CRU: 2030 оноос нүүрсний эрэлт буурч, Монголын эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ

2021-12-01

“Монгол Улсын эрдэс баялгийг оновчтой хөгжүүлэх эдийн засгийн судалгааны тайлан” болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр /2021.11.30/ боллоо. Судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр “CRU consulting” судалгааны байгууллага хийжээ. “CRU consulting” нь уул уурхайн салбарт дүн шинжилгээ хийх, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр мэргэшсэн, 50 гаруй жилийн туршлагатай дэлхийн хэмжээний компани юм. Тус судалгааг 2030 он хүртэлх зах зээлийн төлөвт суурилан дүгнэжээ. Тухайлбал, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмалаас төсөвт төвлөрүүлэх орлого ямар байх, цаашдын зах зээлийн чиг хандлага, боломжийг судалгаагаар тодорхой болгожээ. 

Уг судалгаагаар Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хувь хэмжээ дараагийн 10 жилд буурахгүй гэсэн дүгнэлт гарчээ. Учир нь, Монгол Улсын экспортолж байгаа бүтээгдэхүүн олон улсын зах зээлд эрэлттэй байх юм. Мөн алт, зэс зэрэг ашигт малтмалын үнэ өндөр байх төлөвтэй байгаа бөгөөд энэ байдал ирэх 10 жилд ч хадгалагдсаар байна гэж дүгнэжээ.

Харин дэлхий даяар хүлэмжийн хийн ялгарал ихтэй байгаа салбаруудаас эдийн засгаа хөндийрүүлээд эхэлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Монголтой худалдаа хийдэг гол түнш орнууд нүүрсний хэрэглээгээ багасгах бодлого баримталж байгаа гэж үзжээ. Тиймээс 2030 оноос нүүрсний эрэлт буурч, энэ нь Монголын эдийн засагт томоохон нөлөөлөл үзүүлэх аж. Тиймээс энэ салбараас орж ирж байгаа орлогыг зөв, зохистой зарцуулж, хуримтлуулж, арвижуулах нь чухал байна гэж үзжээ.

Түүнчлэн 2020-2030 онд үйлдвэрлэл нэмэгдэж, урт хугацаанд эрдэс баялгийн үнэ эерэг хүлээлттэй байхтай холбоотойгоор салбарын нийт орлого 5.3 тэрбум ам.доллароос 12.5 тэрбум ам.доллар болж өсөх хандлага ажиглагдаж байгаа аж.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг гурав дахь удаагаа хэлэлцлээ

Шинэчилсэн Үндсэн хуультай холбоотойгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд хуулийн төслийг аравхоёрдугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ.

Уг хуулийн төслийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Газрын баялгийн өгөөжийг зөв ашиглаж, зарцуулж чадсан улс орнууд бүгд баялгийн сангийн зарчмаар хөгжсөн байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаар дамжуулан газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо болон хойч үедээ хүртээмжтэй, ард иргэддээ тэгш, шударгаар хуваарилна гэж заасан. Иймд Үндсэн хуулийн шаардлагаар газрын хэвлийн баялгийн өгөөжийг Баялгийн сангийн зарчмаар иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, хуулийн төслийн 3 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Хуулийн төслийг арванхоёрдугаар сард багтаан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэлээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг MMJ-ийн арванхоёрдугаар сарын дугаараас уншина уу.

Р.Ренчин

Сэтгэгдэл (1)

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 8 цаг 1 мин
    Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
  • 11 цаг 28 мин
    Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны  хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. 
  • Уржигдар 13 цаг 45 мин
    Монгол Улс 2022 оны эхний 7 сард нийт 149 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.2 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 4.8 тэрбум америк доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.7 (31.3%) тэрбум америк доллароор, экспорт 1.8 (37.2%) тэрбум америк доллароор, импорт 924.5 (24.1%) сая америк доллароор тус тус өсчээ.
  • Уржигдар 11 цаг 00 мин
    Японы хүнд даацын тоног төхөөрөмжийн дэлхийд тэргүүлэх “Комацу” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “Трансвест Монголиа” ХХК  орчин үеийн дэвшилтэт технологи бүхий агуулах, засварын “Комацу” төвийн өргөтгөлийн “Grand Opеning Day” нээлтээ (08.16) хийлээ. “Комацу” төвийн өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, “Трансвест Монголиа” ХХК-ийн Ерөнхий захирал Дэвид Төрнбулл болон Монгол дахь Элчин сайдууд, тус компанийн харилцагчид, гадаад, дотоодын бизнесийн байгууллагын төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид  оролцлоо.
  • 2022-08-16
    Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.