Зогсох эрхгүй нүүрсний салбарын тооцоолоогүй “тулгаралт”

2020-04-20 15:56

The Mongolian Mining Journal /003.2020/

-COVID-19-ийн улмаас нүүрсний экспорт зогсонги байдалд орсон ч эрэлт сайн байх төлөвтэй-

Б.Төгсбилэгт

Оны эхний хоёр сарын байдлаар нүүрсний салбараас улсын төсөвт оруулах орлогын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 21.4% буюу 39.4 тэрбум төгрөгөөр буурч 144.9 тэрбум төгрөгт хүрсэн тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам мэдээллээ. Гэхдээ энэ бол нүүрсний салбарт сонсогдож буй хамгийн муу мэдээ биш юм. Учир нь оны эхний хоёр сар хагасын байдлаар Монголын нүүрсний экспорт биет хэмжээгээр болон орлогын дүнгээр 47%-иар буурчээ. Одоо экспортыг сэргээх ажил Монголын Засгийн газар, олборлогч компаниудын өмнө ид тулгараад байна.
 

Сайн мэдээ гэвэл Хятадын тал Монголоос нүүрс авах сонирхол хэвээр байгааг Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл онцолж байна. Гэхдээ өмнөд хөрш энэ онд Монголоос хэдий хэмжээний нүүрс импортлох таамгийг одоохондоо шууд хэлэхэд эрт байна. Өнгөрсөн оны хувьд Хятад улс Монголоос 36.6 сая тонн нүүрс импортолсон бол энэ онд манай улс 42 сая тонныг экспортлохоор төсөвтөө тусгасан. 2020 оны төсвийг тийнхүү нүүрсний экспортын томоохон зорилттойгоор батлах үед шинэ коронавирусын нөлөөг хэн ч таамаглаагүй байсан. Одоо шинэ коронавирусын халдварыг Хятад хяналтандаа оруулж чадсан ч дэлхий дахинд ялангуяа АНУ, Европд тархаад буй хүндхэн цаг үед уг өвчний дэгдэлт хэзээ, хэрхэн намжихыг хэн ч хэлж мэдэхгүй байна. 
 

Эхний ули­ралд нүүрсний экспорт ийнхүү огцом буурсан ч нөхцөл байдлыг оны төгсгөлд хэвэнд нь оруулах боломжтой гэсэн өөдрөг үзлийг Сангийн сайд дэвшүүлж байна. Гэхдээ сонгууль ойртох тусам улстөрчдийн хэлэх үгс зөвхөн өөдрөг гэсэн уриатай болдгийг мартаж болохгүй. Сайдын хэлсний дагуу бол, Гашуунсухайт боомтын дэд бүтцийн шинэчлэл хийгдсэнээр боомтын нэвтрэлт үлэмж хэмжээгээр нэмэгдэж, улмаар алдагдлыг нөхөх боломж гарч ирж болох юм. Гэвч боомтын шинэчлэл гэхээсээ илүү Хятадын талын татан авалтыг төр засгийн түвшинд тохирох хэрэгтэй. 
Ерөнхийлөгч Х.Баттулга корона­вирусын тархалтын голомт болсон Хятадад хоёрдугаар сарын 27-нд сайн хөршийн итгэлт андын хувиар айлчилж тус улсын дарга Си Жинпинтэй уулзаж, хүнд хэцүү цагт   сэтгэлийн дэм өгсөн. Уг уулзалт ганцхан Хятадын удирдагчийн сэтгэлийг өргөх гэхээсээ илүү цаашид Монгол, Хятадын  худалдааны нөхцөлийг хэвийн үргэлжлүүлэх байдлыг баталгаажуулснаараа ач холбогдолтой байв. 

 

Энд хоёр асуулт бий. Манай улсын экспортын 40%-ийг бүрдүүлдэг нүүрсний гадаад худалдаа энэ онд хэвийн үргэлжлэх үү? Нөгөөтэйгүүр зах зээлийн ханшийн асуудал хэрхэх вэ? 


 
Энэ онд экспортын биет хэмжээг өндөр  тогтоосон, тэр хэрээрээ ихээхэн хэмжээний төсвийн орлого бүрдүүлэхээр дүн тавьсан. Үүнээс үзэхэд нүүрсний экспорт зогсох эрхгүй болжээ. Гэвч шинэ коронавирусын тархалт Хятадад болон бусад оронд нэмэгдэхийн хэрээр хоёрдугаар сарын 10-нд Улсын онцгой комисс нүүрсний экспортыг түр зогсоосон. Нүүрсний экспортын зогсолт удаан үргэлжлэх тусам манай улсын эдийн засагт “эдгэршгүй” дарамт үүсэхийг Засгийн газар хэн хүнээс илүү мэдэж байгаа. Тиймдээ ч нүүрсний экспортыг гуравдугаар сарын 2-нд сэргээхээр төлөвлөж байсан ч өвчний тархалтын байдал намжих шинжгүй, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлтгэл ажлаас үүдэн  уг хугацааг мөн сарын 15-ны өдөр болгож хойшлуулах шийдвэрийг Улсын онцгой комисс гаргасан. 

