Байгалийн баялаг- сонгуулийн PR

2021-02-02

Г.Идэрхангай

Ерөнхийлөгч ойрд бухимдалтай байна. Түүний эрх мэдэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр улам хумигдаж, өөрийгөө “шүдгүй арслан”-тай зүйрлэж байсан Ерөнхий сайдын хүч чадал  нэмэгджээ.  Уг нь тэд уул уурхай дээр илүү нэгдэлтэй байв. Улсын зардлаар хайгуул хийсэн орд газруудыг төрд хураан авах, гадаадад оффшор данстай олигархиудын мөнгийг эх орондоо оруулж ирэх, баялгийн хуваарилалтыг ард иргэддээ тэгш хүртээх “системчлэгдсэн” халамжийн бодлого хэрэгжүүлэх гэх мэтээр тэднийг нэгтгэж нийлүүлсэн зүйл олон. Бүр нийгмийн хэлбэрийг өөрчлөн  социалист чиг баримжаатай улс байгуулах нь уу гэсэн эргэлзээтэй бодлыг   сүүлийн үед нийтэд төрүүлэх болсон. Үүнд нь алга ташиж  “браво” гэж  хашгирдаг нийгмийн дэмжигч бүлэг ч үүсэн бүрэлдсэн билээ. Орд газраас баяжсан хэмээн чичлүүлэх  “31 гэр бүл” бол  тэдний хоршлын анхны  “бүтээл”. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан зөвлөмж нэртэй улс төрийн тулган шаардалт бүрийг парламент үг дуугүй хуульчлан баталдаг урьд өмнө байгаагүй жишиг зөвхөн тэдний засаглалын үед тогтсон юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100%  Төрийн өмчит үйлдвэрийн газар болгох, “Эрдэнэс Тавантолгой”-н орлогыг төмөр замын бүтээн байгуулалт руу шууд татах шийдвэрүүд бол ҮАБЗ-ийнх. Төрд авсан орд газар бүгд сүүлийн хоёр гурван жил чамгүй ашигтай ажиллаж, төрийн гурван өндөрлөгийн хийсэн зоримог алхам туйлын зөв байсныг нийгмээрээ магтдаг болоод байгаа. Эсрэгээрээ барууны хамгийн том хөрөнгө оруулагчидтай хэлэлцээрийн ширээний ард сууж Оюутолгойн гэрээг зурсан улстөрчид шоронд хоригдсоныг  буруушаах хүн цөөрчээ. 

2021 он бол Төрийн тэргүүнээ сонгох онцгой жил. Өмнөх дөрвөн жилд  сүр жавхланг үзүүлэн байгалийн баялгийн үр өгөөжийг  ард түмэндээ хүртээж чадсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөгчид болж, хоорондоо “дайтаж” байна. Биенийгээ бойкотлох, нэр хүндийг нь “шалан дээр” унагах, цар тахлын хүнд өдрүүдийг өөрт ашигтайгаар эргүүлж ард түмнээс оноо авах ажлуудыг сошиалын фронтоо дайчлан  зохион байгуулалттай хийж байгаа  үйлдлүүдээс нь тодхон харагдана. Улстөр гэж ийм л байдаг, энэ ертөнцөд мөнхийн нөхөр, мөнхийн дайсан үгүй гэж хэлэх хүн олон.  Гэвч улс эх орны язгуур эрх ашиг дээр тэд үнэхээр баттай, тууштай зогсож чадаж байна уу? Үндэсний эв нэгдлийг хангахын төлөө эвсэж байгаа юу?  Олигархиудын арван жил “гацаасан” уул уурхайн экспортын төмөр замын бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх, орд газруудыг төрд авах улс төрийн кампанит ажлаа  удирдан  жолоодох, “хаан”-ы эрх мэдлээ тогтоох чин  хүсэл  Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байгаа хоёуланд нь бий. 

