны менежментийн бизнесийн интеграцийн тухай байв. 

Хаягдлын систем нь дэлхий дахинд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй үүрэг хариуцлага гэж авч үзэн энэ чиглэлд ажиллах болсон. “Оутотек”-ийн хувьд Монголтой төстэй цаг ууртай улс болох Орост уламжлалт маш том талбай эзэлсэн хаягдлын аж ахуйг шинэчлэх томоохон төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Үүнд Учалинскийн ил уурхай, Стойленский УБҮ дэх хаягдал өтгөрүүлэгчийн байгууламж барих төслийг нэрлэж болно. Оутотекийн технологи нь эрчим хүчний хэмнэлттэй, ус эргүүлэн ашиглалт сайтай, урсгал зардал багатай зэрэг олон давуу талтайг Евразийн Бүсийн Хаягдал өтгөрүүлэх бүтээгдэхүүн хариуцсан Ахлах менежер Елена Нечаева тайлбарлалаа. Ноён Артуро Гутиэрэз хаягдлын менежментийн талаар танилцуулах үеэрээ уурхайн нөхөн дүүргэлтүүдийн шийдлүүдийг үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Хаягдлын аж ахуй гэхээр үүнд усны менежмент зайлшгүй чухал үүрэгтэй байдаг. Учир нь хаягдал хадгалах үйл явцад ус шүүн тунгаах нь хамгийн том сорилт болно.  

“Оутотек” компани нь Монгол Улсад албан ёсны салбараа 2013 онд байгуулсан. Тус компанийн Монголд гүйцэтгэсэн ажлуудыг дурдвал хамгийн анх 1994-2000 онд “Эрдэнэт үйлдвэр”-т флотацийн тоног төхөөрөмж, керамик шүүлтүүр, 2002 онд “Бороо гоулд”-ын үйлдвэрт  баяжмал өтгөрүүлэгч, 2009 онд “Оюутолгой”-д шүүн хатаагч филтер, 2010-2012 онд Ухаахудагийн уурхайд өтгөрүүлэгч нийлүүлсэн туршлагатай. 

NASDAQ-ийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг “Оутотек” компани нь дэлхийн байгалийн нөөцийг тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлэн ашиглахад зориулагдсан технологийн шийдлүүдийг боловсруулж бүтээдэг. Гагцхүү металлургийн чиглэлд дэлхийд тэргүүлэгч байгаад зогсохгүй хими, үйлдвэрлэлийн ус цэвэршүүлэлт, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэлэг санаа оноо нэвтрүүлэн хэрэгжүүлэх болсон. 

 

Семинартай холбоотой мэдээлэл болон Оутотек компанийн бусад техник, технологийн дэлгэрэнгүй мэдээллийг Бүс Хариуцсан Худалдааны Менежер Д.Цолмонтуяатай (+976 94077774, tsolmontuya.dashdondog@outotec.com ) утас болон имэйл хаягааар холбогдон авах боломжтой юм. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 59 минутын өмнө
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • 16 цаг 49 минутын өмнө
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
  • 16 цаг 50 минутын өмнө
    Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
  • 17 цаг 37 минутын өмнө
    Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
  • Уржигдар 15 цаг 31 минутад
    Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.