Роялтийг ялгаатай тогтоох нөхцөлийг судлах хэрэгцээ үүсч байна

2021-12-24

Орд газрыг ашиглах хамтын ажиллагааны шинэ хэлбэр эрчимтэй хөгжиж байгааг Монголд хэрэгжүүлэх нь ач холбогдолтой


Монголын Экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандорж

Та уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай хүний хувьд Оюутолгой төслийн хэлэлцээрийн явцын талаар юу хэлэх вэ?
Оюутолгойн зэс, алтны бүлэг орд бол дэлхийн хэмжээний орд. Эдгээр ордод илэрсэн зэс, алтны нөөц баялгийн хэмжээгээр дэлхийн эхний 3-т зүй ёсоор орж байна. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 12 жил, ил уурхай ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 8 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд “Оюутолгой” компани 1.2 сая тонн цэвэр зэс, 78 тонн алт, 7656 тонн мөнгө үйлдвэрлэж, 9 тэрбум ам.долларын экспортын орлого олсон. Нийт орлогын 17 орчим хувь нь татвар, хураамж хэлбэрээр Монгол Улсын төсөвт орсон байна. Далд уурхайн бүтээн байгуулалт хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанаас шалтгаалан 2 орчим жил зогсонги байна. Зэсийн үнэ олон улсын зах зээлд тогтвортой өсч, өнөөдөр цэвэр зэс тонн нь 10 гаруй мянган ам.долларт хүрээд байна. Гадаад зах зээлийн энэ таатай боломжийг төсөл хэрэгжүүлэгч талууд ашиглах шаардлагатай. Төслийн яриа хэлэлцээрийн үр дүнгийн талаар ярих нь эрт байна. Хэлэлцээрийн үеэр хэлэлцэж тохирох олон асуудал байгаа байх. Юутай ч Оюутолгой төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, далд уурхайн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэх асуудал тулгамдаж байна.

Төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшилж, ТЭЗҮ-ээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын хэмжээ хэтэрсэн тохиолдолд олон улсын уул уурхайн практикт хэрхэн шийдвэрлэдэг вэ?
“Рио Тинто” компани “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны дийлэнхийг эзэмшдэгийн хувьд төслийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн болон зэсийн баяжмалын маркетингийн бодлогын шийдвэрийг бие даан гаргаж, хэрэгжүүлэх асуудлыг хариуцаж байгаа. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн сонгосон олон улсын нэр Орд газрыг ашиглах хамтын ажиллагааны шинэ хэлбэр эрчимтэй хөгжиж байгааг Монголд хэрэгжүүлэх нь ач холбогдолтой. Мэргэжлийн шинжээчид далд уурхайн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн шалтгааныг тодруулсан. Гол нь далд уурхайн бүтээн байгуулалт зогссон нь хөрсний эвдрэлээс бус төслийн менежментийн багийн үйл ажиллагаа, худалдан авалт зэргээс болжээ гэж дүгнэсэн. Олон улсын уул уурхайн практикт төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг алдаа дутагдал гаргасан тал нь бүрэн хариуцдаг зарчимтай. Далд уурхайн барилга байгууламжийг барьж байгаа “Рио Тинто” компанийн гүйцэтгэгч компани, ТЭЗҮ, зураг төслийг боловсруулсан байгууллага, төслийн менежментийн баг төслийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийн асуудлыг хариуцах нь зүйн хэрэг. Олон улсын шинжээчдийн дүгнэлтийн талаар “Рио Тинто” компани албан ёсны саналаа хэлээгүй ч Монгол Улсын Засгийн газарт төслийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн санал тавьж байгааг нь харвал хариуцлагаа ойлгожээ. Оюутолгойн 2009 оны Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээнд хөрөнгө оруулагч бүтээн байгуулалтын хугацаа алдсан, хөрөнгө оруулалт хэтрүүлсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх тодорхой зохицуулалт тусгагдаагүй. Энэ зохицуулалтыг гэрээнд нэмж оруулж асуудлыг хэлэлцэн тохиролцох шаардлагатай.

