2021 он: Дэд бүтцийн төслүүд амжилттай хэрэгжсэн он байлаа

2022-01-03

 

Монголын уул уурхайн салбар 2021 онд Ковид-19 цар тахлаас үүдэлтэй олон хүндрэл бэрхшээлийг даван туулсаар шинэ онтойгоо золгож байна. Хэд хэдэн удаагийн хөл хорио, хил гаалийн хаалттай байдал уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа, хэрэгжих бэлтгэлдээ орсон олон төслийг удаашруулж, багагүй эрсдэлд оруулсан билээ. Хэдий тийм ч Засгийн газар, салбарын яамны зүгээс цаг үеийн хүнд бэрх нөхцөлд нийцсэн олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлж ирлээ.

Уул уурхай бол хариуцлагын цогц систем. Энэ утгаараа салбарын хууль эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх ажлаа улам ч эрчимжүүлж зарим хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. Хэрэгжүүлэхээр зорьж буй хуулийн төслүүдийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2021 оны үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтын дагуу боловсруулсныг дурдах хэрэгтэй. Тэр тусмаа “Олборлолтоос боловсруулалт руу” гэсэн үндсэн бодлогын хүрээнд хайгуул, олборлолтын түвшнээс ахиж, боловсруулах салбараа эрчимтэй хөгжүүлэхэд анхааран “борлуулалт, хуваарилалт” гэсэн цоо шинэ тогтолцоог бий болгоход салбарын бодлого тодорхойлогчид 2021 онд бүрэн анхаарч ажиллалаа. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулиа УИХаар (01.29) батлуулсан нь Дорноговь аймагт баригдаж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад чухал хөшүүрэг болж өгнө. Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл (09.29), Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл (10.13) дэмжигдсэн тул УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэхээр зэхэж байна. Эдгээр хуулийг баталснаар уул уурхайн баялгийг иргэн бүрд хүртээх, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжрах, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ цэн өсөх, үүнийг дагаад эдийн засгийн бусад сектор хөгжих зэрэг өргөн хүрээний ач холбогдолтой гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон тодотгов. Тэгэхээр 2021 онд боловсруулж, заримыг нь Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн эдгээр хуулийн төсөл ирэх онд хүчин төгөлдөр хэрэгжиж салбарын бодлогод томоохон дэвшил гарч ирнэ гэсэн хүлээлт байна. Гэхдээ энэ бүхэн улстөрчдийн бүлэг, фракциудын амбиц, ашиг сонирхлын огтлолцлыг хэрхэн даван туулахаас цаашдын хувь заяа нь шалтгаална.

2021 онд уул уурхайн төслүүд хэрхэн урагшлав?

Монгол Улсын Засгийн газар, салбарын яамны зүгээс уул уурхай, дэд бүтцийн төслүүдээ урагшлуулах, үүнтэй холбоотой зарим ажлыг эрчимжүүлэх талаар 2021 онд олон чухал шийдвэр гаргажээ. Ковид-19 цар тахлын нөлөөнд уул уурхай, дэд бүтцийн салбар хүнд бэрх цаг үеийг туулж ирсэн ч Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих хуулиуд, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэрүүд зэрэг чухал алхмууд энэ онд хийгдсэн байна. Тиймээс 2021 онд уул уурхай, дэд бүтцийн төслүүдэд ямар ахиц гарав гэдгийг тоймлон хүргэе.

Газрын тос боловсруулах үйлдвэр

Шинэ оны эхээр үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлэх ёслол үйлдсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад нэн шаардлагатай хуулиудыг УИХ баталж, дэм өглөө. Стратегийн ач холбогдолтой томоохон үйлдвэрийг төрөөс ингэж дэмжлэг үзүүлснээр зарим ажлыг нь эрчимжүүлэх боломж олгож байгаа юм. Үйлдвэртэй холбоотой газрын тос дамжуулах хоолойг барих ажлын тендерийг нээлттэй зарлаж, Дорнод аймгийн Матад, Халх гол сумдын сав газарт оршдог газрын тосны хайгуулын “Давст XXXI” талбайг Газрын тос боловсруулах үйлдвэрт олгох Засгийн газрын шийдвэр мөн энэ онд гарав. Одоогоор тус үйлдвэрийн инженерчлэл, зураг төслийг боловсруулах ажил хийгдэж дууссан байна. Өнгөрсөн онд байгуулсан Технологийн бус байгууламжийн (EPC-1) ажлын гэрээний дагуух ажлыг 2021 оны гуравдугаар сард эхлүүлсэн билээ. Үйлдвэрийн технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын (EPC-2,3) Ерөнхий гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа бөгөөд 2021 онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХКийн удирдлагын мэдэгдсэнээр, 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 90%- тай байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил (төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах агаарын шугам)-ын ажил хийгдэж дуусчээ. Хүнд үйлдвэрийн салбарын суурийг тавьж буй гэдгээрээ Газрын тос боловсруулах үйлдвэр нь цоо шинэ бүтээн байгуулалт юм. Цаашид төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ложистикийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарч, түүхий тос тээвэрлэх хоолойг үйлдвэр ашиглалтад орохоос даруй 6 сарын өмнө барьж байгуулахаар төлөвлөж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр

Тавантолгой ордыг түшиглэн Нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах ажил мөн л олон жил яригдсан асуудал 2021 онд шийдлээ олсныг тодотгоё. “Тавантолгойн нүүрсний бүлэг ордын дэд бүтцийг бүрдүүлж, үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлын хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулна” хэмээн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан. Энэ хүрээнд Нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулах тогтоолын төслийг УУХҮЯ боловсруулж, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар батлуулсан юм. Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дөрөвдүгээр сард хэлэлцэн батлав. Чухамдаа ТЭЗҮ батлагдсан тухайн сард Засгийн газар ээлжит хуралдаанаараа Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан билээ. Тус төсөлд нийт 875.7 сая ам.доллар шаардлагатайгаас 1-р модулийн барилгын ажилд 335.6 сая ам.долларыг өөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр тооцоолж байна. 2021- 2023 онд нийт 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийн 1-р модуль буюу 10 сая тоннын үйлдвэрийг ашиглалтад оруулах юм. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6- 20” бизнес төлөвлөгөөнд Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна хэмээн тусгасан.

Тавантолгой цахилгаан станц

Тавантолгой ордыг түшиглэн байгуулах Тавантолгой цахилгаан станцтай холбоотой шийдвэрүүдийг Засгийн газар энэ онд гаргалаа. Засгийн газар 2020 оны 175 дугаар тогтоолоор “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийн 30%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, үлдэгдэл санхүүжилтыг шийдвэрлэх хувилбарыг уралдаант сонгон шалгаруулалтын ажлын даалгаварт оруулан зарлах чиглэлийг Сангийн яамнаас өгсөн гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх The Mongolian Mining Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдсан билээ. 2021 оны аравдугаар сарын 21-нд олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах ёстой. Тэгэхээр 2022 оны эхний сард гүйцэтгэгч тодорно гэсэн үг. Энэхүү тендер нь төсөл санаачлагчийг төлөөлөн “Эрдэнэс Тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэл хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх юм. Тендер амжилттай болбол 2022 оны эхний улиралд багтаан гүйцэтгэгчтэй барилга, угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулна. Мөн 2025 онд 450 МВт-ын шинэ дулааны цахилгаан станцыг Монгол улс ашиглалтад хүлээн авах учиртай. Өөрөөр хэлбэл, төсөл 42 сарын хугацаанд хэрэгжихэд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай.

“Монгол Улсын Баатар цол” хүртсэн “Эрдэнэт үйлдвэр”

2021 оны долдугаар сарын 10-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ төр засгаас “Монгол Улсын Баатар” хэмээх хүндтэй цолыг гардан авсан нь түүхэн үйл явдал. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, эдийн засаг, уул уурхайн салбарын өсөлт хөгжил, салбарын боловсон хүчний бэхжилт, улсын төсвийн төвлөрөлт, Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөлд айл өрх, аж ахуйн нэгжүүдэд учирч буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үзүүлж байгаа дэмжлэг гээд олон гавьяаг нь үнэлж энэхүү шагналыг олгосон юм. Юутай ч “Эрдэнэт үйлдвэр” энэхүү цар тахлын үеийн дэмжлэгээ 2021 оныг дуустал хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхай, баяжуулах үйлдвэр, засвар механикийн заводад өргөтгөл, шинэчлэл хийж үйлдвэрлэлийн хүчин чадал, өгөөжийг нэмэгдүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн юм. Одоогоор уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж буй. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах өргөтгөл шинэтгэлийн ажлыг 2021 онд эхлүүлсэн. Хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийн металл хийц үйлдвэрлэлийн ажлын явц, бутлуурын байгууламж 100%, туузан дамжуургын систем 100% дуусчээ. Мөн тус үйлдвэрийн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл 2021 оны аравдугаар сарын сүүлээр бүтээн байгуулалтын газар шорооны ажил 99% байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн Уул уурхай, металлурги, химийн үйлдвэрийн цогцолбор болон уг паркийн хүрээнд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэрийг Засгийн газар энэ онд гаргасан. Төслийн нарийвчилсан ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ, техник, технологийн түвшний үнэлгээ зэрэг судалгааны ажлууд дуусчээ.

