“Эрдэнэс Монгол”-ыг Хөгжлийн сан болгох төлөвлөгөө

2022-01-05

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, энэ 2021 ондоо багтан Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байгаа юм. Баялгийн сан байгуулах асуудлыг 2008 оноос хойш ярьсаар байгаа бөгөөд 2020 оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаас улам эрчимжлээ.

Шинэчлэгдсэн Үндсэн хуулийн 6.2-т “... газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ...” гэж заасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.9.-т “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлж, уул уурхайгаас олох үр шимийг Баялгийн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш шударга хүртээх тогтолцоог бүрдүүлнэ” гэж заасан. Үндэсний баялгийн сангийн хуулийн төсөлд тусгаснаар бол Үндэсний баялгийн сан нь дотроо Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан гэсэн хоёр төрлийн сантай байх аж. Ингэхдээ энэхүү хоёр сан тус тусдаа хуулиар зохицуулагдана. Ирээдүйн өв сан нь 2016 онд батлагдсан өөрийн хуулиар, Хөгжлийн сан нь Хөгжлийн сангийн тухай шинэ хуулиар зохицуулагдах бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль эдгээр дагалдах хуулиудын малгай хууль болох ажээ. Хөгжлийн санг шинээр байгуулах бөгөөд эрдэс баялгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн компаниудыг нэгдсэн бодлогоор удирдаж, дотоодод хөрөнгө оруулалт хийх замаар томоохон мега төслүүдийг санхүүжүүлэх зорилготой аж. Товчхондоо, одоо үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийг Хөгжлийн сан болгон хувиргаж, өөрийн хуультай, дотооддоо хөрөнгө оруулалт хийдэг, томоохон төслүүдийг санхүүжүүлдэг болгох юм.

Энэ талаар хуулийн төслийн багийн гишүүн УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал хэлэхдээ “Хөгжлийн санг зарим оронд стратегийн хөрөнгө оруулалтын сан ч гэж нэрлэдэг. Бусад орны жишгээр Хөгжлийн сан нь эрдэс баялгийн чиглэлийн төрийн өмчит компаниудыг эзэмшиж, ашигтай ажиллах бодлогоор хангаж, дотоодын хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг сан. Товчхондоо, Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хөгжлийн сан нь “Эрдэнэс Монгол” ХХК байх бөгөөд Хөгжлийн сангийн тухай хууль нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн цогц шинэчлэл байх юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн хуультай болох юм. Өдийг хүртэл Монгол Улсын Засгийн газар олсон ашгаа зарцуулахад анхаарч байснаас, арвижуулахад анхаарч байгаагүй. Хөгжлийн сан байгуулснаар уул уурхайн салбарын төрийн өмчийн компаниудыг нэгтгэж, нэгдсэн бодлогоор ашгийг нэмэгдүүлж, дотооддоо хөрөнгө оруулалт хийж, томоохон төслүүдийг санхүүжүүлнэ” гэлээ.

Түүнчлэн Хөгжлийн сангийн гол хувьцаа эзэмшигч нь Засгийн газар байх бөгөөд Үндсэн хуулийн шаардлагаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК ч уг сангийн удирдлага дор нэгдэнэ. Нэгдсэн компаниуд Хөгжлийн сан рүү цэвэр ашгаа өгч, Хөгжлийн сан нь өөрийн хууль, бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх ажээ. Мөн уг сангийн ТУЗ-д яам, агентлаг, хэлтсийн дарга, төрийн алба хаагчдаас оролцуулахгүй бөгөөд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар мэргэжлийн, хараат бус, байнга ажиллах 9 гишүүнийг сонгох юм.

ХӨГЖЛИЙН САН 5 ЖИЛИЙН ДАРААГААС ТОГТМОЛ АШИГ ХҮРТЭНЭ

Хуулийн төслийг боловсруулагчдын үзэж буйгаар Хөгжлийн сан нь гурван үе шаттайгаар хөгжих бөгөөд 5 жилийн дараагаас тогтмол ашиг хүртэж эхлэх ажээ. Мөн Хөгжлийн сан нь төсвөөс мөнгө авахгүй, төрийн өмчийн уул уурхайн компаниудын ногдол ашгаар санхүүжиж, үр өгөөжтэй төслийг санхүүжүүлж, бусад ногдол ашгийг улсын төсөв рүү бус Ирээдүйн өв сан руу шилжүүлж, цаашид хадгалагдах байдлаар ажиллах аж.