2009 оны Хөрөнгө оруулалтын үндсэн гэрээ болон Дубайд зурсан Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө олон улсын уул уурхайн практикт нийцсэн үү?
Сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн уурхайн салбарын хууль эрх зүйн орчин ихээхэн өөрчлөгдөж, орд газрыг ашиглах хамтын ажиллагааны шинэ хэлбэр эрчимтэй хөгжиж байна. Дэлхийн уул уурхайн салбарт зэсийн үйлдвэрлэл, худалдаагаар тэргүүлэгч орнууд болох Чили, Индонез уул уурхайн холбогдох хуулиуддаа нэмэлт, өөрчлөлт оруулж, 2019-2020 онд шинэчлэн баталсан. Энэ нь эдгээр орны эдийн засгийн хөгжилд түлхэц болж, уул уурхайн төслүүдийн үр өгөөжийг дээшлүүлсэн алхам болж байна. Тодруулж хэлбэл, уул уурхайн төслийг ашиглахдаа “орд газрыг ашиглах хэлэлцээр” байгуулж, түүний хүрээнд татварын тогтворжуулалт, хөнгөлөлт, чөлөөлөлт олгодоггүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн орны Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын хооронд хэлэлцээр байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулж байна. Ийм сайн туршлагыг судлан хэрэгжүүлэх нь манай улсын уул уурхайн салбарт онцгой ач холбогдолтой. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зохицуулалтын хүрээг судлан үзэхэд Оюутолгой төслийн ил, далд уурхайг бүтээн байгуулж, үйл ажиллагаа явуулахад олон төрлийн татварыг тогтворжуулах, хөнгөлөлт чөлөөлөлт олгох зэрэг асуудлыг зохицуулахад голлон чиглэсэн. Төслийн үйлдвэрлэл, техникийн асуудал, тухайлбал, ил уурхай, баяжуулах үйлдвэрийн олборлох, боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны зохицуулалт хэт ерөнхий, мөн хөрөнгө оруулагчдад илт давуу байдал олгосон, тэдгээрийн хүлээх үүрэг хариуцлагын зохицуулалт тусгагдаагүй, төслийн үр өгөөжийг бууруулсан олон заалт орсон байдаг. Онцолбол, Оюутолгойн бүлэг ордын эрэл хайгуулыг хэрхэн хийж дуусгах, зэс, алтны нөөц баялгийг яаж бүрэн дүүрэн ашиглах, ил ба далд уурхайн үйлдвэрлэлийг хэрхэн тогтвортой урт хугацаанд өндөр өгөөжтэй явуулах, ТЭЗҮ-үүд болон техникийн тайлангуудад тусгагдсан үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийг хангах, баяжуулах үйлдвэрийн хаягдалд хуримтлагдсан эрдсүүд болон ядуу агуулгатай исэлдсэн хүдрийн овоолгыг ашиглан үйлдвэрлэл байгуулах, нөхөн сэргээлт, хаалтын менежментийг одооноос эхлэх зэрэг асуудал зохицуулагдаагүй байна. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь 2009 оны үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ил уурхайн төслийн хөрөнгө оруулалтын 1.4 тэрбум ам.долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн, төслийн ТЭЗҮ-г үгүйсгэсэн заалтыг оруулсан. Мөн “Рио Тинто” компанийн Лондон дахь удирдлага зөвлөх үйлчилгээ үзүүлсний хөлсөнд нэмэлт төлбөр авах, Монголын талын хүртэх үр өгөөжийг 2041 он хүртэл хойшлуулсан зэрэг нь төслийн өгөөжийг бууруулсан.

