Х.Батжаргал: Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэл эхэлж байна

2021-10-12 11:02

The Mongolian Mining Journal /Наймдугаар сар 2021, № 008 (153/

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэсэн хууль эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулагчдын санал гомдлын нэгдсэн сан, уул  уурхайгаас гадна ямар салбаруудад хөрөнгө оруулалтыг татах боломжтой талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалтай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.

 

Монгол Улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчны талаар ярилцлагаа эхлэе.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойш анх 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн 2012 онд Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиудыг тус тус батлан мөрдөж байсан. Гэвч эдгээр хууль нь хөрөнгө оруулагчдын эрх ашиг, сонирхлыг тууштай хамгаалах боломжгүй, цаг үеийнхээ нөхцөл шаардлагад нийцэхгүй, хөрөнгө оруулалтыг нэгдсэн бодлогоор зангидах боломжгүй байлаа. Тиймээс байгалийн баялаг ихтэй, эдийн засаг нь хурдацтай өсөн нэмэгдэж байсан учир Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хууль эрх зүйн орчноо сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлага үүсч, энэхүү эрэлт, хэрэгцээ шаардлагын үүднээс өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 2013 онд шинэчлэн баталсан байдаг. Ийнхүү Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталснаар хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр нийтлэг эрх зүйн зохицуулалт, хамгаалалт, баталгаа бий болсон, хөрөнгө оруулагчид үзүүлэх дэмжлэгийг татварын ба татварын бус хэмээн ангилсны үндсэн дээр илүү ойлгомжтой болгосон, хөрөнгө оруулагчийн татварын орчныг тогтвортой байлгах баталгааг төр гаргаж өгсөн гэх мэт шинэлэг бөгөөд ололттой талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтад нэмэгдсэн юм.

Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг салбараар нь авч үзвэл, 2011 оноос хойш ГШХО-ын дийлэнх буюу 70% нь уул уурхай, олборлох салбар бөгөөд худалдаа, нийтийн хоолны салбар 17.37%-иар удаалж, бусад салбар нийлээд 12.7%-ийг эзэлж байгаа нь Монгол Улсад орж ирсэн ГШХО нь цөөн хэдэн салбарт хэт төвлөрсөн байдалтай байгааг харуулж байна. Тиймээс Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалт татах, мөн эдийн засгийг төрөлжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтын шинэ бодлого, стратегийг боловсруулах асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай гэж харж байна.

Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нөлөөлсөн гэж үздэг боловч олон улсын байгууллагуудын тайлан, санал зөвлөмжид Монгол Улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хүчин чармайлтуудыг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалт нэмж тусгах, хөрөнгө оруулалтын дараах үйлчилгээ, маргаан шийдвэрлэх гэх мэт асуудлуудыг хуульд тодорхой тусгах талаар дурдаж, зөвлөсөн байдаг. Үүнээс гадна дэлхий нийтийг түгшээж буй КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн орнуудын нийгэм, эдийн засгийн байдал хүндэрч байгаа энэ цаг үед эдийн засгийн тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зайлшгүй нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.


Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд “тэргүүлэх салбар” гэсэн шинэ нэр томьёо оруулж уул уурхайн салбарыг тэргүүлэх салбарт хамруулна

 
УИХ-ын намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэх төслийг хэлэлцэнэ. Хуульд уул уурхайн салбартай холбоотой ямар өөрчлөлтүүдийг тусгах ёстой гэж Та үзэж байна вэ? Боловсруулж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?     
Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уул уурхай, олборлох салбарын тухайд Монгол Улсын эдийн засагт жинтэй байр суурь эзэлдэг бөгөөд ойрын ирээдүйд ГШХО-ын урсгалын зонхилох хэсэг тус салбарт төвлөрөх хандлагатай байна. Тиймээс уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж ажиллах шаардлагатай тул энэ салбарын хөрөнгө оруулалтыг дэмжсэн холбогдох зохицуулалтуудыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгахаар анхаарч ажиллаж байна. Тухайлбал, хуулийн төсөлд “шинэ салбар, тэргүүлэх салбар” гэсэн нэр томьёог шинээр оруулж уул уурхайн салбарыг тэргүүлэх салбарт хамруулж, тэдгээрт үзүүлэх татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, тусгай зөвшөөрөл олгосон байгууллага хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүрэг хүлээх, төрийн хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагуудын чиг үүргийн давхцалыг арилгах, хяналт шалгалтын хэлбэр, гомдлыг шуурхай шийдвэрлэх механизмыг бий болгох талаар шинэ зохицуулалтууд оруулаад байна. Мөн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг хангах талаар холбогдох зохицуулалтуудыг тусгасан.

