У. Хүрэлсүх: Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах зорилтоо 27.2%-д хүргэх боломжтой

2021-11-02

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна:

Ноён хурлын дарга аа,

Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулж буй Британийн Засгийн газарт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, бага хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэж байгааг минь хүлээн авна уу.

Парисын хэлэлцээрээр тохирсон 2050 онд хүрэх зорилтоо биелүүлэхэд улс орон бүр хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ эргэн харж, зоримог шийдвэртэй нэгдсэн цогц бодлого гарган хамтдаа тэмцэх шаардлагатай болж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Мөн түүнчлэн хүн төрөлхтөн КОВИД-19 цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үе бидэнд байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, ногоон хөгжлийг эрчимжүүлэх зоримог, шийдвэртэй алхмуудыг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг сануулж байна.

Хурлын дарга аа,

Уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж буй орнуудын нэг болох Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн чармайлтыг бүрэн дэмжиж, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө бүх боломж нөхцөлөө дайчлан ажиллах болно гэдгээ дахин нотолж байна.

Монгол Улс “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” бичиг баримтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж буй хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% хүртэл бууруулахаар ахиулан тодорхойллоо.

Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлж, шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар дээрх зорилтоо 27.2% хүртэл ахиулах боломж байгааг энэхүү дээд түвшний уулзалтын индэр дээрээс дуулгахад таатай байна.

Зүүн хойд Азийн орнуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн хэмжээнд хил дамнасан эрчим хүчний харилцан холболтыг хөгжүүлэх нь чухал үүрэгтэй.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор Азийн супер сүлжээ санаачилгыг дэмжиж байгаа билээ. Энэ хүрээнд говийн бүсийн нар, салхины арвин нөөцдөө тулгуурлан томоохон эрчим хүчний цогцолбор байгуулахаар бүс нутгийн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Манай улс СОР-26 дээд хэмжээний уулзалтыг угтаж, нийслэл Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн өмнө “Монгол Улс-Ногоон хөгжил” сэдэвт олон улсын хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулсан гэдгээ Та бүхэнд дуулгахад таатай байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн аргаар цөлжилттэй тэмцэж ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртдөг хүүхэд, эмэгтэйчүүдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд Монгол Улс жил бүр ДНБ-ийхээ нэгээс доошгүй хувийг хөрөнгө, санхүүг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн хор уршгийг бууруулахад зориулж байхаар шийдвэрлэж байна.

“Амьдралын эх ус, усны эх мод” гэж манай ард түмэн ярьдаг. Монголчуудын байгаль дэлхийгээ хайрлан хамгаалдаг соёл уламжлалын нэгэн илрэл болох тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачилга хэрэгжсэнээр Ази тив төдийгүй Америк тив хүрч байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж байгаа шар шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Эрхэм хурлын дарга аа,

Эцэст нь хэлэхэд бага, дунд орлоготой орнуудад чиглэсэн уур, амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулсан хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд бүс нутаг болон олон улсын нягт хамтын ажиллагаа онцгой үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж байна.

Дэлхий нийтийн бүх цаг үеийн хамгийн том асуудал болох уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх байгальдаа хариуцлагатай хандан үр хойчдоо ногоон ирээдүйг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгоо биелүүлэхэд гагцхүү та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, зоримог шийдвэр, тууштай хичээл зүтгэл нэн чухал юм.

Энэхүү үйл хэргийн төлөө дэлхийн улс түмнүүд хүчээ нэгтгэх цаг болжээ.

Анхаарал хандуулсан Та бүхэнд баярлалаа.

 

 

Эх сурвалж: president.mn

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 5 цаг 52 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 6 цаг 5 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 6 цаг 14 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 7 цаг 1 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.