О. Батнайрамдал: Баялгийн сангийн хуулиар мега төслүүд урагшлах эрх зүйн орчин бүрдэнэ

2021-12-01

УУХҮЯ-ны дэд сайд О.Батнайрамдалтай Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар ярилцлаа.

Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Хуулийн төслийн үзэл баримтлал юу вэ?

Монгол Улсын Үндсэн хууль, “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг баримт бичигт байгалийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард түмэндээ тэгш, шударгаар хүртээх зорилт тусгагдсан. Одоогоор дэлхий дээр 130 гаруй үндэсний баялгийн сан 9,3 орчим их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт хөрөнгийн бараг 10 хувийг удирдаж байна гэсэн үг. Баялгийн сангууд тухайн орны онцлог, зорилго, шийдэж буй асуудлаас хамаарч хэд хэдэн төрөлтэй байдаг. Тухайлбал, Сингапур улс төрийн өмчит компаниудаа зах зээлийн зарчмаар удирдах чиг үүрэг бүхий “Темасек Холдинг” баялгийн санг 1974 онд байгуулж байсан бол 1981 онд гадаад валютын нөөцөө зохистой удирдах, худалдан авах чадварыг хадгалах зорилгоор Сингапурын засгийн газрын хөрөнгө оруулалтын корпорацийг байгуулж байв.

Манай Улсын хувьд 2010 онд Төсвийн тогтворжуулалтын сан, 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталж, мөрдөж ирсэн. Мөн Үндсэн хуульд хууль тогтоомжийг нийцүүлэх тухай УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолд Үндэсний баялгийн сан нь хуримтлалын болон хөгжлийн сангийн төрөлтэй байна гэж заасан.  Энэ нь Баялгийн сангийн нэг төрөл болох Хөгжлийн санг олон улсын сайн туршлагын дагуу шинээр байгуулах бодит хэрэгцээ шаардлага үүссэн гэсэн үг.

Энэ нь нэг талаас уул уурхайн томоохон төрийн өмчит компаниудыг хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогоор хангах, дэлхийн хэмжээний чадварлаг менежментийн баг зах зээлийн зарчмаар удирдаж хөрөнгийн арвижуулах, үргүй зардыг танаж засаглалыг сайжруулах, төрд ногдох ногдол ашгийг дорвитой нэмэгдүүлэх, нөгөө талаас, уул уурхайн компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн мега төслүүдийг хөдөлгөх, цаашлаад урт хугацаандаа эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэхэд чиглэсэн тэргүүлэх салбаруудын санхүүгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх зорилготой. Ингэснээр цаашид Монгол улсын хөгжлийг тодорхойлох томоохон хөрөнгө оруулалтуудыг төсөвт дарамт болохгүйгээр, зах зээлийн зарчмаар тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

“Эрдэнэс Монгол” ХХК үүсэн байгуулагдаад 14 жил болж байгаа ч, 10 гаруй охин болон хараат компаниас ердөө 2-3 нь л үр ашигтай ажилладаг. Төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг эзэмшдэг “Эрдэнэс Монгол” ХХК олон улсын баялгийн сангийн хэлбэр, зохицуулалт, стандарт руу цаг алдалгүй яаралтай шилжиж орох ёстой. Ингэж байж хөрөнгийг оновчтой, зорилготой удирдлагаар хангана. Аль хөрөнгөө урт хугаацаандаа өөрөө эзэмшиж, аль хэсгийг нь хувийн хэвшилтэй хамтран удирдах нь зүйтэй вэ, мөн зарим компанийхаа эзэмшлийн тодорхой хувийг үе шаттайгаар гадаад болон дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалж нээлттэй, олон нийтийн болгох гэх мэт хөрөнгө оруулалтын стратегиа багцын хүрээнд маш сайн судалгаатай мөн оновчтой тодорхойлж шийдвэр гарган явах ёстой. Үндэсний баялгийн сан болон хөгжлийн сангийн тухай хуулиуд маань энэ бүхнийг бодитоор хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бий болгох юм. Төрийн өмчийн томоохон хувьчлал, эсвэл олон нийтэд нээлттэй болгох үйл ажиллагааг яаран, хүчээр хийж болдоггүйг бидний өнгөрсөн түүх нэг биш удаа харуулсан тул одоо маш нухацтай хандах шаардлагатай.