Монгол Улсыг хөрөнгө оруулахад сонирхол татахуйц болгох ямар боломж бий гэж Та үзэж байна вэ? Гадаадын шууд хөрөнгө оруулалт татах чиглэлээр Үндэсний хөгжлийн газар ямар ажил хийж байгаа бол? Төлөвлөж буй ажлуудаас танилцуулна уу?
Монгол Улсад тулгарч буй үндсэн гол бэрхшээлийн нэг нь бодлогын савалгаатай байдал ГШХО-д сөргөөр нөлөөлдөг. Мөн хөрөнгө оруулагчдын санаа зовж буй гол асуудлууд нь ил тод бус, урьдчилан таамаглах боломжгүй байдал, хууль, зохицуулалтын таагүй өөрчлөлтүүд зэрэг нь Монгол Улсад итгэх итгэлгүй болгож байна. Тиймээс нэн тэргүүнд холбогдох хууль эрх зүйн тодорхой, баталгаатай байдлыг бий болгох замаар хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, нэмэгдүүлэх, хөрөнгө оруулах шийдвэрт эергээр нөлөөлөх нь чухал юм. Түүнчлэн, бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулалтыг дэмжих институц эдийн засгийг төрөлжүүлэх асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлнэ гэдэг нь уул уурхай олборлох салбараас холдоно гэсэн утга санаа биш. Байгалийн баялагт түшиглэсэн ГШХО-ын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарахын зэрэгцээ ГШХО-ыг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн арга хэмжээ, холбогдох бодлого, стратегийг хөрөнгө оруулалт татах чадавх өндөртэй, өрсөлдөх чадвартай аялал жуулчлал, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй гэх мэт салбарт болон зах зээлд чиглүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.  

Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын Ерөнхий сайдын удирдлага дор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах цогц шинэчлэлийг эхлүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг шинэчлэлийн хүрээнд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах, цар тахлын үеэр хөрөнгө оруулагчдад зориулсан цахимжилт, төрийн болон бусад байгууллагатай хамтарсан хөрөнгө оруулагчдад үзүүлэх үйлчилгээний хялбаршуулалт зэрэг ажил багтаж байгаа юм.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд гадаадын хөрөнгө оруулагчидтай зөвлөлдөх уулзалт (2021.08.17) хийсэн. Уулзалтаар яригдсан гол асуудал, үр дүн юу байв?
Тус зөвлөлдөх уулзалт нь Монгол Улсын Засгийн газрын 200 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан юм. Засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, дархлаажуулалт болон эдийн засгийн сэргэлтийн уялдаа, үр дүн, цаашид баримтлах бодлогын талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Мөн цаашид Засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, шинэ шатанд гаргах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг зөвлөлдөх уулзалтад оролцсон төлөөллүүдтэй санал солилцлоо. Тухайлбал, цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийг тэлэх томоохон төслүүдийг хурдасгах, тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, шаардлагатай бодлогын дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтын салбарт тулгамдсан тодорхойгүй асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг дээр онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Ерөнхий сайдын зүгээс гадаадын хөрөнгө оруулагч нарт хандан өнгөрсөн 30 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрын өмнөөс уучлал хүсч, цаашид өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ шинээр эхлэхэд өөрийн зүгээс шалтгаалах бүх боломжоо ашиглана гэдгээ амласан.

Уулзалтад оролцсон гадаадын төлөөлөгчдөөс дэвшүүлсэн ямар саналуудыг анхаарах шаардлагатай гэж Та үзэж байгаа вэ?
Төлөөллүүдийн зүгээс гадаадын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах ажлыг хэрэгжүүлж байгаа нь цаг үеэ олсон ажил гэдгийг онцолсон юм. Тэгэхдээ Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгасан байгаа хязгаарлалтыг хөнгөлөх, нэн тэргүүнд хамгийн ач холбогдолтой салбарт хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь туйлын чухал гэдгийг тэмдэглэн хэлж, хөрөнгө оруулагчидтай хийх ийм уулзалт нэг удаагийнх биш байж, давтамжтай зохион байгуулж байхыг хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдаас хүссэн.

Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх механизм (ХОГШМ) хэрхэн ажиллаж байна?
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний хөгжлийн газрын даргыг Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга болгож, зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлттэй холбоотой зөвлөлийн Ажлын албаны чиг үүрэг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газраас Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газарт шилжин ирсэн. Ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд зөвлөлийн үндсэн чиг үүрэг болох хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар ажлуудыг гүйцэтгэж байна. Үндэсний хөгжлийн газар нь Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран Хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих систем– SIRM-ийг боловсруулж, ашиглалтад оруулсан юм. Тус систем нь төрийн байгууллага хоорондын албан тоот дамжуулах хугацаа алдагдлыг байхгүй болгож, хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааг хурдасгасан. Улмаар хөрөнгө оруулагчдад тулгарч буй асуудлуудын талаар нэгдсэн мэдээллийн сан бүрдэж, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, бодлогын түвшинд өөрчлөлт хийх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах үндэс суурь тавигдахад нөлөөлнө.  

