Хүч тэнцвэргүй Ерөнхийлөгчийн сонгууль

2021-06-07

Үндсэн хуулийг дахин шинэчлэх үү?

Г.Идэрхангай
 
2021 оны тавдугаар сарын 24. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 8 дахь удаагийн  сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх (МАН), С.Эрдэнэ (АН), Д.Энхбат (Зөв хүн электорат эвсэл) нар нэр дэвшигчийн үнэмлэхээ Сонгуулийн ерөнхий хорооноос гардаж, сонгуулийн  сурталчилгаагаа  албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн онцлогтой. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн  нэмэлт өөрчлөлтийн дагуу шинэчлэн найруулсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид ердөө 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө нийгэмд сурталчилж, санал авах өдрөөс (2021.06.09) 24 цагийн  өмнө сурталчилгаа  өндөрлөх ёстой. Өмнө нь ийм богино хугацаанд өрсөлдөж байсан түүх Монголын сонгуульд  үгүй. Хамгийн багадаа 1993 онд 15 хоногт  багтаан сурталчилгаагаа хийж байв. Тэгэхээр нийгэмд төдийлөн сайн танигдаагүй, хүлээн зөвшөөрөгдөөгүй,  өөрийн хүчтэй баг, бэл бэнчин муутай нэр дэвшигчдэд  энэ хугацаа мэдээж хангалттай биш. Тэндээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн  тухай хууль хэнд зориулагдав гэдэг нь тодорхой харагдах байх. 

Хоёрдугаарт, урьд хожид тохиолдож байгаагүй Ковид-19 цар тахлын аюул ер холдоогүй энэ цаг үед нэр дэвшигчид 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүргийн сонгогчидтой нүүр тулсан уулзалт хийнэ гэдэг тун ч амаргүй. Явах бүрт хөрөнгө зардал маш их урсана. Хөрөнгө их зарсан, өндөр зохион байгуулалттай ажилласан нь сонгуульд ялдаг жишиг Монголд олон бий. Хуулиар олгосон ийм хатуу “шахалт” дунд парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай, Засгийн газрын бодлогын бүх аппаратыг атгасан, хэвлэл мэдээллийн асар том сүлжээтэй, өдгөө намаа гардан удирдаж буй У.Хүрэлсүхтэй өрсөлдөнө гэдэг  арслантай нүцгэн гараар үзэлцэхтэй адил. Учир нь, эрх баригч МАН-аас нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд эртнээс тооцоотой бэлтгэж ирсэн ба намын 100 жилийн ойгоороо үзэл санаа нэгт (зүүний үзэл баримтлалтай) МАХН-ыг эгнээндээ нэгтгэн, мөнхүү гишүүдийнх нь саналыг өөртөө ашигтайгаар эргүүлээд байна. 

Богино хугацаанд хүчээ зузаатгасан ийм намын эсрэг  дотроо   хуваагдаж, бүтэн жил тамга тэмдэгний хэрүүл хийж, шүүх дээр арайхийн ялсан С.Эрдэнэ, сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гэнэтхэн гаргасан УИХ-ын гишүүн асан, “Датаком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат хоёр хүч тэнцвэргүй тулаанд орлоо.

Хоёулаа намын дарга биш ч сонгогдоод төдийлөн удаагүй байгаа залуу дарга, (АН-ын дарга М.Тулгат, ХҮН намын дарга Т.Доржханд) тэдний багийн дэмжлэгтэйгээр  ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байна. Хэдий хүч дутмаг ч сонгуулийн тактик, иргэдийн сэтгэл зүйг хэрхэн байлдан дагуулахаас тэдний ялалт, ялагдлын хувь заяа шийдэгдэнэ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигч Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ нэг удаа зургаан жилийн хугацаатай хэрэгжүүлэх учиртай. 

