“Хөх морь”-ийг хэр удаан сойх вэ?

2020-10-07

Л.Номинцэцэг 

Монгол оронд гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, урсцын тохируулга хийх замаар хуримтлал бий болгож усны хомсдолтой бүс нутаг руу татаж ашиглах “Хөх морь” төслийн судалгааны ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар үргэлжлүүлж байна.

Уг төслийг 2019 онд БОАЖЯ-аас анх хэрэгжүүлжээ. Засгийн газрын ээлжит чуулганаар тухайн үеийн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Гадаргын ус ашиглах бүх төслүүдээ нэгтгэн “Хөх морь” гэж нэрлэсэн. ТЭЗҮ нь бэлэн болсон, хэрэгжих боломжтойг нь түрүүлж эхлүүлнэ гэж зорьж байна. Эхний ээлжинд Орхон, Онгийг тэтгэх төсөл байх юм. Ингэснээр дөрвөн аймгийн байгаль экологийг сэргээж, бүс нутгийн ус ашиглалтыг сайжруулах, говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлнэ” гэж үзэж буйгаа хэлж байв. Өөрөөр хэлбэл олон жил ярилцаж, хэлэлцэж буй урт настай төслүүдийг нэгтгэсэн нэр нь “Хөх морь” юм.

Үүнд “Хэрлэн говь”, “Орхон говь”, “Туул говь”, “Орхон Онги” усан цогцолбороос гадна ТЭЗҮ болон зураг төсөл нь бэлэн болсон Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС, судалгааны шатандаа байгаа Шүрэнгийн болон Чаргайтын УЦС зэрэг төслүүд багтаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах төсөл”-ийн 2019 оны төсвийн зардлын хуваарьт 60 сая төгрөгийг баталж “Хөх морь” төсөлд дэмжлэг үзүүлжээ. Санхүүжилтийн үр дүнгээр томоохон 12 гол дээр 33 хөндлүүрт боомт барьж ус хуримтлуулах боломжтой” гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.

Усны салбарт улсын нэгдсэн бодлого, зохицуулалт шаардлагатай гэж үзэн Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2020 оны дөрөвдүгээр сард) хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулахаар шийдвэрлэсэн. Ийн байгуулагдсан Усны газар нь “Хөх морь” төслийг хариуцах болжээ.

“Алсын хараа 2050”-д ”Усны нөөцийн эрэл, хайгуул, зураглалын ажлыг эрчимжүүлж, хур тунадас, хайлсан цас, мөсний усыг хуримтлуулах хөв цөөрөм, далд усан сангууд байгуулж, томоохон голууд дээр урсцын тохируулгатай, олон зориулалтаар ашиглах усан сан барьж эхэлнэ” гэж заасан байдаг. “Хөх морь” төслийн хүрээнд 30 жилийн хугацаатай дэвшүүлсэн стратегийн зорилтыг шинэчилж “Алсын хараа 2050”-д түшиглэн усны төслүүдийг эрэмбэлэх, ажлын явцыг эрчимжүүлэх төлөвлөгөө боловсруулах нь Усны агентлагийн дараагийн ажил болж байна.   

Ч.Пунцагсүрэн:  Газрын тос боловсруулах үйлдвэрийг усаар хангах боломжит байршилтай нь “Хэрлэн тоонот” төсөл

“Хөх морь” төслийг хариуцаж байгаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Ч.Пунцагсүрэнгийн байр суурийг хүргэж байна. Тэрээр БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын Ахлах мэргэжилтнээр ажиллах хугацаандаа “Хөх морь” төслийн Ажлын хэсэг болон Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байжээ.

“Засгийн газрын хуралдаанаар (2017.03.17) Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулахаар тогтсон Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрээс гадна Оюутолгойн баяжуулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс угаах үйлдвэр, төлөвлөж буй Тавантолгойн цахилгаан станц зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрлэлийн усан хангамжийн асуудлыг “Орхон говь”, “Хэрлэн говь”, “Онги говь” төслүүдийг судлан боломжтойг нь сонгохоор шийдвэрлэсэн юм.

Харин Засгийн газрын 232 дугаар тогтоолын дагуу  Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулах чиглэл, даалгаврыг БОАЖЯ, УУХҮ-ийн сайд, нарийвчилсан судалгаа хийхэд зориулагдах хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яамнаас гаргах үүрэг чиглэл өгсөн байдаг.
Эдгээрээс үндэслэж гадаргын ус хуримтлуулах бүх төслийг 2019 онд БОАЖЯ-ны сайдын санаачлагаар “Хөх морь” төсөл болгон нэгтгэсэн. Ингэж багцалснаар хөрөнгө санхүү гадаад, дотоодын эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Эдгээр төсөл эдийн засгийн хувьд өртөг өндөртэй хэдий ч бүх хүчин чадлаараа ажиллаж, эхнээсээ хэрэгжээд эхэлбэл үр өгөөж нь төдий чинээ их. Нийтдээ 51.6 тэрбум шоо газарт ус хуримтлуулж түүнээс 78.3 шоо метр усанд урсац тохируулга хийж, газар тариалангийн усан хангамжийг алсын зайд шилжүүлэн ашиглах боломжтой юм. Томоохон 9  гол дээр байрлах 31 хөндлүүрийн усан сангаас нийтдээ 1714 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах боломжтой бөгөөд жилд 6.7 сая МВт/цаг эрчим хүч үйлдвэрлэнэ гэж тооцоолсон байгаа.

Засгийн газрын хаврын ээлжит чуулганаар (2020.01.16) УИХ-ын гишүүн Л.Энхболдын асуултад “Хөх морь” төслийн хувьд “Орхон-Онги” төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа боловсруулаад байгааг Ажлын хэсгийн зүгээс тайлбарласан. Австрийн Засгийн газарт захидал хүргүүлээд байгаа бөгөөд үүний дагуу “Орхон-Онги” төслийн ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байгаа. Хэрэгжихэд тун ойрхон байна.

Хэрлэн голын хувьд боомт барих боломжтой 5 хөндлүүр байгаагаас “Хэрлэн говь” болон “Хэрлэн тоонот” төслүүд хэрэгжих хамгийн өндөр боломжтой. Хэрлэн голд ус хуримтлуулах боомт барих болон говь руу татах ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах хугацаа хоёр жил ба үүнд 7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай. Хэрэв уг санхүүжилтийг Сангийн яам батлах юм бол говь руу чиглэсэн “Хэрлэн тоонот” төслийг хамгийн түрүүнд хэрэгжүүлэх болно. Хэрлэн голын хувьд Багануурын ойролцоох “Хэрлэн говь” төсөл, Хэнтий аймгийн Баянхутагийн ойролцоо хэрэгжүүлэх “Хэрлэн тоонот” гэх 2 төсөл байсан. Урсац тохируулга хийх замаар говийн бүс нутагт байгуулахаар төлөвлөж буй аж үйлдвэрийн томоохон төслүүд, Газрын тос боловсруулах үйлдвэрийг усаар хангах техникийн хамгийн боломжтой байршилтай нь “Хэрлэн тоонот” төсөл юм”

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.70.34.70)
    Хэрлэн-Говь төслийн ТЭЗҮ хийхэд ийм их мөнгө орохгүй шүү. Ингэж мөнгө хусдагаа боливол таарна. Шалгуулах л болно. Эх оронч бай л даа.
    2020 оны 12 сарын 14 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