Салхитын мөнгөний ордоос бонд босгож ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн Ерөнхийлөгчийн “гэнэтийн” бэлэг,  нэг сая төгрөгийн ваучераа  зээлгүй ахмадууд сонгуулийг угтуулан  тавдугаар сард авна. Цар тахлын хүнд өдрүүдэд ахуйн хэрэгцээний (ус, цахилгаан, дулаан, хог)  зардлаа үндсэндээ сонгууль дуустал даалгах  Ерөнхий сайдын шийдвэрт  амаараа биш, саналаараа “баярлалаа” гэж хэлэх цаг ирнэ. Зардлыг нь үргэлж муу хэлэгддэг “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” нуруундаа үүрч, төлнө. Уул уурхай улстөрчдийн амлалтад явдаг ийм  тогтсон жишгээс гадна тэдний эрх мэдэлдээ хүрэх найдвартай гишгүүр, олны анхаарлыг өөртөө татаж  эх орончоо гайхуулах PR нь болдог билээ, Монголд.  Оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийг Ерөнхийлөгч УИХ-д өргөн барилаа. Гол нь уул уурхайгаас баяжсан хүмүүсийн оффшор мөнгийг оруулж ирэх  учраас үүнийг нь “зөв, заавал авах ёстой” гэсэн байр суурь нийгмийн сүлжээгээр  хэд хоног давалгаалав. Төрийн бодлого сошиал дээр бүрэлдэж, гарсан шийдвэр нь эргээд нийтийн энэхүү сүлжээгээрээ хэрэгждэг тогтолцоог улстөрчид чадамгай ашиглаж байна.  Хавтгайрсан   халамжийн  бодлогод монголчууд  идээшин дассан бөгөөд оффшорчдын мөнгийг хувааж авах, дараагийн ордуудаас ирэх “хааны хишиг”-ийг хүлээдэг сэтгэхүй хэвшин  тогтож байна. Оны өмнөхөн  Хармагтайн  бүлэг ордыг улсын мэдэлд авсан мэдээлэл  хөвөрсөн. Үүнээс хэдхэн хоногийн өмнө  аж үйлдвэрийн газрууд, ашигт малтмалтай байгалийн баялгуудаа эргүүлэн авахын тулд  маш том тэмцэл өрнүүлж байгааг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх цохон тэмдэглэсэн.

Сүүлийн хэдэн өдөр өрнөж байгаа Оюутолгойн жишээнээс хараарай. Парламентад МАХН-ын цор ганц суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх хамгийн магадлалтай хүнээр тодроод байгаа С.Ганбаатар Оюутолгойн далд уурхайн гэрээг цуцлах боломжийг алдаж болохгүй  гээд л  дуугаа өндөрсгөж байна. Залгуулаад  Засгийн газрын төлөөлөл нь Оюутолгойг 2051 он хүртэл Монголд ногдол ашгаа өгөхгүй, орлогын албан татвар төлөхгүй, 22 тэрбум ам.долларын өртэй хоцрох нь гээд л хэвлэлийнхэнд бэлдсэн мэдээллээ өгчихлөө. ЗГХЭГ-ын Дэд даргын үг бол Ерөнхий сайдын л үг.  Өрсөлдөж, сөргөж яваа Ерөнхийлөгч ийм чухал агшныг мэдээж зүгээр өнгөрөөхгүй, Засгийн газрыг хойрго ажиллалаа хэмээн “загнав”.  Асуудлыг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр  татаж авчран хэлэлцэнэ хэмээн тэрээр Засгийн газарт шахалт үзүүлэв. Оффшорчдын гэх  тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгийг хураах Шүүхийн шийдвэртэй давхцан Оюутолгойн гэрээг тойрсон шуугиан “галзуурав”. Өрнөж байгаа үйл явдал бүхэн захиалгатай мэт хоорондоо давхцалтай, нэг шугаман дээр өрнөж байгаа биз. Сонгуулийн хамгийн барьцтай, мөлжүүртэй  энэ сэдэв цааш  үргэлжлэх нь тодорхой. 

Улс төрийн хүрээнд хачирхалтай, ер бусын үйл явдлууд өрнөсөөр. Гайхалтай нь хамгийн том эрх мэдэлтэй Ерөнхий сайд У.Хүрэлсүх  байгуулагдаад ердөө зургаан сар болж байгаа Засгийн газраа танхимаар нь нэгдүгээр сарын 22-нд огцрууллаа.  Шалтгаан нь   Засгийн газар, Улсын онцгой комисс  Ковид-19 цар тахалтай тэмцэхдээ хариуцлага алдсан гэж байгаа ч бодит үнэн нь Оюутолгой бололтой. Ерөнхийлөгч сандарч УИХ-ын чуулганы индэр дээрээс Засгийн газрыг огцрохгүй байхыг хүсэхдээ УИХ-ын гишүүн Сү.Батболдын удирдсан бүлэглэл  төрийн эргэлт хийж байна гээд  Оюутолгойн төслийн үйл ажиллагааг дотоодын төдийгүй гадаадын хууль хяналтын байгууллагууд шалгаж эхэлсэн, гол холбогдогч нь Сүхбаатарын Батболд хэмээн зарлах нь тэр.  Ийнхүү Засаг огцорч, шинэ Ерөнхий сайдаар Л. Оюун-Эрдэнийг эрх баригч нам тодруулсан энэ мөчид Ерөнхийлөгчийн төмөр замтай холбоотой өмнөх хэргүүдийг Засгийн газраас шалгалт явуулж сөргүүлэн  ухаад эхэллээ. Төдөлгүй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын шүүхэд Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл өлсгөлөн зарлахаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар мэдэгдэж,  Сүх жанжны талбай дээр  ”хэвтчихлээ”.  Оюутолгойг тойрсон улстөржилт ийнхүү эрчээ улам авчээ. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол “Алсын хараа 2050”  хөгжлийн бодлогын автор. Гэхдээ түүнийг  популист Ерөнхий сайд болох вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд бий. “Оюутолгой” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухдаа асуудлыг хэрхэн шийдэхийг ирэх цаг мөчүүд харуулна.  