Түүнчлэн одоогоор уул уурхайн салбарын мөнгөн урсгалын 90%-ийг АМНАТ, 10%-ийг ногдол ашгаас бүрдүүлж байгаа. Харин Хөгжлийн санг байгуулж, хөгжүүлснээр 10 жилийн дараа гэхэд ногдол ашгаас 70%, АМНАТ-өөс 30%-ийг бүрдүүлдэг болно гэж үзжээ. Товчхондоо ашигт ажиллагаагаа арвижуулж байж ногдол ашиг нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж.

1.Шилжилтийн үе шат /1-2 жилд/

-Охин, хараат компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, эх үүсвэр төвлөрүүлэх

2.Тогтворжих үе шат /2-5 жил/

-Шинээр хөрөнгө оруулалт хийх, төсөвт төвлөрүүлэх орлогод ногдол ашиг, эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх

3.Тогтмол ашиг хүртэх /5+/

-Хөрөнгө оруулалтын тогтмол ашиг хүртэх, сангийн ашгийг хуваарилах, Хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлэх

О.БАТНАЙРАМДАЛ: ХӨГЖЛИЙН САН НЬ ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС БУЛААЦАЛДАХГҮЙ

Хөгжлийн сантай холбоотой зарим зүйлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас тодрууллаа.

Засгийн газар олон сан байгуулж байсан ч үр ашиггүй төдийгүй хууль зөрчин эрх мэдэлтнүүдэд давуу байдал олгож ирсэн тохиолдол цөөнгүй бий. Тиймээс ч иргэд ямарваа нэг санд итгэхээ болиод байна. Хөгжлийн сан энэ гашуун туршлагыг давтахгүй гэсэн баталгаа бий юу, бусад сангаас ямар ялгаатай вэ?

Өдийг хүртэл Засгийн газар сангаар дамжуулан төсвийн мөнгийг хуваарилах байдлаар явж ирсэн. Хөгжлийн сан нь төсвийн мөнгөнөөс булаацалдахгүй. Харин эрдэс баялаг ашиглаж байгаа төрийн өмчийн компаниудыг нэг дээвэр дор авчраад зөв механизмаар удирдана. Ингэснээр улсын төсөв даахгүй байгаа томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлсэн Хөгжлийн сан болох юм. Өөрөөр хэлбэл, боловсруулалт руу шилжиж, нэмүү өртөг шингээж уул уурхайн салбарыг олон улсад өрсөлдөхүйц болгох боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн мега төслүүдийг урагшлуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлж буйгаараа онцлог. Хуульд юунд хөрөнгө оруулалт хийж болох, болохгүйг зааж байгаа. Мөн ТУЗ-д ямар хүн байж болох, болохгүйг ч мөн заасан.

Хөгжлийн санг төрийн өмчийн уул уурхайн компаниудын ногдол ашгаар санхүүжүүлнэ гэж байгаа нь эргэлзээтэй харагдаад байна. Үнэнийг хэлэхэд, энэ санд зориулан Засгийн газраас нэг удаад санхүүжилт гаргах байх гэсэн таамаглал байна л даа. Хэрэв тийм бол Хөгжлийн санг байгуулахад, үйл ажиллагааг нь эхлэхэд хэдэн төгрөг шаардлагатай вэ. Мөн эрсдэлийг хэрхэн тооцоолсон бэ?

Хөгжлийн санг төрийн өмчийн уул уурхайн компаниудыг нэгтгээд, зөв удирдлагаар хангаад ногдол ашгийг нэмэгдүүлээд тэрүүгээрээ томоохон төслүүдээ санхүүжүүлэх, мөн ногдол ашгийг Ирээдүйн өв сан руу шилжүүлж, хадгалуулах гэсэн зарчмаар явах юм. Баялгийн санд эрсдэлийг тодорхойлох нь маш чухал зүйл. Бид эрсдэлээс хамгаалах гурван бүсийг тодорхойлоод хуульд тусгасан байгаа. Мөн олон улсын баялгийн сангийн жишгээр ил тод байж тайлангаа улирал, жил бүрээр гаргана.

“Эрдэнэс Монгол” ХХК сан удирдаад явах субъект мөн үү. Мөн төрийн өмчийн уул уурхайн хэдэн компани байдгаас хэд нь ашигтай ажилладаг вэ?