Хар төмөрлөгийн цогцолбор

Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн хүрээнд “Кью Эс Си” ХХК Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дэргэд жилд 350 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай, мини домен зуухны технологид суурилсан, аргалж, хорголж, коксын үйлдвэрүүд, бусад дэд бүтцийг багтаасан, ган үйлдвэрлэх иж бүрэн цогцолбор бүхий “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр түүхий эдийн нөөцийн хамааралгүй, анхдагч гангаар үйлдвэрлэгдсэн өндөр чанарын ган бүтээгдэхүүнийг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болно. 2021 онд “Кью Эс Си” ХХК нь бага оврын домен зуухны технологи бүхий цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг БНХАУ-ын МСС-CERI компани болон Монголын “Кью Эм Си” зөвлөх компаниудтай хамтран боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 24 га газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2021 оны аравдугаар сарын 17-нд олгосон юм. Цаашид төслийг EPC гэрээгээр хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг 2021 оны дөрөвдүгээр улиралд багтаан сонгон шалгаруулах, дараагийн шатны нарийвчилсан зураг, төсөл боловсруулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа юм. 2022 оноос төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.

Чингэлэгт тээврийн терминал

Монгол Улсын нүүрсний экспортын 95%-ийг хангадаг гол боомтуудад чингэлэгт тээврийн терминалыг энэ онд байгуулсан нь уул уурхай, дэд бүтцийн салбарын шинэ үйл явдал боллоо. Гашуунсухайт боомтын нүүрсний чингэлэгт тээврийн терминалын бүтээн байгуулалтыг энэ оны есдүгээр сарын 23-нд дуусгав. Төрийн санаачлагаар, хувийн хэвшлийн хүчин чармайлтаар ердөө хоёрхон сарын хугацаанд байгуулсныг урд хөршийнхөн ихэд гайхан хүлээж авсан гэдэг. УУХҮЯ-ны зүгээс 2020 оны арваннэгдүгээр сард Боомтын зөвлөлд чингэлэгт тээврийн терминал байгуулах тухай санал оруулж, мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр Шивээхүрэн боомтод нэмэлт гарц байгуулахаар болсон. Энэ ажлууд богино хугацаанд судалгааны түвшинд хэрэгжиж, Монгол Улсын Засгийн газар долдугаар сард терминал байгуулах шийдвэр гаргаснаар ажлаа эрчимжүүлсэн билээ. Гашуунсухайт боомтын чингэлэгт тээврийн терминалыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км зайд буюу тус боомтын зурвас газар болох 30 га талбайд байгуулахаар болж, долдугаар сарын 6-ны өдөр төслийн ажил эхэлсэн. Төслийг “Энежри Ресурс” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд уг бүтээн байгуулалтад 17 туслан гүйцэтгэгч компанийн нийт 430 орчим инженер, техникийн ажилтан оролцсон юм. Одоогоор Шивээхүрэн боомтод байгуулж буй чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил, газар шорооны ажил хийгдээд байгаа ба нийт 60 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Тус терминалыг байгуулах ажлын хүрээнд гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын алт” ХХК байгуулж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэж өгөөд байна. Чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэрлэлт хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тохирох гэж Хятад, Монголын тал олон жилийг ардаа орхисон. Тэгвэл энэ асуудлыг Засгийн газар энэ онд тодорхой болголоо. ТавантолгойГашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа “Тавантолгой төмөр зам” компани 2022 оны долдугаар сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулахаар зорин ажиллаж байгаа. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 240 км, 6 зөрлөг, хоёр өртөө, дэлгэмэл уртаараа 313 км төмөр замыг тус компани байгуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, БаянОвоо сумын нутаг дэвсгэрээр үргэлжилнэ. 2021 оны гуравдугаар улирлын байдлаар төслийн талбайд 2300 орчим хүн, 800 орчим техник, хүнд машин механизмтайгаар ажиллаж байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өглөө. Одоогоор төслийн доод бүтцийн ажил 96.8%, ачилтын тойргийн газар шорооны ажил 100% дуусч, хил холболтын газар шорооны ажил 94.9%, эрчим хүч 61.5%, дохиолол холбоо 36.4%-ийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн өртөө, зөрлөг, удирдлагын байрны барилга угсралт болон орон сууцны барилгын ажлууд үргэлжилж, төслийн хэмжээнд нийт 220 км гол замын үеийг угсраад байгаа аж.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам

Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэсэн нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам юм. Тодруулбал, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгасны дагуу нийт 6000 гаруй км төмөр замын үндэсний сүлжээг гурван үе шаттайгаар байгуулах “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шат болох “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёр жилийн дотор байгууллаа. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хариуцан байгуулж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь Өмнөговь, Дорноговь аймгийн таван сумын нутаг дэвсгэрээр дайран 1 өртөө, 6 зөрлөгтэй, 27 ширхэг гүүр, 595 ширхэг хоолой бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Төмөр замын доод бүтэц буюу газар шороо, хиймэл байгууламжийн ажлыг Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 95%-ийн гүйцэтгэлтэй байна хэмээн “Монголын төмөр зам” компанийн албан мэдээнд дурджээ. Уг төмөр зам дээр туршилтын галт тэрэг явуулахад ойртож байгаа бөгөөд сүүлийн үед нүүрсний гаралт бага байснаас шалтгаалан “Эрдэнэс Тавантолгой” компаниас хийх санхүүжилт саатсан нь бүтээн байгуулалтын ажлыг бага зэрэг удаашруулсан талтай. Юутай ч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуух инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө, 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг 2021 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулжээ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт

Сүүлийн 50 жил яригдаж, оросуудын дарамтан дороос өндийж чадахгүй байсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт энэ онд эхэлсэн нь мөн л онцгой үйл явдал. 2021 оны есдүгээр сарын 17-нд Эрчим хүчний яам, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлын Ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээг үзэглэж, төслийн барилга угсралтын ажлыг албан ёсоор эхлүүлсэн. 90 МВт-ын хүчин чадалтай тус станцын барилгын ажлыг БНХАУ-ын “Power construction corporation of China Ltd” болон ‘’Powerchina Chengdu Engineering corporation limited” компаниуд гүйцэтгэх юм. Барилгын ажлыг 2022 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, 2026 онд дуусган, 2027 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Энэхүү станц ашиглалтад орсноор жилд 366 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун болон Алтай, Улиастай эрчим хүчний системд нийлүүлэн тус бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах юм. Ховд голын байгалийн тогтцыг өөрчлөхгүйгээр далан барих ажлын хүрээнд хийгдэх 7.5 метрийн диаметр бүхий урттай түрэлтийн хоолойг уулан дундуур гаргах бөгөөд энэ нь манай улсад хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт болно. Бүтээн байгуулалтын анхны өртөг 288 сая ам.доллар байсан бол шалгарсан түншлэл 271 сая ам.доллараар, 61 сарын хугацаанд барилга, угсралтын ажлыг гүйцэтгэхээр болжээ. Хэдийгээр ийм том бүтээн байгуулалтыг эхлүүлээд байгаа ч Увс аймгийн Өмнөговь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тус усан цахилгаан станцыг барих ажлыг зогсоох тогтоолыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан нь Засгийн газрын бодлогын эсрэг шийдвэр болов. Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан бэлчээр, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн амьжиргаанд ноцтой хохирол учруулна гэж үзжээ.

“Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолой

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” хоолойн байгууламжийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах чиг үүрэгтэй “Газопровод союз восток” компанийг Монгол Улсад бүртгэсэн нь энэ ажил бодитоор хэрэгжих нэг алхам болсон. ТЭЗҮ-ийг 2021 оны эхний улиралд бэлэн болгохоо тус компани илэрхийлж, улмаар хийн байгууламжийн ОХУ-ын нутаг дэвсгэр дэх зураг төсөл, судалгааны ажил эхэлсэн. Юутай ч ОХУын төрийн өмчит “Газпром” компани “Союз Восток” байгалийн хийн хоолой барих төслийг урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа. “Сибирийн хүч-2” төсөл нь цаашид “Союз Восток” нэртэйгээр үргэлжлэх бөгөөд маршрут нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх юм. “Союз Восток” төслийн ТЭЗҮ-д Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх хийн хоолойн оновчтой маршрут, дамжуулах хоолойн урт, голч, даралт, компрессорын станцын тоо болон төслийн нийт өртгийг тусгасан юм. Төлөвлөсөн ёсоор байгалийн хийн хоолойн төслийн хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлын нарийвчилсан задаргааг тусгасан ТЭЗҮ-ийг 2021 онд багтаан боловсруулж дуусгах шаардлагатай. Ямартаа ч байгалийн хийн хоолойн төслийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж, хоёр улсын төр засгийн түвшинд онцгой анхаарч, цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшлуулж байгаа талууд тэмдэглэж байна.

Г.Идэрхангай

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 6 цаг 0 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 6 цаг 13 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 6 цаг 22 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 7 цаг 9 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.