Ирэх долоо хоногт Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн хэлэлцээрийг эхлүүлнэ

2021-03-26 15:31


Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч  Х.Нямбаатар (2021.03.26) танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон “Рио Тинто компанийн төлөөлөл хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногт эхлүүлнэ” хэмээн мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээрт бэлтгэн нэлээд олон удаа хуралдаж, хэлэлцээрээр ярих асуудлуудаар саналаа (2021.03.27) нэгтгэж буй аж. Ингээд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээрийн удирдамжийг батлуулахаар төлөвлөжээ.  

Хэлэлцээр гурван үе шаттай өрнөх төлөвтэй байна. Нэгдүгээрт, далд уурхайн төлөвлөгөөг цуцлах. Хоёрдугаарт, Лондоны арбитрийн шүүх дээр татварын маргаантай холбоотой өрнөж буй асуудлыг эцэслэх. Рио Тинто” компани нь Засгийн газрыг хариуцагчаар шүүхэд өгсөн. Ойролцоогоор 1 их наяд төгрөгийн татварын маргаан бий. Хэдийгээр маргаан эцэслээгүй ч хуулиар уг мөнгийг компанийн зүгээс Монголын төрийн дансанд шилжүүлэх учиртай. Тухайн мөнгөн дүнгээс 650 тэрбум төгрөгийг компани шилжүүлсэн. Үлдсэн хэсэг 354 тэрбум орчим төгрөгийг Татварын алба акт үйлдсэний дараа компани шилжүүлэх юм байна. Цаашид хоёр талын татварын ойлголтын зөрүүг арилгах ажил хийгдэнэ. Гуравдугаарт, 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойш 15 гэрээ байгуулсан байдаг. Үүнд өөрчлөлт оруулах замаар УИХ-ын 92 тогтоолын хэрэгжилтийг хангах байдлаар ажиллана гэж мэдэгдэлдээ дурдлаа.

Хөрөнгө оруулагч тал анх Оюутолгойн далд уурхайн зардлыг 5.3 тэрбум ам.доллараар төсөвлөж “Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г батлуулсан юм. Гэвч далд уурхайн бүтээн байгуулалтын зардал төлөвлөснөөс 30 орчим хувь буюу 1.45 тэрбум ам.доллараар өсч 6.75 тэрбум долларт хүрсэн. Түүнчлэн, далд уурхайн олборлолт жигдрэх хугацааг 2021 оны нэгдүгээр сар гэж төлөвлөгөөнд туссан нь 22 сараар хойшилж 2022 оны аравдугаар сараас эхлэх болсныг компани мэдэгдсэн. Үүний улмаас Монголын талын авах татвар, ногдол ашиг хойшлох байдлаар хохиролтой тусах юм.

Зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг геологийн нөхцөл хүндэрснээс болсон гэж “Рио Тинто-ийн зүгээс  тайлбарладаг. Гэсэн хэдий ч зардал өссөн нь төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болсон байж болзошгүй гэсэн мэдээллийг Засгийн газар анхааралтай судалсан. Иймд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан бичиг Рио Тинто компанид хүргүүлсэн юм. Тус албан бичигт зардал хэтэрсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах нь зүйтэйг цохон тэмдэглэсэн байна. Монгол Улсын Засгийн газар зардлын хэтрэлтэд санал нийлэхгүй байгаа бөгөөд үүнд менежмент, худалдан авалтын алдаа гарсан байж болзошгүй тухай саналыг тавьсан. Энэ саналыг хэрэгжүүлэхийн тулд Оюутолгойн ТУЗ-өөс тусгай хороо байгуулан ажиллах нь зүйтэй гэсэн асуудлыг (2020.11.30) шийдвэрлэж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангуулах хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулахаар тогтсон.

Жижиг хувьцаа эзэмшигчид гэдэг ойлголтод Туркойз Хилл-ийн жижиг хувьцаа эзэмшигчид болон Монголын Засгийн газрыг хамааруулж авч үзнэ гэдгийг Х.Нямбаатар сайд онцоллоо. Жижиг хувьцаа эзэмшигчдээс өгөх ажлын даалгаварт үндэслэж зардал  хэтэрсэнд хөндлөнгийн шинжээч дүгнэлт гаргана.

