Ж.Довдонбалжир:  Дэлхийн 20 гаруй орны 60 гаруй үйлдвэрлэгчийг Монголын зах зээлд төлөөлдөг

2021-10-15

Монгол Улсын зах зэээлийн эдийн засгийн 20 жилийн хөгжлийн гэрч, ханган нийлүүлэлтийн салбарын түүхийг бүтээлцэж яваа үндэсний “Юнитра” компани байгуулагдсаны тэгш ой тохиож байна. Барилга, зам, уул уурхайн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 20 жил тасралтгүй Монголын хэрэглэгчдэдээ нийлүүлж байгаа тус компанийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ж.Довдонбалжиртай ярилцлаа.


Одоогоос 20 жилийн тэртээ Монголд ханган нийлүүлэлтийн, тэр дундаа тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгслүүдийг нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг компани байгуулах сэдэл, санаачилга яаж гарсан бол?
Одоогоос 20 жилийн өмнө гэдэг бол манай улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд бараг 10 жил болчихсон байсан үе л дээ. Миний хувьд, социализмын үед буюу 1985 онд ЗХУ-д инженерийн мэргэжлээр төгсч ирээд хөнгөн үйлдвэрийн салбарт 7 жил ажиллаж мэргэжлээ хагас дутуу эзэмшиж байтал 1990 онд ардчилсан хувьсгал ялж, Монгол маань зах зээлийн эдийн засагт шилжсэн юм. Шинэ нийгэм, орчинд хөл нийлүүлж ажиллаж, амьдрахын тулд мэдлэг, боловсролоо дээшлүүлэх зорилгоор Худалдаа, үйлдвэрийн яаманд ажилд орсон. Тэндээсээ Тайландын вант улсад үйлдвэрлэлийн менежментийн чиглэлээр 6 сарын курст суралцах завшаан тохиож анх удаа капиталист оронд явж ”юм үзэж нүд тайлах” боломж олдсон юм. Тайланд бол гадаадын хөрөнгө оруулалт татах бодлого барьдаг орон. Тус улсад суралцаж байх хугацаандаа Японы хөрөнгө оруулалттай 60 гаруй үйлдвэрээр орж танилцсан байдаг. Дараа нь Монголын худалдаа, бизнесийг дэмжих агентлагт (МОТРА) менежерээр, МҮХАҮТ-д газрын даргаар тус тус ажиллалаа. Ингээд үйлдвэрлэл, худалдаа, бизнесийг дэмжих салбарт ажилласан энэ бүх туршлагадаа үндэслэн гадаад худалдааны “Юнитра” ХХК-ийг 2001 онд байгуулсан түүхтэй.

Компанийн бизнесийн гараа, анхны томоохон худалдан авалтын тухай ярина уу?       
Манай компани анх Өмнөд Солонгосоос авто зам засвар, барилгын бага оврын тоног төхөөрөмж импортолж, тэрхүү авто замын зүсэгч, нягтруулагч зэрэг бүтээгдэхүүнээ 2000-2001 он хүртэл 2 жилийн турш танилцуулж явлаа. Тэр үед АХБ-ны санхүүжилтээр Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын төсөл хэрэгжиж байсан юм. Уг төсөлд Өмнөд Солонгосын компани ерөнхий гүйцэтгэгчээр, Монголын зам засварын компаниуд гэрээгээр ажиллаад дууссан. Үүний дараа л замын компаниуд ямар тоног төхөөрөмж ашиглах хэрэгтэйгээ бодитоор ойлгон бидний оруулж ирсэн тоног төхөөрөмжийг маань сонирхон, худалдан авч эхэлсэн. Манай компаниас хамгийн анх “Ган гүүр” ХХК томоохон худалдан авалт хийсэн. Ингэж л манай компани бизнесээ эхлүүлсэн дээ. 

Эхний үед манай бүтээгдэхүүн хэрэглэгчдэд үнэтэй тусч байсан учир импортын өртгөө хэрхэн хямдруулах тухайд олон талаас нь бодож тооцоод, Японы “Хонда” үйлдвэрээс хөдөлгүүрийг нь импортолж, харин Өмнөд Солонгосын үйлдвэрээс бусад эд ангийг авч, эндээ угсралт хийх замаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн нь хамгийн оновчтой шийдэл болсон юм.   

Анх байгуулж байсан үеийг өнөөтэй эргэн харьцуулахад дотоодын хэрэглэгчдийн  шаардлага хүлээлт, дэлхийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хөгжил, техник технологийн дэвшлийн асар их өөрчлөлтийн талаарх Таны үзэл бодол сонирхолтой юм?
“Юнитра” компанийг анх байгуулж байх үед манай улсын эдийн засаг 500-600 сая ам.долларын л эргэлттэй байлаа шүү дээ. Хэрэглэгчид голдуу ОХУ-д үйлдвэрлэсэн багаж, техник хэрэглэдэг, гудамжаар Оросын машин л хөлхдөг байж билээ. Тэгэхэд манай компанийн зах зээл хязгаарлагдмал байлаа шүү дээ. Бидний импортолдог “Хонда” үйлдвэрийн усны помпыг хөдөөний малчид малаа услах, Баянчандмань, Борнуурын тариаланчид ногоогоо услах гэж авна. Замын хэдэн компани зам зүсэгч, бусад жижиг сажиг багаж авна. Ийм л хэмжээнд манай компанийн үйл ажиллагаа явдаг байв. 

2007-2008 онд манай улсад уул уурхайд эрдэс баялагийн том том нөөцүүд илэрч, гадаадын хөрөнгө оруулалт Монгол Улс руу “цутгаж” ёстой л “хүссэн юм хүзүүгээр татна” гэдэг шиг хөгжил дэвшлийн үүд хаалга нээгдсэн юм. Тухайн үед геологи, хайгуулын “Айвенхоу майнз” компани Монголд ажиллаж байсан. Роберт Фрийдланд гэж нөхөр Оюутолгойн ордыг нээж, гадаадын хөрөнгө оруулагчдад манай улсыг сайн сурталчилсан. Нью Йоркид олон улсын хөрөнгө оруулалтын чуулган дээр тэрбээр “Би Калифорнийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний газрыг Монголд эзэмшиж байна. Тус улсын хөрөнгө оруулалтын хууль надад ийм боломжийг олгосон” гээд л илрүүлсэн эрдсийн нөөцүүдээ танилцуулж байсан юм. Ингээд газрын доороос эрдэс баялаг гараад ирэхийн цагт манай улс дэлхий нийтийн анхаарлыг татсан даа. Гадаадын хөрөнгө оруулалтыг дагаад хайгуулын, өрөмдлөгийн, олборлолтын гаднын олон компани орж ирж, Монголд орчин үеийн шинэ техник, технологи, ноу-хау, ажлын арга барил нэвтэрсэн гэж үздэг. Бидэнд уул уурхайн салбарын шинэ зах зээл нээгдэж, цоо шинэ хэрэглэгчид, шинэ эрэлт хэрэгцээ, тэдний шаардлага, олон улсын стандартад нийцсэн шинэ тоног төхөөрөмж, багаж нийлүүлэх асар том боломж нээгдсэн. Эдүгээ манай улс уул уурхай давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй, жилдээ 13 тэрбум ам.долларын эдийн засагтай болон өргөжин тэлжээ.

Зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн ханган нийлүүлэлтийн салбар, ялангуяа бага оврын тоног төхөөрөмжийн зах зээл, ирээдүйн чиг хандлагыг Та хэрхэн харж байна?
Дэлхийн ханган нийлүүлэлтийн салбарт түүхий эд, тээвэр ложистикийн хамааралтай үнийн өсөлт, тогтворгүй байдал зэрэг хүндрэл, сорилтууд тулгарч байна. 
Тухайлбал, манай компанийн захиалгатай Өмнөд Солонгосын Бусан боомтоос гарсан 3 чингэлэг Хятадын Сянган боомт дээр 6-р сард ирж гацаанд ороод одоо болтол тэндээсээ хөдлөөгүй байна. 

Японы үйлдвэрт бараа захиалаад 45 хоногийн дараа ачигдахад бэлэн болдог байсан бол одоо 9 сарын дараа үйлдвэрээс гарна гэсэн хариу өгч байна.  

Багаж, тоног төхөөрмжийн дэлхийн зах зээлийн хувьд, хэдийгээр КОВИД-19 цар тахал сөрөг нөлөө үзүүлсэн ч гэсэн 2025 он хүртэл тоног төхөөрөмж, багажны зах зээл 3%-ийн өсөлттэй байна гэсэн судалгаа гарсан.   


 Эх сурвалж: Technonavia


“Юнитра” компанийн өнгөрсөн 20 жилийн дэвшил, өөрчлөлт шинэчлэлийг Та хэрхэн тодорхойлох бол?
Бид эдүгээ дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: 

-    Импорт
-    Худалдаа, борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаа
-    Борлуулалтын дараах үйлчилгээ 
    (засвар үйлчилгээний төв)
-    Тоног төхөөрөмжийн түрээсийн үйл ажиллагаа
-    Эцсийн бүтээгдэхүүний угсралтын үйл ажиллагаа  

 
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын гамшгийн нөхцөлд зохицон ажиллахын тулд бид өнгөрсөн жил цахим худалдааны сайт www.ToolMart.mn байгуулж, хэрэглэгчдэд бараагаа on-line горимд нийлүүлж эхлээд байна. Өдгөө дэлхийн 20 гаруй орны 60 гаруй үйлдвэрлэгчийг Монголын зах зээлд төлөөлдөг, Монголдоо хамгийн олон нэр төрлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлдэг компани болсон байна. Манай бараа нийтдээ 12 бүлэг, категори ангилалд хуваагддаг бөгөөд уул уурхай, зам барилга, эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, ОСНАА, хүнс, ХАА, холбоо мэдээлэл, банк,  үйлдвэрлэл, худалдаа гэх мэт бизнесийн өргөн салбар хүрээг хамарч ханган нийлүүлэлт хийгддэг.     


