Гашуунсухайт боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ

2021-10-13 11:54

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай 2021 оны аравдугаар сарын 12-ны өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд нар улс төр, худалдаа, эдийн засаг болон цар тахлын үеийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний олон асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээ нотлов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хоёр улс мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биеэ дэмжин, олон улсад жишиг болохуйцаар хамтран ажиллаж буйг онцлон тэмдэглэж, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.

Ерөнхий сайд нар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлж, шинэ шатанд гаргах боломжтойг онцлон тэмдэглэж, хамтран хэрэгжүүлэх боломжтой зарим томоохон төслийн талаар санал солилцов.   Хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтын төлөө хоёр талын холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах талаар санал нэгдлээ. Энэ хүрээнд халдвар хамгааллын арга хэмжээг сайжруулсны үндсэн дээр худалдааны голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулахыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт хилийн боомтод саатсан нүүрсийг яаралтай татан авах тохиролцоонд хүрлээ. Түүнчлэн Тяньжин боомтод саатаад байгаа Монголын 4575 чингэлэг ачааг өвлөөс өмнө шуурхай шийдвэрлэхээр боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын худалдааны эргэлт, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд авто зам, төмөр замаар харилцан холбогдох нь чухал болохыг тэмдэглэж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. Хоёр тал Гашуунсухайт-Ганц мод боомтын төмөр замын хоёр улсын хил огтлолын цэгийг эцэслэн тохирч, холбогдох боомтуудад ногоон гарц нээх ажлыг идэвхжүүлэхээр санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг Ерөнхий сайд нар тэмдэглэж, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсоны дагуу цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

Хөрш улсын хувьд Хятадын зүгээс манай улсын өмнөд бүсэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох боломж бүрдүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо. 

Нийслэл Улаанбаатар хотыг ухаалаг хот болгох, автозамын түгжрэл бууруулахад чиглэсэн төслүүдэд Хятадын талаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцуулах талаар хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ерөнхий сайд нар “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг урагшлуулахад анхаарал хандуулж ажиллахаа нотоллоо.

Талууд хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар мэдээллээ.

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 25 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 20 цаг 39 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 20 цаг 56 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 22 цаг 49 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.