 

Энэ хооронд гуравдугаар сарын 5-нд Замын-Үүд боомтоор ариутгал, халдваргүйжүүлэлтийн бэлтгэл ажлыг хангаж, хүнд даацын автомашинаар нүүрсний экспорт  хийж эхэлсэн. Тус боомтоор хэмжээний хувьд төдийлөн их нүүрс гардаггүй ч Сангийн сайд энэ мэдээг тун баяртайгаар зарласан. Гэвч Гашуунсухайт, Шивээхүрэнгийн экспорт эхлэхийг л нүүрсний салбар хүлээж байсан. Улмаар нүүрсний гол худалдааны суваг болох Гашуунсухайт боомтоор гуравдугаар сарын 23-нд нүүрс экспортолж эхэлсэн нь тун чухал үйл явдал байлаа. Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин (нэг машинд 80 тонн нүүрс ачина) дээд талдаа гаргахаар байгаа нь компаниудын хувьд хэтэрхий чамлалттай   нь ойлгомжтой. Энэ боомтоор “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн жижиг “Тавантолгой” компанийн нүүрс гардаг тул олгогдсон экспортын “квот”-ыг гурван компани хувааж эдлэх юм. 
Боомтоор нүүрс гаргахдаа ариутгал, халдваргүйжүүлэлт  хийхийн сацуу жолооч нар нэг удаагийн хувцас, хэрэглэлтэйгээр тээвэр хийж, хилээр гарсан тухайн өдөртөө буцаж орж ирж байгаа юм. Шивээхүрэн боомтын тухайд экспорт хараахан эхлээгүй ч гуравдугаар сард багтаан шийдэгдэх төлөвтэй байна. Шивээхүрэн боомт  Гашуунсухайт боомтын дараа орох нүүрсний гадаад худалдааны гол суваг бөгөөд Монголын нүүрсний нийт экспортын 40%-ийг бүрдүүлдэг.

 

Шинэ коронавирусын тархалтын нөхцөл байдлаас үүдэн Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгасан учир нүүрсний экспортын удаашрал дөрөвдүгээр сар дуустал үргэлжилнэ гэсэн үг. Хэдийгээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийх горимоор Гашуунсухайт боомтоор өдөрт 300 машин, Шивээхүрэнгээр 200 машин нүүрс экспортолно гэж тооцоолсон ч бодит байдал дээр хавьгүй цөөн машин гарч байна.
Тэгэхээр нүүрсний экспортын сэргэлт бодит утгаар тавдугаар сараас эхлэх хүлээлттэй байна. 


Нүүрс олборлогч компаниудын хувьд амаргүй сорилттой тулгарч байгаа ч  гарах сөрөг нөлөөллийг аль болох арилгахаар, түүнд дасан зохицож ажиллаж байна. 
 

“Энержи Ресурс”-ийн тухайд нүүрсний экспорт зогссоноос хойш Хятадын хилийн доторх нүүрсний агуулах дахь нөөцөөс борлуулалтаа хийсэн байна. Энэ хооронд тус компанийн Барууннаран уурхайн үйл ажиллагаа зогссон бол Ухаахудагийн уурхайн олборлолт үргэлжилсэн байна. Тус компани  коронавирусын тархалттай холбоотойгоор зах зээлд тодорхойгүй нөхцөл үүссэнийг 2019 оны тайландаа онцолжээ. 
 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд он гарснаас хойш 1.6 сая тонн нүүрс экспортлоод байгааг  гуравдугаар сарын эхээр мэдэгдсэн. Тус компани  энэ онд улсын төсөвт 540 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр ажиллаж байгаа юм.  Экспорт эхлэхгүй удах тусам   Шивээхүрэн боомтоор нүүрс гаргадаг компаниудын хувьд илүү амаргүй  байна. 
 

“Саусгоби Сэндс” компанийн хувьд хоёрдугаар сарын 10-наас эхлэн хил хааж, нүүрсний экспортыг зогсоосноор олборлолтын хэмжээгээ бууруулжээ. Тус компани экспорт эхлэхийг хүлээж байгаа бөгөөд хоёр сарын экспорттой тэнцэхүйц нүүрсний овоолго бий ажээ. 