Дахиж сонгогдох боломжгүй зургаан жил учраас энэ удаагийн сонгууль маш хүнд нөхцөлд, “амь өрссөн” тэмцэл дунд өрнөх нь тодорхой. Хамгийн сонирхолтой нь, ард түмний дэмжлэгээр гарч ирсэн Ерөнхийлөгч байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд тэгш хүртээх Үндсэн хуулийн зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?  МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд нэгэнт баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үгүйсгэж, МАХН-ын олон жил дэвшүүлж байгаа “байгалийн баялаг ард түмний өмч” гэсэн концепцыг саяхан ёс төртэй хүлээж авсан. Тэгэхдээ Бүгд Найрамдах Монгол Улсын шинэ дээд Үндсэн хуулийг батална хэмээн “ухуулагч” нараараа дамжуулан монголчуудад сонордуулж байгаа. Энэ нь төрийн тэргүүний  эрх мэдлийг хумьсан одоогийн Үндсэн хуулийн зохицуулалт  огцом эргэж  Ерөнхийлөгчийн засаглал руу  шилжих вий гэсэн олон нийтийн болгоомжлол бий. Юутай ч Үндсэн хуульд дахин гар дүрж, нийгмийн шинэ загварыг бий болгох санаархал цухалзах болов.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн уриагаа  “Баялагтаа эзэн Монгол” хэмээн дэвшүүлжээ. Хууль бусаар алдагдсан улсын үйлдвэрийн газрууд, ашигт малтмалын ордуудыг төрд авах ажлаа үргэлжлүүлнэ хэмээн тэрээр нэр дэвшигчийн үнэмлэх  гардаж авсан өдрөө дахин тодотгож хэллээ. Түүний бодлого хаашаа явах нь тодорхой байна. Ерөнхий сайд байх хугацаандаа  928 тусгай зөвшөөрлийг цуцалж, Увс аймгийн газар нутгийн дайтай байгалийн баялгийг төрд буцаан авсанаа тэрээр онцолсон. Мөрийн хөтөлбөртөө “Уул уурхайн томоохон ордуудыг үндэсний эрх ашигт нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулна. Алт, зэс, төмөр, нүүрс,  газрын тос, газрын ховор элемент зэрэг баялгаа боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олборлолтоос боловсруулалтад шилжих бодлогыг дэмжинэ” хэмээн тусгажээ. “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичигт энэ тухай тодорхой бий. 

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат Монгол Улсыг Финланд шиг богино хугацаанд хөгжихийг уриалж байна. Тэрээр удаж, ухарч, унаж, уруудвал Уганда адил болох ирээдүй биднийг хүлээж байгааг сануулаад алт, гадил, кофе гээд баялгаа экспортлоод байдаг ч ядуурал, өвчлөл, авлига, хоцрогдолдоо живсэн Уганда бидний ирээдүй биш гэдгийг онцолж хэлж байна. Популизм дээр биш технологи дээр суурилсан эдийн засгийн бодлогыг дэмжих нь түүний гол философи. “Уул уурхайн хайгуул, олборлолт, нөхөн сэргээлт, тээвэр зэргийг хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй зохион байгуулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжиж, үйлдвэрлэл, хэрэглээнд нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулах бодлогыг дэмжинэ” хэмээн тэрээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Уул уурхайн экологи руу чиглэсэн бодлого баримталж ажиллах бололтой.   

Ерөнхийлөгчөөр сонгогдвол өмнөх Ерөнхийлөгч шиг уул уурхайн том мафиудтай тэмцэнэ гэхээс илүүтэй инженерүүдийн ухаан, шийдэлд тулгуурласан бодлогыг явуулах байх. Нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд уул уурхайн салбарын бодлого чиглэл, хэрэгжүүлж байгаа ажлууд дээр төдийлөн шүүмжлэлтэй хандаад байдаггүй. Тэрээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хувьцаатай иргэн төрийг санаачилж, төрийн өмчит аж ахуйн нэгжийг нээлттэй хувьцаат компани болгон биржээр иргэддээ хувьчлах  /зах зээлийн үнээр худалдах/ саналыг дэвшүүлсэн байна. Тэгэхдээ “Эрдэнэт, Оюутолгой зэрэг стратегийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулж иргэдэд хувьчлах /худалдах/ хуулийг санаачилна” гэжээ. Гэхдээ эдгээр санал бол тийм ч шинэ зүйл биш, урьд нь яригдаж л байсан зүйлүүд гэдгийг санах хэрэгтэй. Харин “Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, ашигтай байдалд мониторинг хийж, байгалийн баялаг олборлох үйл ажиллагаанд харилцан ашигтай байх зарчмыг хатуу баримтлах бод­ло­гыг санаачлан боловсруулна” гэ­сэн нь анхаарал татаж байгаа юм. Бодлогын шинэчлэл хийх аж. Ашигт малтмал, тухайлбал нүүрсэнд  бүтээг­­дэхүүн хуваах эрх зүйн орчныг бүрдүү­лэхээр ажиллана гэдэг бол харин шинэ санаа. Гэхдээ нүүрсэн  дээр бүтээгдэхүүн хуваах нь Монголд лав туршигдаж байгаагүй. Судалгаа ихээ­хэн шаардсан ажил болох биз ээ.  


