Алтны салбар цар тахлыг сөрөн хөгжиж байна

2021-03-31 11:30

Б.Төгсбилэгт

Алтны салбарын хөгжил зах зээлийн зөв голдиролд орлоо. 2020 онд Монгол Улсын алтны экспорт дээд оргилдоо хүрснийг бид мэднэ. Ингэснээр алтны салбар экспортын орлогын үзүүлэлтээр нүүрс, зэсийн салбартай мөр зэрэгцэх хэмжээнд ирлээ. Өнгөрсөн онд тохиосон экспортын дээд амжилт нь алтны ханшийн оргил үе,   цар тахлын амаргүй жилтэй давхцсанаараа манай улсад ихээхэн ашиг тусаа өглөө. Алт нь цар тахлын хүнд үед валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн тогтвортой байдлын баталгаа болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ салбарт үр ашигтай нөөцийг нэмэгдүүлэх, улмаар олборлолтыг өсгөхийн сацуу Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлага тулгарч байна. Яг энэ чиглэлд Засгийн газар идэвхийлэн ажиллаж байгаа юм.

Зах зээл дээр алтны ханш хэзээ ч ийм сайн байсангүй. Өнгөрсөн оны наймдугаар сард алтны ханш 2011 оны оргил түвшинг давж, 2067 ам.доллар/унц-д хүрч өссөн. Улмаар 2020 оны алтны дундаж ханш 1769.6 ам.доллар/унц-аар тэмдэглэгдлээ. Ханшийн оргил энэ мөчлөгийг манай улс ашиглаж чадсан нь өмнөх 2011-2012 оны ханшийн огцом өсөлтийн үеийнхтэй харьцуулшгүй амжилт юм. Тухайн үед манай улсын олборлолт, экспортын аль аль нь бага түвшинд байсан. Тэгвэл сүүлийн жилүүдийн хандлагаас үзэхэд улсын алтны олборлолт тогтворжиж, энэ салбар зах зээлийн өсөлттэй уялдан хөгжиж буй зөв голдирол тод харагдана. 

Цар тахлын хүнд жил Монгол гэлтгүй бусад хэд хэдэн оронд ханшийн өсөлтийг ашиглан төв банкин дахь нөөцийн алтаа арилжив. Цаашид урт хугацаанд алтны ханш зах зээлд илүү өсөлттэй байх төлөв тодорч буй үед манай улс валютын нөөц бүрдүүлэгч алтны салбараа хөгжүүлэх нь нэн чухал. АМГТГ-ын мэдээллээр,  алтны ашиглалтын 500 гаруй тусгай зөвшөөрлийн дийлэнх нь шороон ордынх байна. Харин нийт алтны нөөцийн ихэнх нь үндсэн ордод хамаардаг.  
    
Хэдийгээр шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл дийлэнх хувийг эзлэх ч алтны салбарт үндсэн орд ашиглалтын компаниуд нэмэгдэх төлөвтэй. Үүнд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хэрэгжүүлж байгаа алтны үндсэн ордын Алтан цагаан овоо, Баянхөндий, Цагаан цахир болон бусад төслийг нэрлэж болно. Төрийн зүгээс Хармагтайн алтны үндсэн ордын төслийг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ 2020 оны тухайд ердөө ганцхан жилд 30.5 тонн алт экспортолсон манай улс  нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг яаравчлах шаардлагатай. 

Иймд  алтны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ ажил эхлүүлсэн нь Монголын зүүн, баруун нутгийг хамарсан алтны сэдэвчилсэн геологийн томоохон судалгааны төслүүд юм.  Уг төслийн нэг  баруун болон баруун өмнөд нутгийг хамарсан судалгааны талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал бэлтгэн хүргэж байна.  

Алтны салбарт бас нэгэн сонирхолтой үйл явдал өрнөж байна. Монгол Улсын алтны экспортын томоохон тоглогч, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр болсон  нь салбарын чухал үйл явдал.  Тус компани Монголын хөрөнгийн зах зээлийн тоглогчдын эгнээнд элсэх болсныг   MMJ энэ дугаартаа онцоллоо. 

Монгол Улсын алтны экспортын өмнөх дээд амжилт 2005 онд тохиосон. Тухайн үед алтны экспорт 23.8 тоннд хүрч, мөнгөн дүнгээр (331 сая ам.доллар) улсын нийт экспортын даруй 31%-д хүрч байжээ. Харин 2020 оны тухайд нийт хэмжээ 30.5 тонноор илэрхийлэгдэж, мөнгөн дүнгээр (1.79 тэрбум ам.доллар) нийт экспортын 23.6%-тай тэнцсэн юм. Өнгөрсөн онд манай улс дээд амжилтаа шинэчлэн тогтоохдоо биет хэмжээгээр 2005 оныхтой харьцуулахад 28%-иар, орлогын дүнгээр 439%-иар өсчээ. Эндээс алтны зах зээлийн өсөлт манай улсад томоохон боломж авчирч буйг харж болно.  

Монгол Улсын экспортод алтны гадаад худалдаа 2002 оноос эхлэн жин дарах болсон. Ийм өсөлт хөгжилт нь зүгээр ч нэг тохиогоогүй, төрийн бодлого шийдвэртэй шууд холбоотой. Сүүлд төрөөс хэрэгжүүлсэн үндэсний “Алт 2” хөтөлбөр зах зээлийн өсөлтийн үед хэрэгжсэнээр ихээхэн оновчтой байсан юм. Дөрвөн жил хэрэгжээд дууссан “Алт 2” хөтөлбөрийн   талаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангайн бэлтгэсэн тойм нийтлэлийг энэ дугаараас уншаарай.