Та инженер хүн учир компанийн уриагаа “Техникийн дэвшлийг Монголд” гэж дэвшүүлсэн байх нь. “Юнитра” компанийн импортолж, дотоодын хэрэглэгчдэдээ ний­лүүлж буй дэвшилтэт тоног төхөө­рөмж, бусад бүтээгдэхүүнээс танил­цуу­лахгүй юу? Тэр дун­даа уул уурхайн салбарын, дэлхийд танигдсан брэндийн дистрибьютерээс дурдвал.
Орчин цагийн техник технологийн дэвшил, инновацийг шингээсэн, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, багажийг Ази, Европ, Америк тивүүдийн өндөр хөгжилтэй орнуудаас импортлон Монголын хэрэглэгчдэд нийлүүлж ирлээ. Тухайлбал, уул уурхайн салбарт зориулж дизель технологиор дэлхийд тэргүүлэгч Японы Yanmar, Испанийн Himoinsa фирмийн дизель генератор, гэрэлт цамхаг  
-    Усны насос /Tsurumi, Wilo - Япон, Герман
-    Хийн компрессор, багаж /Airman, FINI, Ingersoll Rand - Япон, Итали, АНУ
-    Сэрээт автоачигч /Toyota - Япон
-    Гагнуурын аппарат, электрод /Panasonic, Chosun - Япон, Солонгос 
-    Засвар, угсралтын төрөл бүрийн багаж /Makita, Dewalt, TOPTUL - Япон, АНУ

Хэрэглэгч, худалдан авагчдын хувьд, бүтээн байгуулалтын салбарт идэвхитэй үйл ажиллагаа эрхэлж байгаа Монголын тэргүүлэх зэргийн, том жижиг бүх байгууллага, аж ахуйн нэгж манайхаар үйлчлүүлдэг.

Компанийн угсарч буй эцсийн бүтээгдэхүүнийг танилцуулна уу. Тухайн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэх ач холбогдол, давуу тал юу вэ?
Бид байгуулагдсан цагаасаа эхлэн дотооддоо бага оврын тоног төхөөрөмжийн угсралтын үйл ажиллагааг эрхэлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зам засвар, барилгын бага оврын тоног төхөөрөмж
-       Хонда хөдөлгүүртэй
-       Асфальт/бетон зүсэгч
-       Хөрс нягтруулагч
-       Бетон өнгөлөгч сэнс
-       Усны насос, бетоны вибраторын хөдөлгүүр

Хөдөлгүүр нь “Хонда” үйлдвэрээс, бусад эд анги Өмнөд Солонгосын үйлдвэрээс  импортолж, Монголдоо угсарсан эцсийн бүтээгдэхүүн нь худалдан авагчид хямд үнээр нийлүүлэх боломжийг олгосон аж холбогдолтой.   

Мэдээж, компанийн өнөөдрийн түүхийг бүтээлцсэн хамт олны үүрэг оролцоо тун чухал. Хамт олон хэр тэлж өргөжив? Цаашдаа ажилтнуудыг мэргэшүүлэн, чадавхижуулахад чиглэсэн, хүний нөөцийн тал дээр чиглэсэн ямар бодлого барьж  ажиллах вэ? 
Байгуулагдсан цагаас хойш манай ажилтнуудын тоо 20 дахин нэмэгдсэн байна. Нийт ажилчдын 20% нь эмэгтэйчүүд. Ажилтнуудын ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж, тэдний тогтвор суурьшилтай ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Тухайлбал, боловсон хүчнээ мэргэшүүлэн чадавхжуулах чиглэлээр сургалтын байгууллагууд, техник технологийн коллежуудтай хамтын ажиллагаатай. Байгууллага дээрээ цахим шилжилтийн төсөл санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Ингэснээр худалдаа, борлуулалтын үйл ажиллагааны процессыг автоматжуулж, хэлтэс тасгуудын уялдаа холбоо сайжирч, хэрэглэгчдэд аль болох чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм. Ер нь бол ирээдүйд боловсон хүчнээ чадавхжуулахад ШУТИС-тай хамтран ажиллах зорилт байна.   
   
Компанийн дараагийн 20 жил, ирээдүйн үйл ажиллагааны төлөвлөлт, зорилт юу байх вэ?
Монгол улсын үйлдвэрлэлийн үндсэн салбарууд болох уул уурхай, зам барилга, эрчим хүч, дэд бүтцийн салбарын томоохон, мэргэжлийн түвшний ханган нийлүүлэгч болох зорилт тавьж, барааны бүлэг, категори ангилал тус бүрээр зах зээлд эзлэх хувь хэмжээгээ жилээс жилд нэмэгдүүлэн ажиллаж байна.    

Танд баярлалаа. 
 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 17 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 7 цаг 30 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 39 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 8 цаг 26 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.