IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ

2021-12-20

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA) нүүрсний цахилгаан үйлдвэрлэл энэ онд түүхэн дээд түвшинд хүрэх тухай мэдээлсэн байна. Учир нь цар тахлын дараах сэргэлтийн нөлөөгөөр эрчим хчүний эрэлт нэмэгдсэний сацуу байгалийн хийн үнэ өссөн нь нүүрсний цахилгаан руу илүү хошуурах нөхцөл болсон тухай тус байгууллага мэдээлсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.

Нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ 2019 болон 2020 онд дараалан буурсан бөгөөд 2018 оны хувьд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл оргилдоо хүрсэн үе гэж үзэж байсан. Гэвч 2021 оны өрнөлөөр ийнхүү уг үзүүлэлт шинэчлэгдэж байна.

Энэ онд дэлхийн нийт нүүрсний хэрэглээ 6%-иар өсч 7.91 тэрбум тоннд хүрэх дүр зураг тодорч байгаа ажээ. Энэ нь дэлхийн нүүрсний хэрэглээ 8 тэрбум тонн давж оргилдоо хүрсэн 2013 болон 2014 оны түвшинд тун дөхөж очсон үзүүлэлт юм. Гэхдээ 2022 онд нүүрсний эрэлтийн шинэ дээд амжилт тогтох магадлалтай байгаа тухай тус байгууллага онцолжээ

Ийнхүү нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах чиглэлд улс орнууд бодлогын эрчимтэй алхам хийх шаардлагатайг харуулсныг тус байгууллага санууллаа.

Олон улсын эрчим хүчний агентлагийн Гүйцэтгэх захирал Fatih Birol Нүүрс нь хүлэмжийн хийн ялгаруулалтын хамгийн том эх үүсвэр юм. Гэсэн хэдий ч дэлхийн улс орнуудын нүүрсний цахилгаан үйлдвэрлэл түүхэн дээд түвшинд хүрч байгаа нь  хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд хүртэл бууруулах тухай улс орнуудын зорилт биелэхэд хэр хол болохыг харууллаа” гэжээ. Тэрбээр мөн нүүрсийг халснаар нөлөөлөлд өртөх хүмүүст боломжийн өртөгтэй, аюулгүй, шударга байхуйц арга замаар нүүрснээс эх үүсвэр бүхий хүлэмжийн хийг бууруулах чиглэлд засгийн газрууд яаралтай, шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол дулаарлын хэмжээг 1.5 хэмээс бага түвшинд барих боломжгүй нөхцөлд хүрэхийг анхааруулжээ.

Дэлхийн нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь оногддог Хятадын тухайд энэ онд уг үзүүлэлт даруй 9%-иар өсөх дүр зурагтай байгаа ажээ.

Энэтхэгийн хувьд ч нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 12%-иар өсөхөөр байна. Хэдийгээр эдгээр хоёр томоохон орны хувьд нар, салхины эрчмийн хүчин чадлыг нэмэгдүүлж буй ч нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн дээд амжилтаа ийнхүү шинэчлэн тогтоож байна.

АНУ болон Европын холбооны хувьд энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ нь даруй 20%-иар өсөхөөр дүр зураг тодорчээ. Гэхдээ энэ нь 2019 оны түвшнийг хараахан давахгүй байх төлөвтэй бөгөөд цаашид эдгээр хоёр бүс нутгийн хувьд нүүрсний хэрэглээ буурах шинжтэй байна. Учир нь цахилгааны эрэлтийн өсөлт саарч, сэргээгдэх эрчим хүчний салбарын цахилгаан үйлдвэрлэл ч нэмэгдэхээр байгаа юм.

Өөрөөр хэлбэл цар тахлын сэргэлтийн нөлөөгөөр улс орнуудын нүүрсний хэрэглээ өсч, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ухарлт гарлаа гэж үзэж болохоор байна. Ихэнх улс орнуудын хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэг түвшинд аваачих амлалтыг өгөөд байгаа юм. Энэ дунд Хятад, Энэтхэг зэрэг томоохон орнууд багтсан. Үүний тулд хамгийн түрүүнд нүүрсний хэрэглээгээ бууруулахад анхаарах ёстой. Гэвч улс орнуудын үйл ажиллагааны бодит байдлыг харахад нүүрсний хэрэглээ ойрын хугацаанд буурах төлөв ажиглагдахгүй байгаа ажээ. Иймд ам, ажил хоёр ихээхэн зөрж байгааг тус байгууллага шүүмжилжээ.

