Уул уурхайн бүтээгдэхүүний бирж салбарыг ил тод, нээлттэй тольдох боломжтой болгоно 

2021-10-20 10:33

The Mongolian Mining Journal /Aug.2021/

Д.Нарантуяа

Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв.

Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.

УИХ-аас 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод бирж байгуулах тухай анх тусгасан. Уг баримт бичгийн 3.7.5-д “Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах зорилгоор эрдэс баялгийн бирж байгуулах”, 3.7.10-т “Ашигт малтмалыг олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх  бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох арга, аргачлалыг боловсронгуй болгох” хэмээн заасныг ажил хэрэг болгох алхам хийгдэж байна.


Өнөөдрийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнэ, худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл нээлттэй, ил тод бус байдгаас бүтээгдэхүүнийг ашигтай борлуулах нөхцөл  бүрдэхгүй, үүний улмаас дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр гэрээ хэлцэл хийж, өндөр зардал гаргаж байгаа байдлыг залруулахад биржийн үйл ажиллагаа нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Нүүрс, зэс, жоншны баяжмал болон бусад бүтээгдэхүүний экспортын худалдаанд төрийн албан хаагчид оролцдог болсоор удаж буй. Төрийн өмчит компанийн ерөнхий захирлууд арилжаанд оролцдоггүй, ачилтын асуудлыг хариуцдаг учраас экспортын үлэмж хэмжээний орлогоо алдаж байгаа нь бодит зүйл юм.

Гэрээний үндсэн дээр арилжаалагдах уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ нь гэрээний үнээр тогтоогдож, хууль тогтоомжийн дагуу албан татвар, төлбөр, хураамж ногдож байна. Харин гэрээгээр тохирсон үнэ нь зах зээлийн ханшаас үлэмж зөрүүтэй, доогуур байдгаас уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас олох орлогыг ихээхэн бууруулж байгааг хууль боловсруулагчид тайлбарлаж байна.

 


 

Бирж статусын хувьд төрийн өмчит хувьцаат компани хэлбэртэй байх бөгөөд биржийн үйл ажиллагаанд төрийн өмчит компаниуд л оролцох юм. Биржийг үүсгэн байгуулах, өөрчлөх, татан буулгах эрх Засгийн газарт хадгалагдана. Бирж нь Төлөөлөн удирдах зөвлөлтэй байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд уул уурхай, арилжаа, үнэт цаасны салбарт ажиллаж байсан дадлага туршлагатай хүнийг сонгон ажиллуулахаар төсөлд тусгажээ. Биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хадгалах шаардлага хангасан агуулах, терминал, тээвэр ложистикийн төв, даатгалын тогтолцоо, шинжилгээний лабораторитай цогц дэд бүтэцтэй байхаар зорьж буй. Энэхүү цогц дэд бүтцээс харахад уул уурхайн салбараас гадна санхүү, мэдээллийн технологи, ложистик, таваарын биржийн гэрээгээр мэргэшсэн мэргэжлийн хүний нөөцийг шаардаж байгаа юм.

Хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн зүгээс өнгөрсөн хавар зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр бирж байгуулахыг дэмжсэн хэсэг байхад, эргэлзсэн хэсэг ч бас байгаа нь харагдсан. Төрийн өмчит компаниудын экспортын гэрээний үнийг дэлхийн зах зээлийн ханшид нийцүүлэх замаар ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилго нь буруу биш боловч уул уурхайн экспортын хувьд ганц зах зээлээс хамааралтай Монгол Улсын хувьд салбарын хөгжлийг дэмжих зорилгоо биелүүлж чадах эсэх, бирж ажилласнаар хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, бүтээгдэхүүний стандарт, кодчиллыг хэрхэн яаж хийх вэ зэрэг хариулт нэхсэн асуултууд байна. 

Төрийн өмчит компаниудын үр ашгийг дээшлүүлж, төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилгыг бирж байгуулагдтал төрд байгаа хяналт, гүйцэтгэлийн тогтолцоог чангатгах замаар хийж эхэлж байх нь зүйтэй санагдана. Хууль батлагдан эрх зүйн орчин бүрдэж, биржийг байгуулан үйл ажиллагааг нь эхлэх хүртэл багагүй хугацаа шаардах нь тодорхой. Биржээр арилжаалах бүтээгдэхүүний стандартыг дэлхийн жишигт нийцүүлэн тогтоовол, тэр стандартад хүрэх чадавх, боломжийг бий болгохын тулд ихээхэн хэмжээний нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдана. Бүтээгдэхүүний бирж нэртэй боловч үнэндээ энэ бирж бол хариуцлагын өндөр түвшинд хийгдсэн гэрээ, борлуулж буй бүтээгдэхүүний чанарыг арилжина гэсэн үг. Энэ утгаараа уул уурхайн салбарт том соёл, хандлагыг бүтээх учиртай. 
Хэрэв Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдвал энэ нь Монголын хоёр дахь таваарын бирж болох юм. 


Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг 2011 онд УИХ баталж, үйл ажиллагааг нь 2013 оноос эхлүүлсэн байдаг. Таваарын биржийн туршлага монголчуудад байгаа гэж хэлж болох боловч уул уурхайн бүтээгдэхүүний гэрээ, арилжаа, зах зээлийн онцлог нь өөр. Тиймээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг АНУ-ын Чикагогийн биржийн жишгээр бэлэн бүтээгдэхүүний болон форвард гэрээ, хэлцэл арилжаа хийж туршлагатай болсны дараагаар фьючерсын худалдааг хийхээр зорьж байгаа ажээ. Фьючерсийн худалдаа нь зах зээл дээрх эрсдэлийг бууруулах нөхцөл болох боломжтой боловч савлагаа ихтэй байдаг онцлогтой.

Уул уурхайн бүтээгдэхүүний бирж ажиллаж эхэлснээр ямар давуу талууд бий болох вэ?

  • - Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, улмаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болж, зах зээлийн бодитой ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдах, улмаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
  •  
  • - Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын хэмжээ ил тод болсноор арилжаанаас тооцох татвар хураамжийг үндэслэлтэй тогтоох нөхцөл бүрдэж улсын төсвийн орлого нэмэгдэнэ.
  •  
  • - Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж арилжаанд оролцогчдын эрсдэл буурах, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болох ач холбогдолтой.
  •  
  • - Биржийн арилжааны төлбөр тооцоо Монгол Улсын банк санхүүгийн байгууллагаар дамжин хийгдэж, гадаад валютын орлого нэмэгдэж, ханш тогтворжих, таатай нөхцөл бүрдэнэ.
  •  
  • - Уул уурхайн бүтээгдэхүүний чанар олон улсын стандартын түвшинд хүрч сайжрах бөгөөд үүнийг дагаад техник, технологийн шинэчлэл хийгдэх, шинээр ажлын байр бий болох нөхцөл бүрдэнэ.
  •  
  • - Биржийг дагалдан арилжааны зуучлагч, тээвэр логистик, баталгаат агуулах, даатгал зэрэг цогц үйлчилгээ бий болох юм. Энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний зохион байгуулалттай зах зээлийн найдвартай, тогтвортой ажиллагааг дэмжихийн зэрэгцээ татварын суурийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
  •  
  • - Биржийн арилжааг амжилттай явуулах зорилгоор уул уурхайн бүтээгдэхүүний гарал үүсэл, ангилал, кодчилол, чанарын шаардлага зэргийг нарийн тогтоох, улмаар биржийн ажиллагааг хангах техник, технологи, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна.

Энэхүү хуулийн төслийг дагалдан дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт орох юм. Тухайлбал, Ашигт малтмалын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Гаалийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн боловсруулснаа танилцуулсан байна. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 1 цаг 15 минутын өмнө
    “Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 
  • 22 цаг 59 минутын өмнө
    2021 оны арваннэгдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд нийт 2581 автомашин, 592 вагон буюу 365.8 мянган тонн нүүрс, 240 автомашин, 165 вагон зэсийн баяжмал, 1564 вагон, 8 автомашин буюу 115.1 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ. Төв банк оны эхнээс энэ сарын 24-ний байдлаар 19.83 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.2%-иар буурчээ. Харин өнгөрсөн хугацаанд 1,206.8 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 2.3%-иар буурсан үзүүлэлттэй байна. Нүүрсний хувьд он гарсаар арваннэгдүгээр сарын 24-ний байдлаар 15 сая тонныг экспортлов.
  • 23 цаг 34 минутын өмнө
    "Туркойз Хилл Ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд зориулж "Оюутолгой" компанийн ТУЗ төслийн хэлэлцээрийн явцыг харгалзан 75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан тухай (2021.11.29) мэдээллээ. Ийнхүү нэмэлт санхүүжилт баталснаар далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл  хэвийн үргэлжлүүлэх боломжтой болж байна. 
  • 2021-11-25 14:32
    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд манай улсад айлчилж буй Энэтхэг Улсын Гадаад харилцааны Төрийн сайд Др.Ражкумар Ранжан Сингхийг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж буйг дурдаад цар тахлын хүнд цаг үед ч харилцан бие биенээ дэмжин хамтран ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
  • 2021-11-25 13:59
    Уулзалтын эхэнд сайд Г.Ёндон Монгол Улсын Засгийн газраас уул уурхай, геологи, хүнд үйлдвэрийн салбарт баримталж буй бодлого, чиглэлийн талаар товч танилцуулаад цаашид салбарын хууль эрх зүйн хүрээнд хийхээр төлөвлөж буй ажлууд, хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. М.Гошевска энэ удаагийн айлчлалаар өргөн бүрэлдэхүүнтэй ирснийг тэмдэглээд, Монгол Улстай геологи, уул уурхайн салбарт хамтран ажиллах, туршлага хуваалцах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.