Энэ үеэр ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б. Солонго “Рио Тинто” компани хөндлөнгийн шинжээч томилох саналыг эсэргүүцэж хүлээж авсан ч Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд сайн ажилласны ачаар уг ажил бүтэмжтэй болсныг онцолсон юм. Тэрбээр хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх зургадугаар сард бэлэн болох хүлээлттэй байна гэж мэдээллээ.

Мөн Х.Нямбаатар сайд Туркойз Хилл-ийн жижиг хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлтэй АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх дээр өрнөж буй маргаантай холбоотой зарим асуудлыг тэмдэглэлээ. Уг маргаанд далд уурхайн зардал хэтэрсэн бодит шалтгааныг Рио Тинто нуун дарагдуулсан гэсэн асуудал яригдаж байна. Уг хэрэгтэй холбогдуулан Оюутолгой төсөлд ажиллаж байсан 12 ажилтныг гэрчээр оролцуулан мэдүүлэг авч байгаа ажээ. Эдгээрийн зарим нь нэлээд хатуухан мэдээлэл өгснийг сайд тодотголоо.

Тухайлбал 2012 оноос хойш Рио Тинто компани Оюутолгойн геологи, геотехникийн нөхцөлийг сайтар мэдэж байсан. Геологийн хүндрэл гэдэг нь худал яриа болохыг зарим гэрч мэдүүлжээ.

Иймд тус компани хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй чухал мэдээллийг нуун дарагдуулсан эсэхийг АНУ-ын Үнэт цаасны зохицуулах хороо, Их Британийн Санхүүгийн зах зээлийн алба болон бусад холбогдох байгууллага шалгаж эхэлсэн байна.

Эдгээр байгууллагатай холбоо харилцаатай Засгийн газар ажиллаж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан далд уурхайн зардлын хэтрэлт хөрөнгө оруулагчийн буруутай үйлдлээс болсон нөхцөлд Рио Тинто-той Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард хариуцлагын асуудлыг ч хөндөж тавих нөхцөл үүсээд байна гэж сайд тайлбарлалаа.

Оюутолгой төсөл бол уул уурхайн томоохон хэмжээний, дэлхийн тэргүүлэх технологи шингээсэн төсөл юм. Гэхдээ энэ төслийг хоёр тал хэрхэн харилцан ашигтай үргэлжлүүлэх эсэх нь хэлэлцээрийн үр дүнгээс хамаарна гэдгийг Х. Нямбаатар сайд мэдэгдлээ. 

Б.Төгс

 

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 16 минутын өмнө
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар “Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр” байгуулах шийдвэр гаргасныг уурхайчдад танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд ашиглалтад орох бөгөөд жилд 30 сая тн нүүрс баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортод гаргах юм. Ингэснээр Монгол Улсын уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжиж байна гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэв.
  • Өчигдөр 18 цаг 55 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   
  • Өчигдөр 12 цаг 21 минутад
    Бразилийн уул уурхайн “Vale” компани нь Мозамбик улс дахь нүүрсний төслүүдээ худалдахаар энэ жил төлөвлөжээ. Цаашдаа ч нүүрсний бизнесийг орхихоор зорьж буйгаа тус компанийн Санхүү эрхэлсэн захирал Лучиано Сиани мэдэгдсэн байна. Нүүрсний төслүүдийг нь худалдаж авах 20 гаруй хүсэлт ирснийг мэдээлэлд дурджээ. Энэ талаар зургадугаар сард багтаан албан ёсоор мэдэгдэж, худалдах гэрээ хэлэлцээрийг оны дөрөвдүгээр улиралд хийх аж. “Vale” компанийн мэдэлд, 2011 оноос эрчим хүч, коксжих нүүрсний олборлолт явуулж буй Мозамбик улсад орших “Moatize” уурхай бий. Тус уурхай жилд 22 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ч одоогоор 15 сая тонн олборлож буй.
  • Өчигдөр 12 цаг 06 минутад
    Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна. Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ. Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ.
  • Уржигдар 17 цаг 58 минутад
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.05.05) “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү цогцолборыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт байгуулах аж.  Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгож байна. Тус үйлдвэр нь 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, Засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барина. Төсөл хэрэгжсэнээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан төсөвт 1.4 их наяд төгрөгийн татвар төлнө гэж тооцжээ.