Туркойз Хилл-ийн захирал солигдов

2021-03-05 18:25

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон албан тушаалаа ирэх оноос орхих тухайгаа (2021.03.03) мэдэгдлээ. 2022 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар дахин сонгогдохоор горилох нь зохимжгүй гэж тэрбээр үзсэн байна. Учир нь өнгөрсөн онд Жуукан Горж-ийн агуйг уурхайн өргөтгөлийн үеэр дэлбэлсэн нь компанийн амжилтыг “харлуулж” орхисонд тэрбээр хариуцлага хүлээх ёстойг учирлажээ. Тухайн үйл явдлын улмаас “Рио Тинто”-ийн удирдах гурван ч албан тушаалтан огцроход хүрсэн билээ. 2020 онд цар тахлын жилд тус компани нь тогтвортой, аюулгүй ажиллагаагаа хадгалж, ногдол ашиг хуваарилалтаараа түүхэн дээд амжилт тогтоосон юм. Компанийн шинэ Гүйцэтгэх захирлыг томилж, удирдлагын багийг дахин бүрдүүлээд байгаа ч ийнхүү ТУЗ-ийн даргыг 2022 онд солих нь тодорхой болов. Үлдэж буй хугацаанд Саймоны хувьд удирдлагын шинэ багийг дэмжиж ажиллана. Харин ТУЗ-ийн зарим гишүүд түүний ажлыг залгамжилж авах мэргэжилтний эрэлд гарахаар болж байна.

Үүнтэй зэрэгцээд Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.  Тодруулбал Оюутолгойн өргөтгөл төслийг урагшлуулахад Туркойз Хилл-д шинэ удирдлага зайлшгүй чухал гэсэн байр суурийг “Рио Тинто” илэрхийлжээ. Улмаар Туркойз Хилл-ийн ТУЗ болон Улф Куэлманн ч өөрөө албан тушаалаа өгөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. “Рио Тинто”-ийн шахалтаар Улф Куэлманныг албан тушаалаас нь огцрууллаа гэсэн мэдээллүүд олон улсын хэвлэлүүдээр хөвөрч байна. Түүний хувьд “Рио Тинто” компанийн Зэс, очир эрдэнийн группд 2016-2018 оны хооронд удирдах албан тушаал хашиж байсан юм.

Туркойз Хилл-ийн Гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгчээр Steeve Thibeault-ийг томилжээ. Тэрээр 2014-2017 онд компанийн Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд “Рио Тинто”-той хийсэн санхүүжилтийн хэлэлцээрт Туркойз Хилл-ийн багийг ахалж байсан туршлагатай нэгэн. Тиймээс төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийн талаар “Рио Тинто”-той хэлэлцээр хийж буй энэ үед түүнийг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилох нь зохимжтой гэж үзсэн байна. Steeve Thibeault нь 2017 оноос хойш “Рио Тинто” болон Туркойз Хилл компанид албан тушаал эрхлээгүй байсан юм. 

Хоёр компанийн хувьцааны ханш нь хөрөнгийн бирж дээр бууралттай байна. Учир нь гуравдугаар сарын эхний долоо хоногт зэсийн ханшид бууралт ажиглагдлаа. Хоёрдугаар сарын сүүлээр Лондоны металын бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9614 ам.долларт хүрч хаагдсан бол өчигдрийн байдлаар 8786 ам.доллар болж буурчээ.

 

Б.Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 14 минутын өмнө
    Тавдугаар сарын 13-ны байдлаар, Нарийнсухайтын бүлэг орд дахь "Монголын Алт" компанийн уурхайгаас 747 ажилтан вакцинд хамрагдаж байна. Үүнээс I тунд 734 ажилтан хамрагдаж 98%-ийн гүйцэтгэлтэй бол II тунгийн хувьд 669 ажилтан хамрагдаж 90%-ийн гүйцэтгэлтэй байгаа аж. “Саусгоби Сэндс” компанийн нийт 230 ажилтан II тунд хамрагдаж мөн адил 98%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн, вакцинжуулалтад бүрэн хамрагдаж дуусан хэд хэдэн уурхай бий. Тухайлбал, “Энержи ресурс” компанийн Ухаа худаг уурхайн үндсэн ба туслан гүйцэтгэгч нийт 2600 гаруй ажиллагсад вакцины II тунд бүрэн хамрагдаж дуусчээ.
  • 17 цаг 4 минутын өмнө
    Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд  уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ. Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
  • 17 цаг 5 минутын өмнө
    Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос (NDRC) төмөрлөгийн үйлдвэр барих, хүчин чадлыг өргөтгөх төслүүдэд шинэ шалгуур тавих болжээ. Энэхүү өөрчлөлт нь тус улсын ган үйлдвэрлэлийн хүчин чадлыг танах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах, аж үйлдвэрийн гол бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд хийгдэж буй аж. Шинэ журмаар, тухайлбал Бээжин, Тянжин, Хэбэй, Янзцы болон Сувдан гол, Шанси мужийн Фэнвэйн тал зэрэг бүс нутгуудад шинэ үйлдвэр байгуулах тусгай зөвшөөрөл авахын тулд хуучирсан тоног төхөөрөмжтэй үйлдвэрлэлээ хаах шаардлага тавигдаж байна. Муж, автономит бүс нутаг, хотууд нь шинэ үйлдвэрийн хүчин чадал нэмэх тохиолдолд бусад бүс нутагтай харилцан тохиролцоно. Өөрөөр хэлбэл, шинэ хүчин чадлыг нэмэх бол заавал хуучин үйлдвэрлэлийг хааж Хятадын Засгийн газраас заасан тодорхой хязгаарлалтаас давахгүй гэсэн үг.
  • 17 цаг 52 минутын өмнө
    Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ энэ сарын 21-нд цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай болгоход тус хэлэлцүүлэг чиглэсэн байна. Хэлэлцүүлгийг нээлтэд  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлэх аж. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлого”, тус яамны Цахим бодлого, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Т.Баасанпүрэв “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны систем“ зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.
  • Уржигдар 15 цаг 31 минутад
    Дорнод аймагт “Алтан цагаан овоо” алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Степ голд” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм. Тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Жереми Сауттай Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийн давуу тал, алтны зах зээл, Монголын хөрөнгө оруулалтын орчин болон бусад асуудлаар MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.    Та алтны зах зээл цаашид хэрхэн өрнөнө гэж төсөөлж байна вэ? Зарим шинжээч алтны ханш цаашид өснө гэж харж байхад нөгөө хэсэг нь буурна гэж тооцоолж байх юм.  Зах зээл хэрхэхийг хэн ч таах боломжгүй ч нөхцөл байдлаас үзвэл төв банкууд сүүлийн нэг жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлтийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн.