Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оюутолгойн далд уурхайн төсөл дэх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх сард гарна

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо (06.29)  хуралдлаа. Хуралдаанаар Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр болон “Оюутолгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Лондоны арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өнөөгийн явц, байдлын талаарх Засгийн газрын ажлын хэсгийн танилцуулга, мэдээллийг сонсов.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн зэсийн баяжмалыг борлуулж байгаа гэрээг адил төст бусад гэрээтэй харьцуулан судалж дүгнэлтийг Түр хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах санал гаргасан юм. Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас Оюутолгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалган, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөвлөсөн зарим ажил хийгдэх боломжгүй байгааг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа тэмдэглээд уг ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ирэх намрын чуулган хүртэл сунгах саналтай байгаагаа уламжлав.

УИХ-ын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Түр хороог тухайн ээлжит чуулганы хугацаагаар байгуулна. Шаардлагатай бол ажиллах хугацааг дахин нэг чуулганы хугацаагаар сунгаж болно” гэж заасны дагуу “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны ажиллах хугацааг ирэх намрын чуулганы хугацаагаар сунгах саналаа УИХ-д танилцуулна гэдгээ Түр хорооны дарга Ц.Даваасүрэн онцолсон. Харин зэсийн баяжмалын борлуулалтын гэрээтэй холбоотой асуудлыг Засгийн газарт өгөх чиглэлдээ тусгахаар тогтов.

Засгийн газрын Ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийх үеэрээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байгааг дурдлаа.  Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.“Рио Тинто” болон Оюутолгой компаниуд хөндлөнгийн шинжээчдийн судлах шаардлагатай зарим мэдээлэл, тайланг цаг хугацаанд нь гаргаж өгөхгүй байгаагаас хөндлөнгийн хяналт, шалгалтын ажилд саад учирч байгаа ч хугацаандаа багтахаар зорилт тавин ажиллаж байгаа аж.