МАК, “Өсөх Зоос” компанийн тухайд экспорт хаагдсанаас хойш уурхайн ажилчдаа гуравдугаар сарын 15  хүртэл 60%-ийн цалинтай амрааж, сул зогсолт хийжээ. Боомт нээгдмэгц уурхайн олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Монголын талаас Шивээхүрэн боомтод нүүрсний экспортод бэлтгэж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүхий л ажил хангагдсан болохыг УУХҮЯ  мэдээллээ.  

Гадаад зах зээлд ханш тогтвортой байна

Хятадын нүүрсний уурхайнуудын 83.4% нь олборлолтын үйл ажиллагаагаа сэргээсэн тухай тус улсын Үндэсний Эрчим хүчний газар гуравдугаар сарын эхээр мэдэгдсэн. 
Монголын хувьд коксжих нүүрсний цорын ганц худалдан авагчтай, тэр нь Хятад улс гэж хэлж болно. Тус улс манай улсаас нүүрс авна гэж байгаа нь манай нүүрсний экспортын суурь нөхцөл сайн байгааг харуулна. Гэвч ханш ямар байх вэ?  Он гарснаас хойших хугацаанд коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлд харьцангуй тогтвортой,   бүр өсөлттэй  байна гэж хэлж болно. Коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор дэлхийн түүхий эдийн зах зээлд ханшийн огцом савлагаа үүсч зэс, газрын тосны үнэ мэдэгдэхүйц буураад байна. Бусад түүхий эдтэй харьцуулахад гангийн гол түүхий эд   коксжих нүүрсний үнэ маш тогтвортой байгаа нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. Манай улсын нүүрсний зах зээлийн гол бүс нутаг болсон Бугат, Ухай орчимд сайн чанарын коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 900 юань орчим байгаа нь ханш харьцангуй тогтвортой   төдийгүй бага зэргийн өсөлттэй дүн болохыг “Монгол Нүүрс  ассоциаци” мэдээлсэн. 

 

Хятадын хувьд энэ оны эхний хоёр сарын байдлаар 14.3 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 38.8%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд тус улс Австралиас 9.86 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 79.6%-иар өссөн үзүүлэлт боллоо. Харин Монгол Улсаас нийтдээ 2.44 сая тонн коксжих нүүрс импортолсон нь 30.7%-иар буурсан дүн болжээ. Ийнхүү буурсан нь   коронавирусын тархалтаас сэргийлэх үүднээс манай улс хилийн боомтуудаа хаасантай холбоотой. ОХУ-ын тухайд мөн хугацаанд 952 мянган тонн коксжих нүүрс Хятад руу экспортолсон нь 31%-иар өссөн байна. Энэ хугацаанд АНУ-аас 104.2 мянган тонн, Канадаас 930 мянган тонн коксжих нүүрс  тус тус импортолсон нь өмнөх оныхоос өсөлттэй байна. 

Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Хятад улсын хувьд  коронавирусын халдвар гарч эхлээд байх үед эрүүл мэндийн шинжээчид уг өвчний тархалт өөр бусад оронд бие даасан голомт үүсгэн үргэлжилбэл том аюул нүүрлэнэ гэж шинжээчид тайлбарлаж байлаа. Энэ аюул одоо биеллээ олж дэлхийн коксжих нүүрсний эрэлтийн багагүй хэсгийг бүрдүүлдэг АНУ, Европын орнуудад хамгийн том голомт үүсээд байгаа юм. Одоо   коронавирусын тархалт тус бүс нутгуудад буурч, зогсох хүртэл хөл хорио үргэлжлэх нь тодорхой бөгөөд энэ тохиолдолд тэдгээр улс орны аж үйлдвэрлэл зогсч, нүүрсний эрэлт дагаад буурах юм. 
Дэлхийн ган үйлдвэрлэгч хамгийн том компаниудын нэг “ArcelorMittal”   коронавирусын тархалтын улмаас Франц, Итали, Испани дахь үйлдвэрүүдээ зогсоохоор болсноо зарлажээ. Тус компани  жилдээ 130 сая тонн ган үйлдвэрлэдэг нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн 10%-тай тэнцэнэ. Ийм сөрөг өрнөл нь коксжих нүүрсний зах зээл дэх ханшийг бууруулах нөхцөл болж байна. u

Мөн коксжих нүүрсний хамгийн том хэрэглэгчдийн нэг болсон Энэтхэг улсад үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосноор гангийн аж үйлдвэрлэл нь зогсонги байдалд орж коксжих нүүрсний эрэлт   буурах шинжтэй болж байна. 


