Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)

2020-02-14 11:11

Н.Даваасамбуу  /Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) /

Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй. Байгалийн нөөц баялаг   улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг   маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг. 

Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ. 

Байгаль дахь эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүнээ  экспортлох замаар мөнгө олж, түүнийгээ нийгмийн учир утгагүй халамж, тансаглалд хий зарцуулж, цацах, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурахад эдийн засаг нь дагаад унах, төр, засгийн эрх баригчдын зарим нэг ухвар мөчид ухаан, шуналт этгээдүүд буруу зөрүү замаар оруулсан зэргээс шалтгаалан улс орон   ядуурахыг товчхондоо “Голланд өвчин” тусах гээд байгаа юм. “Баялгийн хараал” гэдэг нь эрдсийн баялгаа олборлож, ашиглаад дууссан ч улс, нийгмээрээ ядуу тарчиг хэвээрээ, баялаг үйлдвэрлэдэг гялайж гялтайх ганц үйлдвэргүй, эвдэрсэн газар шороондоо дарагдан үлдэхийг хэлдэг. Монгол Улс байгалийн эрдэс баялаг арвинтай хийгээд уул уурхайн салбарт тулгуурлан аж төрдгийн хувьд ийм төрлийн өвчин, хараалд өртчих вий гэж нийтээрээ болгоомжилдог, сэтгэл зовнидог. Гэтэл манай эрх баригчид хуучин, шинэ оны зааг дээр дурдсан “өвчин, хараал”-тай адил бус, гэхдээ энэ төрөлд хамруулбал зохих цоо шинэ төрлийн “өвчин”-ийг   дэлгэрүүлэв. Энэ нь Монгол Улсын тэтгэврийн насны 421 мянган иргэнээс тэтгэврийн зээлтэй 229 мянган иргэн ХААН болон Төрийн банкнаас авсан 776 тэрбум төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх хууль боловсруулан баталсан үйлдэл юм. 

Энэхүү зээлийн төлбөрт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь байдаг Салхитын  ордыг ирээдүйд ашиглах 7 жилийн хугацааны нийлбэр ашгийг барьцаалан бонд гаргаж мөнгөжүүлэх замаар уг хуулийг хэрэгжүүлэх явдал юм. Үүнийг  монголоор тайлбарлавал “Алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын үлгэр жинхэнээрээ  амилж байгаа нь энэ.

Орд ашиглах төслийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК хэрэгжүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК бонд гаргах, түүнд нь Хөгжлийн банк баталгаа гаргах, Монголбанк мөнгөжүүлэх, тэр мөнгөний 70%-ийг ХААН банк, 30%-ийг Төрийн банк авсанаар тэтгэврийн зээлийн өр тэглэх ажиллагаа хэрэгжих юм байна. Түүнчлэн, тэтгэврийн зээл аваагүй 192 мянган ахмадуудад тус бүрт 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас гаргаж тараах   гэнэ. Энэ бол яах аргагүй эрдсийн баялгаас үүдэн үүсэж байгаа цоо шинэ “өвчин” юм. Урьд нь ийм “өвчин”-ий сураг сонсогдож байгаагүй билээ. Цоо шинэ учраас, тэгээд ч Монголоос гарч байгаа учир үүнийг “монгол өвчин” гэж нэрлэхээс өөр аргагүй. 

“Монгол  өвчин”  “голланд  өвчин”-өөс ялгаатай. Нэгдүгээрт, “голланд өвчин”-ий үед олборлож, хагас боловсруулсан  бүтээгдэхүүнээ экспортолж, түүнээс бодитой  бий болсон орлогыг шамшигдуулдаг бол “Монгол өвчин” нь олборлож, ашиглаж эхлээ ч үгүй байгаа ашигт малтмалын ордын ашиглалтаас ирээдүйд бий болно гэж алдаа, мадагтайгаар цаасан дээр тооцоолсон орлого, ашгийг барьцаалан бонд болон үнэт цаас гаргаж, түүнийгээ бодитой байгаа мөнгөөр (улсын буюу ард түмний бэлэн мөнгө) мөнгөжүүлж, хэн нэгний ашиг сонирхолтой зүйлд зарцуулдаг. Хоёрдугаарт, ирээдүйд бий болох ашиг, орлогыг нь төр өмчлөн, эзэрхэн авч буй мөртлөө, тэрхүү ашиг, орлогыг бий болгох арга, үндсэн зэвсэг  болсон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төр гаргах, өрөнд орж буйгаа мэдэхгүй байгаагийн дээр энэхүү хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хэрхэн гаргах талаар өчүүхэн ч бодсонгүй. Гуравдугаарт, “Монгол өвчин”-өөр хамаг орлого, ашгийг нь түрүүлээд авсан төслийг хэрэгжинэ гэж итгэхэд бэрх. “Монгол өвчин” нь цаасан дээр (хууль, шийдвэрээсээ эхлээд бонд, үнэт цаасаа хүртэл) хий хоосон, эзэн-хариуцагчгүй дэлгэрч буй учраас уг ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй, бөөн хүлээлт, маргаан үүсэх нь дамжиггүй тул тусгай зөвшөөрөл эзэмшилт будилж, төсөл хэрэгжих хугацаа хойшилсоноор ойлгомжгүй нөхцөл байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж, эцэстээ улс нийгэм л хохирно. 

Ашигт малтмалын бусад нүнжигтэй томоохон ордуудын хувь заяа  ийм маягаар “монгол өвчин”-д нэрвэгдэж,  өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх, нам, эвсэл, эрхтэн дархтан цаашид бий болохыг үгүйсгэх аргагүй. “Монгол өвчин” гарсанаар банк, харилцагч хоорондын арилжааны харилцаанд төр хөндлөнгөөс оролцож, будлиан үүсгэж байна. Зөвхөн Засгийн газрын гаргасан бондыг мөнгөжүүлэх үүрэгтэй Монголбанк компанийн бондыг санхүүжүүлэх болж байна. Төр иргэдэд ялгавартай хандаж байгаа нь бодитой илэрч, ард иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлж байна.

Ийнхүү эрдэс баялагтай холбоотой нэгэн шинэ “өвчин” Монгол эх оронд маань үүсч байгаа нь туйлын харамсалтай.  
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 9 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 13 цаг 56 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.