Оюутолгой төслийн ТЭЗҮ-д алдаа гарсан нь Монгол Улсын Засгийн газартай холбоогүй учраас 34%-д ногдох өрийг төлөхгүй гэсэн байр суурьтай байна. Энэ өрийг төлөхгүй нь зөв шийдэл болох уу?
Монголын Засгийн газар “Оюутолгой” ХХК-ийн 34%-д ногдох хувьцааны зээлийн өрийг 100% тэглүүлэх саналыг дэмжиж байна. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээний анхны яриа хэлэлцээрийн хүрээнд 34%-ийг үнэ төлбөргүй авах боломж байсан ч Монголын тал энэ боломжоо ашиглаж чадаагүй нь харамсалтай. Цаашдаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг эзэмших бус, Оюутолгойн бүлэг ордын нөөц баялгийн 34%-ийг эзэмших, түүнд ногдох зэсийн баяжмал, алт, мөнгийг бие даан борлуулах асуудлыг хөрөнгө оруулагчидтай хэлэлцэн тохиролцох нь зүйтэй. Ингэснээр Монголын тал төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтээ бие даан босгох, бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд борлуулах боломж бүрдэх болно. Олон улсын туршлагыг харахад, “Рио Тинто” компани Африкт эзэмшдэг стратегийн алтны орд газрыг ашиглахдаа тухайн орны Засгийн газар компанийн хувьцааны 15-20%-ийг үнэгүй өгсөн байдаг. Хөрөнгө оруулагч санхүүжилтээ бүрэн гаргах чадвартай гэдгээ нотлон хөрөнгө оруулалтыг босгохтой холбоотой зардлыг хариуцахаар хөрөнгө оруулалтын гэрээнд заасан атал төслийг хэрэгжүүлэх явцад Монгол Улсад өндөр хүүтэй зээл зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, ил уурхайг алдагдалтай ажиллуулаад зээлийн хүү болон менежментийн төлбөр авдаг олон улсын уул уурхайн салбарт байдаггүй практик хэрэгжиж байна.

Оюутолгойн зэс, алтны бүлэг орд нь уул, геологийн нөхцөл хүндрэлтэй, олборлох, боловсруулах зардлын хувьд хэр өндөр вэ?
Чили, Индонез зэрэг улсын зэс, алтны уурхайнууд халуун элсэн цөлд, 3-4 км өндөр ууланд байрладаг. Уул геологийн хувьд хүнд нөхцөлтэй, дэд бүтцийн бүтээн байгуулалтад ихээхэн хөрөнгө оруулалт шаардагдаж байсан ч ТЭЗҮ, зураг төслийн дагуу барилга байгууламжаа төлөвлөсөн хугацаандаа хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт багатайгаар ашиглалтад оруулсан. Оюутолгой төслийн далд уурхайд ашиглах олборлолтын давхраар нь нураах технологи дэлхийн олон далд уурхайд ашиглагдаж байна. Далд уурхайгаар зэсийн хүдэр олборлох энэ арга харьцангуй бага зардалтай, өндөр бүтээмжтэйд тооцогддог. Тиймээс Оюутолгойн далд уурхайд олборлолтын зардал өндөр байхаар төлөвлөж байгаагийн шалтгааныг нарийвчлан тодруулж бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Оюутолгойн зэсийн бүлэг ордын эрэл хайгуул, хөрсний дээжлэл, шинжилгээ судалгааны ажилд олон зуун сая ам.долларын зардал гарсан, цаашид ашиглалтын хугацаанд далд уурхайд эрсдэл гаргахгүй байх баталгааг Монголын тал төсөл хэрэгжүүлэгч “Рио Тинто” компаниас авах зайлшгүй шаардлага байна.

Оюутолгой төслийг хэвийн үргэлжлүүлэх нэмэлт санхүүжилтийг “Оюутолгой” компанийн ТУЗийн хурлаар ойрын үед батлах эсэх нь анхаарал татаж байна. Нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхгүй бол далд уурхайн олборлолт хойшлох болов уу?
“Рио Тинто” компани далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт дээр хариуцлага алдсан гэдгээ Монголын Засгийн газарт илгээсэн захидалдаа хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас хөрөнгө оруулагч 1.4 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийн асуудлыг өөрөө гаргах, дахиад далд уурхайд нэмэлт санхүүжилт шаардлагатай бол түүнийг бүрэн хариуцах нь зүйтэй болов уу. Энэ асуудал дээр Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн байр суурь хэвээр байна гэдэгт найдаж байна.