Энэ хуулиар зохицуулагдаж буй өөр нэг чухал зүйл бол засаглал, ил тод байдал. Сайн засаглалгүйгээр, ил тод нээлттэй үйл ажиллагаагүйгээр ямар ч компани, тэр тусмаа төрийн өмчит үйлдвэр, компаниуд өндөр үр ашигтай ажиллах боломжгүй. Тиймээс олон улсын сайн засаглалын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр бидэнд тулгарч буй засаглалын асуудал зөвхөн Монголд тулгарч байгаа асуудал биш юм. Улс бүр л хөгжлийн аль нэг шатандаа дайраад л өнгөрсөн байдаг. Харин үүнийгээ хэрхэн амжилттай шийдвэрлэж чадсан эсэхээр тухайн орны хөгжлийн дараагийн үе шат, өнгө төрх шууд хамаардаг. Тиймээс бид энэхүү хуулиа бичиж байхдаа дэлхийн сайн, муу туршлагыг олон талаас харьцуулан судалж, сайн туршлагыг шигтгэхийг зорьж ажилласан. Энэ тал дээр дотоод, гадаадын мэргэжлийн экспертүүдтэй хамтарч нягт ажиллаж байгаа.

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг “Эрдэнэс Монгол” ХХК эзэмшдэг. Тэгэхээр тус компанийн статус ямар болно гэсэн үг вэ?

Хөгжлийн сан (холдинг компанийн хэлбэр) болно. Өөрөөр хэлбэл Сингапурын “Темасек холдингс”, Казахстан улсын “Самрук-Казына” зэрэг баялгийн сангийн загварт шилжинэ гэсэн үг.  Төрийн өмчит томоохон уул уурхайн хөрөнгүүд нь “Эрдэнэс Монгол” ХХК, УУХҮЯ, ТӨБЗГ гэх мэт олон газар зэрэг хамаардгаас нэгдсэн удирдлага, бодлого дутагдаж байна. Тиймээс уул уурхайн энэ олон тарсан хөрөнгийг нэгдсэн бүтэцтэй болгож, хөрөнгө оруулалтын сангийн зарчмаар удирдсанаар нэгд, хөрөнгө оруулалтын нэг цонхны нэгдсэн бодлогоор хангана. Хоёрт, охин болон хараат компаниудын санхүүгийн сахилга бат сайжирч, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ. Гуравт, нэмүү өртөг шингээх, уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийн бүтцээс алхам алхмаар ангижрах томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэнэ.

Үндэсний баялгийн сан нь эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ард түмэндээ байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус бие даасан байх, ил тод нээлттэй байх, нийгмийн хариуцлагатай байх гэсэн таван зарчмыг баримталж ажиллахаар хуульд тусгасан. Хөгжлийн сан нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогын хүрээнд Ирээдүйн өв санд ногдол ашгиа хуваарилах юм.

Хөгжлийн сангийн удирдлага ямар бүтэцтэй байх вэ. Засаглалыг нь эрүүл байлгах тал дээр ямар зохицуулалт орж байгаа вэ?

Баялгийн сангийн хувьд удирдаж буй хөрөнгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, нэг талаас гүйцэтгэх удирдлагуудад дэмжлэг үзүүлдэг, нөгөө талаас хяналт тавьдаг мэргэжлийн, хараат бус байнгын ажиллагаатай ТУЗ-тэй байна. Засаглал талаасаа сангийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага, хараат болон охин компаниудын гүйцэтгэх удирдлагын чиг үүрэг, эрх хэмжээг хуулиар маш тодорхой болгоно. Тэдгээр эрх бүхий албан тушаалтнуудад тавигдах шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэн нээлттэй ил тод сонгон шалгаруулдаг, салбартаа бодит өөрчлөлт авчирсан арвин туршлагатай, хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтнүүд байна гэж тусгасан. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын эрх хэмжээ, хязгаарлалтуудыг нарийн тодорхой заана. Ингэснээр Хөгжлийн сан болон төрийн өмчийн уул уурхайн компаниудыг улс төрийн нөлөөлөл, цаг үеийн гал унтраах шийдвэрүүдээс хамгаалж чадна.