Хэчнээн гомдол ирсэн бэ, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Өнөөгийн байдлаар хэд хэдэн гомдлыг шийдвэрлэж, буцаан татагдах эрсдэлд ороод байсан 3.2 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хадгалан үлдээж чадсан. Дээрх тоо цаашид ч өсөх хандлагатай. Бидний зүгээс хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, гомдол хязгаарыг тодорхой болгох, гомдол гаргахтай холбоотой  үйл ажиллагааг хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй, хялбар ойлгомжтой байлгах зорилгоор өнгөрсөн хугацаанд ирүүлсэн гомдолд дүн шинжилгээ хийж, системийг сайжруулах, гаргасан гомдлыг шийдвэрлүүлэхэд тулгарсан техникийн болон бусад асуудлын талаарх судалгаа хийх чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний таван хороо байгууллаа. Үүний нэг нь Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Үндэсний хороо юм. Энэ хорооны үйл ажиллагаатай холбоотой ямар ажлыг Үндэсний хөгжлийн газар хариуцаж, хэрэгжүүлэх бол?
Эдийн засгийг эрчимжүүлэх Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд ахалж байгаа бөгөөд цар тахлын дараах эдийн засгийг сэргээх бодлогын концепц, цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хуулийн төслийг боловсруулах, батлуулах, цар тахлыг даван туулах төлөвлөгөө, хэрэгжүүлэх үйл ажиллагаа гэсэн үндсэн гурван чиглэлээр ажиллах юм. Үндэсний хорооны анхдугаар хурал (2021.08.24) болж, Үндэсний хорооны дор гурван дэд Ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Үндэсний хөгжлийн газар, Гадаад харилцааны яам хамтран эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт хийх таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллага болон олон улсын санхүүгийн байгууллага, бизнесийн зөвлөл, танхимуудын төлөөллөөс бүрдсэн дэд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Америк-Монголын худалдааны танхим, Австрали-Монголын худалдааны танхим, Герман-Монголын худалдааны танхим, Европын худалдааны танхим, “Зунхуа” нийгэмлэг, Монголын бизнесийн зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, Япон-Монголын бизнесийн  зөвлөл зэрэг салбар бүрийн төлөөлөл орж ажиллаж эхэллээ. Одоогийн байдлаар дэд Ажлын хэсгийн зүгээс хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад, мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэхэд тулгамдаж буй асуудал, саад бэрхшээлүүдийг тодорхойлох чиглэлээр хэлэлцүүлэг хийж, саналыг нэгтгэн Үндэсний хороонд хүргүүлээд байна.

Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хөрөнгө оруулал­тын чуулган зохион байгуулагдах мэдээлэл бий. Чуулганы тов тодорсон уу? Энэ арга хэмжээнд Үндэсний хөгжлийн газраас ямар хэлбэрээр оролцох вэ?
Монгол Улсын Ерөнхий сайд “Цар тахлын үеийн эдийн засаг” төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр тус чуулганыг энэ оны аравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Үндэсний хөгжлийн газрын зүгээс хариуцсан чиг үүргийн хүрээнд чуулганы бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

КОВИД-19-ийн дараах эдийн засгийн үед уул уурхайгаас бусад ямар салбарын хөрөнгө оруулалт сэргэх, эсвэл буурна гэж Та харж байгаа вэ?
Дэлхий нийтийг түгшээж буй КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гадаадын хөрөнгө оруулалт 2020 онд уналтад орсон гэж хэлж болно. Эргээд хэр хурдан сэргэх нь цар тахлаас үүдэлтэй тодорхойгүй байдал ямар хугацаанд үргэлжлэхээс хамаарах төлөвтэй байгаа. Харин Монгол Улсын хувьд дүр зураг илүү сайн байна. Манай улсад орж ирж буй хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь уул уурхай, олборлолтын салбарт чиглэдэг. Ашигт малтмалын үнэ өндөр байх үед уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгддэг уялдаатай. Цар тахлын дараах эдийн засаг, мөн дэлхий дахинаа гарч буй технологийн чиг хандлагыг дагаад тодорхой уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цаашид өндөр байхаар таамаглал бий тул манай улсыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт сайн байх хандлага үүсч байна. Үндэсний хөгжлийн газар хэрхэн байгалийн баялагт түшиглэсэн ГШХО-ыг үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн уул уурхайн бус бусад салбарт чиглэсэн ГШХО-ыг татах боломжийг тодорхойлох, үүний тулд бизнес орчныг хэрхэн сайжруулах, түүнчлэн бодлогын хувьд хэрхэн дэмжих талд илүү анхаарал хандуулан ажиллаж байна.

Танд баярлалаа. 
 

Сэтгэгдэл (1)

  • А.Оюунчимэг (103.212.118.147)
    Амжилт хүсэе
    2021 оны 10 сарын 13 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 19 цаг 43 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 21 цаг 57 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 22 цаг 14 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • Өчигдөр 10 цаг 33 минутад
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.