Фэнвэй Энержи: Монголын нүүрсний экспорт 900 мянган тонн болж буурах төлөвтэй

2021-04-13

Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 6-8-ны хооронд Гашуунсухайттай хиллэх Хятадын Ганцмод боомтоор нүүрсний тээврийн нийт 46 машин нэвтэрчээ. Нэвтрэлт огцом буурахаас өмнө нь тус боомтоор өдөрт 400 орчим машин нэвтэрч байжээ.

Нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Хятадын хилийн ойролцоох бүс нутагт Монголын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн байна. Тухайлбал, Монголоос импортолдог сайн чанарын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт нэг тонн нь 1120-1150 юань байсан бол боловсруулсан коксжих нүүрснийх 1400-1450 юаньд хүрсэн нь сарын өмнөхөөс 70-110 юаниар өсчээ.

“Фэнвэй Энержи”-ийн мэдээнд, Монгол Улсын дотоодод коронавирусын халдварын тохиолдол 500-аас дээш байгаа нөхцөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт сэргэх эсэх нь эргэлзээтэйг тэмдэглэсэн байна.

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, гуравдугаар сард манай улс 2.14 сая тонн нүүрс экспортолжээ. Ердийн үед өмнө нь манай улс сард дунджаар 3-4 сая тонн нүүрс Хятад руу экспортлох боломжтой. Оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс экспортлоод байна. Тэгвэл дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 7.02 сая орчим тонн байгааг УУХҮЯ мэдээлсэн.

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 13 цаг 33 мин
    Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үлдээснээ (2022.05.18) зарлалаа. Дунд хугацаандаа гадаад худалдааны тасалдал, Украйн дахь дайны улмаас үүссэн сөрөг нөлөө буурч, экспортын гол түүхий эдийг худалдан авах Хятадын эрэлт тогтвортой хэвээр байх тул Фитчээс Монгол Улсын ДНБ-ий өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% хүртэл өснө гэж төсөөлж байна.
  • Уржигдар 18 цаг 25 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • Уржигдар 17 цаг 06 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • 2022-05-18
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • 2022-05-18
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.