Алтны ханшийн өсөлтийн энэ цаг үед хувийн хэвшлийнхэн үндсэн ордын төслүүдээ ашиглалтад оруулах, зарим нь өргөтгөх бодитой ажлууд хэрэгжүүлж байна. Харин төрийн эзэмшлийн төслүүдийн тухай дуулдах ч яг хэдийгээр ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр. Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанид алтны зургаан ч ордыг эзэмшүүлсний нэг нь ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд орох хүлээлттэй “Хармагтай”  төсөл юм. Төр ганц олборлолтын асуудлаас гадна Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах том үүрэгтэй. Энэ ажил гагцхүү үйлдвэр завод байгуулаад болчихгүй. Тухайн үйлдвэр нь Лондоны үнэт металын зах зээлийн холбооноос (LBMA) “Good Delivery” гэрчилгээ авах шаардлагатай. Уг гэрчилгээ нь үнэт металыг дан ганц чанар стандартын дагуу цэвэршүүлсэн эсэхээр хязгаарлахгүй мөн тухайн алт нь хариуцлагатай олборлолт бүхий гарал үүсэлтэй байхыг шаарддаг.

Эдгээр өрнөл нь манай улсын алтны салбарын хөгжил зөв чиглэл рүү явж буйг харуулна. Гэхдээ төр, хувийн хэвшилд хийх ажил их байна. Зах зээлийн өсөлт ажлын эрчмийг улам бүр нэмэгдүүлнэ. “Алт 2” хөтөлбөр харьцангуй амжилттай хэрэгжээд дууссан бол одоо зах зээлийн ид өсөлтийн үед энэ салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж мэдэхээр байгааг Засаг анхааралдаа авах нь зүйтэйг энд тэмдэглэе. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 13 цаг 15 минутын өмнө
    Эрдэс баялгийн салбарын үр ашиг, өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг нээлттэй, хүнд сурталгүй, ил тод хариуцлагатай болгоход чиглэсэн “Эрдэс баялаг-цахим шилжилт” хэлэлцүүлгийг УУХҮЯ-наас  өнгөрсөн сард зохион байгуулахаар товлосон боловч хойшлогдсон билээ. Тэгвэл Байгалийн баялгаас оюуны баялагт уриан дор тус цахим  хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулахаар болжээ.
  • 14 цаг 2 минутын өмнө
    ОХУ-ын Холбооны гаалийн газрын мэдээллээр, дөрөвдүгээр сард тус улс 1.66 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 7.61%-иар, өмнөх гуравдугаар сараас 48.82% -иар тус тус буурсан үзүүлэлт аж. Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8.53 сая тонн коксжих нүүрс экспортолсон байна. Мөн хугацаанд тус улсын  нүүрсний нийт экспортын хэмжээ 85.25 тоннд хүрсэн юм. Тэгвэл тавдугаар сард 19.27 сая тонн нүүрс экспортолсон нь түүхэн дээд хэмжээгээр тооцогдож байна.
  • Уржигдар 14 цаг 20 минутад
    Хятадын “China Aluminum Corporation” (Chinalco) компани нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтаа 2025 оноос өмнө бууруулж эхлэн, 2035 он гэхэд 40%-иар багасгах зорилтоо мэдэгджээ. Тус компани өнгөрсөн онд 3.69 сая тонн хөнгөн цагааны анхдагч үйлдвэрлэлийн 50%-д усан цахилгаан станцын эрчим хүч ашигласан тул “ногоон” үйлдвэрлэлд хамаарна гэж “Chinalco” үзэж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлдээ нар, салхи  зэрэг сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буй аж. Энэ зургадугаар сард “Chinalco” нь анх удаа 400 сая юанийн (63 сая ам.доллар) дүнтэй бонд гаргажээ. Энэхүү хөрөнгийг “ногоон” зорилт буюу салхин паркийн бүтээн байгуулалтын өрийг дахин санхүүжүүлэхэд зарцуулах юм байна.
  • Уржигдар 14 цаг 05 минутад
    Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ өндөр буй үед өмнөд бүс нутгийн эрчим хүчний хомсдлоос сэргийлж тус улсын төр засгаас түүхий эд нөөцлөх дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, нүүрсний салбарын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд хадгалалтын байгууламжуудыг өргөтгөн сайжруулах шаардлагатайг Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдсэн байна. Тус хорооны Төрийн төлөвлөлтийн агентлагийн дарга Сюй Вэнбин “Нүүрсний нөөц, хуримтлалыг нэмэгдүүлснээр үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулна” хэмээн онцолжээ.
  • Уржигдар 11 цаг 56 минутад
    Засгийн газар КОВИД-19-ийн нөлөөллийг төсөвт нялзаахгүйг эрмэлзэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) оногдох төсвийн алдагдал, өрийг өмнө нь төлөвлөсөн хэмжээнд байлгахаар Засгийн газар “хичээж” байгаа нь тавдугаар сарын 13-ны өдөр баталсан хуулиар тод харагдлаа. Энэ өдөр 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн баталсан юм. Төсвийн хүрээний мэдэгдлийг хэтэрхий бэлгэдлийн шинж чанартай зүйл гэж  эдийн засагчид хэлдэг нь улстөрчдийн төсвийн орлого, зарлагыг санаагаараа өөрчилж баталдаг барьцгүй зангаас улбаатай. Гэхдээ   төсвийн хүрээний мэдэгдлээс Засгийн газрын хэзээ, хэрхэн “ам гарсан” болохыг харж, ядаж дурсаж болох давуу талыг бид олж авдаг.