Дэлхийн уул уурхайн салбарт хийгдсэн 5 том хэлэлцээр

2021-03-16 16:37

2020 оны дөрөвдүгээр улиралд дэлхийн уул уурхайн салбар дахь компаниудын нэгдэх, эзэмших, худалдан авах зэрэг хил дамнасан хэлэлцээрийн нийт мөнгөн дүн 7.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ тухай Их Британийн судалгааны “GlobalData” компани мэдээлсэн байна. Тухайн хэлэлцээрийн дүнг харьцуулж үзвэл, өмнөх гуравдугаар улирлынхаас 594%-иар нэмэгдэж, сүүлийн дөрвөн улирлын дундаж үзүүлэлтээс 71.5%-иар өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын нийт хэлэлцээрийн 79.3% буюу 6.11 тэрбум ам.доллар нь 5 хэлэлцээрт хамаарч буй аж.   

1. “Nova Resources” компани 2.39 тэрбум ам.доллараар “KAZ Minerals”-ийг эзэмшсэн

Казахстаны зэсийн томоохон олборлогч “KAZ Minerals” -ийг тус компанийн ТУЗ-ийн гишүүн Владимир Кимийн хувь эзэмшилтэй “Nova Resources” худалдан авч (2020.11) байна. Энэхүү хэлэлцээр, компанийн хувьцааг шилжүүлэх үйл явц гуравдугаар сарын 31-нд дуусгавар болох аж. Хэлэлцээрээс өмнө “KAZ Minerals”-д “Nova Resources” компанийн үүсгэн байгуулагчид болох Олег Новачук 7.8%, Владимир Ким 31.6%-ийг тус тус эзэмшиж байсан. “KAZ Minerals” нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Казахстан болон Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй. Дэлхийн уул уурхайн тэргүүлэх 50 компанид багтдаг. Өнгөрсөн онд “KAZ Minerals” компани 306 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Компанийн нийт орлого 2.3 сая ам.доллар аж.                

2. “Endeavour Mining” компани 1.86 тэрбум ам.доллараар “Teranga Gold”-ыг худалдан авсан

Канадын “Endeavour Mining” компани нь өрсөлдөгч “Teranga Gold” компанийг (2020.11)эзэмшсэн юм. Энэхүү хэлэлцээрийн мэдээлэл цацагдсаны дараагаар “Endeavour Mining” компанийн хувьцаа 60%-иар өсчээ. Тус компани нь Африкийн Буркина-Фасо улсад алтны 4 уурхайд олборлолт явуулдаг бөгөөд жилд 20 тонн алт үйлдвэрлэдэг. 2020 оны байдлаар, “Endeavour Mining” компани 4 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байжээ.   

3. “Sandvik” компани 1.15 тэрбум ам.доллараар “DSI Underground”-ийг худалдан авсан

Шведэд төвтэй “Sandvik” нь далд уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч, барилга байгууламжийн шийдлийн “DSI Underground” компанийг худалдан авах хэлэлцээрийг (2020.12.24) үзэглэсэн юм. Хэлэлцээрийн явц 2021 оны эхний хагас жилд багтаж дуусах аж.  “DSI Underground” компани дэлхийн 70 улсад салбартай бөгөөд өнгөрсөн онд 518 сая еврогийн орлого олжээ. 150 жилийн түүхтэй “Sandvik” компани эдүгээ Монгол Улсад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байна.     

4. “Shanghai Decent Investment” болон “Nickel Mines” компаниудын 490 сая ам.долларын хэлэлцээр

Индонез дахь никелийн “Angel Nickel” төслийн 70%-ийг эзэмших хэлэлцээрийг Австралийн “Nickel Mines”, Хятадын “Shanghai Decent Investment” компаниуд (2020.11.25)байгуулсан. Хэлэлцээрийн нийт 490 сая ам.долларыг хоёр хувааж 2021 онд багтаан төлөх аж. “Angel Nickel” төсөл нь жилд 36 мянган тонн никель үйлдвэрлэхээр төлөвлөжээ.         

5. “Orion Mine Finance” 225 сая ам.доллараар “Greenstone Gold Mines” компанийн 50%-ийг эзэмшив

“Orion Mine Finance” нь “Greenstone Gold Mines” компанийн “Сентерра голд” дахь 50%-ийн -ын эзэмшлийг худалдан авлаа. Энэ нь 225 сая ам.долларын дүнтэй хэлэлцээр юм. “Greenstone Gold Mines”-ийг 50:50%-иар “Premier Gold Mines” болон “Сентерра голд” компаниуд эзэмшиж байжээ. Хамтарсан “Greenstone Gold Mines” компанийн гол төсөл нь Канадын Онтарио дахь “Hardrock” аж. Энэхүү төсөл нь хэрэгжүүлж эхлэх шатандаа буй. 2019 онд уг төслийн ордыг 7.01 сая унц алтны нөөцтэй гэж үнэлжээ.          

Э.Од
 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 17 цаг 5 минутын өмнө
    Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ. Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 16 цаг 00 минутад
    Он гарсаар алтны ханш 9%-иар буураад байна. Энэ нь дэлхийн эдийн засаг хэвийн байдалд орох төлөв болон АНУ-ын Засгийн газрын бондын ханш өсч буйтай холбоотой.  Тийнхүү өнгөрсөн оны наймдугаар сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн  алтны ханш гуравдугаар сарын хоёрдугаар хагаст  бараг 20%-иар буурсан гэсэн үг. Гэхдээ алтны хөрөнгө оруулагчдын хувьд сэтгэлээр унах цаг болоогүйг шинжээчид санууллаа. Бондын өгөөж нэмэгдсэн ч инфляц өсөх болсон нь алтны ханшид эерэгээр нөлөөлнө. Мэдээж инфляцыг дагаад   алтны ханш шууд өснө гэж үзэх боломжгүй. Гэвч сүүлийн жилүүдэд инфляцийн өсөлт, алтны ханшийн чангаралт шууд хамааралтай байна. АНУ-д энэ онд инфляц 2.4%-д хүрэхээр байгаа нь Холбооны нөөцийн банкны зорилтот түвшин болох 2%-иас дээшлэх юм. Инфляц өндөр байх тусам бондын бодит өгөөж буурч,   алт руу хошуурах явцыг түргэсгэнэ. 
  • Уржигдар 13 цаг 40 минутад
    “Оюутолгой” компани, гүний уурхайн төслийн хэмжээнд нийт 13 мянган ажилтан, ажиллагсад ажиллаж байна. Эдгээрээс 9013 ажилтан I тун, 1517 ажилтан хоёр шатны тунг бүрэн хийлгэжээ. Ингэснээр уурхайн талбайд байрлаж буй ажиллагсдын 88% нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын ажил үргэлжилж байгаа аж. Оюутолгойн баяжмалын тээврийн жолооч нар болон баяжмалын тээвэрт оролцдог багуудыг хамгийн эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулсан байна.
  • 2021-05-14 14:15
    Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм.
  • 2021-05-14 13:15
    Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.