Нэр дэвшигчид ба Оюутолгой
 
МАН-ын дарга У.Хүрэлсүх  Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилнө, Дубайн гэрээг цуцална гэдгээ шуудхан мэдэгдсэн. Эдүгээ УИХ, Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцлах тал дээр байр сууриа нэгтгэж, Рио Тинтотой хэлэлцээрийн ширээнд сууж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдвол  ҮАБЗ  Оюутолгойн асуудал  дээр илүү нэгдмэл   бодлоготой болно.  Магадгүй, ҮАБЗ уул уурхайн бусад том төслүүд дээр хурц шийдвэр гаргаад парламент болон Засгийн газар шахалт үзүүлж ажиллахыг үгүйсгэхгүй. Харин “Дарангуйлалгүй Монгол” уриатайгаар сонгуульд хүч үзэж байгаа С.Эрдэнэ Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг анх батлагдах цагаас нь шүүмжилж ирсэн нэгэн. Гэхдээ гэрээг цуцлах биш илүү сайжруулах ёстой гэсэн байр суурьтай. Төрийн зүгээс уул уурхайн баялагт тавих хяналтаа  чангатгаж ажиллахыг тэрээр үе үе шаарддаг ч  дуу хоолой нь олон нийтэд төдийлөн хүрдэггүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын талыг баримтлагч, О.Цогтгэрэл даргатай АН-ын фракцын тэмцлийг намжааж өөртөө дэмжлэг болгон хувиргасан нь түүний сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн өдрөөс  тод харагдав. Оюутолгойг эсэргүүцэгч фракц С.Эрдэнэтэй нэгдэн МАН-ын нэр дэвшигчтэй өрсөлдөх  болсон нь шинэ үзэгдэл.  Тэгвэл Монголд анх интернетийн сүлжээг оруулж ирсэн инженер Д.Энхбат нэр дэвшигч Оюутолгойн гэрээг сайжруулахыг төлөө явна гэдгээ энэ удаад ч  илэрхийллээ. Уг гэрээг анх байгуулахад  монголчуудын мэдлэг, чадвар дутуу байснаас олон зүйлийг зөв тооцоолж хийж чадаагүй, Монгол Улсаа хөгжүүлье гэж үнэхээр зорьж байгаа бол дараагийн том төслүүдийн гэрээг мэргэжлийн өндөр түвшинд хийх ёстой гэж тэрээр хэллээ. Оюутолгой төсөл дэх Монголын талын 34%-ийг өр тавьж авсан нь буруу гэх боловч уг асуудлыг яг, хэрхэн шийдэх талаар түүний хувьд тайлал болгосон зүйл одоогоор тодорхой бус. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компани, ялангуяа Рио Тинто группын үйл ажиллагааг Монголын төр хянаж чадахгүй, хянаж чадах зүйл нь экспортолж байгаа зэсийн баяжмал шүү гэдгийг  Д.Энхбат нэр дэвшигч тодотгон хэлжээ. Тэгэхээр Монголын талын 34%-д ногдох үр ашгаа хүртэхийн тулд роялти, бусад татвараа нэмье гэдэг санаа түүнээс гарч мэдэх юм. Уул уурхай төслүүдэд гарч байгаа бүх алдаа дутагдлын гол  шалтгаан нь өнөөгийн төр засгийн системийн алдаа хэмээн тэрээр үздэг. Юутай ч нэр дэвшигчид  гадаадын хамгийн том хөрөнгө оруулалтыг бий болгосон Оюутолгой төсөлд хэрхэн хандахаас уул уурхайн салбарт баримтлах дүр зургийг харж болохоор.