Монголын тал Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахгүй бол цаашид хэлэлцээр үргэлжлэх боломжгүй гэдгээ илэрхийлээд байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар өөрчлөлтүүд орох ёстой вэ?
Засгийн газрын зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээнд ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа танилцуулахгүй байна. Яг ямар өөрчлөлт оруулах талаар зарчмын саналаа хөрөнгө оруулагчдад хэрхэн илэрхийлж байгаа нь бүрхэг. Ер нь бол энэ төслийн үр өгөөжийг бууруулаад байгаа зээлийн өнөөгийн болон цаашид үүсэх өрийг тэглэх асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй. Далд уурхайн санхүүжилтээс авч байгаа шимтгэлийг хөрөнгө оруулагч 100% хариуцах, мөн далд уурхайн төсөл зогссон 2 жилийн хугацаанд менежментийн багийн төлбөрийг төлөхгүй байх нь зүйд нийцнэ. Оюутолгойн ил уурхай дээр менежментийн зардлыг тооцож авдаг өнөөгийн практикийг зогсоох, гадаадын өндөр мэргэжлийн экспертүүдийн зардлыг ил уурхайн үйл ажиллагааны зардлаас даах, менежментийн зардлыг гаргасан зардлын үнийн дүнгээс бус, олж байгаа нийт орлого, ашгийн хэмжээнээс бодож олгох зүйтэй байна. 

“Рио Тинто” компанийн зүгээс Засгийн газрын зарим саналыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагийн нэг нь компанийн засаглалыг сайжруулах санал. Компанийн засаглалыг сайжруулах тал дээр Та юу хэлэх вэ?
“Оюутолгой” ХХК нь Монгол Улсын хуулийн этгээд боловч үйлдвэрлэл болон санхүүгийн үйл ажиллагаа нь маш хаалттай. Тухайлбал, олборлох, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны өртөг зардал, орлогын хэмжээ нэмэгдээд байгаа ч жил бүр алдагдалтай ажиллаад байгаагийн бодит шалтгаан, зэсийн баяжмал, түүнд агуулж байгаа алт, мөнгийг ямар үнээр борлуулж байгаа зэрэг нь олон жил хаалттай байсаар ирсэн. Харин хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани Лондон болон НьюЙоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нээлттэй, ихээхэн хариуцлагатай компани гэж олон улсад үздэг. Гэтэл яагаад Монголд үйл ажиллагаа явуулахдаа ийм хариуцлагагүй байдаг юм бэ. Компанийн засаглалыг ил тод болгох шаардлагатай. Чили болон Индонез улсад ийм төрлийн үйлдэл гаргадаг компанийн үйл ажиллагааг шууд зогсоодог хууль үйлчилж байна. “Оюутолгой” ХХК-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яаманд өгч байгаа төслийн үйлдвэрлэл, санхүү болон хөрөнгө оруулалтын мэдээ, тайланг улам боловсронгуй болгох хэрэгтэй. Оюутолгой төслийн 34%-ийг Монголын Засгийн газар эзэмшдэгийн хувьд Оюутолгойн ил уурхай болон далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл дээр өөрсдийн төлөөллүүдээ хувь эзэмшигчийн хувиар ажиллуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээн байгуулалт өрнөж байгаа газар дээр нь ажиллаж, хяналтаа тавих ёстой. Ингэж чадвал өнөөдөр үүсээд байгаа маргаан алга болно. Хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байгаа төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо хангалтгүй байна. Цаашид Оюутолгойн төслийн хэлэлцээр, түүний хэрэгжилт, яриа хэлэлцээг хөрөнгө оруулагчтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дагнаж хариуцвал зөв зүйтэй. Хэлэлцээрийн Ажлын хэсгийг салбарын яамны сайдаар ахлуулбал оновчтой. Австрали, Чили, Канад болон Индонез зэрэг улсад уул уурхайтай холбоотой аливаа яриа хэлэлцээг салбарын сайд нь нэг цонхны бодлогоор хариуцдаг нь төсөлд илүү үр өгөөжийг авчирч байна.