Дэлхийн нүүрсний хэрэглээний гуравны хоёрыг бүрдүүлдэг Энэтхэг, Хятад зэрэг орны хувьд нүүрсний эрэлтийн хэтийн төлөвийг голлон тодорхойлж байна.

020 онд дэлхийн нүүрсний хэрэглээ 4.4%-иар буурсан нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн огцом бууралт болсон. Гэсэн ч цар тахлын үед нүүрсний хэрэглээ илүү их хэмжээгээр буурна гэж тооцоолж байсан тухай тайланд өгүүлжээ.

Нүүрсний хэрэглээний тухайд өнгөрсөн онд Хятадын хувьд 1%-иар өссөн бол АНУ, Европын тухайд 20 орчим хувиар тус тус буурчээ. Мөн Энэтхэг, Өмнөд Африкийн тухайд 8%-иар буурсан байна.

Энэ онд нүүрсний хэрэглээний өсөлттэй зэрэгцэн нүүрсний уурхайн олборлолт ижил түвшинд нэмэгдээгүй тул нүүрсний ханш өссөн. Ирэх онд нүүрсний олборлолт оргил түвшинд хүрэх төлөвтэй байгааг тус байгууллага тайлбарлалаа.

 

 

Б. Төгс

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 30 мин
    ОҮИТБС-ын хүрээнд манай улсын эцсийн өмчлөгчийн мэдээлэл нэг үеэ бодвол ил гарч, бага багаар ахиж байгаа гэдэг нь ОҮТБИС-ын тайлан мэдээнээс харагдаж байна. 2013 онд 215 компани тайлан мэдээллээ ирүүлж байсан бол 2020 онд 687 компани мэдээллээ ирүүлжээ. Ялангуяа уул уурхай болон стратегийн салбарын эцсийн өмчлөгчийг ил тод болгон тайлагнах нь авлигыг багасган, олон нийт өгөөжийг тэгш хүртэх боломж бүрдүүлэх сайн талтай
  • 19 цаг 50 мин
    “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто” компани Оюутолгой төслийн санхүүжилтийн төлөвлөгөөний гэрээний нөхцөлийг өөрчилсөн талаар (2022.05.18) мэдээллээ. Тус гэрээг талууд өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд байгуулж байсан юм. Харин одоо санхүүжилтийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөр хувьцааны арилжаагаар хөрөнгө босгох хугацааны товыг хойшлуулахаар болжээ. Тодруулбал энэ оны наймдугаар сарын 31-н гэхэд “Туркойз Хилл” хамгийн багадаа 650 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийг хувьцааны арилжаагаар босгох байсныг энэ оны төгсгөл хүртэл сунгаж өгчээ.
  • Уржигдар 15 цаг 50 мин
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ, газрын тос олборлолт, газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангах тухай салбарын сайд Г. Ёндон танилцуулсан байна. Цаашид Засгийн газрын зүгээс газрын тосны хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх чиглэлд Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гарч ажиллах юм байна. Энэ дагуу газрын тосны нөөц тогтоогдох боломж бүхий аймгуудын Засаг дарга нарт Ерөнхий сайдын захирамж, албан даалгаврыг хүргүүлэх ажээ.
  • Уржигдар 13 цаг 52 мин
    Салбарын яамны захиалгаар Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллага “Монгол Улсын Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчны жишиг судалгаа”-г боловсруулан гаргасан байна. Энэхүү судалгааны үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг, семинарыг (2022.05.17) зохион байгууллаа. Тус судалгаа нь Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналуудыг тодорхойлох зорилготой юм.
  • 2022-05-17
    Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлт оны эхний улиралд буурсан дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Тодруулбал дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны эхний улиралд (2015 оны үнээр) 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 208.1 тэрбум төгрөг буюу 3.8%-иар буурчээ.