Дэлхийн коксжих нүүрсний гол худалдан авагч орнуудын импортын төлөв

Эх сурвалж: Австралийн Засгийн газрын Нөөц баялаг, эрчим хүчний 
2020 оны эхний улирлын тайлан 


Энэ бүх хүчин зүйлийн хажуугаар Хятадын аж үйлдвэрлэлийн сэргэлтийн мэдээллүүд цаашид үнэхээр хэвийн үргэлжлэх үү гэсэн асуулт гарч ирж байна. Хятадын хувьд оны эхний хагаст коксжих нүүрсний хэрэглээ сайнгүй байх төлөвтэй   ч  хоёрдугаар хагаст үйлдвэрлэлийн эрчим сэргэх хандлагатайг тус улсын нүүрсний салбарын төлөөллүүд мэдэгдэв. Хятадын дотоодод коксжих нүүрсний ханш дэлхийн зах зээлийн дундажтай харьцуулахад харьцангуй өндөр байдал ажиглагддаг. 
Манай улсын нүүрсний экспорт буурсантай холбоотойгоор Ухай дахь коксын үйлдвэрүүдийн гарц ихээхэн доошилсон байна.

Гэхдээ цаашид коксжих нүүрс болон коксын ханш тогтвортой байх уу,   буурах уу гэдэгт шинжээчид хоёр талд хуваагджээ. Үнэн гэвэл тус улсын гангийн салбарын үйлдвэрлэл, эрэлт буурч, бүтээгдэхүүний үнэ буурвал энэ нь коксжих нүүрсний зах зээлд томоохон эрсдэл бий болгоно. 
 

Хятадын хувьд сэргэлт харьцангуй сайн   байгаа бөгөөд   энэ онд анхандаа эдийн засгийн өсөлт нь 5-6%-тай гарна   гэж таамаглаж байсан. Хятадад коронавирусээс үүдсэн  зогсолтын дараах үйлдвэрлэлийн сэргэлт харьцангуй сайн байна. Гангийн зах зээл судалгааны байгууллага   “Mysteel Global”-ийн мэдээлснээр Хятадын барилгын салбарын гангийн хэрэглээ хоёрдугаар сарын дунд үеийн байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 80-90%-иар буурсан   бол гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн байдлаар уг үзүүлэлт 40% болж дээшилжээ. 
 2019 онд тус улсын ДНБ 6%-иар өссөн нь 1992 оноос хойших хамгийн бага өсөлтөд тооцогдсон. Энэ онд коронавирусын дэгдэлт тохиож, дэлхийн эдийн засгийг хямралд оруулж байгаа ч тус улс нийгэм, эдийн засгийн зорилтоо хэвээр хадгалахын төлөө ажиллана гэж тус улсын дарга Си Жинпин мэдэгдсэн. 
 
Гэвч тус улсын CICC банк Хятадын   эдийн засгийн өсөлтийн талаарх өнгөрсөн нэгдүгээр сард хийж байсан таамгаа өөрчилж 6.1%-иас огцом бууруулж 2.6% болгожээ. Оны хоёрдугаар улиралд  коронавирусын тархалтын нөлөөгөөр илүү хүнд сорилт, мэдээллүүд дуулдана гэж тус банк таамаглаж байна. Тус банкны мэдээлж байгаагаар амаргүй нөхцөл байдал долдугаар сард ч үргэлжилж мэднэ. Хятадын Засгийн газрын  хэрэгжүүлж буй бодлогын одоогийн арга хэмжээ нь хангалтгүй гэж  CICC банкны Эдийн засагч Liang Hong мэдэгджээ. Үүний зэрэгцээ  Хятадын эдийн засгийн өсөлтийг бууруулан таамаглах банкуудын жагсаалт нэмэгдсээр. Bank of Merrill Lynch Хятадын  энэ оны өсөлтийг 1.5%  гэж тооцоолж байна. Уг үзүүлэлт бүр 1.3%-тай тэнцэнэ гэж Nomura Bank үзжээ.

 

Хятадын өсөлт  6%-тай байх боломжтой гэсэн таамаг дэвшүүлэх  дотоодын шинжээчид ч байна. Тэгэхээр шинжээчид хоёр талд хуваагдах хандлага харагдлаа. Чухам аль нь бодитоор хэрэгжих вэ гэдэг нь сонирхол татна.
Тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “Ажлын байрыг тогтвортой хадгалсан цагт эдийн засгийн өсөлт  өндөр,  бага байх нь төдийлөн том асуудал биш” гэж гуравдугаар сарын 10-нд мэдэгджээ. Тэгвэл үнэхээр ажлын байрыг хадгалъя гэвэл эдийн засгийн өсөлтийг дор хаяж 5.5%-д барих ёстой гэсэн зөвлөмжийг  зарим эдийн засагчид дэвшүүлж байгаа юм. 
 

 

Сэтгэгдэл (1)

  • dores (197.234.221.206)
    Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 5 минутын өмнө
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • Өчигдөр 18 цаг 55 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • Өчигдөр 12 цаг 21 минутад
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
  • Өчигдөр 12 цаг 06 минутад
    Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
  • Уржигдар 17 цаг 58 минутад
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.