 

РОЯЛТИЙГ ЯЛГААТАЙ ТОГТООХ НӨХЦӨЛИЙГ СУДЛАХ ХЭРЭГЦЭЭ ҮҮСЧ БАЙНА

Оюутолгой төслийн хэлэлцээрийн талаар МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал, профессор Х.Цэвэлмаагийн хувьд дараах байр суурийг илэрхийллээ. 

Оюутолгой төслийн хэлэлцээр олны анхаарлын төвд байна, одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Эдийн засагчийн хувьд уг хэлэлцээрийг хэрхэн дүгнэж байна вэ?
Одоогийн асуудал нь улс төрийн шинжтэй байгаа тул энэ удаад төслийн эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар эдийн засагчийн хувьд байр сууриа илэрхийлье. Өргөн утгаар нь авч үзвэл Оюутолгой нь Монгол Улсын стратегийн гурав дахь түнштэйгээ байгуулсан анхны гэрээ. Анхны гэрээнд алдаа оноотой зүйл их бий. Бидэнд стратегийн түнштэй гадаадын шууд хөрөнгө оруулалтын гэрээ хийх туршлага бага байжээ гэж харагдаж байна. БНХАУ гэхэд сүүлийн 40-50 жилд гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар одоогийн хөгжилд хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа 100%-иар биш дотоодын компаниудтай хамтарсан хэлбэрээр хөгжүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын гишүүн гээд олон улсын олон байгууллагын гишүүний хувьд ч хүний эрхийг дээдэлсэн, их нээлттэй нөхцөлөөр уг хөрөнгө оруулалтад оролцсон гэж хардаг. Хөрөнгө оруулалтыг дагаад эдийн засагт олон үр өгөөж үүсэх ч богино, дунд, урт хугацаанд үзүүлэх нөлөө ялгаатай байсаар байна. Аль ч хугацаанд үр өгөөжийг нь Монгол Улсад төлсөн татвар, технологийн хөгжил, экспортыг нэмэгдүүлсэн хэмжээ, боловсон хүчнийг чадавхжуулсан байдал зэргээр хэмжиж болно. Сүүлийн 10 орчим жилийн хугацаанд Оюутолгой нь улсын төсөвт 8.5 их наяд төгрөгийн татвар, хураамж төлсөн. Мөн боловсролын салбарт 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Хэрэв Оюутолгой хэрэгжээгүй бол КОВИД-19 цар тахлын үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос илүү хүнд байх байсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн ДНБ 56 хувиар тасрах байсан нь судалгаагаар тогтоогдсон. Анх гэрээ байгуулах үед Монгол Улс хуримтлуулсан хөрөнгөтэй, энэ том баялгийг ашиглаад эрсдэлийг даах чадамжтай байсан бол Засгийн газар 34 хувийг эзэмших сонголтыг хийхгүй л байсан. Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн болохоор “хэрвээ” гэх хувилбарыг ярих боломжгүй болчихоод байна. Тухайн үед олдсон боломжийн дагуу л 34 хувийг эзэмших сонголтыг хийсэн. Орд газар ашиглагдах хугацаанд гэрээ өөрчлөгдөхгүй байна гэж үгүй. Монгол Улсын хувьд баялгаа ашиглаад, үр өгөөжийг нь иргэд хүртэж байна уу гэдэг нь л чухал. Үүний тулд бүтээмж, хуваарилалтын ашиг, нийт динамик өсөлтийн үр ашгийг харах хэрэгтэй. Уурхай ашигтай болох хүртэл олон нийтэд хуваарилалт хийхгүй байж болох л байсан. Гэтэл уурхайгаа ашиглаад эхлэнгүүтээ хүүхдийн мөнгө, нийгмийн халамж зэрэг олон хэлбэрээр хуваарилалт хийгээд эхэлсэн. Эдийн засгийн үйл ажиллагаанд зардлаа нөхөж байж, орлоготой, ашигтай ажиллан, татвар төлж, түүний дараа л олон нийтийн хуваарилалт яригдвал зүйн хэрэг. Оюутолгой татвар, хураамж төлөөд ашигтай ажиллах хугацаа болоогүй байхад Засгийн газар хуваарилалт хийсэн нь үр өгөөжгүй байлгах шалтгаан болсон. Улстөрчдийн тайлбарлаж байгаа зүйл, тэдний тавьж байгаа шаардлагаар энэ том төслийг ойлгож болгохгүй. Яагаад гэвэл, энэ том шийдвэрийг гаргах хүртэл, энэ бүхний ард ямар үйл явц өрнөснийг хэн ч мэдэхгүй.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ цаашид өсөх нь тодорхой байгаа энэ үед хоёр тал байр сууриа улам бататгаж, үр өгөөжийг нь илүү хүртэхийг хичээж байна. Гэтэл хоёр тал маань нэг хэсэг арбитраар шүүгдэх хүртлээ зөрчилдөж байсан. Энэ тохиолдолд зөвшилцөлд хүрэх боломжтой юу?
Монголын тал асуудлыг том зургаар харах хэрэгтэй байна. Оюутолгойг илүү үр өгөөжтэй байлгахын тулд дотооддоо цэгцлэх асуудал их байгаа юм. Уг төсөл дээр хамгийн их зардал гарч байгаа эрчим хүчний салбарт анхаарах хэрэгтэй байна. Мөн гадаад худалдаанд анхаарч, тухайлбал, эрдсийн бүтээгдэхүүнийг илүү нарийвчлан тодорхойлж, кодлон гадаад худалдааныхаа бүтцэд илүү ахиц гаргамаар байна. Ирээдүйгээ харж хөгжлийн төлөвлөлт хийх шаардлагатай байна. Аюулгүй байдал, гадаад худалдааны бодлого тэр дундаа зэсийн борлуулалт, бүс нутгийн хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого, экспортын хөгжлийн бодлого, баялгийн сангийн бодлого зэргийг цогцоор нь авч үзэх шаардлагатай гэж хардаг. Бид хөрөнгө оруулалтад нь анхаараад, худалдааг нь орхичихоод байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэсний дараа зөвшилцлийн талаар ярих шаардлагатай байх