Байгалийн баялгийн өгөөжийг бэлэн мөнгөөр тарааж, эдийн засагт хэт халалт үүсгэсэн гашуун түүх бидэнд бий. Үндэсний баялгийн сангийн хөрөнгө төслүүдэд чиглэснээр эдийн засагт ямар давуу тал үүсэх вэ?

Бэлэн мөнгө хавтгайруулж тарааснаас эдийн засагт ямар эрсдэл үүсдгийг бид бүгд ойлгосон. Энэ нь цаашлаад зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн сэтгэл зүйд доройтол үүсгэх зэрэг олон асуудал дагуулдаг. Нөгөө талаас, уул уурхай түшиглэсэн улс орнуудад нийтлэг тохиолддог Голланд өвчин гэгддэг баялгийн хараалаас сэргийлэх талаар бид бодолцож үзсэн. Дотоодын эдийн засгийг хэт халахаас сэргийлэхийн зэрэгцээ аж үйлдвэрийн салбарт үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн сан маань төсвийн орлогоос булаацалдахгүй, одоо байгаа төрийн өмчит уул уурхайн компаниудыг зах зээлийн зарчмаар удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, улмаар бий болох ашгийг хуримтлуулж, түүгээрээ хөрөнгө оруулалт хийх юм. Хөгжлийн сан байгуулагдсанаар макро эдийн засагт дунд болон урт хугацаанд хэрхэн нөлөөлөхийг бид ерөнхий тэнцвэрийн динамик загвараар (CGE) бас тооцоолсон.

Өнөөдөр Хөгжлийн сангийн эрх зүйн зохицуулалт, нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого байхгүйгээс стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэг удаагийн засгийн газрын тогтоол, шийдвэрээр санхүүжүүлж байгаа нь нэг талаас учир дутагдалтай. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам зэрэг томоохон хөрөнгө оруулалтуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалган санхүүжүүлж буй нь мөнгөн урсгал сайтай хэдхэн компаниудадаа хэт их ачаалал өгч, тэдний санхүүгийн бие даасан байдал, компанийн цаашдын хөгжилд чөдөр тушаа болдог. Тиймээс эдгээр үйлдвэр, компанийг хөгжлийнхөө дараагийн шатанд гарах, санхүүгийн сахилга бат, бие даасан байдалтай байх, эрх хэмжээнийхээ хүрээнд төлөвлөсөн дэд төслүүдээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй. Тэрхүү томоохон санхүүжилтийн механизм нь өөрөө Хөгжлийн сан байна.

Баялгийн сангийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах тал дээр хуулийн төсөлд ямар зохицуулалтууд орж байгаа вэ?

Баялгийн санг зөв удирдах, ил тод байдлыг хангах нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын зарчмууд бий. Дэлхийн олон жишиг баялгийн сангууд нэгдэж чуулаад Үндэсний баялгийн сангуудын олон улсын форум зохион байгуулсан байдаг. Энэ хүрээнд Баялгийн сангийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхэд баримтлах нийтлэг 24 заалт бүхий Сантьягогийн зарчмыг баталсан байдаг. Дэлхий дээр хамгийн амжилттай ажилладаг баялгийн сангууд сайн засаглал, оновчтой удирдлагатай ажиллахын тулд Сантьягогийн зарчмыг мөрддөг. Бид бас тэдгээр зарчмыг Хөгжлийн сангийн тухай хуульдаа тусгаж өгсөн.

 

Эх сурвалж: УУХҮЯам

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 37 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 57 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.