Сонгуулийн дараа уул уурхайн бодлого хэрхэн үргэлжлэх вэ?

Монголын улс төрийн сонгууль бүр угтаа байгалийн баялагт эрх мэдэл тогтоох, том төслүүдийг удирдах эрхийн төлөөх тулаан байж ирсэн. Дөрвөн жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлээд дуусгавар болгож буй Х.Баттулга Ерөнхийлөгч ч мөн баялгийн үр өгөөжийг  иргэн бүрт хүртээж, ашигт малтмалын ордуудад эзэн сууж  хөлжсөн олигархиудтай тэмцэл өрнүүлсэн. Оффшорчдын хууль бус мөнгийг эх орондоо оруулж ирнэ гэж амласан. Төмөр замын бүтээн байгуулалтыг биечлэн удирдсан, ахмадуудын зээлийг тэглэх санаачилга гаргасан гээд биелүүлсэн зүйлүүд бий ч, хийж амжаагүй ажил  их. Дуусгаж амжаагүй ажлуудаа үргэлжлүүлэх гэж хичээсэн боловч тэрээр энэ удаад МАН-ын зохион байгуулалттай хуулийн хязгаарлалтаар дахин нэр дэвшиж чадаагүй. Тэгвэл шинээр сонгогдох Ерөнхийлөгч уул уурхайн салбарт баримтлах бодлого хэрхэн үргэлжлүүлэх вэ?  2021-2030 он хүртэл Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг  Ерөнхий сайд нээлттэй зарласан. Эдгээр төсөл  хэрэгжих боломжтой юу, эсвэл бэлгэдлийн чанартай юу? Энэ тухай  Сэтгүүлч Э.Оджаргалын нийтлэлээс уншина уу.

Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар байгалийн баялгийн өгөөжийг  иргэн бүрт ижил тэгш хүртээхийн тулд уул уурхайн салбарыг  “геологи хайгуул-олборлолт-боловсруулалт борлуулалт-хуваарилалт” гэсэн дарааллаар зөв хөгжүүлэхээр төрийн бодлогод  тусган ажиллаж байна. Салбарын хөгжлийг олон талаас нь жигд хөгжүүлэх бодлого баримталж болох хэдий ч  уул уурхайн супер цикл айсуй цаг үед зэсийн бэлтгэгдсэн ордууддаа нэн яаралтай хөрөнгө оруулалт татаж,  эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгааг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Б.Батхүү MMJ-д өгсөн  ярилцлагадаа онцолж байна.  Засгийн газар уул уурхайн бодлогын реформ хийх зорилтоо хэрэгжүүлье гэвэл эрдсийн  худалдааг ил тод, нээлттэй  механизмаар явуулах Эрдэс баялгийн биржийг байгуулах ёстой. Гэвч төрийн өмчийн бирж байгуулахын тулд ТЭЗҮ ямар чухал болохыг салбарын эрдэмтэд сануулж байна. Эрдсийн зах зээлд ганцхан зэс гэлтгүй төмрийн хүдэр, нүүрсний үнэ өсч байна. Эрдсийн ханш өсч байгаа нь манай улсын эрдсийн экспортын  эрсдэлийг бууруулах боломж олгож буйг сэтгүүлч Б.Төгсбилэгт нийтлэлдээ өгүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уул уурхайн салбар  өдгөө эрх баригч намын бодлого чиглэлээр өрнөх хэдий ч хэн төрийн тэргүүнээр сонгогдохоос хамаарч үйл явдлууд өрнөх нь тодорхой юм.  

Сэтгэгдэл (1)

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 53 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 8 цаг 6 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 8 цаг 14 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 9 цаг 1 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.