Рио Тинтогийн зүгээс Засгийн газарт хэд хэдэн санал хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын эзэмшиж байгаа 34 хувьд ногдох өрийн 70 хувийг чөлөөлөх санал. Энэ болон бусад санал Монголын талд өгөөжтэй байж чадах уу?
Өр үүссэн нь Засгийн газрын хариуцлагагүй шийдвэрийн л үр дүн. Нийгэм, эдийн засгийн үр ашгийг тооцож байж шийдвэр гаргах нь чухал. Өр тавихдаа санаа зовоогүй хэрнээ төлөхдөө анхаараад байна гэдэг нь логикгүй зүйл. Өр тавьснаар ямар үр дүнд хүрэхээ урьдчилж харах ёстой байсан. Монгол Улсыг гадаадад төлөөлж чадах стратегийн компаниудыг сонсч, зөвшилцөж ажиллавал илүү үр дүнд хүрэх байх. 

Засгийн газар 34 хувийг эзэмшихээ болиод роялти татвар аваад явах нь зөв гэж харах хүмүүс байна. Энэ нь үр өгөөжтэй байж чадах уу?
Манай улсын хувьд эрдэс баялаг бүр дээр АМНАТ-ийн 5% буюу адил хэмжээний татвар ногдуулдаг. Бусад оронд тийм биш. Экспортолж байгаа эрдсийн бүтээгдэхүүнээрээ нэг ижил бус, ялгаатай татварын хувь тогтоох буюу өрсөлдөөнт түвшинг санал болгох талаар илүү гүнзгийрүүлсэн судалгаа хийх хэрэгцээ үүсч байна. Монгол Улс хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох шилжилт хийе гэвэл бидний сонголт арай өөр байх хэрэгтэй.

Төслийн хэлэлцүүлгээс Та ямар үр дүн хүлээж байна вэ? Засгийн газар үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ямар шийдвэр дээр бат зогсож, ямар шийдвэр дээр буулт хийх шаардлагатай вэ?
Улстөрчдийн шийдвэрт итгэл үзүүлэх нь эргэлзээтэй байгаа үед илүү бодит тоонд үндэслэсэн хөгжлийн бодлогын судалгааны баталгаа, нотолгоонд л итгэнэ. Эдийн засагчийн хувьд энэ төсөл үр өгөөжтэй байгаасай, улсын хөгжилд хувь нэмрээ оруулаасай гэдэг талаас нь л харж байна. Цаашид үр ашигтай ажиллая гэвэл динамик өсөлтийн үр ашгийг л харах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг цаашид яаж хөгжих төлөв дээр үндэслээд баталгаатай тайлбар хийж, олон нийтэд мэдээлэл хүргэвэл энэ асуудлыг иргэд илүү зөвөөр харна.

ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР 1-2 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХИЙГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:

Оюутолгой төслийн хэлэлцээр өрнөөд нэлээд хугацаа өнгөрсөн ч тодорхой шийдэлд хүрээгүй л байна. Эдийн засагчийн хувьд уг хэлэлцээрийг хэрхэн дүгнэж байна вэ?
Хэлэлцээ эхлээд 10 гаруй сар болж байгаа учраас удаан гэж хэлж болох ч уг төслийн хамрах хүрээ, агуулга том учир хэлэлцээр 1-2 жил үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй. Энэ хугацаанд талууд хэд хэдэн удаа санал бичиг солилцож байгаагаас хэлэлцээр харьцангуй үр дүнтэй өрнөж байна гэж харж байна. Гэрээний сул тал, гэрээний явцад гарсан зардлын шимтгэл зэргийг Монголын талд ашигтайгаар хэрхэн шийдвэрлэж байгаагаар, мөн төсөл цаашид үргэлжлэх нөхцөлийг хангаж чадсан уу гэдгээр төслийн хэлэлцээрийн үр дүнг хэмжинэ.