Ирэх гуравдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорно. Улстөрийн намын тухай хуулиар намууд Үндсэн дүрмээ Их хурлаар буюу намын гишүүдийн олонхын саналаар өөрчилдөг зохицуулалттай.  МАН-ын 100 жилийн ой энэ онд тохиож байгаа учраас бүх арга чаргаа дайчлан Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ялалт байгуулах ёстой гэсэн командаар МАН-ын гишүүд ажиллаж байна. У.Хүрэлсүх  Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэсэн олны шум  ортой биз ээ. Хэрэв тэр сонгогдвол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч болно.  Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд мөн сонгуульд  нам дотроо хүч үзэхээ зарласан. Гэвч  тэрээр  “Бороо гоулд”-ын тусгай зөвшөөрлийг хувьдаа авч байсан, канадуудтай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулж, 50 тонн алтыг татвараас чөлөөлүүлсэн, оффшорын хөрөнгөө нуун дарагдуулсан    гэх зэрэг хэл амнаас ер салахгүй яваа болохоор ялалт байгуулна гэх найдвар тун бага.      

Харин одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд дахиж сонгуульд өрсөлдөх хүсэл сонирхол их байвч  Үндсэн хуулийн өөрчлөлт  давуу болон сөрөг хүчин зүйлийн аль алиныг нь авчирч байна.  Тэрээр    Ардчилсан намын дүрмийг өөртөө зориулж өөрчлөх замаар гарц нээх оролдлого хийж буйг намын нөхөд нь мэдэгдсэн. Түүхэн гэж хэлж болох сонирхолтой цаг үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн бол Х.Баттулга. 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол тэр дахиад хоёр жил ажиллаж байж 6 жилээ гүйцээсэн Төрийн тэргүүн болно. Гэхдээ энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр эцэслэж байж нэг тал руу шийдэгдэх учиртай. Хэрэв ҮХЦ ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол 2021 ондоо Үндсэн хуулиа зөрчөөд өрсөлдөх, өмнөх бүх Ерөнхийлөгч нарын нэр дэвших эрх нээгдэх ийм л шийдэл байна. Тэрээр МАН-ын болон өөрийн нам доторх өрсөлдөгчдийг дарж авахын тулд бүх боломжит хувилбарыг ашиглаж байгаа нь нийгмийн сүлжээнд хөвөрч буй сэтгэгдлүүд,  сөрөг хүчний эсрэг хийж байгаа улстөрийн акциудаас  харагдана.  Хэрэв тэрээр сонгуульд ялагдал хүлээвэл урьдын төмөр замтай холбоотой хэргүүд нь Шүүхийн хаалга татахад хүргэж болзошгүй нөхцөл байдал үүсч байна.  

Нам дотроо Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан хүний эрхийн төлөө тэмцэгч Ц.Оюунгэрэл өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр Х.Баттулгыг  хэлсэн ч энэ нь сонгуульд бүрэн дүүрэн  ялалт байгуулна гэсэн үг биш юм. Урьдын анд Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын ширүүн тэмцэл дундаас Ц.Оюунгэрэл цойлоод гараад ирэх найдвар бас л бага.  

Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй, парламентад суудалтай  намуудын  нэг  нь  “Зөв хүн электорат эвсэл” бөгөөд одоогоор нэр дэвшигчээ  тодруулаагүй байна. Сонгуулийн Ерөнхий Хорооноос (СЕХ) боловсруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг 2021 оны нэгдүгээр сарын 25-наас эхлүүлж, санал авах өдрийг зургаадугаар сарын 9-ны лхагва гаригт товлох саналаа гаргасан.  Уг саналыг УИХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ. Тэр болтол эвсэн нэгдэж байсан Ерөнхийлөгч, экс Ерөнхий сайдын сонгуулийн PR байгалийн баялаг дээр   “ширүүн тэмцэл”-ээр үргэлжлэх биз ээ.  
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 51 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 7 цаг 4 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 12 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 8 цаг 0 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.