“Эрдэнэс Монгол” ХХК нь төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг эзэмшдэг тул тус компанийг Хөгжлийн сан болгох нь зөв гэж үзсэн. “Эрдэнэс Монгол” ХХК үүсэн байгуулагдаад 14 жил болж байгаа. Одоогоор тус компанид 10 гаруй охин болон хараат компани бий. Үүнээс ердөө 2-3 нь л үр ашигтай ажилладаг. Тиймээс төрийн өмчит уул уурхайн томоохон компаниудыг олон улсын баялгийн сангийн хэлбэр рүү цаг алдалгүй яаралтай шилжих хэрэгтэй байгаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Хөгжлийн сангийн тухай хуулиар энэ бүхнийг нарийвчлан тусгасан байгаа.

Р.Ренчиндулам

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 7 цаг 0 мин
    Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимжилт, ногоон технологи дээр үндэслэсэн инновацийг нэвтрүүлж, шинэ төрлийн эдийн засгийг бий болгоход тулгарч буй сорилтуудыг даван туулах тухай “Хөрөнгө оруулалтын ирээдүйг бүрдүүлэх нь”, цар тахлын улмаас дэлхий даяар хямралд ороод буй “нийгмийн толь” гэгддэг соёлын салбарыг хурдан сэргээх арга замуудыг хэлэлцсэн“Соёлын хямрал” сэдэвт хуралдаануудад тавдугаар сарын 24-ний өдөр тус тус оролцов.
  • 7 цаг 13 мин
    Хятадын талын төв Засгийн газар болон орон нутгийн удирдлагатай хийсэн олон удаагийн уулзалт, хэлэлцээний дүнд Эрээн хотын цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шуурхай удирдлагын төвөөс 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн №104, №105 тоот шийдвэр гаргаж, мөн өдрөөс Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс, тонны савалгаатай үр тарианы импорт-экспортын тээвэрлэлтийг сэргээх болсон талаар дипломат шугамаар мэдэгдээд байна.
  • 7 цаг 21 мин
    БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэний улмаас хятадын талын саналаар 2021 оны аравдугаар сарын 16-ны өдрөөс тус боомтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон. Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлээд байна.
  • 8 цаг 8 мин
    Өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхэлж, эхний ээлжид 100 машин өглөөний таван цагт ажилдаа гарчээ. "Цагаан хад" дахь халдвар хамгааллын дэглэм сайжруулах ажлыг шат дараалалтайгаар хийсэн нь өнөөгийн үр дүнг авчирсан гэхэд болно. Нөгөө талаас Ганц мод боомт дахь шинжилгээгээр богино тээврийн жолооч нараас сүүлийн хоёр долоо хоног ковидын эерэг тохиолдол илрээгүй байна. Иймд өнөөдрөөс нүүрсний уртын тээвэр эхлүүлж, тавдугаар сарын 31-нээс задгай нүүрсний тээврийг эхлүүлэхээр болжээ. Манай улс энэ жил 36.7 сая тонн нүүрс экспортлоно гэж төсөвтөө суулгасан.
  • Өчигдөр 13 цаг 53 мин
    Эдийн засгийн идэвхжил сулрав. 2022 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад “V” хэлбэрийн сэргэлт мөрөөдөл болон хувирч, дор хаяж нэг жилээр хойшилжээ. Эдийн засгийн өсөлтийг энэ онд 2.6% байна гэсэн төсөөллийг Төв банк дэвшүүлсэн. Өнгөрсөн онд манай улсын эдийн засгийн өсөлт ердөө 1.4%-иар хэмжигдсэн бөгөөд энэ онд өсөлт 6-8% руу эрчимжинэ гэсэн найдвар өндөр байв. Гэвч сэргэлтийн үндэс суурийг цаг алдалгүй тавих үүрэг Засгийн газарт ногдсон хэвээр.  УИХ-ын дарга хэмнэлтийн горимд шилжихийг нэгэнтээ уриалав. Залгуулаад Ерөнхий сайд амаргүй цаг айсуйг илэрхийлж эхлэлээ. Засгийн газрын бодлого нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа ч бодит байдал дээр Хятадын импорт буурч байна. Яг одоо болж буй өрнөл нь ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ буурах үед Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг бодитоор мэдрүүлж  байна.