“Рио Тинто”-гийн зүгээс Засгийн газарт хэд хэдэн санал хүргүүлсэн. Тухайлбал, Засгийн газрын эзэмшиж байгаа 34 хувьд ногдох өрийн 70 хувийг чөлөөлөх санал. Энэ болон бусад санал Монголын талд өгөөжтэй байж чадах уу?
Өнөөдрийн өнцгөөс харахад “Рио Тинто”-гийн зүгээс Монголын талд харьцангуй ашигтай саналууд ирүүлсэн байна. Монголын талын өртэй холбоотой, Монголын талд тодорхой хэмжээний татварын орлого бий болгохтой холбоотой саналууд байсан. Ашигтай гэдгийг Монголын талд эерэг санал тавьж байна гэдэг утгаар нь хэлж байгаа юм шүү.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ цаашид өсөх нь тодорхой байгаа энэ үед хоёр тал байр сууриа улам бататгаж, үр өгөөжийг нь илүү хүртэхийг хичээж байна. Гэтэл хоёр тал маань нэг хэсэг арбитраар шүүгдэх хүртлээ зөрчилдөж байсан. Энэ тохиолдолд зөвшилцөлд хүрэх боломжтой юу?
Мэдээллийн технологи, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас харахад зэсийн эрэлт буурахгүй. Зэсийн үнэ ч урт хугацаандаа өсөх нь үнэн. Бас хоёр талын байр суурь хурцадсан нь үнэн. Одоо ч хоёр тал нэг талд гарч чадаагүй л байна. Засгийн газрын зүгээр “РиоТинто”-гийн саналыг нааштайгаар хүлээж авч байгаа гэх мэдэгдлийг хийгээгүй ч хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах зэргээр төсөлд тодорхой өөрчлөлт хийх бодлоготой байгаа нь харагдаж байна. Цаашид хэлэлцээр хэрхэн өрнөхийг ажлын хэсгийнхэн л сайн мэдэх байх. Эдийн засагчийн хувьд Засгийн газар хэлэлцээрийг ямар нэгэн байдлаар амжилтад хүргэх, Монголын талын нөхцөл байдлыг сайжруулж, төслийг урт хугацаанд үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Ногдол ашгийг хүртэхгүй байгаа тохиолдолд Засгийн газар 34 хувийг эзэмшихээ болиод роялти татвар аваад явах нь зөв гэж харах хүмүүс байна. Энэ нь үр өгөөжтэй байж чадах уу?
Гэрээний үндсэн сул тал нь энэ 34 хувь юм. Оюутолгойн ордыг түшиглэн байгуулах компанийн 34 хувь гээд заачихсан. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалтын нөхцөл байдлыг тодорхойлж, 57 дугаар тогтоолоор 34 хувийн эзэмшлийг бууруулахгүй байж яваандаа 50 хувь болгох талаар заасан. Ингэхдээ 34 хувийг өр, татвар болон ногдол ашгаар тогтоож болох ийм хувилбар байсан. Миний ойлгож байгаагаар ногдол ашиг хэлбэрийг сонгосон ч өр үүсч ногдол ашиг хүртэх боломжийг хязгаарласан. Одоогийн нөхцөл байдалд 34 хувиас татгалзах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Ингэхдээ хэрхэн яаж, ямар нөхцөл, болзолтойгоор татгалзах вэ гэдэг нь чухал. Зах зээлийн үнэлгээгээр 34 хувийг зараад гарах, өрөндөө суутгах гэсэн сонголтууд байж болох юм. Гэхдээ 34 хувийн ард олон тэрбум ам.доллар яригдаж байгаа тул энэ бүхнийг нарийн тооцоолол хийлгүйгээр ярих боломжгүй. Харин 34 хувийг эзэмшиж байгаа тохиолдолд хувь нийлүүлэгчийн хувьд өр зээлийн асуудал үргэлжлэх магадлалтай.

Төслийн хэлэлцүүлгээс Та ямар үр дүн хүлээж байна вэ. Засгийн газар үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд ямар шийдвэр дээр бат зогсож, ямар шийдвэр дээр буулт хийх шаардлагатай вэ?
Монголын 34 хувьтай холбоотой үүссэн өр, ногдол ашиг нааштай шийдэгдэнэ байх гэж харж байна. Мөн төсөл хоёр талдаа тэнцвэртэй байдлаар үр ашигтай шийдэгдэх хэрэгтэй. Гуравт, маргаантай зүйлсийг эцэслэж, төсөл тогтвортой үргэлжлэх хэрэгтэй. Төслийг урт хугацаанд үргэлжлүүлж байгаа тохиолдолд хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах, гэрээний суурь нөхцөлүүд дээр өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа. Хэлэлцээрээр бидэнд давуу тал бий болговол тэр нь ямар нэгэн байдлаар үгүйсгэгдэхээргүй байх ёстой. Тухайлбал, өрийн тодорхой хувийг хөнгөллөө гэхэд тухайн өр дахин үүсэхээргүй, хөрөнгө оруулалтын зардалд хэтрэлт үүсэхээргүй байх ёстой, ногдол ашиг хуваарилах асуудал нааштай байж чадах уу зэрэг. Ажлын хэсэг эдгээр нөхцөл байдлыг харж байгаа гэж найдаж байна.

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 16 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 7 цаг 29 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 37 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 8 цаг 24 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.